Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 213

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын

Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын

байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Х.Батсүрэн

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Ж.Э нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 тоот актын зарим заалтыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0916 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0151 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, З.О, Х.Т,

Хариуцагч: Л.А, Ж.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б нар,

Хариуцагч Ж.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0916 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Г-д орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч актын энэ хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 2-т “...гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 279.615.169.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27.961.517.0 төгрөгийн нөхөн татвар 67.265.8 төгрөгийн хүү, 14.400.422.9 торгууль нийт 42.429.205.7 төгрөгийн төлбөр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актын маргаж буй 2 зөрчилд ногдуулсан төлбөрийн дүнг 560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168.201.5 төгрөгийн торгууль, 61.215.5 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгөөр бууруулсан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0151 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Магадлалын 4 дэх нүүр Хянавал хэсгийн “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлдээ “гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу НӨАТ ногдуулж тайлагнасан, гэтэл хэрэглэгчээс авсан 1 үйлчилгээний орлогод нийт дүнгээр 1, гадаад карьерт өгөх мөнгөнөөс дахин 1 удаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна” гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн” гэж үзжээ. Нэхэмжлэгчийн энэ тайлбар нь ямар ч хуулийн үндэслэлгүй байх бөгөөд гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд хамаарах “М-” ХК-ийн орлого, харин гадаад карьерт өгч байгаа төлбөр нь нэр бүхий гадаад улсын компаниудын Монгол улсын нутаг дэвсгэрт буюу “М” ХК-д үзүүлсэн үйлчилгээний орлого юм.

4. Бид тус компанийн санхүү бүртгэлийн “Тооцооны дэлгэрэнгүй”-гээс тооцоо хийн 300,598,388.0 төгрөгийн гадаад улсын компаниудын Монгол улсын нутаг дэвсгэрт олсон орлогод 30,059,383.8 төгрөгийн татвар, 15,029,919.04 төгрөгийн торгууль, 90,179.5 төгрөгийн хүү ногдуулсан. Энэ бүх тооцоо, баримтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал “шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг зөрчсөн.

5. “Алдагдал баталгаажуулах хүсэлт” өгсөн татвар төлөгчдийн татварын хяналт шалгалтыг хийхдээ Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03-3/1567 албан тоотын дагуу иж бүрэн шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалт хийх удирдамж, татварын хяналт шалгалт хийх томилолтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулбарлан хүргүүлсэн.

6. Шалгалт хийх явцад тухайн компанийн ерөнхий нягтлан бодогч Ш.Н орон сууцыг иргэн Ш.Г-д үнэгүй шилжүүлэх 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл үзүүлсний дагуу шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган тооцон төсөвт шилжүүлээгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэсэн заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд 5,606,718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168,201.6 төгрөгийн торгууль, 61,2015.0 төгрөгийн алданги ногдуулсан байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0151 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Учир нь, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “М” ХК-ийн зүгээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна” гэж маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар шалгаж тогтоогоогүй тул “гадаад ярианы эцсийн хэрэглэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцохдоо оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулан суутган тооцсон эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, давхар татвар ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх ёстой” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

10. Мөн энэ хүрээнд нэхэмжлэгчийн төлсөн гадаад ярины болон сувгийн түрээсийн төлбөр нь “М” ХК-ийн өөрийн явуулсан ажил, үйлчилгээний орлого, эсхүл гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогын аль нь болох, алинаар нь нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнах, суутган төлөх ёстой /2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтаар уу, эсхүл 7.2 дахь заалтаар уу гэдгийг/, хэрэв аль алиных нь хувьд төлөх ёстой гэж үзэж байгаа бол түүний үндэслэлийг тодорхой дүгнэх хэрэгтэй.

11. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Орон сууц хувьчлах тухай хууль нь татварын эрх зүйн харилцаанд ямар үндэслэлээр хамаарч байгаа, иргэн Ш.Г-д хувьчилсан орон сууц нь яагаад Хувь хүний орлогын албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

12. Иймд шүүх бүрэлдэхүүн “ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзсэн тул “хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуулийг буруу тайлбарласан” гэх үндэслэлээр /Тодорхойлох хэсгийн 3, 4, 6/ магадлалыг хүчингүй болгуулахаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ