Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 782

 

Э.С, А.У нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч О.Б,

шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Ж.Г,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Б, шүүгдэгч А.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.С, А.У нарт холбогдох 201726010695 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Э.С, 1996 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гопро” цаасны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эгч, дүү нарын хамт ............................ оршин суух, ял шийгэлгүй, /РД: ......................./;

Б овогт  А.У, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................................/,

Э.С, А.У нар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд иргэн О.Б-ын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Galaxy Note 4” загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг авч бусдад 193.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Э.С, А.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.С, А.У нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.С, А.У нарыг тус бүрийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.С, А.У нарын эдлэх 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Э.С, А.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, одоог хүртэл харамсаж байна. Би хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Би ажил хөдөлмөр хийж, ид бүтээж хөдөлмөрлөх насандаа энэ торны цаана сууж байгаадаа маш их харамсаж, өөртөө дүгнэлт хийж байна. Би эгч, дүү нарынхаа хамт амьдардаг бөгөөд ганцаараа ажил хийж, ахуй амьдралаа авч явдаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Сыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Э.С нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Гэм буруу дээр маргаагүй. Эд зүйлийн үнэлгээгээр “Samsung Note 4” загварын гар утсыг 160.000 төгрөгөөр, Иргэний үнэмлэхийг 26.000 төгрөгөөр, автобусны картыг 6500 төгрөгөөр үнэлж, түүн дээр бэлэн байсан 1010 төгрөг, нийт 193.510 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс хохирогч Бархасбаяр нь өөрийн “Samsung Note 4” загварын гар утсыг мөрдөн байцаалтын шатанд буцаан авсан байдаг. Э.С нь хохирогчид учирсан бодит хохирол болох 33.510 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн тогтоолд дурдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан бол тухайн зүйл заалтыг хэрэглэнэ гэсэн зүйлээр ойлгож хэрэглэх үндэслэл байхгүй байна. Э.С нь эгч, дүү нарын хамт амьдардаг бөгөөд хувийн цаасны компанид ажиллаж гэр бүлээ тэжээдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч А.У гаргасан давж заалдах гомдолдоо: “... Намайг бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх шинжтэйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би найз Э.Стай явж байх үедээ хүнтэй маргалдаж, дээрэм хийсэн гэж байх боловч ярьж төлөвлөж хийсэн зүйлгүй юм. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлын мөнгийг нөхөн төлөхөө амлаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад болон миний найз Э.Ст оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн хамт явж байсан Г-ыг гэрчээр асуулгуулахаар хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч, ахмад Б хүлээж аваагүйн улмаас миний эрх зүйн байдал маш ихээр дордож байна. Надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлчлүүлэгч А.Уын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэгт А.Уыг тухайн утсыг авч байхыг нь харсан учраас үйлдлээрээ нэгдсэн хэмээн үзэж, бүлэглэсэн гэдэг зарчимаар шүүх түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Гэтэл А.У анхан шатны шүүх хуралдаанд гар утсыг авахыг харсан гэх мэдүүлэг өгдөг. Гэхдээ дээрэмдэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн нь Э.С байдаг. Энд хамт явсан гэдгээр үйлдлээрээ бүлэглэсэн гэж үзсэн байна. Үүнд шүүхээс 3 жил 6 сарын хорих ялыг хоёуланд нь оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь холбогдуулж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. А.Ут оногдуулсан ялыг багасгах саналтай байна...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... А.У нь гэрчээр Г-ыг асуугаагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн давж заалдах гомдол гаргажээ. Г гэх хүн энэ дээрэмдэх гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд хохирогч болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Э.С шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөөч гэсэн гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулсан ба Э.С, А.У нарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Иймд ял шийтгэл тохирсон учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.С, А.У нар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд иргэн О.Бын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Galaxy Note 4” загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, автобусны карт зэргийг авч бусдад 193.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Бын “... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цаг өнгөрч байхад бүжгийн сургалтаа тараад гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн өргөн гудамжаар алхаж байхад миний өөдөөс 20 орчим насны болов уу гэмээр 3 залуу ирж байгаа харагдсан. Тухайн үед би тэдний хажуугаар гарах үед дээрх 3 залуугийн нэг нь буюу дээгүүрээ хар өнгийн, богино савхитай, 3 талыг нь хусуулаад босгосон богино үстэй, шулуун хөмсөгтэй, бордуу царайтай, дух нь бага зэрэг үрчийж харагдсан залуу нь хамт явсан хоёр хүнээсээ салж над дээр ирээд намайг шууд заамдаж аваад “чамайг тэр гэдэг үү” гээд нэг нэр асуусан. Гэхдээ би тухайн үед хэн гэснийг нь санахгүй байна. Тэгээд би түүнд “үгүй, намайг Бархас гэдэг” гэхэд тэр залуу “чи айлын хэд дэх хүүхэд вэ, найз охинтой юу” гэхээр нь би “найз охингүй, айлын ганц хүүхэд” гэж хэлсэн. Хар савхитай залуу өөр юм ярилгүйгээр шууд намайг заамдаж аваад, миний шүд рүү мөргөөд, үүдэн нэг шүдийг хугалчихсан ба үргэлжлүүлээд миний энгэрээс зуураад, гудамж руу чирж оруулаад, намайг хавсарч унагаагаад, миний нүүр лүү өвдөглөж, “утас чинь байна уу, утсаар чинь ганц ярьчихъя” гэхээр нь би түүнд “байхгүй” гэсэн. Гэтэл тэр залуу “чамд яахаараа утас байдаггүй юм, утас байхгүй хүн гэж байхгүй” гээд байхаар нь би “байж бай” гэж хэлээд өндийгөөд шууд зугтахад савхитай залуу “наадахаа бариад аваарай” гээд орилсон ба дээрх залуутай хамт явж байсан бэлтгэлийн хувцастай нэг залуу нь миний өөдөөс тосоод ирэхээр нь тэр залууг өвдөглөх гээд үсэрсэн чинь тэр залуу миний хөлнөөс барьж аваад, намайг газар унагахад би духаараа газар унаад, духаа гэмтээсэн. Би газар духаараа унахдаа манараад нэг хэсэг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л нэг нь миний нүүр лүү цохиод байх шиг байсан ба ямар ч байсан 3-4 удаа цохисон. Гэхдээ би нүүрээ дараад хэвтсэн байсан болохоор миний гар луу цохиод байсан. Энэ хооронд анх намайг мөргөсөн савхитай залуу ирээд миний халаасыг тэмтрээд халаасанд байсан утсыг “энэ чинь юу юм бэ” гэхээр нь би өөрөө өмдний зүүн халааснаасаа цагаан өнгийн “Samsung Note 4” загварын гар утсаа гаргаад савхитай залууд өгсөн. Тэгтэл тэр залуу дахин “түрийвч байна уу, мөнгө байна уу” гэхээр нь би өмднийхөө арын халаасанд байсан хар өнгийн арьсан түрийвчээ, парламент тамхины татаад дууссан хайрцагийн хамт гаргаад савхин куртиктэй залууд өгсөн. Намайг тэр залууд эд зүйлээ өгсний дараа өргөн гудамжны нөгөө захад байдаг дэлгүүрийн тэндээс 3-4 залуу “хөөе, яагаад байна аа” гээд орилоход миний хажууд байсан 2 залуу гудамж уруудаад зугтсан. Дээрх хоёр хүнтэй хамт явсан 3 дахь хүн нь яг яасныг би анзаараагүй. Тэр хүн нь намайг цохисон, зодсон зүйл байхгүй. Ингээд дэлгүүрийн тэндээс гүйж ирсэн 3-4 залуугийн нэг нь над дээр ирээд “зүгээр үү” гэсэн ба бусад нь намайг дээрэмдсэн хүмүүсийн араас гүйсэн. Би цагдаа дуудсан...” /хх-31-32/,

Гэрч Э.Э-ийн “... Э.С цагаан өнгийн “Samsung Note 4” загварын гар утас бариад байхаар нь би сонирхоод “энэ юун утас вэ” гэхэд “манай найзын утас байгаа  юм” гэхээр нь би “ганц өдөр барьж байгаад өгье” гэж аваад 2-3 өдөр барьсан. Гэтэл цагдаагаас яриад ирж уулз гээд тэр утсыг хурааж авсан. Би гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж огт мэдээгүй...” /хх-35/,

А.Уын сэжигтнээр өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед намайг гэртээ байж байтал манай 10 жилийн ангийн найз Э.С утсаар яриад “Хөтөл дээр хүрээд ир, уулзъя” гэхээр нь би гараад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр Э.Стай уулзсан. Э.С бид хоёр уулзаад юм ярьж суунгаа архи ууя гэж тохироод, Э.С дэлгүүрээс 0.5 литрийн, “Ерөөл” нэртэй архи 2 шилийг аваад уулан дээр гарч уухаар ярилцаад Баянхошууны Хөтөлийн өргөн гудамжаар өгсөж явтал, зүс мэдэх Г гэх бандитай таарсан. Г хүүхэд хүргэж өгчихөөд явж байна гэхээр нь би түүнд “хамт явъя, ганц юм ууя” гэхэд Г “би уухгүй, зүгээр хажууд чинь харж байя” гээд бидэнтэй хамт явсан ба бид уулан дээр гараад юм ярингаа Э.С бид хоёр авсан 2 шил архиа ууж дуусгасан. Гэхдээ Э.С надаас илүү уусан ба нилээн согтчихсон байсан. Ингээд бид уулнаас буухдаа би Г-тай юм яриад, Э.Саас түрүүлээд алхаж байхад бидэнтэй нэг өндөр, уртавтар үстэй банди зөрөх шиг болсон ба удаагүй бидэнтэй зөрсөн залуу ард “замаа хараач” гэсэн үү, “замаараа” гэсэн үү нэг зүйл хэлэхээр нь би эргээд харсан. Тэгэхэд Э.С тэр уртавтар үстэй залуутай зууралдсан зогсож харагдсан ба Э.С тэр залуугийн нүүр лүү 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэдэн рүү дөхөөд очиход нөгөө өндөр банди Э.Саас салаад миний өөдөөс ирээд намайг түлхээд, миний дээрээс дараад унахаар нь би түрүүлж босч ирээд тэр залууг хэвтэж байхад нь нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэр хооронд Э.С миний хажууд ирээд “утсаа өг” гэхэд тэр залуу цагаан өнгийн гар утсаа гаргаж түүнд өгч байгаа харагдсан. Тэгээд Э.С бид хоёр гудамж уруудаад явахад араас хүмүүс “хөөе” гээд орилоод хөөхөөр нь бид 2 зугтаад Э.Сын гэрт нь очиж хоносон...” /хх-57-58/,

Э.Сын сэжигтнээр өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би 10 жилийн найз А.Утай утсаар ярьж байгаад бид 2 20-21 цагийн үед Баянхошууны Хөтөлийн өргөн гудамжинд, автобусны буудлын хажууханд уулзсан. А.У бид хоёр уулзчихаад би 0.5 литрийн, 2 шил архи авч хамтдаа Хөтөлийн өргөн гудамжаар ертөнцийн зүгээр урагшаа уул руу өгсөхөд зүс мэдэх Г гэдэг хүүхэдтэй таарсан. Г бидэнтэй нийлээд бид 3 Хөтөлийн өргөн гудамжинд байдаг уулан дээр гарч авсан архиа уусан. Гэхдээ Г архинаас огт уугаагүй, зүгээр л А.У бид хоёртой юм яриад хамт байсан. Харин А.У бид хоёр авсан 2 шил архиа ууж дуусгасан. Би архиа ууж дуусгахад нилээн согтсон ба бид нар 23 цаг өнгөрч байхад буцаад тэр өргөн гудамжаараа уулнаас уруудаад явсан. Тэгэхэд А.У, Г 2 надаас түрүүлээд 30-40 орчим метр зайтай алхаж байсан ба би нилээн согтоод хөл дээрээ сайн тогтож чадахгүй араас нь алхаж явснаа санаж байна. Тэр үед өөдөөс нэг залуу /ямар ч байсан өндөр, үүргэвчтэй байсан, бусад зүйлийг нь санахгүй байна/ ирж байгаа харагдсан ба надтай зөрөхдөө шөргөөцөлдсөнөөс болоод би түүнтэй муудалцсан. Би нилээн согтсон болохоор яг юу гэж маргаснаа санахгүй байна. Эхлээд би түүнийг ямар ч байсан гараараа цохисон, гэхдээ хаашаа нь цохисноо мэдэхгүй байна. Тэгэхэд А.У биднийг харсан бололтой ирж харагдсан ба надтай муудалцсан залуу ч А.Уын өөдөөс гүйж очоод А.Утай давхарлалдаад унаж байгаа харагдсан. Би өөрөө нилээн согтсон болохоор тэдэн рүү дөхөж байснаа санаж байна. Тэрнээс цаашаа юу ч санахгүй байна. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө гэртээ сэрсэн. А.У ч гэсэн манайд ирээд унтчихсан байсан. Тэгээд босоод гарч тамхи татах гээд куртка өмсөхөд миний халаасанд цагаан өнгийн “Samsung Galaxy Note 4” загварын гар утас байсан ба А.Уаас “энэ юун утас билээ” гэхэд А.У надад “чи өчигдөр орой нэг бандитай муудалцаад байсан, тэрний утас юм биш үү” гэж хэлсэн. Тэр орой манай эгч Э тухайн утсыг харчихаад “юун утас юм бэ” гэхээр нь би “манай найзын утас” гээд хэлчихсэн чинь эгч тэр утсыг түр барьж байгаад өгье гээд авсан, одоо манай эгчид байгаа ...” /хх-60-61/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... О.Бын биед тархи доргилт, духанд зулгарал, шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4574 тоот шинжээчийн дүгнэлт /хх-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-21-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/, зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-24-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-81-82/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Э.С, А.У нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс Э.С, А.У нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдэнд тус бүр 3 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Б, шүүгдэгч А.У нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бын эрүүл мэндэд үүдэнд шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан ба одоогоор шүдний эмчилгээ хийгдээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байна.

Шүүгдэгч Э.Сын ар гэрээс хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлж, хохирогч О.Баас цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хорын талаар дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, Э.С, А.У нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.      

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Б, шүүгдэгч А.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.С, А.У нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Б, шүүгдэгч А.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН