Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2019/01690

 

 

 

 

        2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2019/01690

        Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: С.Д ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч:  К А д холбогдох 

 

Хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                                      

                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

С.Д миний бие анх гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 611 дүгээр тушаалаар байгууллагын банкны бизнесийн албаны менежер ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт байгуулж тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласан. Хөдөлмөрийн контрактын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусч цаашид сунгах эсэхийг дүгнэх байсан боловч банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар албадан татан буулгах шийдвэр гарч мөн өдрийн А/97 дугаар тушаалаар хүлээн авагчийг томилсон. Хүлээн авагчийн зөвлөлийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт ажилчдад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгохгүй гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж ажилчдын төлөөлөл 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус асуудал болон холбогдох бусад хөдөлмөрийн маргаантай асуудлаар хүлээн авагчид албан шаардлага хүргүүлсэн боловч эрх хүлээн авагч нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр албан шаардлагад хариу ирүүлэхдээ Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдын адил нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр эцсийн тооцоог дуусгавар болгож хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилтанд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Контрактыг энэ хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно” гэж, 41.1.3-т “Ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн” гэж, 41,2-т “Энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасныг зөрчиж байна. Иймд хариуцагчаас хөдөлмөрийн контрактыг хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр цуцалсны дагуу 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэг “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн", 41.2 дахь хэсэг “Энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр cap, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэх зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд ХХК-ийн өмчлөх эрх Хүлээн авагчид бүрмөсөн шилжээгүй болох нь дараах тайлбараар тогтоогдоно. Үүнд: 1.1 Төв Банк ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Хүлээн авагчийг томилсон. Хүлээн авагч нь банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл Хүлээн авагчаас чанаргүй зээл, авлагыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийг худалдах үйл ажиллагааг гүйцэтгэж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн байгууллагуудад учирсан хохирлыг нөхөн барагдуулахаар ажиллаж байна. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт “эцсийн өмчлөгч” гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг тодорхойлжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд  ХХК-ийн нийт хувьцааны 99.98 хувийг Б ХХК, үлдэх 0.2 хувийг Ч ББСБ эзэмшдэг байна.

1.2 банкнаас Хүлээн авагч томилсноор тус банкны хувьцаа эзэмшигчийн эрх Хүлээн авагчид шилжсэн гэж үзэхгүй, мөн хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Учир нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт банк хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй", Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна" гэж тус тус зааснаас үзэхэд банкны хувьцаа эзэмшигч нь хэрэв банкны төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хөрөнгө үлдэх тохиолдолд эрхийн дагуу хуваарилж авах эрх нь хадгалагдаж байна  Хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлдэг. Хүлээн авагч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 42.2 дахь хэсэг-т заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “Мэдэгдэл”-ийг нийт ажилчдад гардуулан өгч, мэдэгдэл хүлээн авснаас хойш 45 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин, нэмэгдлийг хэвээр олгож, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн контрактын гэрээг байгуулсан ажилтнуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл /Контрактыг цуцлах үндэслэл, журам/-ийн 41.1.3 дахь заалтад “ажил олгогч өмчлөх эрхээ бусад бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн” гээд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт “энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр cap, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан. ХХК-ийн өмчлөх эрх бусад этгээдэд бүрмөсөн шилжээгүй тул тохиолдолд хөдөлмөрийн контрактын гэрээг байгуулсан ажилтанд 3 cap, түүнээс дээш хугацааны тэтгэмж олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан “Хөдөлмөрийн контракт” гэрээнд гэрээ дуусгавар болсон, цуцалсан тохиолдолд тэтгэмж олгох тухай асуудал тусгагдаагүй болно. Хүлээн авагчаас нэхэмжлэгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө гардуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-153 дугаар “Хөдөлмөрийн контрактын гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн контрактын гэрээг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Хэдийгээр “Хөдөлмөрийн контракт”-ын гэрээтэй ажилчдад тэтгэмж олгох эрх зүйн зохицуулалтгүй байсан ч Хүлээн авагчийн зөвлөлөөрөө хэлэлцээд ашигтай байдлаар буюу “Хөдөлмөрийн гэрээ”-гээр ажиллаж байгаа ажилтны адилаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, олгосон тул дахин мөнгө олгох боломжгүй юм. Хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах болсон тухай нийтэд мэдээлэлж, нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжлэгч энэ хугацаанд Хүлээн авагчид ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болно. Хүлээн авагч Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 71.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах төлбөрийн дарааллыг заасан. Тус дарааллын 6 дугаарт эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлсийг олгохоор заасан тул банкны эрх бүхий албан тушаалтанд төлбөр олгох үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч К А д холбогдуулан хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь ХХК-ийн өмчлөх эрх Хүлээн авагчид бүрмөсөн шилжээгүй, Хүлээн авагчаас чанаргүй зээл, авлагыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийг худалдах үйл ажиллагааг гүйцэтгэж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн байгууллагуудад учирсан хохирлыг нөхөн барагдуулахаар ажилладаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Д нь  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн контракт гэрээний дагуу 3 жилийн хугацаатайгаар Төв салбарын захирлаар томилогдон, 1.200.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь  хөдөлмөрийн контракт, 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б-153 дугаартай “хөдөлмөрийн контрактын гэрээг цуцлах тухай” тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Талууд энэ талаар маргаагүй болно. /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны А-96 дугаар тушаалаар албадан татан буулгахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хороолол тооцооны төвийн захирал ажилтай С.Дтэй байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. 

 

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д “...Хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна...” гэжээ.

 

Хариуцагч нь ХХК-ийн өмчлөх эрх Хүлээн авагчид бүрмөсөн шилжээгүй, Хүлээн авагчаас чанаргүй зээл, авлагыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийг худалдах үйл ажиллагааг гүйцэтгэж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн байгууллагуудад учирсан хохирлыг нөхөн барагдуулахаар ажилладаг гэж маргаж байх боловч Хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д зааснаар банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байх тул хүлээн авагч банкны ажилтны зүгээс гаргасан хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн хариуцагч байна гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүлээн авагчид албан шаардлага хүргүүлэхэд К Ааас 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр “... Хүлээн авагчийн зөвлөлөөр  хэлэлцээд бүгдэд ашигтай байдлаар буюу Хөдөлмөрийн гэрээр ажиллаж байгаа ажилтны адилаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг дуулгая...” гэсэн албан шаардлагын хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгч С.Дд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно ” гэж хуульчилжээ.

 

К А нь Хөдөлмөрийн контрактын гэрээг үндэслэж контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд олгох хуулиар тогтоосон тэтгэмжийн хэмжээг Хүлээн авагчийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоосон гэх шалтгаанаар хуульд заасан хэмжээнээс багасган тэтгэмжийг олгосон нь үндэслэлгүй байна.

 

Иймд С.Дгийн хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 2.400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          

                                                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч К Ааас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, К Ааас улсын тэмдэгтийн хураамжид 53.350 төгрөгийг гаргуулж С.Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН