Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 54

 

*******гийн нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00140/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                            Оролцогчид                             

                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзулыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн  457 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2003 оны 08 дугаар сард *******тэй танилцаж 2006 оны 08 дугаар сард гэр бүл болсон. 2006 оны 12 дугаар сард *******, 2013 оны 03 дугаар сард ******* гэх 2 хүүтэй болсон. 2016 оноос ******* нь Улаанбаатар хотод ажиллахаар яваад гэр бүлийн маргаан зөрчил гарч эхэлсэн. 2018 он хүртэл хэрүүл маргаантай явж байгаад 2018 оны 02 дугаар сараас ямар ч холбоогүй, 2 хүүтэйгээ ярихгүй болсон. Би 2 хүүхдээ өөрөө асран хамгаалж тэжээж явж байгаа. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй. хүнтэй суусан. Одоо хүүхэд нь төрөх гэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******, ******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие *******тай 2006 оны 8 сарын 03-ны өдөр батлуулж, 2006 оны 08 сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр албан ёсны гэр бүл болцгоосон билээ. Бид хоёрын дундаас 2 сайхан хүү төрж эрүүл саруул энх тунх өсөн торниж байгаа. Миний бие *******тай гэр бүл болоход оюутан байсан 2008 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцад монтёроор ажилд орсон. Тэр цаг үеэс эхнэр 2 хүүгээ хүний дайтай юугаар ч дутахгүй эрх танхи өсгөсөн, хүний урамд эхнэртээ уурлаж уцаарлаж ч үзээгүй, би архи тамхи хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршил байхгүй билээ. Хурим хийх үед миний аав ээж бид хоёрт хашаа байшин худалдан авч өгсөн, айлын дайтай айл болж тусдаа сайн сайхан амьдарч юугаар ч дутахгүй амьдралтай байсан. Энэ хугацаанд амьдрахын эрхэнд Улаанбаатар хот явж зах дээр жимсний лангуу ажиллуулж байгаад дараа нь гэртэйгээ ойрхон гэж Сэлэнгэ аймгийн олон улсын зах дээр лангуу ажиллуулж явлаа. Би өөр хүнтэй гэр бүл болоод эхнэр хүүхдээ орхисон биш тэр л гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудлыг байнга гаргаж олон удаа уучилж байсан боловч ингээд байж болдог юм гэсэн буруу бодлыг тээж хань ижил үр хүүхдээ доромжилж байгаа тул цаашид *******тай амьдрах хүсэлгүй гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Харин өөрийн 2 хүүгээ би өөртөө авч үлдэнэ. Миний 2 хүүхэд нэг нь 14 нас, нөгөө 6 нас хүрч байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож өөр дээрээ авах бодолтой байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө төвийн хүмүүс ирж надтай уулзаж ажиллагаа явуулсан. Харин хүүхдийн төлөө төвийнхний гаргасан дүгнэлтийг би буруу гэж бодож байна. Хүүхдүүдээ энэ хүн дээр байлгана гэвэл өөрийн гэсэн гэр орон байхгүй. Надад бол гэр орон, бүх юм байна. Өнгөрсөн хугацаанд бүтээнэ, болгоно гэж амьдралаа зохицуулсан тул би 2 хүүхдээ өөр дээрээ авч элэг бүтэн амьдармаар байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаартай шийдвэрээр:

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг эх *******гийн асрамжид үлдээж,

- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

- Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдан,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч өргөдөл гаргаж байна. 2019-09-05 өдрийн 155 тоот хүүхдийн төлөө төвөөс гаргасан дүгнэлтийг үл зөвшөөрч байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн ажилтан Ц.Отгонтуяа нь намайг дуудаж чамд ийм өргөдөл ирсэн гэж хэлээд хүүхдээ ээж аавын хэнд нь байлгах вэ? гэдэг судалгаа авна гэсэн. /энэ судалгааг хийх 2-3 хүний бүрэлдэхүүн заавал байх ёстой гэсэн боловч/ зөвхөн өөрөө л баахан юм бөглүүлсэн. Мөн чамтай сэтгэл зүйч уулзах ёстой гэсэн боловч тийм хүн ирээгүй. Мөн чиний амьдарч байгаа газарт очиж үзнэ гэсэн боловч Ц.Отгонтуяа нь ирж ав, эсвэл унааны мөнгийг нь явуул үгүй бол шүүгчтэй чинь ярина гэх зэргээр 2-3 удаа залгасан. Тэгээд Алтанбулаг суманд манайд хөмсгөө зангидсан ууртай хүн нэг хүний хамт ирээд миний дотор засал хийж байсан байшингийн зургийг авчихаад надаас нэр ус, регистр зэрэг асууж нэг анкет дутуу бөглүүлсэн байна гээд за гэсэн гарын үсэг зур гэсэн. Энэ дүгнэлт гаргасан Г.Болорцэцэг гэдэг хүнийг би огт танихгүй харж байгаагүй. Би Ц.Отгонтуяад байшин минь 7 хоногийн дараа гэхэд ашиглалтанд орно. Нэг талдаа дэлгүүр нээнэ гэж хэлсээр байхад хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй гэж дүгнэлт гаргасан байна. *******гийн орчин тав тухтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэвч тэр авсан зураг нь хүргэн Билэгтийн гэр. Билэгт нь Солонгос улсад ажиллаж байх хооронд тэнд түр амьдарч байгаа. Солонгосоос ирэхээр нь хаачих нь тодорхойгүй. Одоогоор гэр орон байхгүй. Иймд ХГБЗХГ-аас өөр хариуцлагатай, ёс зүйтэй ажилтнаар дахин дүгнэлт гаргуулмаар байна. Жич: Ц.Отгонтуяа нь манай гэрт ирж зураг авч, байх явцдаа пизда гэх хараалын үг хэлсэн. Хүсэлт Шүүх хуралдаанд 2 хүүхдээ оруулж, өөрийн асрамжинд авмаар байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: *******, ******* нар нь  2006 онд гэр бүлж болж, тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нар төрсөн байна.  Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэний улмаас тодорхой хугацаагаар тус тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон, гэрлэгчидийн хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг үндэслэн шүүх гэрлэгчидийн гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар  цуцласан байна.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь өөрийн асрамжид авна гэж маргасан  ба  зохигчдын хүсэлтээр  шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, шинжээч нарын дүгнэлт,  хүүхдийн эцэг эхдээ ээнэгшсэн байдал,  гэрлэгчид тодорхой хугацаагаар тусдаа байх хугацаанд хүүхдүүд ээжтэйгээ хамт байсан зэрэг байдлыг харгалзан  хүүхдүүдийг эх *******гийн асрамжид үлдээхээр  шүүх шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй  байна. 

Хариуцагч нь  хүүхдүүдээ өөрийн асрамжид авах бүрэн бололцоотой гэж тайлбарлаж байгаа боловч хүүхдүүдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй,  хүүхдүүдийн асрамжийг эх *******д  үлдээж шийдвэрлэсэн нь  хүүхдүүдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй байна гэж  үзлээ. 

           

Иймд  хариуцагчийн  шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан,  шүүхээс  томилсон шинжээчийн дүгнэлт  үндэслэлгүй, хүүхдийн амьдрах нөхцөл бололцоо болон хэрэгт авагдсэн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн  гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019   оны   10   дугаар   сарын  15-ны өдрийн 457 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН