Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 11

 

Б.Б, Б.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Дэлгэрням, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 724 дүгээр магадлалтай, Б.Б, Б.Х нарт холбогдох 201626021853 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ц овогт Б-ын Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны маркетинг мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг болгон, Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан, Б.Б-г бусдын хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Х-д 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 1 жил хорих ял шийтгэж, ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “Миний бие энэхүү гэмт хэргийг үйлдээгүй болно. Шинжээчийн дүгнэлт “Б” ХХК-ийн санхүүгийн баримтыг үндэслэн гарсан бөгөөд компанийн зүгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтууд тодорхой бус, хохирлын тооцоо бодит байдалд нийцээгүй байхад намайг ялласан. Хурааж авсан хуурамч гэх бараанууд биет байдлаар байсаар байтал компанийн санхүүгийн баримтад зарж борлуулсан, дутагдал гэж тусгасан байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд 8,080,000 төгрөгийн хохиролд дээрх хуурамч гэх барааны дүнг оруулж тооцсон тул компанийн гаргаж өгсөн санхүүгийн баримтуудыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь бараануудыг хуурамч эсхүл оригинал эсэхийг тогтоогоогүйгээс гадна биет байдлаар байгаа бараануудыг дутагдал гэж тусгаж, хохирлын хэмжээг нэмэгдүүлэн намайг яллах сонирхолтой байсан гэж үзэхэд хүргэж байна. Мөн намайг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлогоос 2,198,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж буруутгахдаа тухайн өдөр касс барьж байсан гэрч Г.Х, нягтлан бодогч Д нарын мэдүүлгийг үндэслэн болгосон бөгөөд бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Уг мөнгийг аваагүй гэдгээ удаа дараа мэдүүлж, шалгахыг хүссэн боловч шалгаагүй. Хохиролд тооцсон барааны бодит үнийн дүнг болон худалдаалж байсан үеийн үнийг санхүүгийн баримтад өөрөөр, үнийг нь нэмж тусгасан байхад шинжээч энэхүү байдлыг шалгаж нягтлахгүйгээр дүгнэлтээ гаргасан. Хэргийн материалтай танилцаж байхад зарим барааны худалдаалж байсан үнэ 239,000 төгрөг байтал шинжээчид өгсөн санхүүгийн баримтад 299,000 төгрөг гэж тусгасан байна. Намайг гэм буруутай гэж шүүхээр тогтоогоогүй байхад хохирлын тооцоонд миний ажилласан хугацааны цалинг нэмж оруулан тооцсон байсан. Энэ мэтчилэн хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй байхад намайг ялласанд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо “Шинжээчийн 176 дугаартай дүгнэлтээр намайг 247 ширхэг бараа буюу 57,993,999 төгрөг, 955,586 төгрөгийн бэлэн мөнгө дутаасан гэж дүгнэсэн. Намайг яллаж буй баримтууд таамаг төдий гэрчийн мэдүүлэг, эргэлзээтэй тооллого, санхүүгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт болно. Тухайлбал 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор 59 ширхэг 14,388,999 төгрөгийн бараа дутаасан гэж дүгнэлт гарсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь намайг оролцуулсан тухайн өдрийн тооллогоор 16 ширхэг 3 сая орчим төгрөгийн бараа зөрсөн. Гэтэл уг баримтыг биш компанийн зүгээс эргэлзээтэй өөр баримтуудыг шинжээчид өгч дүгнэлт гаргуулсан. “Б” ХХК-ийн Эрдэнэт дэх гэрээт борлуулагч 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 43 ширхэг 11 сая орчим төгрөгийн барааг 35 хувь хямдруулж брэнд менежер О.Э, нягтлан бодогч Д.О нар худалдан авах зөвшөөрөл олгосны дагуу миний бие хүлээлгэн өгч, уг барааны үнэ болох 7,616,000 төгрөгийг компанийн дансанд тушаасан. Гэтэл энэхүү барааг намайг авсан мэтээр мэдүүлж, 16 ширхэг бараан дээр нэмж 59 ширхэг барааны 14 сая орчим төгрөгийн барааг дутаасан гэж санхүүгийн баримт үйлдсэн байдаг. Мөн намайг 2016 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх борлуулалтын орлогоос 9,025,000 төгрөгийг завшсан гэж прокурор ялласны дагуу шүүх хэвээр баталсан боловч шинжээчийн дүгнэлтээр 955,586 төгрөг гэж тогтоож, компанийн санхүүгийн баримтууд бодит бус гэдгийг нотолсон болно. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тооллого хийхэд намайг оролцуулахгүйгээр хийж, их хэмжээний төлбөрт оруулсанд гомдолтой байна. Дэлгүүрийн кассын бичлэг болон бусад зүйлийг шалгуулахыг хүссэн боловч шалгаж өгөөгүй. Хэрэв гэмт хэрэг гэж үзэхэд хүрвэл хохирлыг үндсэн үнэ биш өртөг үнээр нь тооцох байсан. Учир нь ажилчдын цалин, түрээс, ус, цахилгаан гэх мэт зүйлсийг шингээж тооцсон үнэ биш өртөг үнээр тооцож нэхэмжлэх ёстой. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас “” ХХК-д учирсан эд хөрөнгийг хохирлын хэмжээг тогтоохдоо дутагдсан бараа бүтээгдэхүүний өртөг үнийг тооцсон санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд тус компанийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс шүүгдэгч нарын төлсөн хэсгийг хасаж үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна” гэж үзсэн. Дээрх дүгнэлтийг бүхэлд нь дараах байдлаар үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “...Эд хөрөнгөд учирсан шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг шүүх буруу хэрэглэсэн. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтад Макс Молл салбарт “Дутагдлын дүн өртөг үнээр 23,617,440 төгрөг, худалдах үнээр 57,996,999 төгрөг, хороолол салбарт дутагдлын дүн өртөг үнээр 3,247,328 төгрөг, худалдах үнээр 8,080,000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. Анхан шатны шүүх Б.Х-гаас 60,952,586 төгрөг, Б.Б-гаас 11,870,091 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан худалдаалах үнээр хохирлыг тооцсон болохыг тодорхой харж болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирлыг өртөг үнээр тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хэргийн материалыг бүрэн судлаагүй болох нь харагдаж байна. Хохирогч Ц.А-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтэд дурдсан хохирол бол барааг зарж борлуулах үнэ, тус үнэд байрны түрээс, гаалийн татвар, ажилчдын цалин орсон” гэж мэдүүлснээс үзэхэд прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хохирол нь худалдаалах үнээр тооцсон хохирол ба эрүүгийн хуулийн тусгай ангид заасан уг гэмт хэргийн шууд үр дагавар биш юм. Уг гэмт хэргийн хувьд шууд үр дагавар нь “” ХХК-ийн анх тухайн барааг худалдаж авсан, ашиг, түрээс, ажилчдын цалин ороогүй үнэ болох өртөг үнэ байх ёстой бөгөөд Б.Х-ийн хувьд 23,617,440 төгрөгийн хохирол, Б.Б-ийн хувьд 8,080,000 төгрөгийн хохирлыг бодит хохирол гэж үзэх ёстой байсан юм. Иймээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэж байна. Б.Х, Б.Б нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх ёстой бөгөөд шүүгдэгч нар нь “Б” ХХК-ийн хөрөнгийг бодит байдал дээр ямар нэгэн бичиг баримтаар итгэмжлэн хариуцсан этгээд биш байсан. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт дурдсанаар мөнгө, бараа дутвал тухайн дэлгүүрт ажилладаг ажилчид бүгд хуваан төлдөг байсан ба энэ нь бодит байдал дээр Б.Х, Б.Б нар нь дэлгүүрт ажиллаж байгаа 4 ажилчдаас ганцаараа итгэмжлэн хариуцсан этгээд биш болохыг харуулж байна. Мөн дэлгүүрт ажилладаг 4 ажилтан бүгд шинээр бараа ирвэл цуг хүлээн авч, баримт үйлддэг, дэлгүүрийн агуулахад бүгд орох эрхтэй байсан зэргээс “Б” ХХК-ийн барааны дутагдлыг Б.Х, Б.Б дангаараа хариуцахгүй болохыг харуулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/14 дугаартай “Ажлын байрны тодорхойлолт батлах тухай” “Б” ХХК-ийн захирлын тушаал сүүлд нөхөн баталсан хуурамч тушаал гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь дээрх тушаалын 02/14 гэсэн дугаар нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/14 дугаартай “Б.Б-г ажилд томилох тушаал”-тай давхардаж байгаа байдлаас болон “Б” ХХК анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан 2016 оны 07 сараас анхан шатны шүүх хурал болох 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хавтаст хэрэгт уг тушаалыг хавсаргаагүй, нотлох баримтаар бэхжүүлэн гаргаж өгөөгүй байдлаас харж болно. Гэтэл дээрх тушаалыг 2017 оны 10 дугаар сард Цагдаагийн байгууллагад анх нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн нь хуурамч гэх эргэлзээг төрүүлж байна. Мөн “Б” ХХК-ийн Б.Х, Б.Б нартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж байгаагүй, шүүгдэгч нарыг ажиллаж байх цаг хугацаанд “Ажлын байрны тодорхойлолт” гэж байгаагүй болох нь хохирогч Ц.Алтанцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул тэднийг “Б” ХХК-ийн барааг дангаараа итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотлоогүй” шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэргийн цаг хугацааг тодорхой тогтоогоогүй байна. Тухайлбал хохирогч А гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг “...2016 оны 03 дугаар сараас эхлэлтэй, 2016 оны 4 дүгээр сараас эхлэлтэй” гэх зэргээр өөрөөр мэдүүлсэн байдаг бол улсын яллагч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаартай яллах дүгнэлтдээ “2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 04-ний хүртэл хугацаанд”, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай яллах дүгнэлтэд “2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын 4-ний өдөр хүртэл” гэж тодорхойлсон бол 199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Дутагдал 2016 оны 06 дугаар сарын 28, 07 дугаар сарын 04-ний өдөр илэрсэн байна” гэх зэргээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг өөрөөр тодорхойлсон. Шүүх Б.Х, Б.Б нарын гэмт хэргийн үйлдлийг тодорхойлохдоо “Б” ХХК-иас зарж борлуулахаар ... өгсөн барааг бусдад худалдаалж орсон орлогыг хувьдаа завшсан” гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон. Учир нь салбарын дарга буюу Б.Х, Б.Б нар нь касс хариуцдаггүй байсан бөгөөд касс хариуцдаггүй ажилтан барааг бусдад зарж борлуулсан орлогыг хувьдаа авч завшсан байх боломжгүй. Хэрэв касснаас мөнгө алга болсон, түүнийг нь шүүгдэгч нар авсан нь нотлогдсон гэж үзвэл энэ нь хулгайлах гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой байсан юм. Б.Х, Б.Б нар нь “Б” ХХК-ийн “Найк” брэндийн дэлгүүрт ажиллахдаа касс хариуцдаггүй байсан болох нь хохирогч Ц.А болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байхад дэлгүүрийн кассын орлогоос завшсан гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Шүүх Б.Х, Б.Б нарын үйлдлийг гэмт хэрэг гэж тооцож, нотлогдсон гэж үзвэл хохирол нь бодитоор үнэлэгдэж, Б.Х 24,573,026 төгрөг, Б.Б 5,037,419 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нь их хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Иймд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа тул Б.Х, Б.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Батбаяр хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүд мэдүүлэхдээ мөнгө алга болоогүй, Б.Х нь бараа, бүтээгдэхүүнийг авч явсан гэдэг. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Х-ийн ажил үүргийн хуваарийг тодруул гэж буцаасан байдаг. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Б.Х бараа бүтээгдэхүүн авч яваагүй, бэлэн мөнгө авч явсан гэж дүгнэсэн. Анх Б.Х-г бэлэн мөнгө авч яваагүй, бараа бүтээгдэхүүн авч явсан гэх гэрчүүдийн мэдүүлгүүд эсрэгээрээ өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байсан учраас шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судалъя гэсэн хүсэлтийг хүртэл гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Б.Х, Б.Б нарын үйлдсэн гэх үйлдэл нь хэзээ эхэлж, хэзээ дууссан, ямар арга хэрэгслээр, хэдэн удаагийн үйлдлээр үйлдэгдэж, хэдэн төгрөгийн хохирол учирсныг огт тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй. Хэрэв Б.Х, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл хохирлыг бодитой тооцох ёстой. Хохирлыг бодитой тооцоход Б.Х 28,000,000 төгрөг, Б.Б 3,000,000 төгрөг гэж гарч байсан. Анх уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор энэ дүнгээр хохирлыг тооцож, үлдсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хохирогч гомдол гаргаж, дээд шатны прокурор тогтоолыг хүчингүй болгосноор мөрдөн байцаалтын ажиллагаа цааш үргэлжилсэн байдаг. Хэрэв хохирлын хэмжээг зөв тооцсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлийн аль алинд нь хамаарахгүй болно. Шүүх шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчдийг гэм буруутайд тооцсон. Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Б.Х, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Б.Х, Б.Б нарыг “Б” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Х, Б.Б нар нь тус компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан гэдэг нь нотлогдоогүй. Хавтаст хэрэгт ажлын байрны тодорхойлолт авагдсан ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болоход хэрэгт авагдаагүй байсан. Иймд ажлын байрны тодорхойлолт болон Б.Х-гийн ажилд томилогдсон тушаалыг нөхөж гаргаж өгсөн нотлох баримт гэж үзэж байна. Мөн бодит байдал дээр Б.Х, Б.Б нар дангаараа итгэмжлэн хариуцаагүй, дөрвөн хүнтэй хамтран хариуцаж байсан. Бараа дутсан тохиолдолд дөрвүүлээ хувааж төлөх ёстой хүмүүс юм. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл буюу завших, үрэгдүүлэх гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч завших үйлдэл нотлогдоогүй, үрэгдүүлсэн гэж үзэж байна гэж хэлсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хуулиар үрэгдүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, завшсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан байдаг. Хавтаст хэрэгт завшсан үйлдлийг нотлох баримт огт байхгүй. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс тухайн дэлгүүрт хамт ажиллаж байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийг 2016 онд анх “Б” ХХК цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа хамт шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан байдаг. Үүнээс харахад эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч байж болзошгүй гэдэг нь харагдаж байна. Мөн нотлогдвол зохих байдал буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирол 2 янзаар бодогдсон, нэг нь өртөг үнэ, нөгөө нь худалдаалах үнэ юм. Худалдаалах үнэ бол байрны түрээс, ажилчдын хөлс багтсан үнэ юм. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирлын талаар буруу дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, дүгнэлт гаргасан шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтдээ эргэлзсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Х, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гаргаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэлсэн саналдаа “Б.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан, Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Бараа материалыг Б.Х, Б.Б нар нь тооллого хийх үед нэг нэгэн рүүгээ шилжүүлээд дутагдалгүй мэтээр харагдуулж байсан. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, CD-ийн бичлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр Б.Х, Б.Б нарын завшсан үйлдэл хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Юуны өмнө мөрдөн шалгах ажиллагааны явц дахь прокурорын шийдвэр, үйл ажиллагааг шүүгдэгч нарын өмгөөлөгчид нотлох баримт гэж буруу ярьсныг тэмдэглэж байна. Нотлох баримт, шийдвэр хоёрыг ялгаж ойлгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Х, Б.Б нарын зарагдсан барааны орлогыг дутагдуулсан, завшсан үйлдэл нь байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 28, 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хийгдсэн тооллогын бүртгэл, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч А.М, Э.А, Г.Х, А.Н нарын болон хохирогчийн мэдүүлгүүдээр бүрэн батлагдсан. Тооллого гэдэг нь эд хариуцагч дээр байгаа мөнгө, бараа, материалыг нэг бүрчлэн нүдээр үзэж, гараар барьж, тоолж, метрлэж, жигнэж, хэмждэг онцгой ажиллагаа юм. Иймд тооллогын бүртгэлийг алдаатай гэж дүгнэх ямар ч боломжгүй. Тооллогын бүртгэлд үндэслэж хийсэн эдийн засгийн шинжилгээ, дүгнэлт гол нотлох баримт болно. Өртөг үнэ гэдэг нь зөвхөн гаалийн хяналтын талбайд үйлчлэх, үйлдвэрлэгчээс гарсан бүтээгдэхүүний үнэ. Харин худалдах үнэ гэдэг нь эд хариуцагчийн гар дээр очиж байгаа барааны зарагдах үнэ юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирлыг худалдах үнээр тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэлсэн тайлбарт шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь итгэмжлэн хариуцах этгээд мөн эсэх, бусад худалдагч, кассчдыг хэрхэн ойлгох талаар дурдагдаж байна. Энэ хэрэг шүүгдэгч Б.Х, Б.Б нар гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Тэгэхээр Б.Х, Б.Б нар итгэмжлэн хариуцах эрх бүхий этгээд мөн үү гэдэгт дүгнэлт өгөх учиртай. Тэдний дэлгүүрийн даргаар томилогдсон, ажиллаж байсан, цалин, салбарын даргын хувьд нэмэгдэл урамшуулал хөлс авч байсан, тооллого, тооцоог бүрэн хариуцдаг байсан нь бүрэн батлагдаж байгаа тул итгэмжлэн хариуцах эрх бүхий этгээд мөн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Х нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Макс Молл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Б” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 247 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон орлогыг хувьдаа завшсан,

мөн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн борлуулалтын орлогоос нийт 9,025,000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Б” ХХК-д нийт 67,022,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Б нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд “Б” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хороолол” салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Б” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 30 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон 8,080,000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан,

мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 4,112,000 төгрөгөөс 2,198,000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Б” ХХК-д нийт 10,278,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихдаа албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн боловч энэхүү хүндрүүлэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд тусгаагүй гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Б.Х, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүх ялган тогтоогоогүйн улмаас тогтоогдсон үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тохирсон хэсгээр оновчтой зүйлчилж чадаагүй байна.

Б.Х, Б.Б нарыг итгэмжлэн хариуцуулж өгсөн нэр төрлийн барааг худалдаалснаас олсон орлогыг завшсан гэж ялласан боловч тооллогоор дутагдсан эдгээр бараанууд нь “Б” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрүүдээр борлогдож мөнгөн орлогод шилжсэн, уг мөнгөн дүнг Б.Х, Б.Б нар завшсан болохыг нотлох кассын болон НӨАТ-ын баримтууд олдоогүй, энэ нь санхүүгийн анхан шатны баримтуудад тусгагдаагүй бөгөөд завшсан арга, хэлбэрийг гэрчүүдийн мэдүүлгээр нотолсноос үзэхэд мөнгөн хөрөнгө бус харин бараа хэлбэрээр нь завшиж зувчуулсан гэж дүгнэхээр байна. Энэ тохиолдолд шүүгдэгч Б.Х-гийн дутаасан 247 нэр төрлийн бараа, Б.Б-гаас дутагдсан 30 нэр төрлийн бараа нь тус бүр өртгийн үнэ болон худалдаалах үнэтэй байх бөгөөд “Б” ХХК-д учирч буй шууд хохирол нь барааны өртгийн үнэтэй тэнцүү, харин нэмүү өртөг шингээж худалдаж борлуулснаас олох ашгаа алдаж буй нь худалдаалах үнэтэй тэнцүү буюу Эрүүгийн хуульд заасан хор уршигт хамаарахаар байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бол гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Өмчлөх эрхийн эсрэг үйлдэгддэг хохирлын хэмжээгээр зүйлчлэл хүндрэх хэргийн тухайд шууд учирсан хохирлын дүнг хэргийн зүйлчлэлд харгалзах ба харин хор уршгийг зүйлчлэлд хамааруулахгүйгээр зөвхөн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт төлүүлэхээр гэм буруутай этгээдээс гаргуулна. Иймээс Б.Х, Б.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоор бус учирсан хор уршгийн хэмжээг үндэслэн шүүх хэргийг зүйлчилсэн нь буруу гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Х-ийн хувьдаа завшсан 247 нэр төрлийн барааны өртөг үнэ нь 23,617,441 төгрөг, шүүгдэгч Б.Б-гийн завшсан 30 нэр төрлийн барааны өртөг үнэ нь 3,247,329 төгрөг тус тус болж байгаа бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийг шууд учирсан хохирол буюу өртөг үнээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Х-гаас барааны худалдаалах үнэ 57,997,000 төгрөгийг кассын орлогоос авсан 9,025,000 төгрөгийн хамт, нийт 67,022,000 төгрөгийг, Б.Б-гаас барааны худалдаалах үнэ 8,080,000 төгрөгийг кассын орлого 2,198,000 төгрөгийн хамт, бүгд 10,278,000 төгрөг тус тус гаргуулах үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, зүйлчлэл хөнгөрсөнтэй холбоотойгоор 2 жил хорих ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын гаргасан шүүгдэгч нарыг цагаатгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 724 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Б.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 2 жил хорих ял  шийтгэсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч нарыг цагаатгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН