Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2023/0033/з |
Дугаар | 119/ШШ2023/0036 |
Огноо | 2023-11-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 119/ШШ2023/0036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.О
Хариуцагч: ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э, Ж.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х нарын хоорондын
“Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч ТУБ Ж.Э, хариуцагч ТУБ Ж.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Г.Б ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э, Ж.Э нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. “Н” ХХК нь “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот Нөхөн ногдуулалтын актанд гомдол гаргасны дагуу Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар тогтоолоор “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Нэхэмжлэгч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Анхан шатны баримт болон санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн шийдвэрлэхдээ анхан шатны баримт, зардлын баримт болон бусад баримтыг баримт биш гэж үзэхдээ баримтыг дутуу шалгаснаас гадна бэлэн гүйлгээ хийсэн байна гэж буруутгасан нь үндэслэлгүй.” гэжээ.
5. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ...Манай компанийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн тайланг шалгаад Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар 294.376.140.96 төгрөгийн нөхөн татвар 74.812.842.28 төгрөгийн алданги, нийт 360.945.870.12 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр акт гаргасан байна.
Уг нөхөн төлүүлэхээр гаргасан актаас харахад нийт 526.818.181.82 төгрөгийн хий падаан бичүүлсэн нь хэд хэдэн хууль тогтоомжийн зохих заалтыг зөрчжээ гэжээ. Гэтэл тухайн падаануудыг хий падаан болохыг тогтоосон гэх баримтад нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол хасч тооцохгүй гэж заасныг мөн баримталсан талаар бичжээ. Энэ нь тухайн шалгагдсан баримтаар худалдан авалт огт хийгдээгүй атлаа хий падаан бичсэн гэж дүгнэсэн мэт байх боловч үүнийгээ худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх дүнг бууруулсан байна гэжээ. Гэтэл энэхүү баримтаар худалдан авалт хийсэн бөгөөд тухайн санхүүгийн анхан шатны баримтуудыг ямар үндэслэлээр хий падаан гэж үзэж, дүгнэлт хийж байгаагаа дүгнээгүй атлаа шууд хий падаан гэж үзэж, буруутгасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны баримт болон санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн шийдвэрлэхдээ анхан шатны баримт, зардлын баримт болон бусад баримтыг баримт биш гэж үзэхдээ баримтыг дутуу шалгаснаас гадна бэлэн гүйлгээ хийсэн байна гэж буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд “Н” ХХК-д холбогдох Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023.04.20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайланг шалгаад 294.376.140 төгрөг, нөхөн татвар 74.812.842 төгрөг, 360.945.870 төгрөг, 336.094.587 төгрөгийн татварууд ногдуулж нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Эхлээд тухайн падаанууд хий болохыг тогтоосон баримтуудтай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нятлан бодох бүртгэлийн бусад баримтыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр тусгаагүй. Хасаж тооцохгүй гэдэг үндэслэлийг баримталсан. Тухайн шалгагдаж байгаа баримтуудыг хий падаан бичсэн мэт үнэлэлт дүгнэлт гаргасан. Гэтэл бодит байдал дээр зарим худалдан авалт хийсэн бараа үйлчилгээг сайн нягталж үзэж дүгнэлт гаргаагүй. Худалдан авалт хийсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг ямар үндэслэлээр хий падаан гэж үзсэн үндэслэлээ актдаа дурдаагүй. Санхүүгийн анхан шатны баримтыг баримт биш гэж үзэхдээ дутуу буюу бэлэн гүйлгээ хийсэн баримтуудыг буруутгасан. Энэ талаар гомдолтой байсан учраас маргаан таслах зөвлөлд хандсан. Ж гэх хүнээс гарсан нэр бүхий шилжүүлгийг “Н” ХХК-тай хамааралгүй. “Э” ХХК-ийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс Эрүүгийн цагдаагийн газарт танилцуулга бичигдсэн гэсэн үндэслэлээр хий падааныг бичсэн мэт ийм тайлбарыг тухайн тогтоол буюу маргаан таслах комиссоос дүгнэсэн. Бусад аж ахуйн нэгж шалгагдаж байгаа гэх үндэслэлээр манай баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Санхүүгийн баримтаа дутуу үзүүлсэн гэх тайлбарыг тавьдаг. Холбогдох бүхий л тайлангаа өгсөн. Энэ хэрэгт хавсаргасан баримтуудыг эх баримт гэж хүлээж авахгүйгээр шийдсэн гэдэг гомдол байгаад байдаг. Тухайн байгууллагаас баримтуудыг гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр хий падаан мэт тайлбар бичиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. “Б” ХХК, “Д” ХХК, “А” ХХК, “Б” ХХК-ийн падааны асуудлыг тухайн үед үнэхээр шийдэж чадахгүй байдал үүссэн. Бид нарын хувьд ковидын жил гарсан. Тухайн худалдан авалт түүнтэй холбоотой асуудлыг газар дээр нь шийдэх асуудал гарч байсан. Энэ компаниуд падаан шивэлтээ хийгээгүй. Шивэхдээ хий падаан мэт он, сар, өдрийг өөр хугацаанд шивсэн баримтуудаас болж нотлох баримт байхгүй, нотолж чадахгүй хэмжээнд хүрсэн. “Э” ХХК-ийн хувьд цаг тухай бүрт ирүүлэхийг шаардсан. Худалдан авалтуудаа цаг тухай бүрт хийж байсан. Худалдан авалт хийж байсан холбогдох баримтуудыг харсан бол бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн байх магадлалтай. Бэлэн гүйлгээ хийсэн баримтуудаа баталгаажуулж өгсөн боловч эдгээрийг хамтад нь хий падаанд тооцсон. “Э” ХХК-тай холбогдуулж оруулж ирсэн энэ үнийн дүн бүхий хэсгийг хасаж шийдвэрлэн бусад хэсгийг хүлээж зөвшөөрсөн байдлаар бүхэлд нь уг актыг дүгнэж өгнө үү гэсэн саналтай байна. Алданги болон бусад торгуулийн асуудалд тооцооллын алдаагүй байна гэж Маргаан таслах комиссоос дүгнэлт гарч байсан. Гэвч хууль тогтоомж, алдагдлыг бууруулахыг хэрхэн тооцоолсон тухайн байгууллагын зүгээс хамааралтай алданги үүссэн үү, торгууль ногдуулах шаардлагатай юу. “Э” ХХК-д эрүүгийн цагдаагийн газарт байгаа хууль бус падаан бичсэн асуудал байгаа бол үүний үр дүнд хэн буруутай юм бэ гэдгийг харж харгалзах хэрэгтэй. Алдангийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн компанид шууд хамаатуулсан нь үндэслэл бүхий байж чадаагүй. Холбогдох баримтыг ирүүлэх асуудалд шууд буруутгасан байдлаар шийдвэр гаргасан гэж гомдож Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хяналт шалгалтыг явуулж байхдаа зохих эрх бүхий байгууллагын холбогдох ажилтнуудад мэдээ мэдээллийг хангалттай танилцуулсан уу гэдэг байдлыг шүүхээс хянаж, судалж үзээч гэж хүсэж байна. Хяналт шалгалтыг хэрхэн яаж хийсэн дээр Татварын байгууллага өнөөдөр бүрдүүлж байгаа баримт дээр ч гэсэн гарын үсгийн асуудал байгаа. Тухайн татварын байцаагч нарын зүгээс баримтыг бүрэн гаргаж өгөөгүй гомдол байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
7. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” ХХК-ийн эрсдэл нь 68 оноо байсан. Тиймээс иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Энэ нь дундаж гэдэг үзүүлэлтэд ордог. Хиймэл оюун ухаанаар энэ татварын системд байгаа бүх тайлагнал, өр зэргээс хамаарч эрсдэл тооцогдож байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд хий падаан гэж бичээд байгаа агуулга бүхий зардал нь ямар байх ёстойг хуульчилсан байдаг. Бэлэн мөнгийг гэж хийсэн учраас хий падаан гэж бичсэн. Бэлнээр өгөөд “Э” компаниас баримтыг шивсэн гээд байна. “Э” ХХК баримтыг шивсэний дагуу “Н” ХХК тайландаа тусгасан гэдэг нь аль ч талын тайлангаас харагддаг. Гол нь бодит уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хасчихаад байгаа хий бичсэн дүн бүхий падаанууд бодит худалдан авалт байхын тулд тухайн тайлант хугацаанд хамаарч байх, ногдох орлого нь үйл ажиллагаатай холбоотой шууд гарсан байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн орлого бодит худалдан авалт болсон бол тухай бүрт төлбөрийн баримтыг шивнэ гэж заасан. Энэ бүх нөхцөлийг хангасан байхыг хуульчилсан. Аж ахуйн нэгж тайлан гаргахаас өмнө нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартыг хангаж байж санхүүгийн үйл ажиллагааг авч явдаг. Зардал гэдэг бол худалдан авалт хийгээд бэлэн мөнгөөр хийгдсэн байвал нөгөө талуудтай гарын үсэг зуралцаад ямар нэг баримт материал авсан бол акт, гэрээгээр хүлээлцээд гэрээгээ дүгнээд кассаас бэлэн мөнгө гаргасан бол бэлэн мөнгө гаргасан хэсэгт кассын тайлан үйлдээд явдаг. Хяналт шалгалтын үед энэ бүх зүйлийг нотлох гэж баримтуудыг шаардсан боловч бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотлохоор баримтууд авч ирээгүй. 429.500 төгрөгийн гэрээг “Э” ХХК-тай 04 сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээг 02 сарын 01-ний өдрөөр байгуулсныг хэрэгт хавсаргасан. Энэ тэгэхээр хэзээд ч хамаагүй он сарыг нь өөрчлөөд мөнгөн дүн нь адилхан хий падааныхаа он сард нийцүүлээд хийгээд явах боломжтой юм шиг харагдаж байна. Энэ нь бодит биш гэдгийг нотлоод байна. “Э” ХХК-иас бусдыг бид нар хүлээн зөвшөөрч байгаа гэсэн. “Э” ХХК-ийн буруугаас болоод торгуулийг тооцох ёстой байсан юм уу гэж байна. Хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлийг тухайн үед тайлагнах ёстой байсан үүргээ биелүүлээгүй, тайлагнаагүй учраас хариуцлага тооцож торгууль оногдуулж байгаа. Татварын дүнгээ тавьчихаад торгууль юм уу зөрчлийг шийдвэрлэдэггүй. Сонсох ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж оролцсон. Энэ иргэн ярилцлагад гараар бичсэн тайлбар байгаа. Нөхөн ногдуулалтын актыг гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гараар бичсэн. Энэ нь хяналт шалгалтыг хийхэд компанийг болон төлөөлийг оролцуулаагүй гэдгийг үүгээр үгүйсгэж байна. Тухай бүрт нь баримт дутуу байгааг хэлж ирүүлэхийг утсаар, ярилцлага дээр ч хэлсэн. Тийм учраас татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт хууль журмын дагуу үндэслэл бүхий тооцооллын хувьд алдаагүй хийгдсэн. Хяналт шалгалтын үед холбогдох баримтыг ирүүлээгүй. Хяналт шалгалтын байцаагч татварын хяналт шалгалт хийгдэж байх үед дандаа өнгөрсөн цаг хугацааны баримтууд буюу тайлагнасан санхүүгийн баримт дээр хийж байгаа учраас холбогдох баримтуудаа ирүүлээч гэж удаа дараа шаардахад ирүүлээгүй учраас шалгалтыг хийж зөрчил илэрсний дагуу акт оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
8. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар байхгүй.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э, Ж.Э нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Анхан шатны баримт болон санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн шийдвэрлэхдээ анхан шатны баримт, зардлын баримт болон бусад баримтыг баримт биш гэж үзэхдээ баримтыг дутуу шалгаснаас гадна бэлэн гүйлгээ хийсэн байна гэж буруутгасан нь үндэслэлгүй.” гэж,
Хариуцагч “...Татварын Ерөнхий газраас гаргасан хий бичилттэй падаан тараасан, худалдан авсан татвар төлөгчийн жагсаалтад байгаа зэрэг нь нөхөн ногдуулалтын акт бичих үндэслэл болсон” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Татварын Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаартай тушаалын дагуу “татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023301223 дугаар томилолтоор ОА-ийн ТХ-ийн ТУБ нар “Н” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20230000032 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар нийт 2.797.243.636.4 төгрөгийн зөрчилд 249.376.140.96 төгрөгийн нөхөн татвар, 74.812.842.28 төгрөгийн торгууль, 36.756.886.88 төгрөгийн алданги, нийт 360.945.870.12 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд “Оролцогчийн эрх”, 26 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг явуулах”, 28 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг хийхгүй байх” гэж тус тус заасныг ТУБ нар зөрчсөн учраас “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргасан.
6. Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Татан буугдаж байгаа хуулийн этгээдийг энэ хуулийн дагуу эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд татварын хяналт шалгалтанд хамруулна.” гэж заасан ба нэхэмжлэгч “Н” ХХК татагдан буугдах хүсэлтээ татварын албанд гаргажээ.
7. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Татварын хяналт шалгалтыг эрсдэлд үндэслэх”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж зааснаар “Н” ХХК-ийн эрсдэлийн үнэлгээ 68 оноотой байсан тул эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулжээ.
8. ТУБ нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, ОА-ийн ТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023301223 дугаартай томилолтын үндсэн дээр хяналт шалгалтыг хийжээ.
9. Иймд ТУБ нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, гүйцэтгэсэн байна.
10. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар ТУБ нь нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь шийдвэр гаргах хэлбэр болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй.
11. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, татвар төлөгч “Н” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд гаргасан шийдвэрээ хүргүүлсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан.
12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах”, 15.1.4-д “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 15.1.7-д “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шаардах эрхийг нь хуулиар зохиуцуулжээ.
13. Татварын Ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтанд байлцах, нотолгоо, үндэслэл гаргах” гэж татвар төлөгчийн эрх, үүргийг тодорхойлсон ба “Н” ХХК-ийн захирал Г.Б татварын хяналт шалгалтанд биечлэн оролцож байсан нь татварын албаны хяналт шалгалтын байцаагч нартай 2 удаа хийсэн “ярилцлагын тэмдэглэл”, нэхэмжлэгч байгууллага нь татварын хяналт шалгалтанд оролцож байгаа учраас М.Ж-д байгууллагаа төлөөлөх итгэмжлэл олгосон нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23/12 дугаар итгэмжлэлээр тогтоогдож байна.
14. Тодруулбал нэхэмжлэгч байгууллага нь татан буугдах хүсэлтээ гаргасан, хуулийн дагуу хяналт шалгалт явагдахыг мэдсэн, байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон, захирал Г.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ТУБ нартаа биечлэн уулзаж ярилцсан, ба шаардах эрхийг нь хуулиар зохицуулсан байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг үндэслэлээр хариуцагч нарыг буруутгаж, нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь НА-20230000032 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар “А” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК, “Б” ХХК-иудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой маргахгүй, “Э” ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлэхгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж тайлбарласан.
16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “ “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “ Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заажээ.
17. “Н” ХХК нь 2021 онд “Э” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4103053017 дугаартай падаанаар 27.303.636.36 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4119618753 падааны дугаартай 25.772.727.27 төгрөгийн, 4119618754 падааны дугаартай 31.818.181.82 төгрөгийн, 4119618752 падааны дугаартай 33.318.181.82 төгрөгийн, 4119901601 падааны дугаартай 25.090.909.09 төгрөгийн, 4119901570 падааны дугаартай 28.636.363.64 төгрөгийн, 4119901369 падааны дугаартай 37.136.363.64 төгрөгийн
2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4129872955 падааны дугаартай 19,545,454.55 төгрөгийн, 4129871711 падааны дугаартай 25,454,545.45 төгрөгийн, 05 дугаар сарын 31-ний өдрийн 4132219856 падааны дугаартай 33.818,181.82 төгрөгийн, 4132219858 падааны дугаартай 38,181,818.18 төгрөгийн, 4132232430 падааны дугаартай 44,318,181.82 төгрөгийн, 4132219855 падааны дугаартай төгрөгийн, 4132219857 падааны дугаартай 45,818,181.82 төгрөгийн, 4132232431 падааны дугаартай 46,590,909.09 төгрөгийн, 07 дугаар сарын 31-ний өдрийн 4136510658 падааны дугаартай 44,045,454.55 төгрөгийн, 4136510661 падааны дугаартай 46,863,636.36 төгрөгийн
“А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4121874221 падааны дугаартай 35.545.454.55 төгрөгийн, 4121874222 падааны дугаартай 43.181.818.18 төгрөгийн 4121874223 падааны дугаартай 35.909.090.91 төгрөгийн, 4121874224 падааны дугаартай 21.727.272.73 төгрөгийн,
“Б” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4121652899 падааны дугаартай 33.818.181.82 төгрөгийн, 4121652900 падааны дугаартай 39.772.727.27 төгрөгийн, 4121652901 падааны дугаартай 24.545.454.55 төгрөгийн, 4121652902 падааны дугаартай 38.227.272.73 төгрөгийн, 4121860563 падааны дугаартай 29.727.272.73 төгрөгийн, 4121860564 падааны дугаартай 47.727.272.73 төгрөгийн, 4121860565 падааны дугаартай 58.454.545.45 төгрөгийн, 4121860566 падааны дугаартай 34.090.909.09 төгрөгийн
“Д” ХХК-ийн 4121098704 падааны дугаартай 71.527.272.73 төгрөгийн, 4121098705 падааны дугаартай 72.509.090.91 төгрөгийн, 4121098706 падааны дугаартай 75.963.636.36 төгрөгийн,
“Б” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4132232425 падааны дугаартай 18.909.090.91 төгрөгийн, 4132232429 падааны дугаартай 33.272.727.27 төгрөгийн, 4132232427 падааны дугаартай 36.500.000.00 төгрөгийн 4132232428 падааны дугаартай 47.681.818.18 төгрөгийн нийт 526.818.181.82 төгрөгөөр худалдан авалт хийсэн мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж татвар төлөх дүнг буруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
18. Тодруулбал нэхэмжлэгч компани нь нийт 526.818.181.82 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий падаан бичүүлэн авсан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Д” ХХК, “Б” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичүүлэн авсан гэдэгтэй маргахгүй гэсэн тайлбар, “Э” ХХК-иас “НӨАТ-ын хий бичилт” гэсэн /ХХ-96 хуудас/ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар татварын ерөнхий газрын программ Таблью системийн бусад цэс, и баримт цэс НӨАТ-ын хий бичилт цэснээс гарган авсан баримтаар нотлогдож байна.
19. Мөн “Н” ХХК нь 2021 он, 2022 онуудад дээрхи хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж татвар ногдох орлогоо бууруулсан учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж зааснаар орлогыг олсон үед, зарлагыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх үүрэгтэй.
20. Гэтэл татвар төлөгч “Н” ХХК нь худалдан авалт хийж зардал гараагүй байхад гарсан гэж орлогоо бууруулж татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.
21. Энэ нь татварын хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд татвар төлөгчийн татварын ногдлоо үнэн зөв тодорхойлж төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд татварын нөхөн ногдуулалт хийх, зөрчилд торгууль, алданги тооцох нь зүйн хэрэг, “хууль ёсны” бөгөөд “гарцаагүй” шаардлага юм.
22. Иймээс ТУБ нар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг буруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно. ...” 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж заасны дагуу “Н” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Э, Ж.Э нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА