Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1845

 

 

 

 

 

 

 

 

 

“Ү-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ү-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ү Г-” ХХК-д холбогдох,

 

102 686 363 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 113 457 040.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Ү-” ХХК нь “Ү Г-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 226 914 081 төгрөгийн гэрээний үнэ бүхий Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хавсралтуудаар тохирсон барилгын дотор заслын ажлыг талуудын баталсан төлөвлөгөөний дагуу зургийн чанар, стандартын шаардлагад нийцүүлсэн байдлаар хийж гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, тохирсон ажлын хөлсийг авахаар харилцан тохиролцсон болно. Захиалагч “Ү Г-” ХХК нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр 40 хувь буюу 90 765 632 төгрөгийг шилжүүлснээр бидний зүгээс дотор заслын ажлыг эхлүүлсэн бөгөөд манай компани гэрээний хавсралтуудад заасан ажил болон нэмэлт ажлуудыг графикийн дагуу цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэн, бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу дотор заслын ажлыг гүйцэтгэх үед талууд гэрээний 1.3.4-т Гэрээний 1.1-д буюу Хавсралт 1-д зааснаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага гарвал талууд нэмэлт ажлын төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, гэрээнд хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасны дагуу засварын явцад нэмэлт ажлууд хийгдэхээр болж, нийт 40 484 402 (нэмэлт ажлын төлбөр 25 681 221 төгрөг, эмнэлгийн дотоод засварын ажлын төлбөр 12 699 101 төгрөг, агуулахын засварын ажлын төлбөр 2 104 080 төгрөг) төгрөгөөр гүйцэтгэлийг харилцан тохиролцож, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд эдгээр барилгын засварын ажлуудыг хийж гүйцэтгэн, үр дүнг “Ү Г-” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Ингээд талууд дундын тооцоог нийлэхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Ү Г-” ХХК нь манай компанид 66 974 243 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулж, талуудын төлөөлөл гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдгээ дарсан. Гэвч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3.5-д Захиалагч гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу төлбөл зохих алданги нь 33 487 120 төгрөг болсон юм. Үүнээс хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн тул ажлын хөлсний үндсэн төлбөрийн үлдэгдэл 41 474 243 төгрөг, алданги 33 487 120 төгрөг, нийт 74 961 363 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрлээ. Түүнчлэн, “Ү Г-” ХХК нь барилгын засварын ажлын хүрээнд нэмэлт ажлуудыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Хүүхдийн 100 төвд 70 610 810 төгрөгийн, Шангри-ла салбарт 11 653 989 төгрөгийн засварын ажил хийлгэх захиалга өгсөн ба уг барилга засварын ажлыг манай компани бүрэн хийж хүлээлгэн өгсөн тул эдгээр ажлуудын үлдэгдэл төлбөр тооцоог талууд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийлж, акт үйлдэхэд 27 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл төлөх үүргийг хүлээсэн билээ. Талуудын байгуулсан гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох дээрх 27 000 000 төгрөгийн алдангийг тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн өдөр хүртэл хоног тутам 0.5 хувийн алдангийг 75 хоногоор тооцоход 10 125 000 төгрөг болж байна. Дээрх нэмэлт барилгын засварын ажлын үлдэгдэл 27 000 000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 400 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн тул 17 600 000 төгрөгийн үндсэн ажлын үлдэгдэл төлбөр, алданги 10 125 000 төгрөг, нийт 27 725 000 төгрөгийг “Ү Г-” ХХК нь төлөөгүй байна. “Ү Г-” ХХК нь урьдчилгаа төлбөр төлснөөс хойш гэрээний санхүүжилтийг графикийн дагуу төлбөрөө тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас бид ажилчдын цалин хөлсийг өөрсдөө санхүүжүүлэх, барилгын материал зээлээр авсан төлбөрийн алдангийг төлөх зэргээр санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон тул хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө “Ү Г-” ХХК-аас удаа дараа амаар болон бичгээр шаардаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочсоор үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироосоор ирлээ. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалт, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудыг баримтлан, “Ү-” ХХК болон “Ү Г-” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барилгын дотор заслын Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “Ү Г-” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 41 474 243 төгрөг, алданги 33 487 120 төгрөг, гэрээний нэмэлт ажлуудын үлдэгдэл төлбөр 17 600 000 төгрөг, алданги 10 250 000 төгрөг нийт 102 686 363 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү-” ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай “Ү Г-” ХХК, түүний холбоотой компани болох Үлэмж Килиник эмнэлэг нь нэхэмжлэгч “Ү-” ХХК-аар 4 тусдаа барилгын заслын ажил гүйцэтгүүлсэн байдаг. Эдгээр дөрвөн ажлаас зөвхөн нэг барилгын ажил буюу 226 914 081 төгрөгийн гэрээний үнэ бүхий барилгын ажлыг хийхэд бичгээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд бусад барилгын ажил дээр зөвхөн амаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн байдаг болно. Гэтэл нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй ажилд алданги тооцсон, Үлэмж клиник эмнэлгийн барилгын ажлын хөлсийг “Ү Г-” ХХК-аас нэхэмжилсэн байна. 1-р ажил буюу 226 914 081 төгрөгийн үнэ бүхий, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр манай “Ү Г-” ХХК-д төмөр карказан хана, тааз, шал хана, шал, үсчний зогсоол тек хийж гүйцэтгэхээр тохирсон. 226 914 081 төгрөгийн үнэ бүхий төсвийг “Ү-” ХХК болон “Ү Г-” ХХК нь хамтран зөвшилцөж, нийт гэрээний дүнг 221 721 725 төгрөг болгож багасгасан. Энэ гэрээний ажлыг хүлээлгэн өгөх эцсийн хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байсан болно. Гэвч гүйцэтгэгч “Ү-” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэх хугацаагаа 10 сар буюу 300 хоногоор хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн байдаг. Энэхүү ажлын төлбөрт манай компани 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар нийт 194 465 632 төгрөгийг мөнгөөр, 766 252 төгрөгийг бартераар төлсөн. Дээрх төлөлтийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актад баталгаажуулсан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын үлдэгдэл төлбөрт 26 489 841 төгрөг үлдсэн юм. Энэхүү төлбөрийг 2-р ажлын төлбөр буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын төлбөртэй нэгтгэн бодож, тооцоо нийлсэн акт хийж нийт дүнг 66 974 243 төгрөг гэж 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар 1 болон 2-р ажлын тооцоог гаргасан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын үлдэгдэл төлбөрт 26 489 841 төгрөг үлдсэнээс тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 сая төгрөг (дансаар 1 сая төгрөг, бэлнээр 4 сая төгрөг), 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5 сая төгрөг (бэлнээр), 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг (дансаар), 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөг (дансаар), 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 сая төгрөг (бэлэн), 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг (дансаар) (жич: энэхүү 1 сая төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орхигдуулсан байгаа болно) тус тус төлсөн. Нийт тооцоо нийлсний дараа 26 500 000 төгрөг төлсөн байна. Ингээд 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын төлбөрийг тооцоо нийлэх акт үйлдэх үед 195 231 884 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа 26 500 000 төгрөг, нийт 221 731 884 төгрөг төлсөн байна. Одоо 1-р ажил буюу бичгээр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт манай компани ямар нэг тооцоогүй, бүрэн төлсөн. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэгч “Ү-” ХХК нь Шангри-Ла төв болон манай байгууллагад хүлээлгэж өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Ү-” ХХК нь тус ажлыг хийж дуусгалаа хэмээн Гүйцэтгэлийн акт авчирч өгөхөд нь манай байгууллага Шангри-Ла төвийн инженерийн хамтаар хүлээн авах талаар хэлсэн ба түүнээс хойш “Ү-” ХХК нь өнөөдрийг хүртэл тус ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажил буюу агуулахын засварын ажил 2 104 080 төгрөг, бусад ажил 25 681 221 төгрөг, мөн Үлэмж клиник эмнэлэгт засварын ажил 12 699 101 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Үлэмж клиник эмнэлэг нь “Ү Г-” ХХК-аас тусдаа хуулийн этгээд юм. Энэхүү ажлын төлбөрийг дараах байдлаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 862 000 төгрөг (бартераар буюу бэлгийн картаар), 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 400 000 төгрөг (дансаар), 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 800 000 төгрөг (дансаар) нийт 22 062 000 төгрөг төлсөн байна. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын үлдэгдэл төлбөрт 18 422 402 төгрөг үлдсэн байна. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхэд бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги тооцогдохгүй. Энэхүү 2 дугаар ажлын төлбөр буюу 40 484 402 төгрөгийн ажлаас 22 062 000 төгрөг төлж, одоо 18 422 402 төгрөг үлдсэнээс 12 699 101 төгрөгийг Үлэмж клиник эмнэлэг, үлдэгдэл 5 723 301 төгрөгийг “Ү Г-” ХХК төлөх ёстой юм. 3-р ажил буюу 11 653 989 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажлаар 2018 оны 11 дүгээр сард манай байгууллагын нойлын өрөө, коридор, хувцас солих өрөөг засварлах ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. 4-р ажил буюу 70 610 810 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажлаар 2019 оны 1 дүгээр сард Хүүхдийн 100 дахь манай салбарт барилгын засварын ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Нийт төлөх ёстой төлбөр нь 11 653 989+70 610 810=82 264 799 төгрөг болно. Энэхүү 3, 4-р ажлын төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг (дансаар), 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 196 585 төгрөг (дансаар), 2018 оны 12 дугаар  сарын 11-ний өдөр 1 697 085 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 697 085 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 300 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 400 000 төгрөг (бэлэн), 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг (бэлэн), 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 950 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3 350 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 600 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг (дансаар), нийт 3 болон 4-р ажилд 54 290 755 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 27 974 044 төгрөг болсон. Үүнээс “Ү-” ХХК-тай харилцан тохиролцож 974 044 төгрөгийн хөнгөлөлт эдэлж 3 ба 4 дүгээр ажлын тооцоог нийт дүнгээр нь 27 000 000 төгрөг гэж үзсэн болно. Үүнийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байдаг. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн тул алданги төлөх үндэслэлгүй юм. Нийт тооцооны дүнг гаргавал 1-р ажил буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээт ажлын төлбөрт 221 721 725 төгрөг төлөхөөс 221 731 884 төгрөг төлсөн. Одоо 1-р ажилд тооцоогүй ба манай байгууллага 10 159 төгрөг илүү төлсөн. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 22 062 000 төгрөг төлсөн. Одоо 18 422 402 төгрөг үлдсэн. Үүнээс 12 699 101 төгрөгийг Үлэмж клиник эмнэлэг хариуцах ёстой ба үлдэгдэл 5 723 301 төгрөгийг “Ү Г-” ХХК төлөх ёстой. 3-р ажил болон 4-р ажлын төлбөрт нийт 82 264 799 төгрөг төлөхөөс нийт 54 290 755 төгрөг төлсөн. Үлдэгдэл 27 974 044 төгрөг. Үүнээс 974 044 төгрөгт хөнгөлөлт эдэлж 27 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Нийт 1, 2 , 3, 4-р ажилд нийт 32 723 301 төгрөг төлөхөөр тооцоо байна. Нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй ажилд алданги тооцсоноос үүдэн талуудын гаргасан тооцоо зөрж байгаа юм. Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь 2,3,4-р ажлыг гүйцэтгүүлэхэд бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.3.4, 4.5 дахь хэсэгт зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд бичгээр харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулах ба талуудын эрх бүхий этгээд гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахаар заасан. Гэтэл бичгээр тохиролцоогүй, амаар тохирсон ажилд “Ү-” ХХК нь алданги тооцсон нь үндэслэлгүй. Мөн түүнчлэн, “Ү-” ХХК нь манай компани дээр нэхэмжлэл авчирч байгаагүй атлаа алданги нэхэмжилсэн байна. Манай компанийн төлсөн төлбөрийг дандаа алдангиас хассан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт хэд хэдэн үүргийг гүйцэтгэх тохиолдолд илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэхээр заасан байдаг ба үүний дагуу бидний төлсөн төлбөрүүдийг алданги төлөх тохироотой гэрээний төлбөрт тэргүүн ээлжинд суутгуулах хүсэлтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Ү Г-” ХХК нь “Ү-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар “Ү Г-” ХХК нь 226 914 081 төгрөгийг “Ү-” ХХК-д төлөх, “Ү-” ХХК нь манай Шангрилла молл төвд барилгын засварын ажил хийхээр тохирсон байдаг. Ажил гүйцэтгэх хугацааг “Ү-” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор хийж дуусгахаар тохирсон. Ингээд “Ү Г-” ХХК нь гэрээний 1.3.1-д заасны дагуу урьдчилгаа 90 765 632 төгрөгийг гүйцэтгэгч “Ү-” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч “Ү-” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэх хугацаагаа бүхэл бүтэн 10 сар гаран буюу 307 хоногоор хугацаа хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн байдаг. Гүйцэтгэгч “Ү-” ХХК нь ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас манай байгууллага тус барилгад үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болж, олох ёстой байсан орлогоо алдсан. Ажилтнууддаа сул цалин өгч, их хэмжээгээр хохирсон билээ. Тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа төслийн ажлыг гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг захиалагч “Ү Г-” ХХК-д төлөхөөр тохирсон. Иймд “Ү Г-” ХХК нь гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 226 914 081 төгрөгийн ажлаас 0,5 хувиар алдангийг тооцоолбол өдрийн 1 134 570.4 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн 307 хоногийн алдангийг тооцоолбол 307 х 1 134 570.4 = 348 313 114.3 төгрөг болох ба үүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн хасвал 113 457 040.5 төгрөг болж байна. Иймд “Ү-” ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны хооронд тооцогдсон 113 457 040.5 төгрөгийн алдангийг гаргуулж, “Ү Г-” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ү Г-” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг аргаж байна. “Ү-” ХХК нь “Ү Г-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Ү Г-” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр ороо, Шангрила төвд түрээслэж буй 1000 м.кв гаруй талбай бүхий Грийс Спа салоны интерьер буюу дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон билээ. Тус гэрээний хавсралт №3-аар талууд ажлыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцож, “Ү-” ХХК нь графикийн дагуу заслын ажлыг хийж эхлүүлж байтал захиалагч “Ү Г-” ХХК болон туслан гүйцэтгэгч “Н-” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлыг тохирсон хугацаанд дуусгах боломжгүй болсон. Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасанчлан дараах шалтгаануудын улмаас “Ү-” ХХК хугацаа хэтрүүлсэн хариуцлага хүлээхгүй юм. Үүнд, “Ү-” ХХК-ийн зүгээс заслын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулж байтал “Ү Г-” ХХК-ийн хүсэлтээр Шангрила Спа салоны тааз заслын ажил, мөн эмнэлэг, агуулахын өрөөний заслын ажил зэрэг нийт 40 484 402 төгрөгийн үнэлгээтэй нэмэлт ажил хийж гүйцэтгэх шаардлагатай болсонтой холбоотойгоор гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Эдгээр нэмэлт ажлуудыг “Ү-” ХХК нь бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн болох нь талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актаар нотлогдоно. “Ү Г-” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Шангрила спа салоны ханыг бүрэх 470 метр даавуу (ханын обой), Армстронг ХХК-ийн шалны РVС хавтанг өөрсдөө нийлүүлэх ёстой байсан боловч эдгээр материалуудыг цаг тухайд нь, бүрэн хэмжээнд нийлүүлээгүй, хугацаа алдсан болно. Тухайлбал, “Ү-” ХХК-ийн зүгээс “Ү Г-” ХХК-д засал хийгдэж буй талбайн ханыг нийт 470 метр даавуугаар бүрэх шаардлагатай талаар хэлсээр байтал “Ү Г-” ХХК нь тус материалыг гадаад руу захиж авчруулахдаа андууран 47 метрийг захиж авчруулсан тул хана бүрэх ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэхгүй ямар ч боломжгүй болж, эцэстээ тус материалыг Монгол улсаас авч хийх шаардлага гарсан юм. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт: Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байх тул “Ү-” ХХК хариуцлага хүлээхгүй юм. Мөн “Ү Г-” ХХК-ийн түрээслэж буй Шангрила Спа төвийн талбайд халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, галын хошуу, цэвэр бохир ус цахилгаан хангамж, зарлан мэдээлэх системийн угсралтын ажлыг “Н-” ХХК хийж гүйцэтгэж байсан бөгөөд тус компани ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас “Ү-” ХХК-ийн хийж гүйцэтгэх заслын ажил хийгдэхгүй хүлээгдэж хугацаа алдсан. “Н-” ХХК-ийн Шангрила Спа төвд хийж гүйцэтгэгдэж буй агаар сэлгэлт, сантехник, галын аюулгүй байдлын системүүд, холбоо дохиолол, цахилгааны ажлууд нь бүгд барилгын дотор хана, тааз, шаланд хийх далд ажлууд тул эдгээр ажлуудыг “Н-” ХХК бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөөгүй байхад “Ү-” ХХК интерьер буюу дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. Тухайлбал “Н-” ХХК-ийн Шангрила төвд хүлээлгэн өгсөн Гүйцэтгэлийн бичиг баримтуудаас үзвэл “Н-” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт-аар Шангрила төвийн 2 дугаар давхрын ариун цэврийн өрөөнүүд болон хувцас солих өрөөний агааржуулалтын салхивчийн системийг хийж байсан, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт-аар мөн 2 дугаар давхрын үйлчилгээний танхимын агааржуулалтын системийг хийж байсан, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Дотор халаалт, хөргөлтийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт-аар Шангрила Спа төвийн халаалт, хөргөлтийн системийг хийж байсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Шангри-Ла төвийн түрээслэгч ГРИЙС СПА-д хийсэн дотоод заслын үзлэгийн тайлан-гаар “Н” ХХК нь дотоод заслын ажлыг бүрэн хийж дуусгаагүй, зарим ажлуудыг нэмж хийж гүйцэтгэх шаардлагатай байсан нь тогтоогдоно. “Ү Г-” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын санхүүжилтийг графикийн дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас “Ү-” ХХК нь ажилчдын цалин хөлсийг хоцроох, заслын ажлыг хийх шаардлагатай барилгын материалыг барилгын материалыг авч ажил гүйцэтгэх боломжгүй болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байсан бөгөөд улмаар материалыг зээлээр авах зэрэг асуудлууд үүсэж байсан. Тухайлбал талуудын хооронд хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.3.1-д заасан урьдчилгаа төлбөрийг “Ү Г-” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн бөгөөд “Ү-” ХХК нь тус мөнгөөр заслын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах бараа материалын худалдан авалтад зарцуулагдсан юм. “Ү Г-” ХХК нь мөнгөн төлбөрийн үүргээ удаа дараа зөрчиж байсан, мөн өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан анхан шатны санхүүгийн баримтууд, тооцоо нийлсэн акт болон “Ү-” ХХК-ийн шүүхэд гаргасан тооцооллуудаар тогтоогдоно. Түүнчлэн, “Ү Г-” ХХК-аас шүүхэд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон Гүйцэтгэл ажлын бичиг баримт-ын тухайд, тус баримт нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн заслын ажлыг хүлээлцэх акт биш бөгөөд “Ү Г-” ХХК-д талбай түрээслүүлэгч Шангрила төвд “Ү-” ХХК-ийн зүгээс хийж гүйцэтгэсэн интерьер заслын ажлуудаа тайлагнаснаа нөхөж бичиж өгсөн баримт билээ. Мөн тус актын 7-д Ажил эхэлсэн дууссан хугацаа-г 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн талаар дурдсан болно. Иймд “Ү Г-” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ "...“Ү-” ХХК нь 307 хоногоор хугацаа хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх тул “Ү Г-” ХХК нь тус “Ү-” ХХК-ийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны хооронд огт ажил гүйцэтгээгүй мэтээр 113 457 040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь хуульд нийцээгүй байна. Иймээс “Ү Г-” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Ү Г-” ХХК-аас 75 879 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 26 807 041 төгрөгийн шаардлага, хариуцагч “Ү Г-” ХХК-ийн нэхэмжлэгч “Ү-” ХХК-д холбогдуулан гаргасан 113 457 040.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 671 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү Г-” ХХК-аас 537 346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгож, хариуцагч “Ү Г-” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 725 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шш2019/01765 дугаартай шийдвэрээр хариуцагч “Ү Г-” ХХК-иас 75 879 322 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 26 807 041 төгрөгийн шаардлага, хариуцагч “Ү Г-” ХХК-иас нэхэмжлэгч “Ү-” ХХК-д холбогдуулан гаргасан 113 457 040.5 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч “Ү Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ миний бие “Ү Г-” ХХК-иас 75 879 322 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгосон хэсгийн 30 426 920 төгрөгт холбогдох хэсгийг; хариуцагч “Ү Г-” ХХК-иас нэхэмжлэгч “Ү-” ХХК-д холбогдуулан гаргасан 113 457 040.5 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагч “Ү Г-” ХХК-иас нэхэмжлэгч “Ү-” ХХК-д төлсөн 2 862 000 төгрөгийн үнэ бухий бэлгийн картыг тооцооноос хасаагүй нь үндэслэлгүй тухайд, хариуцагч “Ү Г-” ХХК-ийн захирал Б.Д нэг бүр нь 2 500 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг буюу нийт 5 000 000 төгрөгийн бэлгийн картыг төлбөртөө тооцуулан нэхэмжлэгч “Ү-” ХХК-ийн захирал Х.Б-д өгсөн байдаг. Нэхэмжлэгч “Ү-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн картыг аваагүй гэж тайлбарладаг боловч “Ү-” ХХК-ийн захирал Х.Б-нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн картыг хүлээн авсан болохоо хэлсэн. Мөн Үлэмж Килиникийн нягтлан бодогч С 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “нэхэмжлэгч “Ү-” ХХК-ийн захирал Х.Б-нь 5 000 000 төгрөгийн бэлгийн картыг хэдэн төгрөгөөр тооцож тооцооноос хасах вэ гээд асуугаад над дээр ирсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хариуцагч 5 000 000 төгрөгийн бэлгийн картыг 2 862 000 төгрөгт тооцуулан тооцооноос хассан ба анхан шатны шүүх нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлж, хариуцагчийн төлсөн 2 862 000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн картны үнийг хасч тооцоогүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.11 дэх заалтыг буруу тайлбарлаж, алдангид 27 564 920 төгрөгийг хариуцагч “Ү Г-” ХХК-иас үндэслэлгүй гаргуулсан тухайд:

Анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтэх гэрээний 2.2.11-т заасныг баримтлан алдангид 27 564 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан. Ажил гүйцэтэх гэрээний 2.2.11-т "Ажил хүлээлцсэний дараа захиалагч нь дараах баримтуудыг гүйцэтгэгчээс хүлээн авч ажлын 3 хоногт баталгаажуулсны дараа үлдэгдэл төлбөрийг 1.3.2-т заасны дагуу шилжүүлнэ. Мөн гэрээний 1.3.2-т "гэрээний 1.2-т заасан гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг Хавсралт №2 орсон санхуужилтын графикийн дагуу гуйиэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ" гэжээ. Гэтэл талууд санхүүжилтын график гаргаж баталгаажуулаагүй. Мөн өнөөдрийг хүртэл “Ү-” ХХК нь төлбөрийн нэхэмжлэхийг “Ү Г-” ХХК-д өгөөгүй байна. Учир нь “Ү-” ХХК нь 2016, 2017, 2018, 2019 онуудад “Ү Г-” ХК-д барилгын ажил гүйцэтгэж байсан бөгөөд барилгын ажлын төлбөрүүдийг хэзээ хэрхэн яаж өгөх, ямар дарааллаар өгөх талаар амаар тохиролцоод явдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч “Ү-” ХХК нь гэрээнд заасны дагуу төлбөрийн нэхэмжлэлээ манай компанид ирүүлээгүй байхад анхан шатны шүүх алданги тооцсонд гомдолтой байна. Хэрэв “Ү-” ХХК нь төлбөрийн нэхэмжлэлээ гэрээнд заасны дагуу ирүүлсэн бол манай байгууллага цаг тухайд нь төлбөрөө төлөх байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальж, нэхэмжлэлд заагаагүй хугацааны алданги гаргуулсан буюу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс алданги тооцсон нь үндэслэлгүй тухайд:

Анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтэх гэрээний дагуу хариуцагчаас 27 564 920 төгрөгийн алданги гаргуулах тухай дүгнэлт хийхдээ 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс буюу ажил хүлээлгэн өгсөн хугацаанаас эхлэн алданги тооцсон байна. /шүүхийн шийдвэрийн 10-р хуудас/ Гэтэл нэхэмжлэгч “Ү-” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний алдангийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцож, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний алдангийг гаргуулахдаа нэхэмжлэгч “Ү-” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэлд заагаагүй хугацааны алдангийг тооцож гаргасан байна. Хариуцагч “Ү Г-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл буюу 113 457 040.5 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь ажил гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан барилгын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь ажлыг 2 сараар буюу ойролцоогоор 60 хоног хугацаа хэтрүүлж 2016 оны 8 сард ажлыг хүлээлгэж өгсөн гэж тайлбар хийдэг ба яг 2016 оны 8 дугаар сарын хэдний өдөр хүлээлгэж өгсөнөө тайлбарладаггүй, шүүхэд үнэн зөвөөр хэлдэггүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ү-” ХХК нь уг ажлыг хугацаа хоцруулж 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа алдангийг гаргуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч Сүрмандахын мэдүүлгийг үнэлээгүй атлаа нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч П.С-ын мэдүүлгийг үнэлж, хариуцагч “Ү Г-” ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн “Ү-” ХХК нь ажлыг хугацаа хоцруулж хүлээлгэж өгсөн байна гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь гэрээ байгуулах үедээ л анхнаасаа “Н-” ХХК -тай зэрэгцэн Шангрилла молл -ийн барилга дээр ажиллана гэдгээ мэдэж байсан ба гэрээт ажлыг дуусгах хутацаагаа “Н-” ХХК-ийн барилгын ажилтай цугтаа дуусна гэж 2016 оны 5 дугаар сарын 31-нд дуусгахаар гэрээгээр тохирсон. Гэтэл “Н-” ХХК нь 2016 оны 5, 6 сард өөрийн хариуцсан ажлаа дуусгачихсан байхад “Ү-” ХХК нь манай ажлыг бүүр сүүлд 2017 оны 3 дугаар сард дуусгаж хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл шүүх “Ү-” ХХК нь ажлаа 2017 оны 3 сард хүлээлгэн өгсөн гэж зөв дүгнэсэн атлаа энэ хугацааны гэрээний үүргийн зөрчлийг ямар ч үндэслэлгүйгээр зөвтгөн шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийя анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шш2019/01765 дугааргай шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь хариуцагч “Ү Г-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 102 686 363 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр алдангид 113 457 040.5 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 1-3, 100 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ү-” ХХК нь “Ү Г-” ХХК-ийн Грийс салоны Шангрила молл салбарын заслын ажил буюу гэрээний хавсралт 1-д заасан ажлыг 226 914 018 төгрөгийн хөлстэйгээр гэрээний хавсралт 3-т заасан хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн “Ү Г-” ХХК-д хүлээлгэн өгөх, “Ү Г-” ХХК нь урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 90 765 632.32 төгрөгийг гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлөх, үлдэх төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан санхүүжилтийн графикийн дагуу гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцжээ./хэргийн 11-15 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Түүнчлэн, зохигчид ажлын гүйцэтгэлийн явцад Грийс салоны Шангрила молл салбарын заслын ажилд нэмэлт ажил хийхээр харилцан тохиролцож нийт 40 484 402 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сард “Ү Г-” ХХК-ийн Грийс салоны Шангрила молл салбарын эмнэлгийн 00 өрөө, коридор, хувцас солих өрөөнд засварын ажлыг 11 653 989 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сард Грийс салоны Хүүхдийн 100 салбар төвд заслын ажлыг 70 610 810 төгрөгөөр гүйцэтгэхээр тус тус тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.4-т “Гэрээний 1.1-д буюу Хавсралт 1-д зааснаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага гарвал талууд нэмэлт ажлын төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож гэрээнд хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтад “Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа аль нэг тал нөгөө талдаа харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд ажлын 5 хоногийн өмнө бичгээр ирүүлнэ. Нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно. Нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно” гэж тус тус заажээ.

            Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад нэмэлт ажил, төлбөрийн хэмжээг тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогджээ. Гэвч гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх тул нэмэлт ажлын хөлсөнд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон үндсэн ажлын төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй.

 

            Талууд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлж, үндсэн болон нэмэлт ажлын нийт үлдэгдэл төлбөр 66 974 243 төгрөг гэж тохиролцсон байх боловч уг өдрөөс хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн болон нэмэлт ажлын хөлснөөс хэрхэн хасалт хийхээр тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна./хэргийн 16 дугаар тал/ 

            Тодруулбал, “Ү-” ХХК-тай хийх тооцоо нэртэй талуудын хооронд үйлдэгдсэн баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр талуудын тохиролцсон 226 914 081 төгрөгийн ажлын хөлсийг 221 721 725 төгрөг болгон багасгажээ. Улмаар талууд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр заслын ажил гүйцэтгэсэн актаар ажлаа хүлээлцсэн байх тул уг хугацаанд хариуцагч гэрээний үндсэн төлбөрт нийт 166 531 884 төгрөг төлж, 55 189 841 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн болох нь хэрэгт авагдсан “Ү-” ХХК-тай хийх тооцоо гэх нэртэй баримт болон “Ү-” ХХК-ийн Капитрон банкны дансны хуулгаар тогтоогдож байна./хэргийн 16, 106-107 дугаар тал/

 

            Иймд анхан шатны шүүхээс ажил хүлээлцэхэд төлөгдөөгүй байсан үндсэн ажлын төлбөрийн үлдэгдэл буюу 55 189 841 төгрөгөөс төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангийг /27 594 920 төгрөг/ тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлыг хүлээн авснаар хөлс төлөх үүрэг захиалагчид үүсэхээр зохицуулсныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “нийт 344 481 085 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 298 084 639 төгрөгийн төлбөр төлсөн, уг төлбөрт 2 862 000 төгрөгийг бартераар буюу бэлгийн картаар төлснийг оруулсан, Үлэмж клининкийн засварын ажилтай холбогдох хөлс мөн хасагдах ёстой бөгөөд нийт төлөх ёстой дүн 32 723 301 төгрөгийн тооцоо гарч байгаа” гэж тайлбарлаж байгаагаа баримтаар нотлож чадаагүй байна.

Бэлгийн карт нь хэдэн төгрөгийн үнэтэй болон талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож хасахаар тохиролцсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч энэ үйл баримтын талаар тодорхой мэдүүлээгүй байна.

 

            Хэрэгт авагдсан дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер, тооцоо нийлсэн акт, “Ү Г-” ХХК-ийн Капитрон банкны дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 128 690 755 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна./хэргийн 16, 26-42, 44-46 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 55 189 841 төгрөг, ажил гүйцэтгэх явцад нэмж гүйцэтгэхээр тохиролцсон ажлын хөлс 40 484 402 төгрөг, мөн 2018 оны 11 сард хийсэн тохиролцооны дагуу нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 11 653 989 төгрөг, 2019 оны 1 сард хийсэн тохиролцооны дагуу нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 70 610 810 төгрөг, нийт 177 939 042 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 128 690 755 төгрөгийг хасч тооцоход төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 49 248 287 төгрөг болж байна.

 

            Дээрх дүнгээс Шангрила эмнэлгийн засварын ажил болон Хүүхдийн 100 салбарын төвийн ажлын тооцоог нийлэхэд үзүүлсэн хөнгөлөлт гэх 963 885 төгрөгийн хөнгөлөлтийг хасч 48 284 402 төгрөг, алданги 27 594 920 төгрөг нийт 75 879 322 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ. /хэргийн 17 дугаар тал/

 

            Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алдангид 113 457 040.5 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Хэрэгт авагдсан “Н-” ХХК-ийн гүйцэтгэлийн баримт бичиг, ажил шалгасан акт, шүүх хуралдаанд оролцсон гэрч П.С-ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн зүгээс дотор хана бүрэх материалыг дутуу захиалж авчирсан болон өөр компаниар барилгын дотор хана, тааз, шаланд хийгдэх далд монтажны ажлуудыг хийлгүүлж дуусаагүй байсны улмаас нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэрээгээр гүйцэтгэх ажил саатах, хугацаа алдах нөхцөл үүссэн болох нь тогтоогджээ. /хэргийн 119-132 дугаар тал/

 

            Иймээс талууд гэрээгээр ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч уг хугацаанд ажлыг хийж дуусгаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

            Учир нь талууд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр заслын ажил гүйцэтгэсэн актаар ажлаа хүлээлцсэн байх боловч уг актын 7-д ажил эхэлсэн дууссан хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж бичсэн байна. Иймээс уг актыг хэзээ үйлдсэнээр ажил хүлээлцсэн хугацааг тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, зохигчид хийсэн ажлын хугацааг ажил хүлээлцсэн баримтад тодорхой заасан байна.

 

            Иймд шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнь 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 236 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР