Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 23

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох 
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, гэрч Б.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. 
Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 дугаар захирамжаар иргэн А.Мөнхдэлгэр миний биеийг хууль бус, үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас халсан.  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан болон Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн дотоод журмыг гол үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн. Миний хувьд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай гэдэг үнэлгээгээр дүгнүүлсэн....2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой ажлын цаг дууссаны дараа туслах багш Одонтуяа, Оюундэлгэр, Баярсайхан, Алтанцэцэг нарын хамт туслах багш Даваажаргалын гэрт очиж цай уусан. Гэртээ харих замд манай цэцэрлэгийн нярвын цонх гэрэлтэй байсан учраас ажлаар ороод шалгаадахъя гээд ажил руу орсон. Удалгүй 10-20 минутын дараа архидан согтуурч байна гэсэн мэдээллийн дагуу хяналт, шалгалтаар явж байна гээд Боловсрол, соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Дэнсмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Буяннэмэх, цагдаа Орхонтуул нар орж ирсэн. Орж ирээд мэдээллийн дагуу явж байна гэхээр нь миний зүгээс ажлын цаг дууссаны дараа туслах багш Даваажаргалын гэрт хэсэг ажилчидтайгаа цай уугаад орж ирээд удаагүй байж байна гэдгээ хэлсэн.
Миний зүгээс ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...намайг байгууллагын дотоод журамд заасан “ажлын 20 цагаас хойш зөвшөөрөлгүй байх” гэснийг үндэслэж ажлаас халсан гэдэг. Энэ заалт яагаад манай байгууллагын дотоод журамд яагаад орсон юм бэ гэхээр манай манаач ажлын байранд орой 20 цагаас хойш гадны хүн оруулж, дотоод журам зөрчиж байсан учраас дээрх заалтыг дотоод журамдаа оруулж өгсөн. 
Аймгийн Засаг даргын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн тул үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Иймд Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрийг ажлаас чөлөөлж буй Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 дугаар захирамж нь хууль эрх зүйн үндэслэлгүй захирамж. 
Захирамжийн захирамжлах хэсэгт ажлаас халах үндэслэлээ үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Эхний үндэслэл болох үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээ хангалттай нотолж чаддаггүй. А.Мөнхдэлгэр нь 2016 оны үр дүнгийн гэрээгээ хангалттай буюу “С” үнэлгээтэй дүгнэгдсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
 Хоёрдугаар үндэслэл нь байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэл... А.Мөнхдэлгэр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутад ажилдаа ирж, орой 18 цаг 20 минутад ажлаасаа гарсан байдаг. Энэ нь Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр болон өөрийнх нь өгч байгаа тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдоно.
 Гэтэл А.Мөнхдэлгэрийг хэдэн цагт ажлаасаа гарсан, тухайн үйл явдал болсон гэх үед ажил дээрээ байсан юм уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Байгууллагын дотоод журамд ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч болохгүй гэсэн байгаа. А.Мөнхдэлгэрийг айлд цай уусан гэдгийг нотлох гэрчүүд байгаа. Мөн тэдгээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, бусад нотлох баримттай тохирч байгаа. 
Тухайн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийсэн комиссыг томилсон тогтоол нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Энэ тогтоолоо ажлын хэсгийнхэнд ажлын цаг тарахаас өмнө танилцуулсан байдаг. Гэтэл А.Мөнхдэлгэрийг архи ууж, архидан согтуурсан гэх үйлдэл нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цагт болсон байдаг. Тухайн үед хамт явж байсан 2 цагдаа шалгалтаар Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэг рүү яваад ороход ширээнд дээр жимс байсан, пиво байгаагүй гэж үнэнээр нь мэдүүлсэн. Хэрвээ тухайн үед пиво ууж байсан бол зохих ёсоор нь шалгаад цагдаагийн рапорт хөтлөөд зөрчлийг баталгаажуулах байсан... шалгалтаар очсон хүмүүс ширээн дээр аяга байсан гэдгийг нотолж чаддаггүй. Ширээн дээр зөвхөн марокко мандарин л байсан. 
А.Мөнхдэлгэрийн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр гаргаж болох хэд хэдэн зөрчлүүдийг бичиж доор нь зөрчил гарсан тохиолдолд дүгнэлт гаргаж, санал хүргүүлнэ гэсэн байдаг. Гэтэл ямар ч санал хүргүүлээгүй байхад ганцхан тэмдэглэл бариад арга хэмжээ авч байгаа нь өөрөө хууль бус юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх ёс зүйн зөрчилд шалгалт хийх эрхтэй хүн мөн үү. Зүгээр л ажлын хэсэгт томилсон тогтоол байдаг. Ямар ч хууль эрх зүйн уялдаа байхгүй. Тэгэхээр энэ шалгалт нь хийгдэх ёстой шалгалт биш. Энэ албан тушаалтнууд шалгах эрхтэй субъектүүд ч биш. Хэрвээ гэнэтийн шалгалт явагдсан бол гарсан үр дүнгээ ёс зүйн хороондоо тайлагнаж, ёс зүйн хороо нь албан ёсоор шалгаж асуудлыг тогтоож, дүгнэлтээ гаргаж Засаг даргад хүргүүлэх ёстой байсан. Ганцхан дараа өдөр нь нөхөж бичсэн тэмдэглэлээр Засаг дарга ажлаас халах шийдвэр гаргасан. Ийм байж болохгүй, бид нар эрх зүйт төртэй, хуульд захирагдах ёстой хүмүүс. 
А.Мөнхдэлгэр нь Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны гаргасан ёс зүйн зөрчлийг хэн яаж шалгах талаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн дүрмээр арга хэмжээ авна. Энэ дүрэм одоог хүртэл хүчинтэй, шинээр гаргасан дүрэм байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрийг ажлын байранд албан хаагчдын хамт архидан согтуурч байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан 4 дүгээр цэцэрлэг дээр очиж, албаны шалгалтыг явуулсан.
Ажлын хэсэг албаны шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цаг 10 минутын орчим 2 эргүүлийн цагдаагийн хамт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэг дээр очиход, тус цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нь нэр бүхий 6 ажилтны хамт ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн, ширээ засч тойрч суусан байдалтай байсан ба А.Мөнхдэлгэр нь төрсөн өдөр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн талаараа албаны шалгалтаар очсон ажлын хэсгийн ахлагч Б.Буяннэмэхэд тайлбарладаг.
А.Мөнхдэлгэрийн гаргасан дээрх зөрчил нь ажлын хэсгийн албаны шалгалтын тэмдэглэл, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3-т “...ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд ... ажлаас чөлөөлөх”, 6.16-д хөдөлмөрийн ноцтой зөрчлийг “Ажлын байранд болон ажлын цагаар архи уусан...”, “Ажлын байранд зөвшөөрөлгүйгээр ажлын өдөр 20 цагаас хойш байх...”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн, ноцтой зөрчил болох нь тогтоогдсон.
А.Мөнхдэлгэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хариуцагч зөрчсөн хэмээн маргасан байна.
Тодруулбал, хариуцагчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-т заасан “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах ...үүрэгтэй.” гэж заасныг зохих ёсоор биелүүлсэн.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ...нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийн гаргасан зөрчил нь албаны шалгалтаар тогтоогдсон бөгөөд Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/30 дугаар захирамж нь Хөдөлмөрийн хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.
Иймд А.Мөнхдэлгэр нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмидад Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн туслах багш Жаргалдуламаас өргөдөл ирсэн...уг өргөдөл ирсний дараа дахин 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Жаргалдулам, арга зүйч Цэнд-Аюуш, багш Баяржаргал нараас өргөдөл ирсэн. Тус өргөдөлд эрхлэгч А.Мөнхдэлгэр нь ажлын байранд дарамт шахалт үзүүлж дандаа намайг буруутгадаг, зөвлөн тусалдаггүй, хамт олны дунд дандаа намайг шоовдорлодог гэсэн утга бүхий өргөдөл гаргасан. 
Дээрх өргөдлүүдийг үндэслээд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А/02 дугаар тушаал гаргаж ажлын хэсгийнхэн томилсон. Уг ажлын хэсгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Буяннэмэхээр ахлуулж, гишүүд нь Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Авирмэд, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Дэнсмаа нарыг оролцуулан баталсан. Гэтэл цаг үе нөхцөл байдлын хувьд тухайн байгууллагад ажилладаг 3 иргэн утсаар ярьсны дараа шалгалтын хэсгийнхэн орой 20 цагт очиж шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийнхэн эргүүлийн 2 цагдааг авч очоод шалгалтаа хийсэн байгаа.
Гэрч Баяржаргал нь мэдүүлэг өгөхдөө бид нар Даваажаргалынд очиж цай уусан гэдэг, гэтэл А.Мөнхдэлгэр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой шалгалтаар явсан ажлын хэсгийнхэнд Даваажаргал гэдэг хүний төрсөн өдөр болсон. Бид нар айлд очоод цай, уугаад хоол идээд, пиво уугаад ирлээ гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр энэ яриад байгаа асуудал нь энэ байдлаар үгүйсгэгдэж байна. Ажлын хэсгийнхний бичсэн тэмдэглэлийг эргүүлийн цагдаа Орхонтуул зөвшөөрөхгүй байсан бол яагаад гарын үсэг зурж байгаа юм бэ. Тухайн бодит нөхцөл байдал дээр очиж, үзэж харсан хүн учраас гарын үсэг зурсан. Тийм учраас энэ тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаж, бодит байдалтай нийцэж байна. Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь ажлын байран дээр нэр бүхий 5 ажилтантай, нийт зургуулаа сууж байсан. Тухайн үед ямархуу байдалтай сууж байсныг ажлын хэсэгт байсан Дэнсмаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “....цэцэрлэгийн хаалгаар яваад ороход нойлын өрөө, нойлын өрөөний цаана нярвын өрөө байсан. Өрөөнд ороход дээрх хүмүүс хацар нь улайсан, согтолтын байдалтай байсан” гэдэг. Мөн гэрч Цэнд-Аюушийн мэдүүлэгт гадаах нөхцөл байдлыг тодруулж өгдөг. Цэнд-Аюуш нь оройны 20 цаг өнгөрөөгөөд гэртээ хариад ажилтан Баяржаргал, Жаргалтогтох нарт нөтбүүк гаргаж өгөх гээд буцаад цэцэрлэг дээр ирэхэд хаалга нь дотроосоо цоожтой, дотор нь хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд дотогшоо орж чадахгүй гадаа машинд сууж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмидад утсаар мэдэгдсэн байдаг. Үүний үндсэн дээр тухайн шалгалтыг хийсэн.
Эрхлэгч А.Мөнхдэлгэр хөдөлмөрийн дотоод журмыг баталснаа өөрөө мэдүүлдэг. Гэхдээ ажлын байранд зөвшөөрөлгүйгээр ажлын өдөр 20 цагаас хойш байх, гадны хүн байлгахыг хориглоно гэсэн заалт байдаг. Ажлын өдөр 20 цагаас хойш байх гэдгийг миний хувьд бүх хүнд хамааралтай гэж ойлгож байна. Дарга өөрөө өөртөө зөвшөөрөл өгөөд байж болно гэж бодоход тухайн үед хамт байсан хүмүүс яах гэж ирсэн юм бэ. Үүнийгээ өөрсдөө тайлбарлах байх. Энэ агуулга нь гадны хүн байлгах гэсэн утга агуулга биш шүү. Байгууллагын ажилчдад ч хамааралтай... ажлын хэсгийн ахлагч Буяннэмэх эргүүлийн 2 цагдаагаас эдгээр хүмүүсийг согтолт хэмждэг багажаар үлээлгэж согтуурлын зэргийг нь шалгах боломж байна уу гэхэд эргүүлийн цагдаа нарт согтуурал хэмждэг багаж байдаггүй юм байна лээ. Тийм учраас  согтуурлыг хэмжиж чадахгүй байна гэдгээ хэлсэн тайлбарласан байдаг.... мөн зураг дарах нь миний хувьд зохимжгүй гэж бодож байна. Ер нь зураг дарах эрх нь шалгалтын хэсгийнхэнд байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Прокурор болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлтэй зургийг авч баталгаажуулах уу гэдэг асуудлыг анхааралдаа авч үзээрэй...үнэхээр ажлын хэсгийнхэн А.Мөнхдэлгэрийн мууг үзье гэж бодож байсан юм бол согтуурал хэмждэг багажтай нь очиж шалгах байсан байх. Хөдөлмөрийн гэрээг Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчтэй 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Гэтэл уг болсон процесс нь 14 хоногийн өмнө болсон процесс. А.Мөнхдэлгэрийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г удирдлага болсон. Тус заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн байгаа. А.Мөнхдэлгэрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. 
Шалгалтын үеэр тогтоогдсон нөхцөл байдлуудыг аваад үзэхээр байгууллагын удирдлага хүн ёс зүйн хувьд ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байгаа нь зохимжтой юу гэдэг асуудал байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас халах арга хэмжээ авсан байна. 
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн б/30 дугаар захирамж нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид бүрэн нийцсэн, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Мөнхдэлгэрээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны акт нь гадагш чиглэсэн, б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Уг маргааны үйл баримтаас үзвэл: Нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д зааснаар улсад 23 жил, цэцэрлэгийн байгууллагад 2  жил ажиллаж байснаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажиллаж байжээ.
Архангай аймгийн Засаг дарга Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрийг аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамж гаргаснаар уг маргаан үүсжээ. /х.х-н 4/

Шүүх нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  
        Аймгийн засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “б/30 дугаар захирамжаар А.Мөнхдэлгэрийг ажлаас халахдаа: 1. Аймгийн Засаг  даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2. Байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ. 
Маргаан бүхий захиргааны актын үндэслэлүүдийг хянахад: 
1.  Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх талаар
Тус аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга, төсвийн шууд захирагч Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр, тус сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарын хооронд 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний Нэг. Талуудын хүлээх үүрэг 1. Төсвийн шууд захирагч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн хүлээх үүрэг 1.1-ээс 1.10-т төсвийн шууд захирагч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн хүлээх үүргийг тусгажээ. /х.х-н 164-166/
Уг үр дүнгийн гэрээний 7. Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээ нь “С” буюу “Хангалттай” бол гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал: Цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулахаар тусгажээ. Харин үнэлгээ “F” буюу “Хангалтгүй” бол гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн төрийн албанаас чөлөөлөхөөр тусгасан байна. /х.х-н 169/ 
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.4.1 дэх хэсэг, Зургаад зааснаар  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 79.8 оноо буюу С үнэлсэн байна. Уг үнэлгээний талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.  /х.х-н 168, 171/
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн 16.4.18, 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, түүний биелэлт, хэрэгжилтийг дүгнэж хариуцлага тооцох хуулийн зохицуулалтыг зөрчиж, хууль болон журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
 Түүнчлэн Архангай аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр хангалтгүй биелүүлсэн нь нотлогдон тогтоогдсонгүй. 
Хэргийн оролцогч талууд 2016 оны Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээ хариуцагч талаас нотлож чадаагүй болно. 
2.  Байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4-р цэцэрлэгийн багш, ажилчдын хооронд /дотогшоо чиглэсэн/ 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Хөдөлмөрийн дотоод журмын байгуулжээ. /х.х 106-114/
Уг журмын үндэслэлд “Дотоод журмын биелэлтэд цэцэрлэгийн эрхлэгч, мөн ажилчин бүр хяналт тавих бөгөөд дотоод журмын биелэлтэд хариуцлага хүлээж зөрчсөн ажилчныг авч хэлэлцэн зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Цэцэрлэгийн ажилчин бүртэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэжээ. 
Мөн журмын Дөрөвдүгээр зүйлд “Ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох”-ыг нарийвчлан заасан бөгөөд 4.2.3, 4.2.9, Зургаа, Долоод зааснаар тухайн байгууллага болох Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдын хооронд байгуулсан хөдөлмөр харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэж, хариуцлага тооцож, уг журмын 10.1-д зааснаар энэхүү журмыг цэцэрлэгт үндсэн үйл ажиллагаа албан ёсоор эрхлэн явуулж байгаа хугацаанд нийт багш, ажиллагсад мөрдөхөөр зохицуулжээ. 
Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд  хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчигдсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, сахилгын арга хэмжээ авах талаар тусгагдаагүй байна.
3. Маргаан бүхий актыг /б/30 дугаар захирамж/ нэгтгэн дүгнэхэд: Хариуцагч тус аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана...”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...”; 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “...ажлаас халах...” заалтуудыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргажээ. /х.х - 4/
а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл... гэж ойлгох бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж чанар, гаргасан зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн зохицуулалттай байна. 
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний 7.2.2-д .. ноцтой зөрчил гарсан гэдгийг “цэцэрлэгийн эрхлэгч өөрөө болон ажиллагсад гэмт хэрэгт холбогдсон, хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд олноор хордсон, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирсан” гэж тусгажээ. /х.х -169/
б. Тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэрт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ч.Жаргалдуламын гомдлын дагуу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/02 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан болохыг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, гэрч Б.Буяннэмэх нарын мэдүүлгээр тогтоогдож байна.  /х.х 158-160, 155-157, 141-143/
    Ажлын хэсэг нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн оройн  2000 цагийн үед утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу тус цэцэрлэгт хяналт, шалгалтаар ажилласан талаар тэмдэглэл үйлдсэн нь нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь албан хаагчидтай согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хангалттай нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.  /х.х -41/
Уг тэмдэглэлийг маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн болохыг гэрчүүдийн мэдүүлэг, хамт явсан эргүүлийн цагдаа О.Бөхбилэгт нь ямар учир шалтгаанаар гарын үсэг зураагүй талаар уг тэмдэглэлд тусгаагүй байна. Мөн уг тэмдэглэлд ажлын хэсгийн ахлагч Б.Буяннэмэх нь “Цаашид ажлын байран дээр ийм байдалтай байж болохгүй гэдгийг хэлсэн. Бидний ажигласнаар тэнд байсан албан хаагчид хэт согтолтын байдалтай биш, нүд нь сүүмийсэн байсан бөгөөд эрүүл гэж үзэхээргүй байсан” гэж тэмдэглэсэн тэмдэглэл нь заавар, зөвлөмжийн шинжтэй, согтууруулах ундаа хэрэглэсэнг албан ёсоор Цагдаагийн байгууллагад танилцуулж, согтолтын зэргийг шалгуулаагүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлгээр нотлогдож байна.  /х.х-н  49-50, 52-54, 94, 134-138, 197-201,/
Уг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой 2000 цагаас 2100 цагийн хооронд болсон үйл явдал болох албан ажил дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, нэхэмжлэгч А.Мөнхдэлгэр нь албан хаагч нартайгаа архи уусан зөрчлийг нь нарийвчлан шалгаж баталгаажуулаагүй, зөрчил гаргагч болон бусад багш, ажилчдаас тайлбар мэдүүлэг аваагүй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/02 дугаар тушаалын 2-д заасны дагуу дүгнэлт, тайлангаа гаргаагүй байх тул тус сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой ажлын байрандаа архидан согтуурсан гэж үзэх хангалттай нотлох нотолгоо, хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 
Маргаан бүхий зөрчлийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Цэнд-Аюуш, Ч.Жаргалдулам, Ю.Баяржаргал нар нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тус аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу албан ёсоор бичгээр хариу өгөөгүй болохыг тэмдэглэв.  /х.х 144-147, 155-157/
г. Түүнчлэн  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3-д  “Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус  "Ёс зүйн зөвлөл" (Цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана.” 3.3.3-д “...Зөвлөл нь .. эрхлэгч, .. цэцэрлэгийн  багш, .. төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн  зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ...”, 3.3.4-т “....Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд ...төрийн захиргааны байгуулага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, ..үнэлгээ, шалгалтын дүнг харгалзаж болно..” гэжээ.
Мөн Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн а/701 дүгээр захирамжаар батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм” –ийг хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг дүрмийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт тодорхойлсон боловсрол .... улсын төрөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын .. эрхлэгч.. удирдах албан тушаалтны ... ёс зүйг эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино”. 4.3-д “ ажлын цагаар, ажлын байранд болон албан үүргээ биелүүлж байхдаа .. архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэхийг уриалах, энэхүү үйлдлийг зохион байгуулах, хамт олныг уруу татах /Ажлын зайлшгүй шаардлагаар оройн цагаар ажиллаж байгаа болон албан томилолтоор өөр газар явах үеийг албан үүргээ гүйцэтгэж яваа үед оруулж үзнэ/, Тавд зааснаар Ёс зүйн хороо байгуулж, Боловсрол .. төрийн үйлчилгээний байгууллагын .. эрхлэгчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг тогтоох, зөрчлийн шинж байдлыг хянан шалгаж, бусад нотлох баримт, санал хүсэлтийг шийдвэрлэхдээ тайлбарыг бичгээр авах, Ёс зүйн хорооны хуралдааны шийдвэр нь дүгнэлт гаргаж ёс зүйн зөрчилтэй гэж дүгнэсэн бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай бусад салбар хуульд заасан сахилгын шийтгэлээс аль тохирохыг ногдуулах саналыг ажил олгогч буюу аймгийн Засаг даргад хүргүүлж, зөрчил арилгах арга хэмжээ авахаар зохицуулсан дүрмүүдийг хариуцагч тал баримталж ажиллаагүй байна. 
4. Хэргийн оролцогч нарын маргаж байгаа ажлын байранд архидан согтуурсан гэх ёс зүйн зөрчил гарсны дараа нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Аймгийн Засаг дарга, нэхэмжлэгч тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр нар харилцан Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болжээ.  Уг гэрээний 8.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл, болон байгууллагын дотоод журамд заасан холбогдох заалт,... -Ажлын байранд архи уусан ... ноцтой зөрчлийг Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын Удирдах ажилтны ёс зүйн асуудалд дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн шалгалтаар эрхлэгчийн ... төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн тухай дүгнэлт гарснаар захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж тусгажээ. /х.х-н 172-175/
Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д заасны дагуу А.Мөнхдэлгэрийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт  дээр үзлэг хийхэд тухайн цэцэрлэгийн камер байхгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчжээ.
Маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд  заасны дагуу тухайн зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрч нарын тайлбарыг гаргуулах, үнэлэх үүргийг биелүүлээгүй,  мөн хуулийн 37 дугаар зүйл 37.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, гэрч Б.Буяннэмэх нар нь  захиргааны акт гаргахдаа сонсгох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч уг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох сонсох ажиллагааны тэмдэглэл гэх нь ямар албан тушаалтан байсан, хэн, хэн ямар учир шалтгааны улмаас уулзаж байгаа,  уг тэмдэглэл хэн бичиж байгаа, танилцуулсан гэх гарын үсгийн нэрийг гаргацтай бичээгүй, уг уулзалтаар ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4,  27.5, 27.6 дахь хэсгүүдийг зөрчиж, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулаагүй байна.  /х.х – 43-47/

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй байхад хууль зөрчиж, А.Мөнхдэлгэрийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12  зүйлүүдийг удирдлага болгон                                                   
ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Архангай аймгийн  Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “А.Мөнхдэлгэрийг ажлаас халах тухай” б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхдэлгэрт олгосугай.      
             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОДОНТУЯА