Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0822

 

2023 11 09 128/ШШ2023/0822

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Алтаннавч

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Алтаннавч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Должиндэмид, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.Алтаннавч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж олгох журам-ийн 4 дугаар зүйлийн 4.4-д заасан тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 67.860.000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Я.Алтаннавчийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 97 дугаар зарлигаар Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гарсан байна. /х.х-н 42/

3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Я.Алтаннавчид 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. /х.х-н/

4.Үүний дараа нэхэмжлэгч Я.Алтаннавч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Тэтгэмжийн зөрүү 68,000,000 /жаран найман сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8934 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /х.х-н 11-16/

5.Улмаар нэхэмжлэгч Я.Алтаннавч нэг удаагийн буцалтгүй тусламж олгож буй уг шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан.

6.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсны дараа 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр нэг удаагийн тэтгэмж болох 104,000,000 төгрөг олгогдсон. Зөрүүг тодруулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргатай 2022 оны 9 дүгээр сард биечлэн уулзахад дээрх асуудлаар шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаад "шүүхээр асуудлаа шийдвэрлүүл" гэсэн шийдвэрийг гаргасан талаар хариуг өгсөн. Үүний дараа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8934 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Шуудангаар гардан авсан.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж хуульчилжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 12 дугаар зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

Өмнөх Шүүгчийн эрх зүйн байдлыг тухай хуулиар зохицуулагдаж байсан нэг удаагийн тэтгэмж олгогдох заалтыг Монгол Улсын Шүүхийн тухай шинэчилсэн хуулиар өөрчилж, дагаж мөрдөх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр буюу Төсвийн тухай хуультай уялдуулсан нь шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг хангах үүднээс авсан арга хэмжээ төдийгүй бусад төрийн албан хаагч нарт олгогддог нэг удаагийн тэтгэмжээ ялгамжтай байхаар зохицуулсан зохицуулалт юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо зөвхөн шүүгчийн албан тушаалын цалингаар тооцож олгож байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулаад байна Учир нь миний бие шүүгчээр ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингаас гадна онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасны нэмэгдэл зэргийг хууль тогтоомжийн дагуу авч байсан. Гэтэл дээрх цалингаар бус зөвхөн шүүгчийн албан тушаалын цалингаар тооцож байгаа нь хууль бус юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж олгох журам"-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-д "Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэж зохицуулсан байхад тусгай зохицуулалт буюу илүүг сонгох боломжийг минь эдлүүлэхгүйгээр зөвхөн нийтлэг зохицуулалтыг хэрэглэж 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаал гаргасныг буруу гэж үзэж байна.

Уг асуудлаар гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байх тул шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх зохицуулалт мөн хуулийн 10 дугаар зүйлд /шүүгчийн хараат бус байдал түүнийг хангах баталгаа, 46 дугаар зүйлийн 46.2-т "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ." 47 дугаар зүйлд заасан шүүгчийн нийгмийн баталгаа гэсэн зохицуулалтад тус тус хамаарч байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 73.1.1-д "энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, 73.1.2-т "шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх" гэж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д "шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах", 74 дүгээр зүйлийн 74.1-д "Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 74.1.1-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх" гэж тус тус заасан байхад дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, шүүгч намайг хохироож байгаад гомдолтой байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.3-д "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно" гэж зохицуулсан байхад нэг удаагийн тэтгэмжийг буруу тооцож олгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж олгох журам-ийн 4 дугаар зүйлийн 4.4-д заасан тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 67.860.000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

7. Нэхэмжлэгч Я.Алтаннавч шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын гаргасан 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан. Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоож тэтгэмжийн зөрүү 68,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь Монгол улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01ний өдөр шинэчлэн батлагдсан. Энэ хуулийг Улсын их хурлаас батлах үед Шүүгчийн хараат бус байдал, цалин хөлс, нийгмийн батламжийг өмнөх заалтаас өөрөөр өөрчлөн найруулж баталсан. Маргаад байгаа Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т шүүгчийг өндөр настны тэтгэвэрт гарах үед авч байсан цалин хөлсний сарын дундаж цалинг 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж өмнөх хуулиас өөрөөр зохицуулж өгсөн. Сарын дундаж цалингийн хэмжээгээр гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл олгохдоо энэ хуулиас гадна Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 7 дугаар тогтоолыг баримталсан байдаг. 104,000,000 төгрөг олгосон Д.Зүмбэрэллхам даргын тушаалыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Энэ тушаалд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 7 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ыг баримтлаад албан тушаалын цалингаар олгоод байгаа нь энэ хуулийн заалттай зөрчилдөөд байгаа юм. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн шинэчилсэн найруулгын агуулга нь авч байсан сарын цалингийн дундаж хэмжээгээр 36 сарын хугацаагаар төрийн албанд хэдэн жил ажиллаж байсан нь хамаагүй өндөр настны тэтгэвэрт гарахдаа 36 сарын хэмжээгээр авна гэсэн заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл албан тушаалын цалингаар тооцож олгоод байгаад нь хуулийг буруу ашиглаж байгаа зөрчил байна. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-т төрийн албанаас чөлөөлөгдсөн өндөр настны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилсан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Үндсэн цалин 2,700,000 төгрөгөөр тооцоод 36 сараар цалинг олгож байгаа юм. 36 сарын хугацаагаар гэдгээ зөв баримтлаад байгаа ч сарын дундаж цалинг буруу тооцоолоод байгаа юм. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-г зөв хэрэглэж тушаал шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын нэг тодруулах зүйл байна. Сарын дундаж цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг үндэслэлээ болгосон байгаа. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Сарын дундаж цалинг юу гэж ойлгох юм гэхээр албан тушаалын цалин байх юм уу, нэмэгдэл цалинг тооцох юм уу гэдгийг эрх зүйн үндсээр ойлгож авч хэрэглэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээ зүйл хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүсийн ерөнхий зохицуулалтыг хуульчлаад зохицуулсан байгаа. Энэ тайлбарын Шүүхийн ерөнхий зөвлөл анхаарч үзэх хэрэгтэй. Зөвхөн албан тушаалын цалингаар тэтгэвэрт гарсан тэтгэмжээ авах ёстой гээд байгаа нь Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөд байгаа юм. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал өмнөх заалтаас яагаад өөрөөр зохицуулсан гэдгийг Улсын их хурлын Тамгын газраас 90 хуудас нотлох баримт гаргуулсан байгаа. Шүүхийн тухай хуулийн цалин хөлсний асуудлыг хэд хэдэн удаа өөрчилсөн гэхдээ тэтгэмжийн асуудлыг өөрчилсөн асуудал бол байхгүй. Өндөр настны тэтгэвэрт гарахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэлээд байгаа авч байсан албан тушаалын цалин хөлсийг тухайн хүн төрийн албанд хэдэн жил ажиллаж байснаар нь тооцоод тэтгэмж олгодог байсан. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталсан Шүүхийн тухай хуульд үндсээр нь өөрчлөөд өмнөх авч байсан цалинг 36 сарын хугацаагаар тооцож төрийн албанд хэдэн жил ажиллаж байсан нь хамааралгүй 36 сарын хугацаагаар түүний авч байсан цалингийн дундаж хэмжээгээр олгоно гэж Улсын их хурлаас зохицуулсан байгаа. Д.Зүмбэрэллхам даргын гаргасан тушаал өөрөө 7 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ын нийтлэг журам үүний цаана нь энэ тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4-т илүү сонгох боломжтой байхад үүнийг баримтлаагүй. Энэ нь тэтгэмж авагчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Я.Алтаннавч нь Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах үүссэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгджээ./х.х-н 7/

3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан Я.Алтаннавчид нэг удаагийн буцалтгүй тусламж 104.400.000 төгрөгийг олгосон байна. /х.х-н 6/

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заажээ.

5. Нэхэмжлэгч Я.Алтаннавч нь Шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр 67.860.000 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэж няцаан тайлбарлаж байна.

6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.

7. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.

9. Түүнчлэн шүүхээс Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг гаргуулан авч судлан үзэхэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээ гэсэн томьёоллоор хуульд тусгагдаж, өөрчлөгдөөгүй байна.

10. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй, улмаар зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан Я.Алтаннавчийн нийгмийн баталгаа зөрчигдөхөд хүрсэн байна.

11. Иймд нэхэмжлэгч Я.Алтаннавчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1.160.000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 725.000 төгрөг, нийт 1.885.00036=67.860.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Алтаннавчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэгчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Я.Алтаннавчид 67.860.000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ