Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Б.Д, Д.Д, Л.Г,

А.А нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Агваандорж, Б.Мянган, Л.Галбадар, Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 970 дугаар магадлалтай, Б.Д, Д.Д, Л.Г, А.А нарт холбогдох 1709015310246 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д, А.А, тэдний өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж, Б.Тэнгис нарын гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаар эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Д,  

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт А-ын А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, М овогт Д-ын Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй,  ял шийтгэлгүй, Ч овогт Л-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Д-ийг Б.Д, А.А нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б.Д-ийг шүүгдэгч А.А, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, А.А-ийг Б.Д, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан, Д.Д-ийг ганцаараа болон шүүгдэгч Б.Д, А.А нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан,  Л.Г-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 2 жил хорих ял, А.А-д  3 жил хорих ял, Д.Д-д 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-т  6 сар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Л.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Г-ийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Л.Г-т холбогдох заалтуудыг бүгдийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас шүүгдэгч Б.Д-д холбогдох хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтаас шүүгдэгч Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell XPS” загварын зөөврийн компьютер, “Вох” төхөөрөмж зэргийг Л.Г-т буцаан олгож,  өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д гаргасан гомдолдоо “Миний бие 2002, 2005 онуудад хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байснаас болж 4 жил хорих ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Эдгээр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, ялтай байдлыг шинэ Эрүүгийн хуулиар халсан байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаан гарч байсан боловч хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байтал шүүх уг заалтыг хэрэглээгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн Дөлгөөний хэрэгт анхаарал хандуулж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнссэн атлаа 10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй надад ял хөнгөрүүлэх, тэнсэх заалтыг хэрэглэхгүйгээр ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Иймд хэргийг шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.А гаргасан гомдолдоо “Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон байхад шүүх 3 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү” гэжээ.  

Мөн шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаар эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Г нь А.А, Д.Д нарын авчирсан “Самсунг жи-7” загварын гар утасны “имэй” кодыг өөрчлөх үйлчилгээ үзүүлж ажлын хөлсөнд 20,000 төгрөг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байх боловч А.А, Д.Д нарыг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд туслахад чиглэсэн гэхээс илүүтэй үйлчилгээ үзүүлж, хөлс авах зорилготой байсан гэж дүгнэхээр байна гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Г-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны “имэй” дугаарыг нь өөрчилж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдсон байхад Л.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Тухайлбал Л.Г “...А.А, Д.Д нарыг тэр хавийн гар утасны ченжүүд халаасны хулгайч гэж ярьдаг байсан”, “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад 18 цагийн үед буржак гэж дууддаг Д, С гэж дууддаг А нар хамт орж ирээд энэ утасны кодыг тайлаад өг гэж “Самсунг жи-7” загварын шаргал өнгийн гар утас гаргаж ирээд өгсөн. Би тэр утасны кодыг нь тайлж өгөөд сим картаа хийсэн чинь сүлжээний кодтой байсан. Энэ талаар Даваадэмбэрэлд хэлсэн чинь сүлжээний кодыг тайлаад өг гэхээр нь тайлж өгсөн. Тэгсэн “имэй” дугаар нь нойл болоод сүлжээгүй болсон. Тэгээд янзлаад өг гэхээр нь янзалж өгсөн...” гэж мэдүүлдэг. Мөн А.А, Д.Д нарыг гар утасны код тайлуулахаар орж ирэхэд нь халаасны хулгайч нар гэдгийг мэдсээр байж тухайн гар утасны код болон сүлжээний кодыг тайлж, улмаар эцэст нь “имэй” дугаарыг нь өөрчилж өгсөн. Ингэснээр тухайн гар утсыг ямар ч үүрэн телефоны сим карт хийж ашигласнаар тухайн үүрэн телефоны газруудаас “имэй” дугаараар нь хайгаад одоо эзэмшиж байгаа эзэмшигчийг нь олж илрүүлэх боломжгүй болгосон. Энэ үйлдэл нь А.А, Д.Д нарын хохирогч Б.Ц-ын эзэмшлийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэх боломжгүй болгосон хэдий ч гэмт хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн болно. Тиймээс мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг бүрэн арилгасан бөгөөд шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан хугацаагаар тэнсэх тухай гомдол гаргасан. Энэхүү гомдлынхоо үндэслэлээ өөрчилж, оногдуулсан хорих ялыг 6 сар болгон багасгаж өгөхийг хүсье” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Ц.Агваандорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 970 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг бүрэн арилгасан бөгөөд шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай гомдол гаргасан болно. Энэхүү гомдлынхоо үндэслэлээ өөрчилж, оногдуулсан хорих ялыг 6 сар болгон багасгаж өгөхийг хүсье” гэв.                                            

Мөн шүүхэд шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 240А дугаартай яллах дүгнэлтийн болон Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолд авагдсан А.А-ийн биеийн байцаалтад “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” талаар бичигдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд авагдсан А.А-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь харагдаж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс А.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг магадлалын удиртгал хэсэгт нэмж тусгасан. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дугаар нүүрэнд “Шинэчилсэн Эрүүгийн хуулиар ялтай байдал, давтан гэмт хэргийн тухай ойлголтыг халсан боловч урьд нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан нь ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдалд тооцогдоно” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсныг зөрчин, хэт нэг талыг барьж, хууль бус үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд ял шийтгэлгүй зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, ялыг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгнө шүү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Л.Галбадар хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.Д-ий гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдалд нь давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор У.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх Л.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хэд хэдэн алдаатай дүгнэлт хийсэн байна. Нэгдүгээрт, хууль бус орлого, хөрөнгийг нуун далдлах, өөрчлөх гэдэгт хэлэлцэж тохиролцсон байх ёстой гэсэн шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, хэлэлцэж гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн, энэ талаар ярилцаж тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсонгүй, гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа.

Гуравдугаарт, тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсонгүй, мэдэх бололцоотой байсан гэдэг нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн урьдчилан хэлэлцэж тохиролцсон байх ёстой талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл муутай. Тухайн нөхцөл байдалд гар утасны кодыг өөрчлөх тухай тохиролцсоны дагуу хоёр кодыг нь өөрчилсний төлөө 20,000 төгрөгийн ажлын хөлс авсан байдаг. Энэ нь хэлэлцэж тохиролцсон гэдэг үйлдэл нь бодитой хийгдэж, үйлдэл нь гүйцэтгэгдсэн гэдгийг баталж байгаа гэдгийг шүүхийн байр суурь үндэслэлгүй байсан гэдгийг харуулж буй үйл баримт юм. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг нь мөнгө угаах гэх нэртэй боловч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэсэн энэ шинжээрээ гэмт хэрэг болж байна гэсэн.

Давж заалдах шатны шүүхийн байр суурь үүний эсрэг байгаа. Тэгэхээр энэ эд хөрөнгийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэдэг үйлдэл яаж бий болсон гэдгийг тодруулья. Хохирогч Цэрэндуламын гар утас нь гар утас гэх нэршлийн хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө мөн. Гар утас нь өөрөө өртгөөр үнэлэгдэж байгаа учраас эд хөрөнгө мөн гэсэн тодорхойлолтод нийцэж байгаа. Гэтэл Цэрэндуламын гар утас гэдгийг тодорхойлж байгаа бар код, сүлжээний код гэсэн хоёр кодыг өөрчилснөөр хулгайн эд хөрөнгийг цаашид ашиглах боломжийг олгож байгаа нь Л.Г-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэж байгаа юм. Б.Д-д давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх хариуцлага хүлээлгэсэн. Б.Д нь Д.Д, А.А нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо нь батлагдсан. Б.Д нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд дурдсанаар Б.Д Д.Д рүү 11 дүгээр сарын 22-ны өдөр утсаар ярьж хулгайн хэргийг санаачилсан нөхцөл байдал нотлогдсон байна.

Мөн Б.Д нь өөрийнхөө машиныг дэлгүүрийн гадаа тавьж, хулгайн үйлдлээ хийхийн тулд автобусанд шилжиж суусан нь нотлогдсон байгаа. Гэтэл энэ хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хулгайн үйлдлийг санаачилсан хүмүүст бусад гэмт хэрэгт хамтран оролцсон хүмүүсээс хөнгөн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон гэж дүгнэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х, П нарын гар утас, эд зүйлийг хулгайлсан гэх гурван үйлдэл нь батлагдсан боловч учруулсан хохирлын хэмжээ нь гэмт хэрэг гэж үзэх хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад заасан ялын дээд, доод хэмжээнд нь нийцсэн байна. Нөгөө талаас анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж дүгнээгүй байгаа учраас дүгнэлт хийж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д, А.А, тэдний өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж, Б.Тэнгис нарын гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Д, Д.Д, Л.Г, А.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.А, Д.Д, Б.Д нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчим автобусанд явж байсан хохирогч Б.Б-ийн халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг хулгайлж 448,000 төгрөгийн хохирол,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн халааснаас “Самсунг жи-1 эс” загварын гар утсыг хулгайж 176,000 төгрөгийн хохирол,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв дээр хохирогч Д.Пүрэвжавын халааснаас “Самсунг галакси эс-3 мини” загварын гар утсыг хулгайлж 108,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А, Д.Д нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Ц-ын халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг хулгайлж 372,000 төгрөгийн хохирол,

2017 оны 11 дүгээр 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв дээр хохирогч Б.Б-г автобуснаас бууж байхад нь цүнхнээс нь хэтэвч, мөнгөн гинж зэрэг 40,800 төгрөгийн эд зүйл, биет 26,000 төгрөгийг хулгайлж нийт 66,800 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч А.А нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.С-ийн “Хуавэй-5” загварын гар утсыг түүний найз Б.Г-ийн халааснаас хулгайлж 320,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Л.Г нь А.А, Д.Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Ц-ын халааснаас хулгайлж авахдаа “Самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор “имэй” дугаарыг нь “Box” төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Д, Д.Д, А.А нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, Л.Г-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Г-ийн үйлдлийг бусад шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд туслахад чиглэсэн гэхээс илүүтэй үйлчилгээ үзүүлж хөлс авах зорилготой байсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell XPS” загварын зөөврийн компьютер, “Box” нэртэй хар өнгийн UBS оролттой төхөөрөмж зэргийг түүнд буцаан олгож, шүүгдэгч Б.Д-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч Д.Д, А.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Ц-г автобусанд явж байхад нь халааснаас нь “Самсунг жи-7” загварын гар утсыг хулгайлж, уг гар утасны эх үүсвэрийг нуун далдлах, дахин эрэн сурвалжлахад олдохгүй байх зорилгоор шүүгдэгч Л.Г-оор гар утасны “имэй” дугаарыг өөрчлүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээг мэдсээр байж үзүүлснээрээ Л.Г-ийн үйлдэл, сэдэлт, зорилго нь тодорхойлогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г нь хулгайн гар утасны “имэй” дугаарыг өөрчлөх үйлчилгээг үзүүлснээрээ гар утсыг “имэй” дугаараар эрэн сурвалжлах ажиллагаанд саад учруулаад зогсоохгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Л.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Dell XPS” загварын зөөврийн компьютер, “Box” нэртэй хар өнгийн UBS оролттой төхөөрөмж зэргийг эд мөрийн баримтад тооцож, шүүгдэгчид буцаан олгохгүйгээр холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч нарын хохирогч Б.Х-ийн “Самсунг жи-1 эс” загварын гар утсыг хулгайлж 176,000 төгрөг, хохирогч Д.П-ын  “Самсунг галакси эс-3 мини” загварын гар утсыг хулгайлж 108,000 төгрөг, хохирогч Б.Б-ын хэтэвч, мөнгөн гинж зэрэг 40,800 төгрөгийг эд зүйл болон биет байдлаар 26,000 төгрөгийг хулгайлан авч 66,800 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д, Д.Д, А.А нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлсан бөгөөд шүүгдэгч нар энэхүү гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бүгд ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан эс хангасан атлаа зөвхөн шүүгдэгч Б.Д-ийг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн давтамж, хувийн байдал зэрэг нь тэдэнд  ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүйг илтгэх бөгөөд Б.Д нь үүнд мөн хамаарч байх тул шударга ёсны зарчимд нийцүүлж хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй. Харин шүүгдэгч Б.Д, Д.Д, А.А нар нь хохирлоо нөхөн төлсөн, хохирлын хэмжээнд хүрэхгүй зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж Б.Д-д 1 жил хорих ял, Д.Д-д 2 жил 6 сар хорих ял, А.А-эд 1 жил 6 сар хорих ял оногдуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон, шүүгдэгч Д.Д, А.А, тэдний өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж, Б.Тэнгис нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолд:

“Шүүгдэгч Л.Г-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

“Шүүгдэгч Б.Д, Д.Д, А.А нарын Б.Х-ийн “Самсунг жи-1 эс” загварын гар утсыг хулгайлж 176,000 төгрөг, Д.П-ын  “Самсунг галакси эс-3 мини” загварын гар утсыг хулгайлж 108,000 төгрөг, Б.Б-ын хэтэвч, мөнгөн гинж зэрэг 40,800 төгрөгийг эд зүйл болон биет байдлаар 26,000 төгрөгийг хулгайлан авч 66,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Д-д 1 жил хорих ял, Д.Д-д 2 жил 6 сар хорих ял, А.А-эд 1 жил 6 сар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.Д-ийг цагдан хорьсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 970 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН