Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2017/0488

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр             Дугаар 221/МА2017/0488           Улаанбаатар хот

 

А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувдыг оролцуулан хийж, А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед ажлын байран дээрээ албан хаагчдын хамт архидан согтуурч байхыг албаны шалгалтаар тогтоосон бөгөөд шалгалтаар очсон ажлын хэсгийнхэн бодит байдлыг шүүх хуралдааны явцад мэдүүлсээр байтал анхан шатны шүүхээс бодит байдалт үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа болоод' ажилчдын ажлын байранд ямар хүндрэл бэрхшээлтэй ажилладаг талаар иргэн й.Жаргалдуламаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргаж, удирдлагаас уг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, шалгах ажлын хэсгийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цагийн үед тус цэцэрлэгт ажилладаг ажилчдаас манай ажил дээр архидан согтуурч байна. Ta бүхэн шалгаж өгнө үү гэсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг очиж, албаны шалгалт хийсэн байдаг. Шалгалтын үеэр 4-р цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нь ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт олноо уруу татсан нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн байдаг. Дээрх байдал нь ажлын хэсгийн тэмдэглэл, шүүх хуралдааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд энэ талаарх материалыг шүүхэд нотлох баримтаар бүрэн хүргүүлсэн боловч анхан шатны шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." гэж заасан. Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан бөгөөд байгууллагын дотоод журам болоод холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллах учиртай этгээд. Гэтэл А.Мөнхдэлгэр нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон атал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Аймгийн Засаг дарга нь төрийг төлөөлж байгаа ба аймгийн Засаг даргын тамгын газар нь төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу шүүх Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус захирамжийн улмаас нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул шийдвэрт холбогдох хуулийн зүйл, заалтыг нэмж зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр “... 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн ... Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 дугаар захирамжаар “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж ... ажлаас халсан нь  үндэслэлгүй ... 2016 оны үр дүнгийн гэрээ хангалттай буюу “С” үнэлгээтэй дүгнэгдсэн ... ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ... 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутад ажилдаа ирж, орой 18 цаг 20 минутад ажлаасаа гарсан ... хариуцагч  хэдэн цагт ажлаасаа гарсан, тухайн үйл явдал болох үед ажил дээрээ байсан уу, үгүй юу архи уусан уу үгүй юу гэдгийг шалгаж тогтоогоогүй  ... ёс зүйн хороо нь албан ёсоор шалгаж асуудлыг тогтоож, дүгнэлтээ гаргаж Засаг даргад хүргүүлэх ёстой байсан ...” гэх үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас “... 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрийг ажлын байранд албан хаагчдын хамт архидан согтуурч байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан тус цэцэрлэг дээр очиж, албаны шалгалтыг явуулсан ... 2 эргүүлийн цагдаагийн хамт иргэдээс ... цэцэрлэг дээр очиход, цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нь нэр бүхий 6 ажилтны хамт ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн, ширээ засч тойрч суусан байдалтай байсан ... Хөдөлмөрийн дотоод журам ... Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчил болох нь тогтоогдсон ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүхийн “... Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 79.8 оноо буюу С үнэлсэн ... үр дүнгийн гэрээнд хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчигдсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, сахилгын арга хэмжээ авах талаар тусгагдаагүй ... согтууруулах ундаа хэрэглэснийг албан ёсоор Цагдаагийн байгууллагад танилцуулж, согтолтын зэргийг шалгуулаагүй ... нэхэмжлэгчийн архи уусан зөрчлийг нь нарийвчлан шалгаж баталгаажуулаагүй, ... А.Мөнхдэлгэрийг ажлаас үндэслэлгүйгээр халсан ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д аймгийн Засаг даргын боловсролын асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлон заасан байх бөгөөд 30 дугаар зүйлийн 30.1.15-д “... цэцэрлэгийн эрхлэгчийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”, 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-д “ажлаас халах” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хэрэв төрийн үйлчилгээний албан хаагч хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн бол эрх бүхий албан тушаалтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу аль тохирохыг нь сонгож сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байна.  Гэтэл Боловсролын тухай хуульд заасны дагуу Боловсрол соёлын газрын саналыг үндэслэх байтал тус газраас санал аваагүйн зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д заасны иргэний гомдлыг тус аймгийн Боловсрол соёлын газрын дэргэдэх “Орон тооны бус зөвлөл”-д шилжүүлж дүгнэлт гаргуулах байтал дүгнэлт гаргуулаагүй, үр дүнгийн гэрэгээр хүлээсэн үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлснийг үнэлж дүгнээгүй, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэхийг шалгаж, эргэлзээгүйгээр тогтоолгүйгээр нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын 2017 оны Б/03 дугаар захирамж үндэслэлгүй, хууль бус байна.   

Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажилласан байх ба хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” маргаан бүхий б/30 дугаар захирамж[1]-аар “...аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан ...” гэх үндэслэлээр түүнийг ажлаас халжээ.

Маргаан бүхий актын “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх маргаан бүхий актын дээрх үндэслэлтэй холбогдуулан “...А.Мөнхдэлгэр нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь ямар баримтаар тогтоогдож байгаа болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр ...нотлогдож тогтоогдоогүй...” гэж зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг дарга, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр, тус сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга гэх 4 талын хооронд байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээ[2], 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийн үр дүнгийн гэрээг дүгнэж, 79.8 оноо буюу “С” гэж үнэлсэн “Үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн илтгэх хуудас”[3], 7 дугаар зүйлд “... гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээ “С” буюу Хангалттай бол гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал: гэх хэсэгт  Цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулах...” гэх Үр дүнгийн гэрээ зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал  үүсээгүй байхад ажлаас халах үндэслэл болгосон хариуцагчийн үйлдэл хууль бус байна. 

Маргаан бүхий актын “байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх “...2017 оны  1 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20.00 цагаар 21.00 цагийн хооронд болсон үйл явдал ... А.Мөнхдэлгэр нь албан хаагч нартайгаа архи уусан зөрчлийг  нарийвчлан шалгаж баталгаажуулаагүй, ...А/02 дугаар  тушаалын 2-т заасны дагуу дүгнэлт, тайлан гаргаагүй байх тул ...А.Мөнхдэлгэр нь гэж үзэх хангалттай нотолгоо, ...үндэслэл тогтоогдсонгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ[4]-ний 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл болон байгууллагын дотоод журамд заасан холбогдох заалт, дараах ноцтой зөрчлийг гаргах нь захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Үүнд: ... ажлын байранд архи уусан...” гэж заасан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны орой “ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй атлаа тус зөрчлийг гаргасан гэж үзэж түүнийг ажлаас халах үндэслэл болгосон нь буруу байна.

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Эрдэнэбулган сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрт холбогдуулан Ч.Жаргалдуламын гаргасан гомдлын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаал[5]-аар тус сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ. 

Хэрэгт авагдсан гэрч Б.Даваажаргалын “... архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[6], гэрч А.Оюундэлгэрийн “... А.Мөнхдэлгэр согтуу байгаагүй ...” гэх мэдүүлэг[7], гэрч С.Одонтуяагийн “... Согтууруулах ундаа байгаагүй ...” гэх мэдүүлэг[8], гэрч Эргүүлийн цагдаа ажилтай Б.Орхонтуул “... тухайн үед бид нар хараад согтолтыг тодорхойлох боломжгүй байсан ...” гэх мэдүүлэг[9], гэрч харуулын цагдаа ажилтай А.Бөхбилэгийн “...тэд нараас илэрхий согтолттой хүн харагдаагүй. Би хүмүүс байсан өрөөнд ороогүй болохоор ямар байсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг[10], гэрч Ж.Баярсайханы “... А.Мөнхдэлгэр согтуу байгаагүй ...” гэх мэдүүлэг[11] “нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдүүлгүүд тус тус авагджээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт гэрч Ч.Жаргалдуламын “... би тамгын даргад өргөдөл өгсөн ... өргөдөл гомдол өгсөн байсан учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дахин ажлын байрны дарамт, шахалт үзүүлэх юм бол утсаар ч хамаагүй хэлж байгаарай гэхээр нь ... пиво ууж байна ... 21 цагийн үед цагаан портертой 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн цэцэрлэг рүү цагаан тортой юм аваад орж байна ... архидаад байгаа юм байна гэдгийг би тамгын газрын даргад утсаар хэлсэн ...” гэх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлэг[12], Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, гэрч Ж.Дэнсмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “...Эрхлэгч Мөнхдэлгэр хүний төрсөн өдөр тэмдэглэсэн, пиво ууж, хоол идсэн гэж хэлсэн. Мөнхдэлгэрийн царай нь улаа бутарсан байсан...” гэх мэдүүлэг[13] зэрэг нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх агуулга бүхий мэдүүлгүүд тус тус авагджээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... А.Мөнхдэлгэр нь ажлын байран дээрээ согтууруулах ундаан зүйл хэрэглэж, хамт олноо уруу татсан нь ...хууль, журмыг ноцтой зөрчсөн ... шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй ... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх дээрх зөрүүтэй мэдүүлгүүдээр нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны орой ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоож, дүгнэх боломжгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “...багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалах...” зорилго бүхий “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ын 3.3.3-д “Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш,  суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн  зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ”, Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн а/701 дүгээр захирамжаар батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэмд заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Ёс зүйн хорооны хуралдааны шийдвэр, дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлөөс аль тохирохыг ногдуулах саналын дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг хариуцагч тус тус мөрдөж ажиллах үүрэгтэй.  

Гэтэл хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг ажлаас халахдаа Боловсролын тухай хуульд заасны дагуу Боловсрол соёлын газрын саналыг аваагүйн дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу иргэний гомдлыг Боловсрол соёлын газрын дэргэдэх “Орон тооны бус зөвлөл”-д шилжүүлж дүгнэлт гаргуулаагүй, зөрчил гаргасан эсэх нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй байдал гараагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт “төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн эрх хэмжээг заасан хуулийн зохицуулалт”-уудыг нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 гэсний дараа “11 дүгээр зүйлийн 11.5” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 гэсний дараа “131 дүгээр зүйлийн 131.1.3” гэж тус тус нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР                              

                ШҮҮГЧ                                                      Ц.САЙХАНТУЯА  

     ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ