Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0643

 

2023 08 23 128/ШШ2023/0643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: ******* ХХК /РД:*******/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М******* /РД:/

Хариуцагч: Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Э

Гуравдагч этгээд: Г.А /РД: /

Гуравдагч этгээд: ******* ХХК /РД: *******/

Гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч: Р.Э*******

Маргааны төрөл: Зөрчил

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагч Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Гомдол гаргагч ******* ХХК нь Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Э холбогдуулан Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2.Филло ХХК-аас гаргасан гомдол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасан оролцогчийн гомдол байх бөгөөд оролцогчийн гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хэлбэр,бүрдүүлбэрийг хангасан,түүнчлэн мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй байна

3.Гомдол гаргагч ******* ХХК-аас гомдол гаргахдаа ирүүлсэн баримтуудаас үзэхэд илгээмж хүлээн авсан дардас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр огноологдсон байсан ба гомдол гаргагч гомдолдоо 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* дүүрэг, 3-р хороо,12 дугаар хороолол,32,25 тоот манай хаягаар Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг ирүүлсэн гэсний дагуу шүүх шуудангийн ******* захиалгын дугаарыг mongolpost.mn хаягаар шалгаж үзэхэд илгээмж гардуулсан огноо 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан болохыг дурдах нь зүйтэй.

4.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь ******* телевизээрээ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг үзүүлдэг болно.

2022.09.28-ны өдөр ******* дүүрэг 3-р хороо,12 хороолол,32,25,тоот манай хаягаар Оюуны өмчийн газраас шуудангаар Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн 2022.09.21-ний өдрийн 0020289 дугаартай Шийтгэлийн хуудсыг ирүүлсэн.Шийтгэлийн хуудаснаас үзэхэд Гайхамшигт ертөнц МУСК -г эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ******* телевизээр түгээсэн хэмээн 5 сая төгрөгөөр торгох,2,444,000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэвч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй.Холбогдогчоос нэг ч удаа мэдүүлэг аваагүй,холбогдогчийн эрхийг хангаагүй.Холбогдогч Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл,заалтыг зөрчсөн нь ч тодорхойгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл.Холбогдогч

1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн,хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.

2.Холбогдогч дараахь эрхтэй;

2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

2.2 өөрийгөө өмгөөлөх,хууль зүйн туслалцаа авах ;

2.3 эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх,орчуулагч,хэлмэрч авах ;

2.4 хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

2.5 зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

2.6 эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан,прокурорын үйл ажиллагаа,шийдвэрт гомдол гаргах;

2.7 өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох,уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах,түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

2.8 нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах,нотлох баримт гаргаж өгөх;

2.9 зөрчлийн хэрэгтэй танилцах;

2.10 хуульд заасан бусад гэж заасан холбогдогчийн бүх эрхийг хангаагүй гэнэт шийтгэлийн хуудсыг ирүүлсэн. Өмнө нь манай компанийн ******* дүүрэг, 3-р хороо,12 хороолол,32,25 тоот хаягаар мэдэгдэл ирж байгаагүй.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд заасны дагуу дуудан ирүүлж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаагүй.

Хохирогч чухам ямар гомдол гаргасан эсэх,зөрчил хэзээ гарсан,зөрчил чухам ямар баримтаар тогтоогдсон эсэх, бодит байдал дээр тухайн зөрчлийг хэн үйлдсэн эсэх зэрэг ямар ч мэдээлэл нэхэмжлэгчид байхгүй байна.

Манай телевизийн хувьд зөвшөөрөлгүй кино нийтэд цацсан асуудал байхгүй.Учир нь 7 хоног бүрийн хөтөлбөрийг Гүйцэтгэх захирлаар батлуулж, батлагдсаны дагуу цацдаг ба шийтгэлийн хуудсанд дурдаад буй Гайхамшигт ертөнц МУСК-г цацах хөтөлбөрийг Гүйцэтгэх захирлаас баталж, хөтөлбөрт оруулж байгаагүй болно.

Иймд хууль зөрчиж, үндэслэлгүй гарсан Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн 2022.09.21-ны өдрийн 0020289 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

4.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.2 дугаар зүйлд зохиогчийн эрх эзэмшигч гэж энэ хуульд заасны дагуу шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг ашиглах онцгой эрхийг эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээд эсхүл тэдгээрээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой Монгол HD телевиз энэхүү онцгой эрхийг шилжүүлэн авсан байна. 3 жилийн хугацаатайгаар 22 сая төгрөгөөр авсан байна. Тийм учраас зохиогчийн эрх эдлэх ёстой субъект нь Монгол HD телевиз байх магадлалтай гэж харагдаж байна. Зохиогчийн эрх эдлэх эрхийн тухайд мөн хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар бүтээлийн онцгой эрхийг зохиогч эдэлнэ. Уг эрхийг шилжүүлж болно гэсэн зохицуулалттай. Шийтгэлийн хуудаст зохиогчийн эрхийн тухай хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дурдаагүй. Шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараас үзэхэд 13.2.2 буюу нийтэд түгээх зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг агуулгатай тайлбар хэлж байна. Гэвч зохиогчийн бүтээлийг нийтэд түгээх эрхийг ******* телевиз зөрчөөгүй. Учир нь түгээсэн учраас. Бодит байдалд тухайн кино нь youtube суваг дээр байршаад удаж байна. Тэндээс хүн чөлөөтэй, үнэ төлбөргүй аваад үзэж байна. Тухайн киног цацсан нь хэн нэгэнд ямар хохирол учруулсан бэ? Хэний ямар эрх зөрчигдсөн бэ? гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Тухайлбал Г.А гэж хүний ямар эрх зөрчигдөн бэ? гэдэг асуудал тавигдах ёстой. Г.Алтандуулгын ямар ч эрх зөрчигдөөгүй ******* ХХК-ийн зүгээс үзэж байна. Тухайн хүний ******* энтертайнмент ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг эсэх нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гэсэн үг биш юм. Хуулийн этгээд, хувь хүн тус тусдаа эрх хэрэгжүүлнэ. ******* энтертайнмент тухайн киног бүтээсэн байлаа ч тухайн компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь төлөөлөх ёстой. Г.А төлөөлөхгүй. Ийм учраас Г.Алтандуулгын эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ хариуцагч зөрчсөн. Мөн зөрчлийн хэрэгт зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ хэмээн тодорхойлсон. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд нь албан ёсны хаягаар мэдэгдлээ хүргээд процессын ажиллагаа явагдах ёстой байсан боловч хариуцагч тус үүргээ биелүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хуулийг этгээдийг хэлнэ хэмээн заасан. Г.Алтандуулгын ямар эрх зөрчигдсөн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хэрэг бүртгэлтийн хугацааны талаар заасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн 6.8.3-т зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж заасан буюу 6.8.1-д эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж заасан. Энэ бүх хугацааг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь бичгээр гомдол гарсан хугацаа нь 07 дугаар сарын 07. Ажлын 5 хоног буюу хэрэг бүртгэлтийн 14 хүртэлх хоногийн хугацаанд явуулах эрх бүхий албан тушаалтны хугацаа хэзээ дуусах вэ гэвэл 07 дугаар сарын 21-ний өдөр дуусаж байгаа юм. Гэтэл 18-ны өдөр харьяаллын дагуу шилжсэн юм бол 3 хоног хариуцагчид байж. Энэ 3 хоногт шийдвэрээ гаргаад, эсвэл амжихгүй байгаа тохиолдолд 07 дугаар сарын 21-ний өдөр удирдах албан тушаалтандаа санал гаргах ёстой байсан. Дээд хэмжээ буюу 14 хоногоор сунгалаа гэж бодоход 07 дугаар сарын 31-нд дуусна. Удирдах албан тушаалтан сунгаад 07 дугаар сарын 31-нд хугацаа нь дуусах байсан бол прокурор 30 хоногоор сунгана гэж тооцвол энэ хугацаа нь 09 дүгээр сарын 13-ны өдөр дуусна. Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах, сунгуулах асуудлыг журмын дагуу явуулаагүй. 08 дугаар сарын 22-ны өдөр санал гаргаад сунгаж байгаа нь ямар утгатай юм бэ? Хугацаанууд алдагдсан. 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор шийдвэр гарах ёстой байсан. Энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ямар үр дагаварт хүрэх вэ гэвэл мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 09 дүгээр сарын 13 гэх хугацаанаас хойш 09 дүгээр сарын 21-ний өдөр шийтгэлийн хуудсыг гаргасан нь хуульд нийцээгүй. Хэргийн материалаас үзэхэд 08 дугаар сарын 22-ны өдөр прокурор хугацаа сунгасан тогтоол гаргасан гэх боловч тэр нь манай компанитай огт хамаагүй Large smart гэх өөр компанийн хугацаа сунгасан асуудал байна. Ийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах боломжтой байсан байна.

Шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд гарснаас хойш 3 хоногийн дотор харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хүргүүлэх ёстой. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.6 дахь заалт юм. Үүний дагуу хүргүүлэх ёстой байсан ч 09 дүгээр сарын 27-ны өдөр шууданд хийсэн. Үүнийг бид 09 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан. Хэрвээ компанийн албан ёсны хаяг гэрийнх байна уу, орон сууц байна уу гэдэг нь эрх бүхий албан тушаалтны асуудал биш. Тэр нь компанийн албан ёсны бүртгэлтэй хаяг. Тэр хаягаар л харилцах ёстой. Нэгдүгээрт хохирогч нь биш. Хоёрдугаарт хохирлын асуудал байхгүй. Гуравдугаарт холбогдогчид эрх үүрэг, нөлөөлөл юуг ч танилцуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэдээлэл өгөөд дуудах хуудсыг албан ёсны хаягаар мэдэгдэх ёстой. Ирэхгүй бол прокурорын мэдэгдэх хуудас явуулна. Прокурорын мэдэгдэх хуудаст заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй бол албадан ирүүлэх ажиллагаануудыг хийдэг. Энэ боломжуудаараа хуулийн дагуу ажиллагааг явуулах ёстой байсан. Тийм учраас шийтгэлийн хуудас үндэслэлгүй. Шийтгэлийн хуудсаар хуулийн хэлбэрийн шаардлага тавигдана. Ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн бэ? гэдэг талаар тодорхой заах ёстой. Энэ талаар тодорхой заагаагүй. Зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан Зохиогчийн эрхийн хууль тогтоомж зөрчих гэсэн ерөнхий 8.3.1 гэсэн заалтыг дурдсан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасныг зөрчсөн талаар тодорхой тусгагдах хуулийн шаардлагыг хангаагүй. Ийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5.Хариуцагч шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Аас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ШӨХТГ-т гаргасан Гайхамшигт ертөнцуран сайхны киног ******* ХХК-ийн ТВ-24 телевиз өөрийн эфирээр дамжуулан эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглан нийтэд түгээж байна гэх 22-308 бүртгэлийн дугаартай гомдол, мэдээлэл харъяалалын дагуу шилжиж ирснийг шалгаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн 22020002167дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн болно.Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн холбогдогчоор шалгаж байгаа тухай ******* ХХК-ийн ТВ-24 телевизийн 77552424 тоот утсаар ярьж мэдэгдсэн боловч Захирал байхгүй байгаа гэсэн хариу өгсөн учир Ардын эрх сонины 3 давхарт байрлах ТВ-24 телевизийн байранд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн биеэр очиж Дуудан ирүүлэх тухай хуудсыг зураглаач Н.Лхагважавт гардуулж өгсөн болно. Энэ өдрөөс хойш удаа дараа 77552424 дугаартай тус телевизийн утас руу залгахад захирал удахгүй ирнэ гэсэн хариу өгдөг байсан боловч ирээгүй тул хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 12 өдрийн 5/509 тоот бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй болно.

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус телевизийн байранд очиж эфирийн найруулагч Н.Бямбасүрэн гэх /баримтаа үзүүлээгүй болно/ эмэгтэйтэй уулзаж эрх,үүрэг танилцуулж хууль ёсны төлөөлөгч томилох тогтоол гардуулж өгөхөд хүлээж аваагүй бөгөөд гарын үсэг зурахаас татгалзсан болно.

******* ХХК-ийн ТВ-24 телевиз иргэн Н.Алтандуулгын зохиогчийн эрх бүхий Гайхамшигт ертөнц уран сайхны киног эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн эфирээр дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 005 өдрийн 22 цаг 02минутаас 23 цаг 57минут хүртэл нийтэд түгээсэн нь өргөдөлд хавсаргасан гэрэл зураг, ХХЗХ-ноос албан тоотоор ирсэн мониторнгийн дүн,бичлэгээр нотлогддог. ******* ХХК-ийн ТВ-24 телевизийн Зохигчийн эрхийн бүтээлийг эрх бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтэд түгээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгийн торгууль ноогдуулж, 2 444 000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хохирлын хэмжээг иргэн Н.Алтандуулгын Монгол HD телевизтэй хийсэн гэрээний дүнд үндэслэн тогтоосон болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5.1.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим огноог андуурсан байх. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа 58 хоног шүү дээ. 49 хоног гэж тоог хаанаас олж яриад байгааг би ойлгохгүй байна. 58 хоног зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс хойш тоологддог. Өргөдөл аваад шийдвэрлэх хугацаа 5 хоног байдаг. 5 хоногийн дотор татгалзах уу, шийдвэрлэх үү гэдгээ шийддэг. Түүний дараа зөрчлийн хэрэг үүссэнээс хойш тоолдог нь 58 хоног юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөрчлийн хэрэг нээгээд манай харьяаллын дагуу шилжүүлсэн бол зөрчлийн хэрэг тэр хугацаагаар үргэлжлээд явах нь таны зөв. Харамсалтай нь тэндээс өргөдлийн бичгээрээ манайд ирсэн учраас манайх ахиж үзээд би өөрөө улсын байцаагчийн хувиар зөрчлийн хэрэг нээх тогтоол бичээд прокурор баталсан баримт нь зөрчлийн хэрэгт байгаа. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээсэн зөрчлийн хэрэг байна. Энэ хугацаанд өөр ийш тийшээ болсон зүйл байхгүй. Хуулийн дагуу явсан. Яагаад гэвэл үүнийг прокурор хянаж байгаа. Намайг нэг өдөр л хойшлуулахад Хөөе, чи яав гэнэ. Тэгэхээр үүн дээр тийм юм байхгүй. Хугацаа сунгасан тогтоолууд бүгдээрээ зөрчлийн хэргийн хамгийн урд талын хуудаснуудад байгаа. 14 хоноод хэлтсийн дарга буюу манай удирдах албан тушаалтан хугацааг сунгасан. Дараа нь прокурор хугацаа сунгасан тогтоол байгаа. Энэ хооронд нэг асуудал байгаа нь хэлээд байгаа зүйл нь. Яагаад ямар ч эрх үүрэг сануулаагүй юм бэ гэдэг асуудал. Яагаад эрх үүрэг сануулаагүй вэ гэвэл үнэхээр олдохгүй байсан юм. 58 хоног дотор ажилдаа ирдэггүй гүйцэтгэх захирал гэж байх юм уу? Би эдний телевиз дээр 4, 5 удаа очсон. Бүгдээрээ харьцдаггүй, би мэдэхгүй, манай захиралтай харьц гэдэг. Очсон баримтууд зөрчлийн хэрэг дотор байгаа. Дуудах хуудас өгөөд дуудах хуудас хүлээж авсан гэж зураглаач н.Лхагважав гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Эфирийн найруулагч гээд адилхан нэртэй хүн байсан. Б.Бямбасүрэн гэж хүн. Тэр хүнд холбогдогчоор татаж байна, энэ тогтоолыг үзээч ээ гэхэд үгүй гэсэн. Эднийх бүх хугацаанд ямар тайлбар хэлдэг вэ гэвэл Манай Д.Бямбасүрэн захирал япон улсад байгаа. Бие нь муу учраас хэдэн сарын хэдний өдөр ирнэ гэж дандаа 15-20 хоногийн хугацаа хэлж өгч байсан. Би хүнийг өвчтэй, зовлонтой байгаа юм гээд хүлээсэн. Тэр хугацаанд би ирсэн үү, ирсэн бол мэдэгдээрэй гээд утсаар ярьдаг байсан. Ирээгүй, маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гэсэн юм яриад байдаг. Тэгсээр байгаад ирээгүй. Яагаад анхнаас нь өөрийнх нь албан ёсны хаягаар явуулаагүй вэ гэдэг асуудал. Энэ компанийн улсын бүртгэл дээр байгаа албан ёсны гэх хаяг нь хүний гэрийн хаяг юм. Би гэрийн хаягаас нь илүү телевиз нь ажилладаг, оффис нь байдаг хаягийг илүү гэж үзсэн. Компани үйл ажиллагаа явуулдаг тусгай оффистой, байртай. Тэр газраа өөрөө ирэхгүй 58 хоног болсон. Би үүнийг мэдсээр байж зугтаасан гэж үзэж байна.

Хэрэв гэртээ байсан бол дуудан ирүүлэх тухай хуудсыг дамжуулаад гэрт нь аваачаад өгөх бололцоотой байсан. Өвчтэй, японд байгаа л гэж яриад байсан. Хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлнэ үү гээд дахиад өгсөн хүлээж аваагүй. Хариу ирүүлээгүй. Хууль ёсны төлөөлөгч ирүүлж өгнө үү гээд Оюуны өмчийн газрын албан тоот явуулсан. Түүний хариу бас байхгүй. Арга ядаад эфирийн найруулагчийг нь албан ёсны төлөөлөгч болгоод танилцуулаад, томилох тогтоол гаргадаг юм уу гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Овгоо ч хэлээгүй, иргэний бичиг баримтаа ч үзүүлээгүй. Үүнээс болоод эрх үүрэг танилцуулах ажиллагаа хийгдэж чадаагүй. Түүнийг хүлээн зөвшөөрч байна. Таны тооцсон хугацаа урд талын хугацааг буруу тооцсоноос болоод хойшоо хугацаа нь буруу тоологдоод яваад байна. Шийтгэлийн хуудас бичиж ирээд оффис дээр нь өгөх гэсэн, хүлээж аваагүй юм. Тэгэхээр нь байгаа гэсэн хаягаар нь шуудангаар явуулсан. Тэр нь харин очсон байсан. Асуудал бол тийм л юм болоод дууссан юм. Кино гаргасан эсэх тухай асуудал нь өөр асуудал. Яах аргагүй кино гаргасан. Зөвшөөрөлгүй байсан. Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах ёстой. Хохирогчоо буруу тодорхойлсон гэж үздэг. Би түүн дээр эсрэг саналтай байдаг. Г.А ******* энтертайнмент ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг хүн. Энэ хүний эрх ашиг тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа. Энэ хүн хохирогчоор тогтоогдох боломжтой. Өөрөө ч гомдлоо гаргасан. Монгол HD телевизэд онцгой эрхээ шилжүүлсэн байсан учир хохирогч нь биш гэж нэмж тайлбар хэлсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээнд онцгой эрхийг шилжүүлэв гэсэн үг бий. Манайхан гэрээ хийхдээ онцгой эрх гэдгийг нарийн учир томьёог мэддэггүй. Нэг газрынхаа оруулж ирсэн гэрээний загвар дээр зураад мөнгөө авч байвал болно гээд ойлгочихдог. Тийм хэлбэрээр явсан нь илт харагддаг. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэвэл энэ хугацаанд ******* энтертайнмент ХХК хэдэн телевизэд киногоо өгөөд, кино нь бүрэн мөнгөөрөө телевизүүдийн эфирээр гарч байгаа мэдээллүүд зөрчлийн хэрэгт байгаа. Тэрийг та өөрөө санал болгоод бүх телевизүүдээс авсан. Хэдэн телевиз, ямар хүн, хэдэн төгрөгөөр кино үзсэн нь хэрэгт байдаг. ******* энтертайнмент ХХК-д онцгой эрх нь байсан учраас киногоо гаргах эрх олгож байгаа юм. Эрх нь байхгүй байсан бол Монгол HD телевиз уурлана. Манай эрхтэй киног танайх өөр телевизэд өгөөд байгаа юм бэ? гэдэг асуудал үүсэх ёстой. Онцгой эрх эрхээ шилжүүлнэ гэдэг нь 13 дугаар зүйлд байгаа бүх эрхээ шилжүүлсэн гэсэн үг. Тэр эрх Монгол HD телевизэд очоогүй байгаа нь бодит байдал дээр бүрэн байдаггүй. Тэр олон телевизэд өгөөд гаргаж байгаа онцгой эрх яагаад Монгол HD телевизэд байдаг юм бэ?

Хоёрдугаар үндэслэл нь өөрийнхөө ашиг олохоор киног яагаад бага мөнгөөр Монгол HD-д өгдөг юм бэ гэдэг асуулт гарна. Монгол HD телевизийг эфирээр гаргах эрх олгосон болохоос биш онцгой эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Бодит байдал харах юм бол тийм гэрээ байгаа юм. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй байх ёстой гэж үзэж байна. Хамгийн сүүлд хэлсэн хохирол тооцсон тухай ямар үндэслэлгүй тооцсон гэсэн. Ямар ч үндэслэлгүй тооцоогүй. Тэгж тооцох эрх ч надад байхгүй. Ямар үндэслэлээр тооцсон бэ гэвэл Монгол HD телевизтэй ******* энтертайнмент ХХК-ийн албан ёсоор гарын үсэг зурж хийсэн гэрээ байдаг. Тус гэрээнд киног эфирээр нэг удаа гаргахад ямар хэмжээний мөнгөн дүн ногдож байгааг хуваагаад тавихад 2444000 төгрөг гарсан. Тэгэхээр эфирээр нэг удаа гаргахад хэдэн төгрөг, жилдээ хэдэн удаа гаргадаг гэж тооцоход 2444000 төгрөг. Ойролцоогоор нэг киног бүх телевизүүд жилдээ таваас дээш удаа гаргана гэж байдаггүй. Учир нь өмнө үзсэн киног дараа нь хүмүүс үздэггүй. Дунджаар зургаад хувааж үзэхэд 2444000 төгрөг гарсан. Нэг удаагийн гаралтын хохирол энэ юм. ******* энтертайнмент нэхэмжлэхдээ 30 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Тэр үндэслэлгүй байна, нэг удаагийн гаралт ийм байна гэдгийг харьцуулж тооцсон. Түүнээс огт юм хараагүй байж байгаад гаргасан зүйл биш. Би энэ компанийг юу гэж ойлгож байна гэвэл зөрчил гарсан нь тодорхой байсан. ******* энтертайнмент мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Утсаар ярихад гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хэр нь биднийг доромжилсон. Юун сүртэй юм бэ? гээд байсан. Тийм учраас бид гомдол гаргаж байгаа юм гээд мэдүүлэгт нь байдаг. Хүний зүйлийг зөвшөөрөлгүй ашигласнаа эхлээд мэдсэн. Манайхаас яриад хэлэнгүүт бүх юмаа хаагаад зугтаасан гэж ойлгохоос өөр арга байхгүй гэж үзэж байна. гэжээ.

6.Гуравдагч этгээд Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Тус ******* телевиз нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зөвшөөрөлгүйгээр киног өөрийн эфирээр гаргасан учир миний бие тус Гайхамшиг ертөнц киноны төлөөлөгч ******* энтертайнментыг төлөөлж гомдол гаргасан. Оюуны өмчийн газраас ******* телевизийг 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг өгсөн нь миний хувьд зөв гэж бодож байна. Ахиж зөвшөөрөлгүй кино гаргахгүй байхыг хүсэж байна. Миний бие шүүх хуралд орж амжихгүй, хувийн ажилтай байгаа тул бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцоно. гэжээ.

6.1.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч Р.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* телевиз нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Гайхамшигт ертөнц уран сайхны киног зөвшөөрөлгүйгээр хулгайлан өөрийн эфирээр гаргасан болохоор миний бие тус Гайхамшигт ертөнц уран сайхны киноны төлөөлөгч ******* ХХК-ийг төлөөлж гомдол гаргасан. Оюуны өмчийн газраас *******-ийг таван сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас өгсөн. Миний хувьд зөв шийдвэр гэж үзэж байна. Миний бие шүүх хуралд орж амжихгүй, хувийн ажилтай байгаа тул бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцоно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч ******* ХХК-аас Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эт холбогдуулан Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дараах үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

3.Анх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ... бидний хийсэн бүтээлийг ******* телевиз бидний зөвшөөрөлгүй youtube хуудсанд алдагдсан дуу дүрсний чанаргүй хувилбарыг хуулан өөрсдийн эфирээр дур мэдэн гаргасан явдал, ... шаардлага тавихад ... оюуны өмч болоод уран бүтээлийг доромжилсон явдалд гомдолтой байна хэмээн хандаж шалгуулсан байх ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1249 дугаартай албан бичгээр иргэн Г.Алтандуулгын гомдол харьяаллын бус болох нь тогтоогдсон үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Оюуны өмчийн газарт дээрх гомдол, мэдээллийг шилжүүлсэн байна.

3.1.Улмаар Оюуны өмчийн улсын ахлах байцаагч Ч.Э гомдол, мэдээллийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2202000216 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгасан байх ба мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 0020289 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК нь зохиогчийн эрхийн зөрчил гаргасан болох нь бичлэг, мониторинг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, эрх эзэмшигчид учирсан хохирлыг гэрээний үнийн дүнд дүйцүүлж 2,444,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэжээ.

3.2.Гомдол гаргагчаас ... зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Холбогдогчоос нэг ч удаа мэдүүлэг аваагүй, холбогдогчийн эрхийг хангаагүй, холбогдогч Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна. ... холбогдогчийн бүх эрхийг хангаагүй гэнэт шийтгэлийн хуудас ирүүлсэн. Өмнө нь манай компанийн ******* дүүрэг, 3-р хороо, 12 дугаар хороолол, 32, 25 тоот хаягаар мэдэгдэл ирж байгаагүй.

Мөн хохирогчоо зөв тодорхойлж чадаагүй. Энэ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Г.А гэх хүнийг хохирогчоор тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс юу гэж үзэж байна гэвэл Г.А гэх хүн зөрчлийн хэргийн хохирогч биш юм. Хохирогч нь Монгол HD телевиз байх боломжтой юм байна. Хохирогч байж болох бүх зохиогчийн онцгой эрхийг эдлэх эрхтэй хуулийн этгээд нь гомдол санал гаргаагүй байдаг. Мөн хохирлын хэмжээг үндэслэлгүй, ямар ч хуульд тогтоомжид нийцсэн зүйлгүй өөрийн санаачилгаар таамгаар гаргасан. гэж тайлбарлан маргаж байна.

3.3.Харин хариуцагчаас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч ...Яагаад эрх үүрэг сануулаагүй вэ гэвэл үнэхээр олдохгүй байсан юм. Би эдний телевиз дээр 4, 5 удаа очсон. Бүгдээрээ харьцдаггүй, би мэдэхгүй, манай захиралтай харьц гэдэг. Очсон баримтууд зөрчлийн хэрэг дотор байгаа. Дуудах хуудас өгөөд дуудах хуудас хүлээж авсан гэж зураглаач н.Лхагважав гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Эфирийн найруулагч Б.Бямбасүрэн гээд адилхан нэртэй хүн байсан. Тэр хүнд холбогдогчоор татаж байна, энэ тогтоолыг үзээч ээ гэхэд үгүй гэсэн. Эднийх бүх хугацаанд ямар тайлбар хэлдэг вэ гэвэл Манай Д.Бямбасүрэн захирал япон улсад байгаа. Бие нь муу учраас хэдэн сарын хэдний өдөр ирнэ гэж дандаа 15-20 хоногийн хугацаа хэлж өгч байсан. Би хүнийг өвчтэй, зовлонтой байгаа юм гээд хүлээсэн. Тэр хугацаанд би ирсэн үү, ирсэн бол мэдэгдээрэй гээд утсаар ярьдаг байсан.

Яагаад анхнаас нь өөрийнх нь албан ёсны хаягаар явуулаагүй вэ гэдэг асуудал. Энэ компанийн улсын бүртгэл дээр байгаа албан ёсны гэх хаяг нь хүний гэрийн хаяг юм. Би гэрийн хаягаас нь илүү телевиз нь ажилладаг, оффис нь байдаг хаягийг илүү гэж үзсэн. Компани үйл ажиллагаа явуулдаг тусгай оффистой, байртай. Тэр газраа өөрөө ирэхгүй 58 хоног болсон. Би үүнийг мэдсээр байж зугтаасан гэж үзэж байна. Хэрэв гэртээ байсан бол дуудан ирүүлэх тухай хуудсыг дамжуулаад гэрт нь аваачаад өгөх бололцоотой байсан. Өвчтэй, японд байгаа л гэж яриад байсан. Хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлнэ үү гээд дахиад өгсөн хүлээж аваагүй. Хариу ирүүлээгүй. Хууль ёсны төлөөлөгч ирүүлж өгнө үү гээд Оюуны өмчийн газрын албан тоот явуулсан. Түүний хариу бас байхгүй. Арга ядаад эфирийн найруулагчийг нь албан ёсны төлөөлөгч болгоод танилцуулаад, томилох тогтоол гаргадаг юм уу гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Овгоо ч хэлээгүй, иргэний бичиг баримтаа ч үзүүлээгүй. Үүнээс болоод эрх үүрэг танилцуулах ажиллагаа хийгдэж чадаагүй. Түүнийг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудас бичиж ирээд оффис дээр нь өгөх гэсэн, хүлээж аваагүй юм. Тэгэхээр нь байгаа гэсэн хаягаар нь шуудангаар явуулсан.

Хохирлыг ямар үндэслэлээр тооцсон бэ гэвэл Монгол HD телевизтэй ******* энтертайнмент ХХК албан ёсоор гарын үсэг зурж хийсэн гэрээ байдаг. Тус гэрээнд киног эфирээр нэг удаа гаргахад ямар хэмжээний мөнгөн дүн ногдож байгааг хуваагаад тавихад 2,444,000 төгрөг гарсан. Тэгэхээр эфирээр нэг удаа гаргахад хэдэн төгрөг, жилдээ хэдэн удаа гаргадаг гэж тооцоход 2,444,000 төгрөг. Ойролцоогоор нэг киног бүх телевизүүд жилдээ таваас дээш удаа гаргана гэж байдаггүй. Учир нь өмнө үзсэн киног дараа нь хүмүүс үздэггүй. Дунджаар зургаад хувааж үзэхэд 2,444,000 төгрөг гарсан. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4.Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1.Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ., 13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:13.2.2.нийтэд түгээх, 13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж тус тус заасан.

4.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж, мөн зүйлийн 2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно, 4.15 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч нь зөрчлийг тогтоохтой холбоотой бүхий л ажиллагааг хийх эрх, үүрэг нь хуулиар олгогдсон, үндэслэл болгож буй хуулийн заалтад ямар ямар асуудлыг шалгаж тогтоох ёстой талаар тоочиж заасан байгааг анхаарч шалгаагүй байна.

5.Тодруулбал, хариуцагчаас зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг огт эдлүүлээгүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, компанийн албан ёсны хаягт дуудах хуудас явуулаагүй, цаашлаад хууль ёсны төлөөлөгчөөр Бямбасүрэн-г тогтоосон /хэргийн 56 дахь тал/ байх ба Арга ядаад эфирийн найруулагчийг нь албан ёсны төлөөлөгч болгоод танилцуулаад, томилох тогтоол гаргадаг юм уу гэтэл хүлээн зөвшөөрөөгүй гэснээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, хуульд заасан журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргажээ.

5.1.Хэрэв холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хууль ёсны шаардлага биелүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно хэмээн заасан журмын дагуу арга хэмжээ авах эрх нь хариуцагчид байсан тул гомдол гаргагч ******* ХХК-ийн захирал гадаадад байсан, дуудахад ирдэггүй, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг эфирийн найруулагч нь хүлээн зөвшөөрөөгүй гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

6.Хэдийгээр гомдол гаргагч ******* ХХК-д холбогдох 2202000216 дугаартай зөрчлийн хэргийн материалаас үзэхэд ******* ХХК нь зохиогч болон бүтээл ашиглах онцгой эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Гайхамшигт ертөнц МУСК-г нийтэд түгээсэн нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг агуулж байх боловч тухайн үйл баримттай холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулаагүй байх бөгөөд тухайн ажиллагааг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй байх тул шүүх тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргааны бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэхүү 58 хоногийн хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тоологдохыг дурдах нь зүйтэй.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох хууль зүйн үр дагавартай болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 8.3.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг улсын байцаагч хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Ч.Эын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА