Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

          Улсын яллагч Б.Энхбат,

          Шүүгдэгч Б.Ц,

          Шүүгдэгч Б.Б,

          Шүүгдэгч Д.Б,

          Шүүгдэгч Э.Э, тэдний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /ҮД:0018/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

          Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-н Ц, Б овогт Д-н Б, Б овогт Б-н Б, Б овогт Э-н Э нарт холбогдох 201726010249 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             Биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргиин ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 169 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-н Ц /РД.../,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-н Б /РД: .../,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Тев аймгийн Баян суманд төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Б /РД: .../,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 29 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н Э /РД: .../,

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нар нь бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл болон ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэл буюу өргөгч кран хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... хорооны нутагт байрлах “...” ХХК-ний хашаанаас иргэн Ж.С-н өмчлөлийн “ТМГ-1000” маркийн трансформаторыг хулгайлж, хохирогч Ж.С-д 11,666,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар. Үүнд:

  

         - Сэжигтэн Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......УНЭ улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Энэ машиныг 2012 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж байгаа. Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яг хаана ямар ажилтай явснаа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар намайг “...” дээр зогсож байгаад гэртээ харих замд нэг утасны дугаараас над руу залгаад "трансформатор ойрхон зөөлгөх гэсэн юмаа” гэж хэлэхээр нь би ямархуу трансформатор юм бэ гэж асуусан чинь 3 тонны 2 кранаар өдөр өргүүлсэн чинь даахгүй байсан таны кранаар бол даах байх гэж хэлсэн, тэгэхээр нь би 6 тонноос дээшээ жинтэй байж таарна гэж бодоод 250,000 төгрөгөөр яваад өгье гэж хэлсэн чинь надтай ярьж байсан эрэгтэй хүн 200.000 төгрөгөөр тээвэрлүүлмээр байна гэхлээр нь би 250,000 төгрөгөөс буухгүй гэж жаал үзэж байгаад 200,000 төгрөгөөр нь явахаар болоод “...” дээр эргэж ирж ...-ийн хашаанаас машинаа асаагаад гарахдаа нөгөө нөхдүүдтэй ярьсан чинь Сонсголонгийн ...-ын тэнд хүрээд ир гэж хэлсэн, би Сонсголонгийн уулзвараас наашаа яваад М-ын уулзвар дээр ирж зогсоод ярьсан чинь одоо очиж байна гээд 5-10 минут хүлээж байсан чинь 2 залуу хүрч ирсэн, тэгээд миний машины кабинд суугаад тэндээсээ Сонсголонгийнхоо замаар урагшаа яваад цэргийн ангийн арын гудамжаар баруун эргээд хашааны гадаа зогсоод кабинд сууж байсан 2 залуу буугаад өөрсдөө хашааны хаалга онгойлгож өгөөд, хашаанд ороод буцаж эргээд хаалга руу харж зогсож байгаад хашааны том хаалганы хажуухан талд байсан овор хэмжээгээрээ 2 метр гаран өндөр, өргөн нь 1.50 метр орчим, уртаараа 3 метр орчим трансформаторыг өргөж тэвшин дээр ачаад хашаанаас гарсан ба Сонсголонгийн шунхлай колонкийн уулзвар дээр буцаж эргээд Моносын уулзвараас баруун эргээд хуучин 22-н товчооны тийшээ яваад Өнчин цагааны хавьцаа нэг колонкоор зүүн гар тийш эргээд нэг хашаанд буулгаад явсан. Надтай ирж уулзсан 2 залуу 25-30 орчим насных байсан, ажпын муу хувцас өмссөн байсан, гар утасны дугаарийг нь санахгүй байна, ямар ч байсан миний ... гэсэн дугаар руу гэртээ харих гээд явж байхад анх залгасан, мөн ачааг нь хүргэж өгчихөөд эргээд гэртээ ирээд байж байхад дахин над руу залгасан. Мөн тухайн үед тэр кабинд суугаад яваад байсан 2 залуугаас гадна, приус 10 маркийн бараан өнгийн машинтай хүн дагаад хамт яваад байсан, машиных нь номерийг санахгүй байна. Би тухайн үед миний машины кабинд суугаад явж байсан хоёр залууг харвал танина...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр ХХ-ийн 101-102 дугаар хуудас/

 

          - Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би айлд нүүрс буулгахаар явж байхдаа 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаад трансформатор байхыг анх хараад авах санаа төрсөн юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр надтай нүүрс зардаг Э гэх найзтайгаа уулзаад хамт “...”-ийн зогсоол буюу гурвалжингийн гүүрний зогсоол дээр очиж өргөгч краны жолоочтой уулзаж трансформатор ачуулах талаар ярьж 200.000 төгрөг өгөхөөр тохиролцоод 22-н товчоо орж Б, Б нартай уулзаад ойрхон айлын хашаан дотроос трансформатор ачилцаад өгөөч гэж хэлэхэд тэд зөвшөөрсөн. Тэгээд ачиж буулгах краны жолоочтойгоо утсаар яриад Сонсголонгийн урагшаа станцын замын уулзвар дээр уулзаад дагуулж яваад трансформатор байгаа хашаанд очоод би хашааг нь давж ороод хашааны хаалгыг нь онгойлгоод кранаа оруулж Б, Э бид гурав трансформаторыг ачилцаад буцаж гарахдаа би хашааны хаалгыг хааж цоожлоод тэндээсээ 22-ын товчооны ойролцоо байдаг А гэх танил айлын хашаанд авчирч түр тавиад, нүүрсний амбаар орж 1 шил архи хувааж уугаад Б, Э, Б бид дөрөв трансформаторыг задалчихаад зам дээрээс портер машин зогсоож хөлслөөд трансформаторын төмрүүдийг 4 дүгээр цахилгаан станцийн урд байрлах хаягдал төмөр авдаг цэгт аваачиж өгөхөд 4 тонн гаран болсныг 700.000 төгрөгөөр авсан. Харин зэсийг нь хаана өгөх үү гэж байтал портерийн жолооч ах зэс авдаг хүн байдаг ш дээ гэхээр нь зэс авдаг хүний утасны дугаар байна уу гэж хэлээд нэг утасны дугаар /тухайн үед ямар дугаар хэлж байсныг санахгүй байна/ хэлэхэд нь залгаж яриад дуудлагаар ирж авна гэхээр нь А-н хашаанд ирүүлээд 440 орчим кг болоход нь 1 кг-ыг 8000 төгрөгөөр бодоод 3.660.000 төгрөгөөр зарсан. Би Б-д 200.000 төгрөг, Э-д 200.000 төгрөг, Б-д 300.000 төгрөг хөлсөнд өгсөн. Би мөнгийг архи дарс авч уугаад бааранд сууж, буудалд ороод өөртөө зарцуулаад дуусгасан...'' гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

             - Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нүүрс зардаг ногоон амбаар дээрээ нүүрсээ савлаад байж байтал Ц гээд манай эхнэрийн дүү нь над руу утсаар яриад та хаана байна, байж байгаарай би очиж байна гэж хэлсэн, тэгээд удалгүй нүүрс зардаг газар Ц ирээд энэ урдаас нэг юм ачаадахъя, очоод туслаадах гэж хэлээд нүүрсний амбаар дээрээс Б, Э, бид 3-г аваад явсан, тэгээд Монос эмийн үйлдвэрийн уулзвараас урагшаа эргээд бензин колонкын цаагуур баруун гар тал руугаа эргээд нэг хашаанд Ц орж үзсэн, тэгээд тэр хашаанаас гараад гурвалжингийн гүүрний тийшээ Э-той хамт яваад крантай машин олж ирээд нөгөө хашааны буланд байсан трансформаторыг кранаар ачихаар орохдоо барьж явсан хөх өнгийн приус 10 маркийн машиндаа намайг сууж бай, хүн харж бай гэж хэлээд Б, Ц, Э 3 нөгөө хашаа руу нэг нь давж ороод дотроос нь том хаалгыг нь онгойлгоод крантай машинаа оруулаад трансформатор ачиж гарч ирээд тэндээсээ 22-н товчооны тийшээ яваад нүүрс зардаг газрынхаа урд талын А гэдэг эгчийн хашаанд очиж буулгаад, кранаа явуулсан. Тэгээд бид нар тэндээсээ салаад гэр, гэр рүүгээ явцгаасан. Маргааш өглөө нь бид нар А эгчийн хашаанд ирээд нөгөө трансформатроо задалсан. Ц дотор нь зэс байгаа гэж хэлээд Э-н түлхүүр багаж бусад юмнуудаар задлаад жижигхэн крантай машиныг Ц олж ирээд ачаад 4 дүгээр цахилгаан станцын тэнд төмөр авдаг цэг дээр тушаасан, тэндээсээ гарч ирээд Ц надад 300,000 төгрөг өгсөн, би тэндээсээ Моносын уулзвар дээрээс гэр рүүгээ явсан юм. Би тэр үед хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан, Ц трансформаторыг хулгай хийх гэж байхдаа намайг гадаа хүн харж бай гэж үлдээсэн юм. Тухайн үед тэр хашаанд өөр хөндлөнгийн хүн байгаагүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106-107 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           - Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б-н нүүрсний цэг дээр өглөө 08 цагийн үед ирээд нүүрс шуудайлж байсан чинь орой нь 20 цаг өнгөрч байхад Ц гэдэг Б-н найз нь бага зэрэг согтуу ирсэн, тэгээд та нар жоохон байж байгаач энүүхэн урд хашаанаас трансформатор ачиж айлын хашаанд оруулж буулгах гэсэн юм гэж хэлсэн, тэгэхээр нь яг одоо ирэх юм уу гэж асуусан чинь яг одоо кран ирэх ёстой, тэгэхээр нь явъя гэж хэлсэн, нөгөө кран нь 23 цагийн үед Моносын уулзвар дээр ирчихсэн байна гээд Ц-той утсаар ярьсан, тэгээд бид хэд тэндээс гараад Моносын уулзвараас урагшаа яваад 013 дугаар цэргийн ангиас урагшаа нилээн явж байгаад баруун тийшээ эргээд харанхуй гудамжаар явж байгаад төгсгөлийн хашаан дээр очоод Ц хашаа давж орж хаалгыг нь онгойлгож нөгөө кран машиныг оруулаад хашааны баруун урд талд нь байсан трансформаторыг Э бид хоёр краны жолоочид өлгөж тавьж өгөөд краны тэвшин дээр тавьсан, энэ үед Б-н унаж явсан приус 10 маркийн хар хөх өнгийн машин айлын хашааны гадаа байсан юм. Тэгээд кранаар трансформаторыг ачаад айлын хашаанаас гараад Моносын уулзвараар баруун эргээд нүүрс зардаг газрын урд талын харалдаа нэг айлын хашаанд буулгаж өгчихөөд, эргээд нүүрсний амбаарт орж ирсэн чинь Ц нэг шил /архи/ задлаад Б, Ц, Б бид 4 хувааж уусан, тэр үед Ц саяны авч ирсэн трансформаторыг задлаад өгвөл би та нарт 200,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь тэндээ хоноод шөнөжин түлхүүр багажаар задалсан, өглөө 08 цаг гэж байхад дууссан. Тэгээд өглөө 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байхад Ц өглөө үүрээр портер олж ирнэ гээд явсан, тэгээд цэнхэр өнгийн дугаар нь мэдэхгүй хараагүй нэг портер ирсэн. Тэгээд бид нар задалсан юмнуудыг нь бүгдийг нь ачиж өгсөн, Э, Ц хоёр нөгөө портертойгоо төмрөө ачаад явсан, 12 цаг өнгөрч байхад ирээд Ц надад 200,000 төгрөгийг нөгөө 200.000 чинь шүү гэж хэлээд өгсөн, би тэрийг нь аваад гэртээ ирсэн. Би яг анх авах үед нь Ц-г өөрийнхөө аавынхаа юмыг авч байгаа юм байна гэж бодсон, харин өглөө нь задлаад зарах гэж байхад нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн юм. Бид нарыг тухайн орой айлын хашаанаас трансформатор ачих үед ямар нэгэн хүн тэр хашаанд байгаагүй, ачих гэж байгаа талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй. Бид нар нүүрсэн дээр хамт ажилладаг хүмүүс байгаа юм, өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй. Би дээрх хүмүүстэй хулгайн гэмт хэрэг хамтран үйлдсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ талаар мэдэгдье гэж бодож байгаагүй, айгаад таг нуусан юм. Миний хэлсэн ярьсан үнэн, анх Ц энүүхэн байдаг хашаанаас юм ачаад ирье гэж хэлэхээр нь би хулгайн эд зүйл энэ тэр гэж мэдээгүй, сүүлд айлын хашаанд ирээд задлахаар болсон болохоор нь, мөн дээрээс нь архи, дарс уусан болохоор шийдээд энэ хэргийг үйлдсэн, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-110 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           - Шүүгдэгч Э.Э-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Мах импексийн тэнд намайг явж байхад Ц гээд нүүрсэн дээр ачигч хийдэг залуу над руу өөрийнхөө 8... дугаараас залгаад ажил байна хүрээд ир гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-н товчооны тэнд байх петровисын тэндхийн нүүрсний цэг дээр очиход Б, Ц 2 нэг шил архи тавьчихсан сууж байсан, тэгээд ууж байсан архийг нь хувааж ууж дуусаад би Ц-той хамт Гурвалжингийн гүүрний тийшээ явсан, намайг таксинд суугаад явж байхад Ц Тэхийн тэнд буугаад краны жолоочтой уулзаад байсан, тэндээсээ сууж явсан таксигаараа Ц бид хоёр буцаж очоод Б, Б хоёрыг нүүрсний цэг дээрээс аваад Моносын уулзвараас урагшаа Яармаг тал руугаа явж трансформатор байсан газар руу очоод Ц хашаа давж хаалга онгойлгоод том хаалгаар кран машиныг оруулсан, Б бид хоёр тэр хашааны баруун талд нь байсан трансформаторын дээд талд байх дэгээ шиг юмнаас краны өөрийнх нь зориулалтын тростой дэгээгээр дэгээдэж тэвшин дээр нь ачаад нөгөө хашаанаас гарсан, тэгээд буцаад Моносын уулзвараар 22-н товчоо руу эргэж очоод нүүрсний цэгийн урд талд байдаг А эгчийн хашаанд буулгаад, бид нар нэг шил архи уугаад гарч нөгөө трансформаторыг миний аксент маркийн машины түлхүүр багажаар тайлж задлаад, дахин кран дуудаж өргөж гол төмрийг нь гаргаад Б бид хоёр шөнөжин задлаад үүр цайхад Ц, Б хоёр өглөө ирээд цагаан өнгийн номерыг нь хараагүй энгийн Майти дээр ачаад Б, Ц 2 явсан. Тэгээд тэр хэд төмөр тушаасан мөнгөнөөсөө Б бид хоёрт 200,000 төгрөг тус тусад нь өгсөн. Тэгээд би тэндээс Тахилт руу гэр рүүгээ явсан юм. Хулгай хийх санааг Ц анх гаргасан, би энэ трансформаторыг хулгайн эд зүйл гэж эхлээд мэдээгүй, Ц манай ахын юм байгаа юм гэж хэлээд ахаасаа авах авцаатай гэж байсан, харин сүүлд нь наана айлын хашаанд авч ирсэн хойно нь Б наадах чинь хулгайн юм байна гэж мэдсэн. Надад энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломж байсан, мөнгө өгье битгий хэлээрэй гэж Ц хэлсэн, тэгээд ч мөнгө өгсөн болохоор хэлээгүй юм....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Хохирогч Ж.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Трансформаторыг энэ оны 01 дүгээр сарын үеэр хулгайд алдсан талаар Э найз маань хэлсэн юм. Тухайн үед трансформатор бүрэн ажиллагаатай байсан, яг трансформаторыг тусад нь төчнөөн төгрөг гэж үнэлж авсан зүйл байхгүй, цахилгааны зүйлүүдийг нийтэд нь 70,000,000 төгрөгөөр тооцон худалдан авсан, тэгээд шилжүүлэн ачиж, буулгаж байх явцад унагаж дотор нь байх шингэн асгарсан ба гадна талын арьсны хөнгөн цагаан металл нь гэмтсэн байсан. Би өөрөө цахилгааны хүн биш учраас энэ талаар сайн мэдэхгүй байна, гэхдээ миний тооцоолж байгаагаар чулууг хайлуулж гаргадаг үйлдлийг энэ трансформатороор л гаргадаг, тийм болохоор тэр хэмжээний хүчин чадалтай байх гэж бодож байна. Надад тийм, ийм гэж албан ёсоор мэдэх зүйл алга байна. Гомдолтой байна, алдсан зүйлээ олж хохирлоо барагдуулмаар байна. Надад нэхэмжлэлийн талаар хавтаст хэрэгт гаргаж өгөх баримт алга байна. Уг трансформаторын үнэлгээний байгууллагын тогтоосон үнийн дүн 12,800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/

 

 

           - Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 дүгээр эмнэлгийн зүрх судасны тасагт биеэ эмчлүүлэхээр хэвтсэн. Манай хашаанд хоёр хүү болох А, А нар гэрээ хараад үлдсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой нь манай хоёр хүү усанд ороод тэндээсээ ажил хичээлдээ явна гээд Буянт-Ухаад байх байрандаа хоносон байна лээ. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай бага хүү А нь хичээлээ тараад 14 цаг гэхэд гэртээ ирсэн байсан түүнээс хойш хоёр хоног гэртээ байсан ба 01 дүгээр сарын 12-ны өдөр манай дүүгийн хүүхэд хичээлээ тараад манай аж ахуйн хашаанд байх гэрт маань очиж хоносон байсан. Тэгээд манай хоёр хүү гадаа хашаандаа тоглоод явж байтал Д гэдэг манай хашааны баруун урд хэсэгт манаач хийдэг хүн согтуу явж байгаад танай хашаанд байдаг юм чинь алга болсон байна гэж хэлсэн байсан, манай тэр хүнээс юу юм болоо гэж асуусан чинь танай хашаанд байсан трансформатор алга болсон байна гэж хэлсэн байсан, тэгээд манай хүү үзээд над руу утсаар яриад ээжээ хашаанд байсан траснформатор алга байна ш дээ гэж надад хэлсэн, би тэгээд тэр өдөр эмнэлэгээс чөлөө аваад Шунхлайгийн төв дээр нь ирж камер шүүлгэхэд Шунхлайгийн СТ-С-25 салбарын урд замаар 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22 цаг 10 минутад крантай Майти маркийн ... гэсэн улсын дугаартай /арын серийн дугаар нь сайн тодорхой харагдахгүй байсан/ машин ачаад явж байгаа бичлэг буусан байсан. Тэр бичлэгийг хадгалчихаарай гэж захиралд нь хэлээд явсан ба 7 хоногийн дараа цагдаагийн бичгийн дагуу бичлэг авах гээд цагдаагийн ажилтантай ирсэн чинь устчихсан байсан. Мөн би тэр трансформатор алга болдог өдөр нь цагдаа руу ярьж дуудлага мэдээлэл өгч энэ хэргийн талаар шалгуулсан юм....” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/

 

           - Гэрч З.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хүмүүсээс Ц гэж хүнийг нь л танина, бусдыг нь танихгүй. Ц гэдэг залуу нь манай буусан аж ахуйн хашааны ард зам дээр нүүрс зардаг залуу байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 01 цагийн орчим гаднаас Ц манай гэрт орж ирээд хашаанд чинь юм буулгачихъя гэж хэлэхээр нь тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд өглөө нь аваад явчихна гэж байсан, би тухайн үед нь унтаж байсан болохоор гэрээсээ гараагүй өглөө нь боссон чинь манай хашааны цаад талын буланд нэг дөрвөлжин төмөр буулгасан байсан. Би хүүхдээ хүргэж өгөх гээд, мөн хүний захиалгын юм оёх санаатай гэрээсээ гарч яваад орой 19-20 цагийн орчим гэртээ ирсэн чинь тэр хэд байхгүй, нөгөө буулгасан юм нь ч байхгүй болсон байсан. Ц энэ асуудал болсоны дараа маргааш нь байхаа надад май үүнийг ав гэж хэлээд 30,000 төгрөг өгсөн юм.. .” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/

 

          - Гэрч Я.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн зам “...” ХХК-ийн аж ахуйн хашаанд 1999 оноос эхлэн манаач, сахиулаар ажиллаж байгаа юм. Манай хашаанаас ертөнцийн зүгээр зүүн талд байрлалтай байдаг “...” ХХК-ийн аж ахуйн хашаанд 2016 оны зунаас нэг авгай манаачаар буусан байсан, тэр хүн ерөөсөө гэртээ байдаггүй, гэрээс нь утаа гарч байгаа юм ерөөсөө харагдахгүй байсан, би цайзад байх ажлаасаа буугаад гэр рүүгээ ирж явсан чинь тэр хашаанаас нь трансформатор хулгайд алдагдсан газрын хавьцаа “...” ХХК-ийн үүдэнд жижиг машин, мөн наана нь крантай Майти машин зогсож байгаа харагдсан, би анзааралгүй гэртээ яваад орсон. Гэтэл маргааш нь тухайн хашаанаас трансформатор хулгайд алдагдаж гэнэ гээд цагдаагийнхан ирчихсэн тэр хавиар яваад байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/

 

         - Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирол үнэлгээний “...” ХХК-ны мэргэшсэн шинжээчийн дүгнэлт:

Уг үйлдвэрүүд нь үйлдвэрийн баталгаа 3 жил, ашиглах хугацаа 30 жилээр тогтоосон байна. Хэрвээ 1997 онд үйлдвэрлэсэн гэж үзвэл хэвийн ашиглалттай үед 2027 он хүртэл үйлдвэрийн ашиглалтын хугацаанд ашиглах боломжтой. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн ханш нь 1997 онд үйлдвэрлэсэн, 20 жил ашигласан гэж тооцоолоход тухай өдрөөр трансформаторын зах зээлийн үнэ 11.666.600 /арван нэгэн сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөг болно гэсэн хохирлын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 249-250 дугаар хуудас 2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Хувийн байдлын талаарх баримтууд:

- Д.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 141 х/

­- Б.Б-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 147 х/

- Э.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 154 х/

            - Б.Ц-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 130 х/

- Б.Ц-н урьд шүүхээр шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар  /1 дүгээр хх-ийн 133-135 х/

 

            Хохирлын баримтууд:

- Хохирогч Ж.С-н “... хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй ...” тухай хүсэлт /2 дугаар хх-ийн 25, 26, 79 х/

 

            Бусад:

- Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 32-35 х/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 209-210, 214, 222,  х/

            - Б.Б, Д.Б, Б.Ц нарын Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын бусад арга хэмжээ авах тогтоол /1 дүгээр хх-ийн 208, 213, 221, 228 х/ ,

Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 27 х/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлд нийцэж байгаа тул хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

 

            Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирол үнэлгээний “...” ХХК-ны мэргэшсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 249-250 дугаар хуудас 2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/-ээр хохирогчид 11,666,600 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нараас хохирогчид учруулсан хохирлын 11,666,600 төгрөгийг бүрэн төлсөн болох нь хохирогч Ж.С-н “... хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй ...” тухай хүсэлт /2 дугаар хх-ийн 25, 26, 79 х/-ээр нотлогдон тогтоогдож байгаа тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзсэн.

 

Бусад асуудлын талаар:

            Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлхүүр багажнуудыг устгахаар шийдвэрлэсэн.           

            Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Б.Б-н эзэмшлийн өргөгч кран бүхий тээврийн хэрэгслийг ашигласан боловч Б.Б нь уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдоогүй учраас прокуророос түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүгдэгч Д.Б, Б.Ц нар өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй, хохирлоо бүрэн төлсөн тул дээрх нэр бүхий хүмүүсийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод болон хохирлын төлбөрт тооцуулах үндэслэлгүй.

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 209-210, 214, 222,  х/, Б.Б, Д.Б, Б.Ц нарын Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын бусад арга хэмжээ авах тогтоол /1 дүгээр хх-ийн 208, 213, 221, 228 х/ зэргээр “...” маркийн ... УНЭ улсын дугаартай өргөгч кран бүхий Б.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг, “...” маркийн ... УБР улсын дугаартай Д.Б-н эзэмшлийн суудлын автомашиныг, “...” маркийн ... улсын дугаартай Д.Б-н эзэмшлийн суудлын автомашиныг, “...” маркийн ... УНБ улсын дугаартай Д.Б-н эзэмшлийн ачааны автомашиныг тус тус битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, энэ тухай Авто тээврийн үндэсний төвд мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

           

Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нар тус бүр 3 хоног баривчлагдсан тул  дээрх хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.С овогт Б-н Ц, Б овогт Д-н Б, Б овогт Б-н Б, Б овогт Э-н Э нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                                                                                                                   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар

          Б.Ц-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Д.Б-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Б.Б-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Э.Э-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарт тус бүрт нь оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарын тус бүр цагдан хоригдсон 3 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

5.Ялтан Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 11,666,600 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг түлхүүр, 1 ширхэг цэнхэр иштэй отвёрка, 1 ширхэг шар, хар өнгө хосолсон бариултай таслагч багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Б.Б-н эзэмшлийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай өргөгч кран бүхий тээврийн хэрэгслийг, Д.Б-н эзэмшлийн “...” маркийн ... УБР улсын дугаартай суудлын автомашиныг, Д.Б-н эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай суудлын автомашиныг, Д.Б-н эзэмшлийн “...” маркийн ... УНБ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай Авто тээврийн үндэсний төвд мэдэгдэхийг шүүгчийн туслах /Б.Нарантуяа/-д даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ц, Д.Б, Б.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ