Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0496/З |
Дугаар | 128/ШШ2023/0684 |
Огноо | 2023-09-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю ХХК
Хариуцагч: О газрын улсын хяналтын байцаагч Э.Т хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.У, Ж.Д*******, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.
1. Гомдлын шаардлага: О газрын хяналтын улсын байцаагч Э.Тгийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд хүчингүй болгуулах гэжээ.
2. Ю ХХК нь тав трейд ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******/42 дугаартай Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн барилгын цахилгааны хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаар тохиролцсон /ЗХ-ийн 81-85-р хуудас/.
3. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус барилгын 1 дүгээр давхарт гал гарсан үйл явдалтай холбогдуулан О газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, Э.Т хэргийн газарт үзлэг хийн тэмдэглэлдээ ...махны лангуу байрлах хэсгийн баруун талаас ирсэн цахилгааны шугамын утаснаас дээж авч бэхжүүлсэн, хананд байрлах разетка шатсан, хайлсан байдалтай ба зүүн талаас ирсэн цахилгааны уртасгагч бүтэн шатаагүй байсан./ЗХ-ийн 11-15-р хуудас/ гэж тэмдэглэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 23******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ /ЗХ-ийн 1-р хуудас/.
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Г, ахмад Д. ...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино залгаа үүсэж, бөмбөлөг үүссэн байна. Дээрх бөмбөлөг нь гал түймрийн улмаас эсвэл цахилгааны гэмтлээс болсон эсэхийг нарийвчлан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой болно. Цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй ч гэсэн шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, хэт ачааллаас болж түймэр үүсвэрлэн гарч болно. Шинжилгээнд ирүүлсэн хөлдөөгчид цахилгааны гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. Уг хөлдөөгчийн цахилгааны утаснууд богино залгаа үүссэн шинж тэмдэг илрээгүй. гэж 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12/47 дугаартай дүгнэлтдээ тусгажээ /ЗХ-ийн 42-43-р хуудас/.
5. Мөн Цагдаагийн ерөнхий газрын ,, галын шинжээч, ахлах дэслэгч Г. 2023 оны 4 дүгээр сарын 463 дугаартай дүгнэлтдээ гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас байх үндэслэлтэй байна. гэсэн байна /ЗХ-ийн 44-45-р хуудас/.
6. О газрын хяналтын улсын байцаагч Э.Т 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар ...галын аюулгүй байдлаа хангаагүй болох нь хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэж Ю ХХК-ийг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгож, галын улмаас учирсан хохирол болох 47.503.749 /дөчин долоон сая таван зуун гурван м долоон зуун дөчин ес/-н төгрөгийг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн /ХХ-ийн 7-р хуудас/.
7. Ю ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2-1******* тоот албан бичгээр ...2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэсэн агуулга бүхий гомдлыг о газрын дарга, Хурандаа А.Д*******д хүргүүлсэн /ХХ-ийн 8-10-р хуудас/ байх ба үүний дагуу о газраас ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэйг дурдъя. гэх албан бичгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 13/******* тоотоор Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эд хүргүүлсэн байна /ХХ-ийн 11-р хуудас/.
8. Иймд Ю ХХК-иас О газрын хяналтын улсын байцаагч Э.Тий 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлыг тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ /ХХ-ийн 1-3-р хуудас/.
9. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Манай компани "Н*******" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан *******/41 дугаартай Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн барилгын цахилгааны хэвийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус барилгын 1 дүгээр давхарт гал гарсан үйл явдалтай холбогдуулан О газраас зөрчлийн хэрэг үүсгэж, манай компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулсан. Улмаар О газрын улсын хяналтын байцаагч Э.Т нь 2023 оны 05-р сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, бусдад учруулсан хохирол болох 47,503,749 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын ,, галын шинжээч, ахлах дэслэгч Г.ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/463 дугаартай дүгнэлтэд гал гарсан шалтгаан нөхцөлийг "Цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ улмаас гал гаргахад хүргэсэн байх үндэслэлтэй" гэж тодорхойлсон.
Мөн Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Г, ахмад Д.ын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/47 дугаартай дүгнэлтэд "Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино залгаа үүсэж бөмбөлөг үүссэн байна. Дээрх бөмбөлөг нь гал түймрийн улмаас эсвэл цахилгааны гэмтлээс /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болсон эсэхийг нарийвчлан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой болно. Бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулагчийг 1-р зургаар, дээж авсан цахилгааны утсыг 2-р зургаар харуулав" гэж тодорхойлсон бөгөөд уг дүгнэлтэд хавсаргагдсан дээж авсан цахилгааны утас нь олон залгуур /уртасгагч залгуур/-ны утас болох нь тодорхой харагдаж байна.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд гал гарсан шалтгаан нөхцөлийг хэт ерөнхий байдлаар дүгнэсэн бөгөөд барилгын ханан дахь разетка хүртэлх цахилгааны холболт, монтажнаас болсон уу, эсвэл разетканаас тог авч буй цахилгаан хэрэгслийн буруу ашиглалт, хэвийн бус ажиллагаанаас болсон уу гэдгийг бүрэн тодорхойлоогүй байна. Гэвч дүгнэлтэд тусгагдсан шинжилгээнд дээж авсан хайлж түлэгдсэн цахилгааны утас нь олон залгуурын утас байгаагаас харахад гал гарсан шалтгаан нөхцөл нь барилгын хананы разетканы цахилгааны холболт, монтажнаас бус хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл буюу олон залгуурын хэт ачаалал, хэвийн бус ажиллагаанаас үүдэн гарсан байх боломжтой байна. "Ю" ХХК нь Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тус барилгын ханан дахь разетка хүртэлх цахилгааны холболт, монтаж, цахилгааны аюулгүй байдлыг хариуцаж, ээлжит хяналт шалгалтыг хийж ажилладаг болохоос разетканаас тог авч буй хэрэглэгчдийн цахилгааны хэрэгслийн хэвийн, аюулгүй ажиллагааг хариуцдаггүй бөгөөд ийм боломж ч байхгүй.
Түүнчлэн, дээрх 2 шинжээчийн дүгнэлтэд гал гарсан шалтгаан нөхцөл нь "Ю" ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалсан талаар огт дурдаагүй байхад улсын байцаагч Э.Т нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа...хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт " хяналтын улсын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана" гэж зааснаар буруутай этгээдийг зөрчил үйлдсэн болохыг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах үүргээ биелүүлээгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, гал түймрийн улсын хяналтын байцаагч нь зөрчлийн шинж байдлаас шалтгаалан лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргахаар байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Г, ахмад Д.ын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/47 дугаартай дүгнэлтэд "Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино залгаа үүсэж бөмбөлөг үүссэн байна. Дээрх бөмбөлөг нь гал түймрийн улмаас эсвэл цахилгааны гэмтлээс /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болсон эсэхийг нарийвчлан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой болно..." гэжээ.
Дээрхээс үзэхэд, цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас үүссэн эсэх, эсвэл цахилгаан дамжуулагч утасны чанар байдалтай холбоотойгоор гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр бөмбөлөг үүссэн эсэхийг шинжилгээгээр тогтоох нь гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Геологийн төв лаборатори дахь VARIO MACRO CUBE ELEMENTAR багажаар цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлгийн хүчил төрөгчийн агууламжийг тодорхойлохгүйгээр шийтгэл оногдуулсан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх, хариуцлага хүлээх нь гарцаагүй, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тохирсон шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл О газрын улсын хяналтын байцаагч Э.Т нь дээр дурдсанчлан тодорхой бус, хэт ерөнхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй... гэж үзээд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр, манай компанийн яг ямар буруутай үйлдлийн улмаас гал гарч зөрчил үйлдэгдсэн болохыг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй атлаа түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэл хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй буруутай уйл ажиллагаа байгаа болохыг огт тогтоогоогүй атлаа шийтгэл хүлээлгэсэн.
Мөн эрх бүхий албан тушаалтан нь манай компанийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн болохыг шийтгэлийн хуудсанд огт дурдаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ... зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт... талаар тусгана" гэж заасантай нийцэхгүй байна. Тиймээс манай компани Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр о газрын дарга, хурандаа А.Д*******д 2-1******* дугаартай гомдол гаргасан ба тус гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13/******* дугаар хариу мэдэгдэх хуудсаар захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд О газрын хяналтын улсын байцаагч Э.Тий 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
10. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Хариуцагч талаас манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэдэг шийтгэх хуудас оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол хариуцлага оногдуулна гэж заасан. Гэтэл хариуцагч нь галын аюулгүй байдлын дүрэм журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөн гэж буруутгасан гэж тайлбарлаж байгаа боловч ямар хууль тогтоомж, дүрэм журмын ямар заалт, хэсгийг нь зөрчсөн тухай шийтгэлийн хуудастаа тусгаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу шийтгэлийн хуудаст түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заах шаардлагатай гэж заасан байдаг. Энэ хүрээнд галын аюулгүй байдлын тухай ямар хууль тогтоомж, дүрэм журмын аль хэсэг зөрчигдсөн болохыг нь заах шаардлагатай боловч тухайн шийтгэлийн хуудас энэ хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хэлж болохоор байна. Хариуцагч хариу тайлбартаа дурдсан байдаг. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтад заасан галын аюулгүй байдлын шаардлагыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зөрчил гарсан нь тогтоогдож байна. Тогтоогдож байгаа учраас шийтгэл оногдуулсан гэж. Гэтэл Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт нь аж ахуй нэгж байгууллага холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох үүрэгтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.1 дэх заалтад хариуцагчийн хариу тайлбартаа шийдвэрийн үндэслэл болгоод байгаа галын аюулгүй байдлын шаардлага биелүүлэх, хэрэгжүүлэх эсэх талаар бус харин галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх эсэх талаарх хуулийн зохицуулалт байгаад байна. Тухайн галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг төрийн захиргааны ямар байгууллага нь ямар байгууллагатай хамтраад батлах ёстой юм бэ гэдэг зохицуулалт нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг дээр зохицуулагдсан байгаа.
Шийтгэл оногдуулаад байгаа үндэслэлээ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.1 дэх хэсэг гэж үндэслээд байгаа боловч ямар норм, нормативын баримт бичгийн, тухайн норм, нормативын баримт бичгийнхээ ямар зүйл заалтыг "Ю" ХХК зөрчсөн юм бэ гэдэг талаар тодорхой тусгаагүй байгаа юм.
Гэрээтэй холбогдуулаад тайлбарлаж байна. Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж "Ю" ХХК-ийг буруутгаж байгаа гэж байна. Гэрч асуулгасан байгаа. "Ю" ХХК-ийн инженер Х.Г*******ыг гэрчээр асуулгахад тус гэрээний дагуу хэрэглэгчийн залгууртай холбоотой ямар нэгэн галын аюулгүй байдлыг хангах талаар үйлчилгээ үзүүлдэг үү, гэхэд үзүүлдэггүй гэж хариулсан байдаг. Мөн тус гэрээний дагуу цахилгааны дэд бүтцийн талаар хариуцдаг гэж хариулсан. Дэд бүтцийнх нь талаар асуухад цахилгаан хангамжийн дэд бүтцийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангадаг. Хэрэглэгчийн ямар нэгэн уртасгагч залгуурын талаар аюулгүй байдлыг манай компани хариуцдаггүй гэж тайлбар өгсөн байдаг. Нэгэнт " тав трейд" ХХК болон "Ю" ХХК-уудын хооронд байгуулсан, нэг ёсондоо иргэний эрх зүйн харилцааны хүрээнд талуудын хооронд байгуулаад байгаа ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслээд байгаа юм бол, мөн түрээслэгчийн хөлдөөгч шатсан гээд байгаа. Тухайн түрээслэгч нь " тав трейд" ХХК-тай байгуулсан худалдааны хамтран ажиллах гэрээ буюу нэг төрлийн түрээсийн гэрээ байгаа. Зөрчлийн хэрэгт авагдчихсан байгаа. Энэ гэрээнд хамтрагч буюу түрээслэгчийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй талаар дурдсан. Захиргааны акт гаргахдаа тухайн үүргийг нь хэрхэн харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл " тав трейд" ХХК болон Ю" ХХК-иудын хооронд байгуулагдсан ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүргээ "Ю" ХХК биелүүлээгүй байна гэж үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм бол түрээслэгч буюу Н.А*******, " тав трейд" ХХК буюу түрээслэгч талын хооронд байгуулаад байгаа худалдааны хамтын ажиллагааны гэрээнд заасан Н.А*******ын буюу түрээслэгчийн галын аюулгүй байдлын талаарх хүлээсэн үүрэг буюу хамтрагч нь цахилгааны болон бусад хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ашиглах ба тэдгээртэй холбогдсон Монгол Улсын дүрэм журмыг баримтлах үүрэгтэй гэж энд заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар нь ямар нэгэн тодруулга хийсэн юм уу, үгүй юу гэдэг нь хэрэгт авагдаагүй, тодорхой бус байгаад байгаа юм.
Лабораторийн дүгнэлтэд сая бичиг өгсөн болохоос биш түүнээс өмнө лабораторийн дүгнэлтэд үндэслэх хуулийн шаардлагаа хэрхэн биелүүлж байсан, мөн дүгнэлт гаргуулахаар хандаж байсан эсэх нь тодорхойгүй байсан. Үнэхээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан юм бол яагаад зөрчлийн хэрэгт авагдаагүй байгаа вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Шинжээчийн 2 дүгнэлтэд үндэслээд би шийдвэрээ гаргасан гэсэн. Нарийвчилсан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой гэж нэг дүгнэлтэд нь заачихсан байгаа. Үндэслээд байгаа 2 шинжээчийн дүгнэлтийн чинь нэг нь нарийвчилсан шинжилгээнд хамруулаач ээ гэдэг зүйл заачихсан байхад үүгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь эргэлзээтэй байна. Мөн тухайн нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн хариулт бүхий шинжээчийн дүгнэлтийн тэр хариултыг агуулж байгаа 1, 2, 3 дугаар асуулт бүхий хариулт нь зөрчлийн хэрэгт авагдаагүй байсан. Тэгэхээр бүрэн бус шинжээчийн дүгнэлтийг үндэслээд захиргааны акт гаргасан байна гэж үзэж болохоор байгаа юм. гэжээ.
11. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэд хэдэн процессын алдаа гаргасан нь захиргааны акт хууль бус болох шаардлагыг хангана.
Тухайлбал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр 10 гэрэл зураг авсан гэх боловч 8 байна. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр разетка шатсан байдалтай гэсэн боловч үүнийг нь үйлдсэн баримт хэрэгт байхгүй. Холбогдогчоор "Ю" ХХК-ийн ажилтнаас мэдүүлэг аваад байгаа юм. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар холбогдогчоор тогтооно гээд хуульчлаад заачихсан. Нэгэнт холбогдогчоор тогтоогоогүй байхдаа холбогдогчоос мэдүүлэг авсан бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гээд энэ үйл ажиллагаа бүхэлдээ унах ёстой.
Мөн зөрчлийн хэргийн 42-43 дугаар талд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт авагдсан. Гэтэл маргаан бүхий хүчилтөрөгчтэй холбоотой буюу 1, 2, 3 дугаар асуултыг зөрчлийн хэрэгт хийгээгүй. Хийгээгүй байж яаж энэ хэргийг хүчилтөрөгчөөс болсон эсэхийг тогтоож байгаа юм бэ? Асуудалтай байна. Өнөөдөр нөхөж гаргаж өгч байна. Энийг нэхэмжлэгч талаас өөрсдөө гаргаж өгсөн. Энэ шинжээчийн дүгнэлтээр хэний буруутай үйл ажиллагаанаас гал гарах болсон гэдгийг нь тогтоогоогүй байхдаа ингэж шийдсэн нь буруу. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Геологийн төв лаборатори нь ажиллахгүй байгаа, шинжээч дүгнэлт гаргаж болохгүй байна гэж өнөөдөр л шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа боловч үүнийгээ хэргийн оролцогч нарт мэдэгдэж, хавтаст хэрэгт нотлох баримтаар авхуулсан байх ёстой. Ингэж авсан үйл баримт байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнээд үзэхэд 3 залгуур буюу уртасгагч хэнийх ч байж болно. Гэхдээ разетканы бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа, хариуцаж байгаа гэдгээ гэрч Х.Г******* хангалттай хэлчихсэн. Разеткаас гал гарсан бол өнөөдөр "Ю" ХХК-ийн асуудал яригдаж байж болно. Гэтэл разеткаас гал гарсан гэдгээ нотолж чадаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө гаргасан шийдвэрийг нотлох ёстой.
Уртасгагчаас буюу хүмүүсийн хэлдгээр 3 залгуураас гал гарсан. Энэ илэрхий баримт, үүн дээр маргаагүй. Энэ нь "Ю" ХХК-нд ямар хамаатай юм бэ? Хоёрдугаарт нь энэ уртасгагч хэнийх байсан юм гэдэг асуудал. компанийнх байсан бол , Н.А*******ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл компани Н.А*******ын хөргөгчийг өөрийнхөө уртасгагчийг хэрэглүүлж байгаад шатаачихсан байсан бол гэрээний 6.4 эсрэгээрээ Н.А*******ын талд үйлчилнэ. Харин Н.А*******ынх байсан бол галын аюулгүй байдлыг хангаагүй гэдэг утгаараа , Н.А*******ын хооронд байгуулсан гэрээний 6.4 Н.А******* руу өөр рүү нь үйлчилнэ. Энэ дээрээс үзэхэд асуудлууд энд гарч ирээд байгаа юм.
Мөн Галын аюулгүй байдлын тухай хуульд 2 урьдчилсан нөхцөлтэй. Галын аюулгүй байдлын тухай хууль болон норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангаагүй. Дараагийнх нь галын аюулгүй байдлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг тогтоосон байх ёстой. Эндээс галын аюулгүй байдлыг хангах үүргийг биелүүлээгүй гээд байгаа буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасныг яаж биелүүлсэн юм, биелүүлээгүй юм гэдэг нь нотлогдоогүй. Хэргийн газрын үзлэг л гээд байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг л гээд байдаг. Гэхдээ энэ хэргийн газрын үзлэгийнх нь битгий хэл, бодит байдлаар дүрсэлсэн бичлэгийг бид харлаа. Гэтэл хэргийн газрын үзлэгийн зарим баримт нь дутуу. Энийг нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх асуудал байгаа юм. Хэдийгээр энэ зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудасны мөнгөн дүн 1 сая төгрөг, бага мөнгө мэт санагдаж байж болох ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн болон Захиргааны ерөнхий хуульд заасан шударга ёсны зарчим хуульд нийцсэн байх ёстой, бодит байдалд нийцсэн байх ёстой гэдэг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д заасан нөхцөл яах юм бэ? Мөнгөн дүн нь бага юм чинь гээд хэнийг ч хамаагүй торгоод байж болохгүй. Хохирлын их, бага хэмжээ 2 дугаар асуудал. Нэгдүгээр асуудал нь шударга ёсыг хэрэгжүүлэх ёстой. Үнэхээр буруутай бол буруутай гэдгийг хөдөлбөргүй баримтаар тогтоож байж шийтгэх ёстой. Тэр тохиолдолд аль аль байгууллага нь гомдол гаргаад явахгүй байх. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
12. Хариуцагч О газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Т тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 37 минутын орчимд дүүргийн 2 дугаар хороо супермаркет ТБД андууд салбарын махны худалдааны лангууны хөлдөөгч шатсан гэх гомдол, мэдээллээр гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Э.Т би, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахлах дэслэгч Г.ийн хамт хэргийн газарт хүрэлцэн очиж үзлэг хийсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн газраас цахилгаан дамжуулах утасны дээжийг шинжилгээнд зориулан хураан авч Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийг томилж лабораторийн дүгнэлтийг гаргуулсан.
Тухайн гал түймэр гарсан объектын камерын бичлэгт үзлэг хийхэд "Бидний нийслэл" гэсэн бичигтэй босоо хөргүүрийн ард талаас оч хаяж эхлэн гал түймэр гарч эхэлсний баталгаажуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Гамшиг судлалын хүрээлэнгээс лабораторийн дүгнэлт, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч буюу хэргийн газарт үзлэг хийсэн шинжээч томилж дүгнэлт гаргуулан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан болно.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу зөрчлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоолгож шийтгэлийн хуудсанд бичигдсэн.
Тухайн зөрчил нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтад заасан галын аюулгүй байдлын шаардлагыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зөрчил гарсан нь хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан тогтоож 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 00 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан болно.
Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг Геологийн төв лабораторийн цахилгаан элементийн багаж дээр бөмбөлөг үүссэнийг хүчилтөрөгчийн агууламж тодорхойлох шинжилгээ хийлгэх боломжгүй гэсэн бичиг нь байна. Геологийн лабораториос авсан. Эдний багаж 2 жилийн өмнөөс ажиллагаагүй байсан юм. Тиймээс миний үндэслэж гаргасан шийдвэр нь 2 газрын шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, Ю ХХК, Н******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд разетка хүртэлх цахилгааныг хариуцна гэсэн хэсэг заалтууд, 2 газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хуулийн заалтыг иш болгож шийтгэл оногдуулсан. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Ю ХХК-ийн гомдолтой О газрын улсын хяналтын байцаагч Э.Тд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон сиди бичлэгээс үзвэл, Нийслэл нэртэй том босоо хөргөгчийн араас гал үүсэж тухайн гал гарсан нь тогтоогдож байна.
3. Уртасгагчаас үүсэн гэж байгаа боловч уртасгагч хэрвээ разеткатай холбогдоогүй бол гал үүсэхгүй. Уртасгагчийг залгасан босоо хөргөгчийн араас гал үүссэн гэдэг нь бичлэгээр харагдаж байгаа бөгөөд үүнээс гал үүсэх шалтгаан нөхцөл байдал бий болсон байна. Хөдлөөгчийг ашиглаж байгаа иргэний буруутай гэж үзэж байна. Тухайн иргэн галыг дэвэргэх нөхцөл байдал бүхий цаасан материалыг хийсэн болохоос биш, тэр цааснаас гал үүсээгүй байна.
4. Ю ХХК нь тав трейд ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******/42 дугаар Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.17-д гүйцэтгэгч нь аливаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг бие даан хариуцах ба үйл ажиллагааг явуулахдаа гарч болох эрсдэлийг арилгах түүнээс сэргийлэх бүхий л арга хэмжээг урьдчилан харж осол аваараас сэргийлэх асуудлуудыг хариуцна гэж заасан байна.
5. Дээрхээс үзвэл, тухайн уртасгагчийн чанар байдал ямар байх ёстойг гүйцэтгэгч компани бүрэн хариуцах ёстой байсан. Тус хөргөгчийн хойно нь цаас хийж байгаа үйлдэл нь галын аюулгүй байдлыг хангахад нөлөөлж болох талаар урьдчилан сануулж, хэлж анхааруулах үүрэг нь Ю ХХК-д байсан.
6. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан байна.
7. Дээрх нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл улсын байцаагчийн ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Ю ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 00 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэл, шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ............ Ю ХХК-иас О газрын хяналтын улсын байцаагч Э.Тгийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ