Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК /РД:/

Хариуцагч: Бсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарт холбогдох нөхөн ногдуулалтын актын Нийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Бсийн улсын байцаагч А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. М ХХК нь тус шүүхэд хандан Б*******сийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын Нийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч М ХХК нь гадаад худалдаа, цайны газар, автомашины засвар үйлчилгээ, барилгын засвар чимэглэл, хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Б*******эстэй харилцаж ирсэн.[1]

2.2. Б*******сээс М ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2622802182 тоот томилолт[2], хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалт хийсэн.

2.3. Татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгчид холбогдуулан үндсэн 13 заалт бүхий зөрчил гаргасан гэж үзээд нөхөн ногдуулалтын акт тавьжээ.[3]

2.4. Хариуцагч татварын улсын байцаагч нар маргаж буй нөхөн ногдуулалтын актыг тавихдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3 дахь заалтыг удирдлага болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.1, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг үндэслэн нийт 2,905,178,671.7 төгрөгийн зөрчилд хамаарах 82 515 236.7 төгрөгийн нөхөн татвар, 71 795 136.65 төгрөгийн торгууль, 79 303 105.99 төгрөгийн алданги, нийт 233 613 479.34 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор[4] НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын 233 613 479.34 төгрөгийн төлбөрөөс татварын тайлангаар ногдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 205 415 629.62 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13 659 292.27 төгрөгийн торгууль, 17 330 420.31 төгрөгийн алданги, нийт 30 989 712.57 төгрөгийн төлбөрийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлж, 163 636 363.64 төгрөгийн зөрчилд ногдуулсан 6 818 181.86 төгрөгийн нөхөн татвар, 2 045 454.56 төгрөгийн торгууль, 1 363 636.37 төгрөгийн алданги, нийт 10 227 272.80 төгрөгийг бууруулан 2 549 483 629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75 697 054.84 төгрөгийн нөхөн татвар, 56 090 389.82 төгрөгийн торгууль, 60 609 049.31 төгрөгийн алданги, нийт 192 396 493.96 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... 2018 онд 12,476,727.29 төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан гэсэн зөрчил байгаа. Энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. "М" ХХК 2016 оны 05 дугаар сард Т******* гэдэг компанид 33,316,363.64 төгрөгийн хайрга нийлүүлсэн байдаг. Үүнийг 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрсөн буюу татвараа тайлагнаж байна. Т******* ХХК-аас төлбөрийг цувуулсан байдлаар төлбөрөө авсан асуудал байгаа. 2016 ондоо тодорхой хэсгийг нь аваад 2017, 2018 онд гэдэг байдлаар явсан. Үлдэгдэл 12,476,727.29 төгрөгийг 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг нь үлдэгдэл төлбөр дээр нь шивж өгсөн л асуудал ... 2018 онд 543,649,191.35 төгрөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 556,125,918.64 төгрөгийг тайлагнасан. Яг энэ зөрүүний асуудал үүсэж байгаа юм. Энэ нь татвараа нуусан асуудал байхгүй өмнө тайлагнасан байсан асуудлыг и-баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2018 онд шивсэн асуудал байна ... 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийн батлагдсан зорилго нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Монголд гэлтгүй дэлхий нийтэд эдийн засгийн маш том хүндрэлүүд бий болсон. Энэ хуулийн 2 дугаар зүйлд ийм заалт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбумаас бага байсан төрийн болон орон нутгийн өмч, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлого, мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй гэж заасан. Гэтэл "М" ХХК-ийн 2019 оны татвар ногдох орлогын нийт дүн 600 сая орчим төгрөг байгаа. 1,5 тэрбумд хүрээгүй. Ийм учраас энэ хуулийн 2-т заасан болзлыг хангаж байгаа ... "М" ХХК-ийн хувьд тухайн 2019 онд ү******* дугаартай үл хөдлөх нь эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу Е.А гэдэг хүнд шилжүүлсэн. Үүнийхээ 2%-ийн татвар болгох 1,944,540 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн байдаг. Мөн Маргаан таслах зөвлөл энэ хэргийг магадлахдаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 16 дугаар хуудасны 9 гэсэн дугаарлалттай 2 дугаар догол мөрөнд журналын бичилтээр 05 дугаар сарын 28-нд Е.Ат зарсан байрны 2% татварт 1,944,950 төгрөг гэж бичсэн байсныг дурдсан ... Сая дурдсан үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа 88,388,181.82 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэж акт тавьж зөрчил гэж үзсэн байгаа юм. Тухайн орон сууц улсын бүртгэлийн дугаартай, нэхэмжлэгч талын зүгээс хүсэлт гаргаад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс тухайн үл хөдлөх хөрөнгийн архивын лавлагаанууд нь ирсэн байгаа. Архивын лавлагаанаас харвал энэ үл хөдлөх хөрөнгийн зориулалт нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Түүний 13.1.7 орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн зохицуулалттай. Гэтэл энэ дугаар бүхий орон сууц маань орон сууцны зориулалттай. Мөн дээрээс нь энэ үл хөдлөх хөрөнгийг тухайн орон сууцыг барьсан Э******* гэж компаниас "М" ХХК гэрээний дагуу худалдаж эрх шилжүүлж аваад түүний дараа Е.А гэж хүнд зарсан асуудал. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө маань үндсэндээ сүүлийн өмчлөгч дээр 2 дамжаад ирчихсэн үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл хариуцагч нарын зүгээс зөрчил гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.4 гэдэг заалтыг баримталсан нь үндэслэлгүй ... Үүнтэй холбоотой харилцааг 13.11-д нь үүнтэй холбоотой харилцааг Сангийн сайд тушаал гаргаж, журмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Энэ журам нь 2023 онд шинэчлэгдсэн. Маргаан бүхий зөрчилтэй холбоотой үед нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгогддог хүмүүнлэг болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааны журам гэдгээр зохицуулагдаж байгаа. Энэ асуудлыг хуулиас гадна илүү нарийвчилсан журам нь энэ журам байдаг. Энэ журмын дагуу яах ёстой вэ гэвэл энэ журмын 5.2.1 гэдэг заалт. Энэ заалт дээр татварын алба нь энэ журмын 4.2-т заасан албан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн төсөл хэрэгжүүлэгч бүрээр төсөл хэрэгжилтийн хүрээнд худалдан авахаар төлөвлөж буй жагсаалтад заасан бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүн, бэлтгэн нийлүүлэгч зэрэг мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлэгч бүрээр албан татвараас чөлөөлөгдөх эрхийг нээж өгнө гэж заасан байдаг ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагч нарын зүгээс ... энэ компанид 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал татварын хяналт шалгалтыг 2622802182 гэсэн тоот томилолтоор татварын улсын байцаагч Г.Э, А.Б нар хийж гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд энэ компанид нийт 13 зөрчил илэрсэн. 13 зөрчилд 82 сая төгрөгийн нөхөн татвар, 71 сая төгрөгийн торгууль, 79 сая төгрөгийн алданги нийт, 233 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Татвар төлөгчийн зүгээс дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын дагуу Маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны тогтоолоор саяны хэлсэн, гомдоод байгаа бүх маргаан үйл баримтад нэг бүрчлэн нягтлан шалгалт, тайлбар хийж, судалсны үндсэн дээр зөвхөн ковидын үеийн хугацааны хүү торгууль, алданги гэснийг чөлөөлөөд 192 сая төгрөг болон 233 сая төгрөгийн актаас 192 сая төгрөг болгон бууруулсан. Эднийхээр саяны хэлж байгаа зөрчил болгонд нь хариу тайлбарыг хэлээд явъя. Нэгдүгээр зөрчил, 2018 онд 12 сая төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан гэж нэхэмжлэгчээс сая хэлсэн. Нэгдүгээр зөрчилд нь ийм тайлбартай байна. 2016 оны ТТ-02 буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт борлуулалтын орлогоо 955,608,916 төгрөг 71 мөнгө гэж борлуулалтын орлого, ТТ-03 буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа 394,537,136.37 төгрөгийг борлуулалтын орлого гэж тайлагнасан. Энэ нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу тайлагнаж байсан шалтгаан нь 2016 онд зөвхөн татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй болохоор 2016 оны асуудлыг татварын байцаагч нар авч хэлэлцээгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 31-ний 90,570,000 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж үзсэн. Дутуу тайлагнасан болохоор нь хариуцлага хүлээлгэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар албан татвар төлөгчийн үйл ажиллагаанд дараах орлогын албан татварыг ногдуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм ... Нэхэмжлэгч байгууллага маань 2019 онд 4 сая төгрөг төлсөн гэж байгаа боловч татварын албанд ирүүлсэн журналын бичилтээр 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн М*******т 520,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар хорооны хашаа хайлш авч өгсөн 5 сая төгрөг, 04 дүгээр сарын 12-нд уулын ажлын тайлан хоцроосны торгуульд 500,000 төгрөг, 05 дугаар сарын 28-ны өдөр Е.Ат зарсан байрны 2% хувь буюу 1,940,540 төгрөг, 08 дугаар сарын 23-нд нь М*******т торгууль төлсөн 300,000, 09 дүгээр сарын 11-ний өдөр нь М*******т торгууль төлсөн 300,000, 12 дугаар сарын 31-ний өдөр акт торгуулийн төлбөр 4,000,000 гээд нийт энэ бүх төлбөрийг татварт ногдох орлогоос хасагдахгүй зардалд эдгээрийг тусгасан нь зардлыг буруу бүртгэсэн гэж үзэж ногдуулсан. 3 дахь асуудал нь 2019 онд 97,227,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн аж ахуй нэгжийн борлуулалтын орлогод бүртгээгүй. Энэ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн 2% борлуулсныг төлөөгүй гэж үзсэн. Энэ үндэслэл нь ү******* гэсэн үл хөдлөх гэрчилгээний дугаартай тухайн орон сууцыг худалдсан боловч 2%-ийн татвар буюу 1,944,540 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр хөрөнгөд бүртгэж, тусгайлсан хувь хэмжээн дээр тусгаж өгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгах ёстой байсан боловч хувь хүний орлогын албан татвараар 2019 оны 05 дугаар сарын 29-нд төлсөн ... 2019 онд шилжигдсэн ү******* дугаартай байрыг нэхэмжлэгч тал маань нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байсан гэж үзэж байгаа. Гэтэл энэ байр маань тус компанийн явуулдаг үйл ажиллагаатай холбоотой төлбөрт орж ирсэн. Энэ компани маань үндсэн хөрөнгө дээрээ бүртгэж аваагүй. Аж ахуй нэгжийн борлуулалтын орлого дээр тайлагнаагүй. Ийм болохоор үүнийг нэхэмжлэгч талын 13.1.7 гэдэг үндэслэлээр хасах үндэслэл болохгүй. Дараагийнх нь нэхэмжлэгч 60,184,272 төгрөг 73 мөнгө нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр чөлөөлөгдөх борлуулалтын орлого нь тусгаж өгсөн. Энэ маань тухайн хүмүүнлэгийн туслалцаа, гадаадын хөрөнгө оруулалт буцалтгүй тусламж, зээл тусламжаар үзүүлж байгаа төсөл хөтөлбөр байна. Тэр болгон дээр Монгол Улсын Сангийн сайд, ерөнхий гүйцэтгэгч байгууллага, туслан гүйцэтгэгч байгууллага, дээрээс нь туслан гүйцэтгэгч дотроо тухайн үйл ажиллагаатай холбоотой цемент, шохой гэдэг ч юм уу материалын тоо ширхэг, хэмжээг нь хүртэл нарийвчлан зааж өгч өөрөө баталж, түүнийхээ дагуу журам баталж тэрийгээ хэрэгжүүлж тухайн газруудын бүх нэрсийг нь жагсаагдаж авч байдаг. Гэтэл энэ газар маань ерөнхий гүйцэтгэгчийн доор туслан гүйцэтгэгчээр тухайн үеийн Сангийн сайдын жагсаалтад ороогүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байцаагч нарын өгсөн ХШ-08 байгаа. Үүн дээр 2018-2021 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын суутган, 2018-2021 оны нэгдсэн өртгийн албан татварын тайлан, энэ дээр 2020 оны 02 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл ковидтой холбоотой алданги, торгууль тооцохгүй гэсэн хувилбарыг бариад, 07 дугаар сарын 01 гэсэн байхад нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр 5, 6 сар дээр нь алданги, торгууль тооцчихсон байгаа. Энэ дээр бас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого дээр 1, 2 сар дээр нь тооцсон. Ийм алдаанууд гарсан гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт 2020, 2021 оны тайлантай холбоотойгоор 60 сая төгрөгийг манайх тэг дүнтэй шивж өгсөн ч гэсэн борлуулалтын орлоготой тусгачихсан байгаа. Энийг нэг бүрчлэн хараагүй, манай 2020 оны борлуулалтын орлого тэрбум 150 байсныг тэрбум 200 болгосныг нягтлаагүй. Үүн дээр гомдолтой байна. 2021 оных дээр гэхэд бас үүнтэй адилхан 2016 онд 60 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар хойшилсон нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг гэсэн дансанд бүртгээд 2016 ондоо бид нар борлуулалтын орлого дээр бүртгэчихсэн. 820 саяар бид нар тайлангаа борлуулалтын орлогоо илгээчихсэн. Тэгэхэд 580 сая гээд нэмээд тавьчихсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн энийг бас нягталж үзэх хэрэгтэй байгаа. Гуравдугаарт саяны гарсан оронгийн алдаа. Үүнийг би өөрөө нягтлан бодогч хүнийхээ зүгээс нягтлан бодогчид нэг оронгын алдаа гарч ирнэ гэдэг бол тухайн байгууллагад асар том зөрчил гарч ирж байгаа юм. Тэгэхэд байцаагч нар бүхэл бүтэн нэг орон алдаад гаргаад ирсэн. Бусад дүн 2018-2021 оны бүх сарууд тайлантайгаа яг таарч байгаа. Программаас татаад гараад ирсэн дүнтэйгээ нэмэгдсэн өртгийн албан татвар дээр. Тэгэхэд нэгхэн сарынх дээр 1,113,000 мянган төгрөгийг 113,000 гэсэн. 800 мянган төгрөгийн зөрүү ярьж байгаа ч гэсэн сар сараараа алданги, торгууль нь нийлбэр дүнгээрээ 0,1 хувь, 0,45, 0,44 гээд он оныхоо итгэлцүүрээр гарч ирэхээр асар их зөрүү гарч ирж байгаа юм. Энэ дээр 4, 5 сая төгрөгийн зөрүү гарч ирж байгаа. Бид нар 233 саяыг 192 сая болгосон. 192 саяыг бид нар бууруулах гэж л орж ирсэн. Тэгэхэд ганцхан оронгоос болж 4 сая төгрөгийн алдаа гарч ирж байгаа дээр маш их гомдолтой байна. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага Бсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч "М" ХХК үйл ажиллагааны чиглэлийн хувьд хайрга олборлолтын чиглэлээр үнсэн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Бэстэй харьцдаг. Бсийн хяналт шалгалтын байцаагч нар нэхэмжлэгч "М" ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж дээрх захиргааны актыг гаргасан. Нийт дүнгээрээ 82,515,236.7 төгрөгийн нөхөн татвар, 71,795,136.65 төгрөгийн торгууль, 79,303,105.99 төгрөгийн алданги, нийт 233,613,479.34 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч талын зүгээс эс хүлээн зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор зарим хэсгийг нь бууруулж шийдвэрлэсэн. Үлдсэн хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй таарч байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн хувьд актын 1 дүгээр зөрчил байгаа. Энэ нь 2018 онд 12,476,727.29 төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан гэсэн зөрчил байгаа. Энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. "М" ХХК 2016 оны 05 дугаар сард Т******* гэдэг компанид 33,316,363.64 төгрөгийн хайрга нийлүүлсэн байдаг. Үүнийг 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрсөн буюу татвараа тайлагнаж байна. Т******* ХХК-аас төлбөрийг цувуулсан байдлаар төлбөрөө авсан асуудал байгаа. 2016 ондоо тодорхой хэсгийг нь аваад 2017, 2018 онд гэдэг байдлаар явсан. Үлдэгдэл 12,476,727.29 төгрөгийг 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг нь үлдэгдэл төлбөр дээр нь шивж өгсөн л асуудал. Энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хоёр нь яг энэ дүнгээр зөрчсөн учраас татварын байцаагч нарын хувьд үзэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр илүү тайлагнасан байгаа учраас танайх энэ 12 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогоо нуусан байна. Тийм учраас энийг зөрчил гэж үзнэ гэдэг байдлаар акт тавьсан. Гэтэл бодит байдал дээр энэ нь 2016 оны 2 дугаар улирлын тайлан дээр энэ мөнгөн дүн нь тайлагнагдаад, татварын асуудал нь төлөгдчихсөн байгаа. 1 татварыг 2 удаа ногдуулахгүй гэдэг олон улсын татварын эрх зүйн зарчим, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн зарчим байгаатай зөрчилдөж байна гэж үзэж байна. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 5 дугаар хуудасны 4 дүгээр догол мөр дээр энэ асуудлыг тодорхой хэмжээгээр дүгнэсэн. Сая миний хэлдгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2018 онд 543,649,191.35 төгрөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 556,125,918.64 төгрөгийг тайлагнасан. Яг энэ зөрүүний асуудал үүсэж байгаа юм. Энэ нь татвараа нуусан асуудал байхгүй өмнө тайлагнасан байсан асуудлыг и-баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2018 онд шивсэн асуудал байна. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нотлох баримт шинжлэн судлахад судлуулна. Актын 2 дугаар зөрчил дээр байгаа. Энэ нь 2019 онд 12,564,540 төгрөгийн албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж үзэж байгаа. Компанийн зүгээс 2019 онд 4 сая төгрөгийн торгууль төлсөн. Үүнээс өөрөөр торгууль зөрчсөн асуудал байхгүй. Бусад нь татварын орлогоос хасагдах зардлууд байсан гэж гомдлыг гаргасан. Нөхөн ногдуулалтын актын 3 дугаар зөрчил нь 2019 онд 97,227,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан гэж үзсэн. "М" ХХК-ийн хувьд тухайн 2019 онд ү******* дугаартай үл хөдлөх нь эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу Е.А гэдэг хүнд шилжүүлсэн. Үүнийхээ 2%-ийн татвар болгох 1,944,540 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн байдаг. Мөн Маргаан таслах зөвлөл энэ хэргийг магадлахдаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 16 дугаар хуудасны 9 гэсэн дугаарлалттай 2 дугаар догол мөрөнд журналын бичилтээр 05 дугаар сарын 28-нд Е.Ат зарсан байрны 2% татварт 1,944,950 төгрөг гэж бичсэн байсныг дурдсан. Журнал дээрээ энэ үнээ төлсөн байна гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт дээрээ байгаа юм. Шүүгч энэ дүнг нь анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Татвар гэдэг өөрөө маш олон бутархай тоотой, тэгш тоотой, маш олон байдлаар төлдөг асуудал байгаа. Жишээ нь, 5 сая төгрөг ч юм уу, 3 сая төгрөг ч юм уу татвар төлөгчийн зүгээс төлдөг асуудал. Гэхдээ энэ 1,944,950 гэдэг дүнгээр төлж байна нь 97,227,000 төгрөгийн 2% нь яг энэ 1,944,950 төгрөг болж байгаа. Яг энэ дүнгээр нь татварын албаны дансанд тушаасан нөхцөл байдал байгаа. Энийг хариуцагч нарын зүгээс төлөөгүй байна гэдэг асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Актын 4 дүгээр зөрчил нь сая дурдсан үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа 88,388,181.82 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэж акт тавьж зөрчил гэж үзсэн байгаа юм. Тухайн орон сууц улсын бүртгэлийн дугаартай, нэхэмжлэгч талын зүгээс хүсэлт гаргаад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс тухайн үл хөдлөх хөрөнгийн архивын лавлагаанууд нь ирсэн байгаа. Архивын лавлагаанаас харвал энэ үл хөдлөх хөрөнгийн зориулалт нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Түүний 13.1.7 орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн зохицуулалттай. Гэтэл энэ дугаар бүхий орон сууц маань орон сууцны зориулалттай. Мөн дээрээс нь энэ үл хөдлөх хөрөнгийг тухайн орон сууцыг барьсан Э******* гэж компаниас "М" ХХК гэрээний дагуу худалдаж эрх шилжүүлж аваад түүний дараа Е.А гэж хүнд зарсан асуудал. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө маань үндсэндээ сүүлийн өмчлөгч дээр 2 дамжаад ирчихсэн үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл хариуцагч нарын зүгээс зөрчил гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.4 гэдэг заалтыг баримталсан. Тэр заалт нь худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй гэсэн хуулийн заалтыг бариад байгаа юм. Энэ хуулийн заалтыг үг үсгээр нь шууд тайлбарлах юм бол худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууц гэсэн. Гэтэл "М" ХХК маань өөрөө барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани биш. Хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анхны худалдан борлуулж байгаа компани, хуулийн этгээд юу вэ гэвэл Э******* гэж компани байгаад байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.4 гэдэг заалт дээр хоёрдмол утга санаа байхгүй. 2 дугаарт энэ бол зөвхөн шинээр барьсан орон сууцыг барилгын компани иргэд буюу хуулийн этгээдэд борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй шүү буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг олгоно шүү гэсэн зохицуулалт. Гэтэл нөхцөл байдал дээр хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал Э******* гэж компаниас "М" ХХК авсан. Энэ байраа дараа нь гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа асуудал байгаад байгаа учраас энэ зөрчилтэй холбоотой асуудал дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.4 гэдэг зохицуулалтыг хэрэглэхгүй. Харин 13.1.7-ын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Энийг хариуцагч нар хуулийг буруу тайлбарлаж зөрчил гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. 5 дугаар үндэслэл маань юу вэ гэвэл актын 4 дүгээр зөрчил мөн 2020 онд 60,184,272.73 төгрөгийн борлуулалтыг нэгдсэн өртгийн албан татварын ногдох ёстой байсан борлуулалтын орлого чөлөөлөгдсөн үндэслэлээр тайлбарлаж татвар ногдох орлогыг бууруулсан гэдэг зөрчил. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд бас л мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтын 13.1.3-д нь гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Үүнтэй холбоотой харилцааг 13.11-д нь үүнтэй холбоотой харилцааг Сангийн сайд тушаал гаргаж, журмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Энэ журам нь 2023 онд шинэчлэгдсэн. Маргаан бүхий зөрчилтэй холбоотой үед нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгогддог хүмүүнлэг болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааны журам гэдгээр зохицуулагдаж байгаа. Энэ асуудлыг хуулиас гадна илүү нарийвчилсан журам нь энэ журам байдаг. Энэ журмын дагуу яах ёстой вэ гэвэл энэ журмын 5.2.1 гэдэг заалт. Энэ заалт дээр татварын алба нь энэ журмын 4.2-т заасан албан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн төсөл хэрэгжүүлэгч бүрээр төсөл хэрэгжилтийн хүрээнд худалдан авахаар төлөвлөж буй жагсаалтад заасан бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүн, бэлтгэн нийлүүлэгч зэрэг мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлэгч бүрээр албан татвараас чөлөөлөгдөх эрхийг нээж өгнө гэж заасан байдаг. Нээж өгч байгаа юм нь юу вэ гэвэл төсөл маань хэрэгт нотлох баримтаар авагдсан. Сангийн сайдын 2021 оны 188 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын санхүүжилтээр энэ төсөл хэрэгжсэн. Чайна тисижү сивил инженеринг групп ХХК энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу энэ компани 9928006 гэсэн кодыг авсан байдаг. Энэ нь журмын саяны миний хэлсэн 5.2.1 гэсэн чөлөөлөгдөх эрхийг нь нээж өгч байгаа энэ кодыг нээж өгч байгаа юм. 5.2.2-т нь төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хүрээнд Монгол Улсын дотоодын зах зээлээс бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгчид албан татваргүй үнээр төлбөрийг хийж төлбөрийн баримт, падааныг авч, тайлагдсанаар татвараас чөлөөлөгдөнө. Падаанд тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу бэлтгэн нийлүүлэгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдан авагч болох төсөл хэрэгжүүлэгчийн нэр, хаяг, төсөл, бүртгэлийн дугаар, худалдаа, хийгдсэн бараа, ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр, тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг тусгана гэсэн зохицуулалт. Төслийн нэгж болон "М" ХХК гэж компаниудын хооронд энэ 5.2.2-т заасан падаан үйлдэгдсэн байдаг. ******* гэсэн бүртгэлийн регистрийн дугаар бүхий падаан үүсгэчихсэн. Тэр нь бас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Түүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг дээр тэг гэдэг дүнгээр явж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн дүнгээр төлбөрийг тушаана гээд энэ журам дээр маш тодорхой заасан. Яагаад хууль тогтоогчийн зүгээс олон улсын буцалтгүй тусламж зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг юм бэ гэдэг асуудал байгаа. Энэ ямар учиртай гэвэл 100 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч дотоодоос бараа авлаа гэж бодъё. Тэнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байлаа гэж үзэхэд тэрүүгээр 9 ширхэг арматур авах мөнгө байлаа гэж бодъё. Нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр олон улсын төслөөс бид 10 арматур авъя. 10 арматур гэдэг тэр төсөл хурдан хугацаанд, чанартай хэрэгжих боломжийг олгож байгаа асуудал шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан дүнгээр гэдэг чинь бэлтгэн нийлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татваргүй юм чинь, нэмэгдсэн өртгийн албан татвартай бол би та нарт 9-ийг өгөх байсан. Нэмэгдсэн өртгийн албан татваргүй учраас 10-ыг та нарт аргыг өгч байна гэдэг харилцааг үүсгэж байгаа. Үүний дагуу "М" ХХК, төслийн нэгж 2 хоорондоо хуулийн дагуу падаанаа үүсгээд явсан асуудлыг хариуцагч нарын зүгээс зөрчил байна гэж үзэж байгаа ганц үндэслэл нь Сангийн сайдын тушаалд танай "М" ХХК гэсэн нэр ороогүй учраас танайх чөлөөлөгдөхгүй гэдэг асуудал ярьж байгаа. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа асуудал. Тийм учраас 5.2.2 гэдгийг бэлтгэн нийлүүлэгч тус бүр дээр нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр нийлүүлж байгаа шүү гэдгийг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дараагийн асуудал болох актын 5 дугаар зөрчилд нь 2019 онд 13,988,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдаж авахад төлсөн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийсэн зөрчил. Энийг нэхэмжлэлд тодорхой дурдсан. Уг контейнерыг 15,383,800 төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр шингэсэн дүнгээр худалдаж авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээ хасаад 13,988,000 төгрөгийг хасалт хийсэн. Үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дараа нь актын 7 дугаар зөрчлийн асуудал. Энэ зөрчил нь 2020, 2021 онуудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа илгээгээгүй гэдэг асуудал юм. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд нэгдүгээрт тайлагнаагүй биш, тайлагнасан асуудал байгаад байгаа юм. Энэ тайлагнасан гэдгийг мөн хариуцагч нар ч өөрсдөө Маргаан таслах зөвлөлд өгсөн тайлбартаа дурдсан байдаг. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 7 дугаар хуудасны 3 гэсэн дугаарлалттай мөрний 3 дахь догол мөр дээр хариуцагч нарын тайлбар байдаг. Түүн дээр ТТ-02 гэдэг тайлангаа тушаасан юм, гэхдээ бүрэн тушаагаагүй гэдэг асуудал яригддаг. Ямар учиртай вэ гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс Татварын ерөнхий хууль шинээр батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн. Татварын ерөнхий хууль шинээр батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр өмнө нь огт гаргадаггүй байсан татварын тайлангуудын асуудал яригдаж эхэлсэн. Жишээ нь, үнэ шилжилтийн тайлан. Тэгээд маш олон шинэ тайлангууд татвар төлөгч нарын зүгээс тайланд туссан. Энэ асуудалтай холбоотойгоор "М" ХХК хуучин шигээ санаад үндсэн үйл ажиллагаа болох хайрга олборлолтынхоо тайланг илгээсэн. Гэтэл шинэ Татварын ерөнхий хуулиараа үндсэн үйл ажиллагаа болон туслах үйл ажиллагааны тайлан, нэгдсэн тайлан гэсэн 3 тайлангийн асуудал яригддаг болсон юм байна лээ. Татварын ерөнхий хуулийн 34.11 дүгээр зүйлд татварын байгууллагын хүлээх үүрэг байгаад байгаа юм. Энэ дээр татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл боогдолцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх нь татварын байгууллагын үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй. Татвар төлөгч нарт ийм тайлан, ингэж гаргана шүү гэсэн сургалт сурталчилгаагаа хийгээгүй гэж үзэж байна. Нэг тайлангаа буюу ТТ-02 гэсэн үндсэн үйл ажиллагааны тайлангаа илгээчхээд тэрийг хүлээж авсан гэсэн төлөвлөлттэй байсан учраас энэ асуудлыг хүлээж авчихсан гэж ойлгоод байсан чинь дараа нь энэ хяналт шалгалтаар хүлээж аваагүй гэдэг асуудал яригдаж байгаа юм. Энэ нэгдүгээр үндэслэл. Тийм учраас тайлагнаагүй биш, тайлагнасан. Хоёрдугаарт, 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийн батлагдсан зорилго нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Монголд гэлтгүй дэлхий нийтэд эдийн засгийн маш том хүндрэлүүд бий болсон. Энэ хуулийн 2 дугаар зүйлд ийм заалт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбумаас бага байсан төрийн болон орон нутгийн өмч, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлого, мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй гэж заасан. Гэтэл "М" ХХК-ийн 2019 оны татвар ногдох орлогын нийт дүн 600 сая орчим төгрөг байгаа. 1,5 тэрбумд хүрээгүй. Ийм учраас энэ хуулийн 2-т заасан болзлыг хангаж байгаа. Энэ зөрчилтэй холбоотойгоор нөхөн ногдуулалтын актыг хүснэгтийн 5 гэсэн дугаарлалт дээр байгаа. Энэ хуулийн дагуу энэ дүнгээс хасагдах бүрэн боломжтой. 5 гэсэн дүн дээр нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд нөхөн татварын дүн нь 27,884,062 төгрөг, торгууль нь 11,153,625, алданги нь 5,576,812, нийт 44,614,500 төгрөг нь саяны миний нэр дурдсан хуулийн дагуу нөхөн татвар нь чөлөөлөгдөж байгаа учраас торгууль, алданги мөн чөлөөлөгдөх үндэслэлтэй байгаа юм. Эцэст нь хэлэхэд актын 12 дугаар зөрчил газрын төлбөртэй холбоотой зөрчил байгаа. Энэ зөрчил нь хуулийн хугацаанд татвараа төлөөгүйтэй холбоотойгоор нөхөн татвар байхгүй, хугацаандаа төлөөгүй торгууль алдангийн асуудал яригдсан. Нотлох баримт шинжлэн судлахад би бас нэмэлт тайлбар хэлье. Үүнтэй холбоотой юу болсон бэ гэвэл 2018 онд газрын төлбөр нь ойролцоогоор "М" ХХК-нд 7,800,000 орчим төгрөг байсан бол 2019 онд гэнэт газрын төлбөр нэмэгдээд 66 сая төгрөг болсон. Энэ Засгийн газрын тогтоолтой холбоотой асуудал үүссэн. Гэхдээ ийм дүнтэй болсон гэдгийг нэхэмжлэгч тал огт мэдээгүй. Яагаад мэдээгүй вэ гэвэл ерөөсөө газар ашиглалттай холбоотой гэрээг Нийслэлийн Г******* хийгээгүй. Хийе гэдэг албан бичгүүдийг маш олон удаа өгсөн боловч гэрээ байгуулж байгаа, энэ нь бас хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Гэрээ байгуулах нь нэхэмжлэгч буюу "М" ХХК-ийн үүрэг байсан уу? Эсвэл гэрээ байгуулах эрх нь захиргааны байгууллагын үүрэг байсан уу гэдэг асуудал Газрын тухай хуультай уялдаж байгаа. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д нь аймаг, нийслэлийн газрын Албаны эрх хэмжээний зохицуулалт байгаа. 23.3.7 дээр Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох нь Г*******ны өөрийнх нь үүрэг болж байгаа юм. Мөн дээрээс нь 34.1. 34.2 гэдэг заалтуудад мөн гэрээ байгуулах асуудлыг захиргааны байгууллагын эрх үүргийн асуудал шүү гэдгийг Газрын тухай хуульд бас дурдсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй. Аливаа төлбөр байлаа гэж бодъё, нэхээд байя. Аливаа этгээд хэдэн төгрөг, яаж төлөхөө мэдэхгүй байж юу төлөх юм бэ? Энэ л энгийн логикийн асуудал шүү дээ. Тэгснээ гэнэт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 230-аад сая төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэгч компани дээр үүсгэчхэж байгаа юм. 2019 онд төлбөрийн нэхэмжлэх ирээгүй, 2020 онд ирээгүй, 2021 онд ирээгүй байж байснаа 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэнэт 230 хэдэн сая төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Энэ асуудалтай холбоотойгоор торгууль алдангийн асуудал дээр нэхэмжлэгч компанийн зүгээс ямар ч буруутай үйл ажиллагаа байхгүй учраас үүнтэй холбоотой торгууль алдангийг хүчингүй болгож өгөөч ээ гэсэн асуудлуудыг ярьж байна. гэжээ.

3.3. Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 дугаар зөрчил гэж байгаа. 12,564,540 төгрөгийн татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн торгууль төлбөрийг татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон гэж байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага маань 2019 онд 4 сая төгрөг төлсөн гэж байгаа боловч татварын албанд ирүүлсэн журналын бичилтээр 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн М*******т 520,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар хорооны хашаа хайлш авч өгсөн 5 сая төгрөг, 04 дүгээр сарын 12-нд уулын ажлын тайлан хоцроосны торгуульд 500,000 төгрөг, 05 дугаар сарын 28-ны өдөр Е.Ат зарсан байрны 2% хувь буюу 1,940,540 төгрөг, 08 дугаар сарын 23-нд нь М*******т торгууль төлсөн 300,000, 09 дүгээр сарын 11-ний өдөр нь М*******т торгууль төлсөн 300,000, 12 дугаар сарын 31-ний өдөр акт торгуулийн төлбөр 4,000,000 гээд нийт энэ бүх төлбөрийг татварт ногдох орлогоос хасагдахгүй зардалд эдгээрийг тусгасан нь зардлыг буруу бүртгэсэн гэж үзэж ногдуулсан. 3 дахь асуудал нь 2019 онд 97,227,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн аж ахуй нэгжийн борлуулалтын орлогод бүртгээгүй. Энэ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн 2% борлуулсныг төлөөгүй гэж үзсэн. Энэ үндэслэл нь ү******* гэсэн үл хөдлөх гэрчилгээний дугаартай тухайн орон сууцыг худалдсан боловч 2%-ийн татвар буюу 1,944,540 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр хөрөнгөд бүртгэж, тусгайлсан хувь хэмжээн дээр тусгаж өгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгах ёстой байсан боловч хувь хүний орлогын албан татвараар 2019 оны 05 дугаар сарын 29-нд төлсөн. Уг төлбөрийг тухайн аж ахуй нэгж, байгууллага дээр хувь хүний орлогын албан татвар гэдэг данс бүртгэл байх ёсгүй. Хуулиараа ч тэр. Гэтэл энэ мөнгө маань явсаар байгаад илүү төлөлттэй хувь хүний орлогын албан татвар гэдэг төрлөөрөө явж байгаад 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дутуу төлөлтөд суутган тооцуулчихсан. Энэ нь нэг ёсондоо анхнаасаа татвараа буруу төлсөн, үндсэн хөрөнгө дээрээ бүртгэж аваагүй. Үндсэн хөрөнгө дээрээ бүртгэж авдаггүй юм гэхэд бараа материал дээрээ бүртгэж авах ёстой байсан. Яагаад гэвэл эдний үйл ажиллагаатай холбоотой төлбөрт орж ирсэн байр байгаад байгаа юм. Гэтэл эднийх өөрсдөө хувь хүний орлогын албан татвар гэж төлсөн боловч үүнийгээ 2022 оны 06 дугаар сарын 22-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг дутуу дүн рүүгээ илүү төлөлт хэмээн суутган тооцоо хийлгэсэн. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж торгууль тавьсан. 4 дэх асуудал 2019 онд шилжигдсэн Ү-******* дугаартай байрыг нэхэмжлэгч тал маань нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байсан гэж үзэж байгаа. Гэтэл энэ байр маань тус компанийн явуулдаг үйл ажиллагаатай холбоотой төлбөрт орж ирсэн. Энэ компани маань үндсэн хөрөнгө дээрээ бүртгэж аваагүй. Аж ахуй нэгжийн борлуулалтын орлого дээр тайлагнаагүй. Ийм болохоор үүнийг нэхэмжлэгч талын 13.1.7 гэдэг үндэслэлээр хасах үндэслэл болохгүй. Дараагийнх нь нэхэмжлэгч 60,184,272 төгрөг 73 мөнгө нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр чөлөөлөгдөх борлуулалтын орлого нь тусгаж өгсөн. Энэ маань тухайн хүмүүнлэгийн туслалцаа, гадаадын хөрөнгө оруулалт буцалтгүй тусламж, зээл тусламжаар үзүүлж байгаа төсөл хөтөлбөр байна. Тэр болгон дээр Монгол Улсын Сангийн сайд, ерөнхий гүйцэтгэгч байгууллага, туслан гүйцэтгэгч байгууллага, дээрээс нь туслан гүйцэтгэгч дотроо тухайн үйл ажиллагаатай холбоотой цемент, шохой гэдэг ч юм уу материалын тоо ширхэг, хэмжээг нь хүртэл нарийвчлан зааж өгч өөрөө баталж, түүнийхээ дагуу журам баталж тэрийгээ хэрэгжүүлж тухайн газруудын бүх нэрсийг нь жагсаагдаж авч байдаг. Гэтэл энэ газар маань ерөнхий гүйцэтгэгчийн доор туслан гүйцэтгэгчээр тухайн үеийн Сангийн сайдын жагсаалтад ороогүй. Тухайн үед нь энэ чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой нотлох баримтаа ирүүл гэсэн боловч энэ бүх хугацаанд нотлох баримтаа ирүүлээгүй учир энэ нь чөлөөлөгдөх борлуулалт биш гэж үзсэн.

Дараагийн асуудал 13,988,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийж татвар ногдох орлогыг бууруулсан гэж байгаа. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5-д зааснаар үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан, импортоор оруулсан буюу худалдан авсан бараа үйлчилгээ нь төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасаж тооцохгүй гэдэг заалтыг зөрчсөн байгаа юм. Үүн үүн дээрээ контейнер худалдан авсан. 15,386,800 төгрөгөөр контейнер худалдаад, түүнээс нэмэгдсэн өртгийн албан татварыг цэвэр тооцож хассан. Дараагийн асуудал нь 2020, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг Татварын албанд ирүүлээгүй гэдгээс үүдэлтэй асуудал байгаа. Энэ нь Татварын албаны үндсэн нэг зарчим байдаг юм. Татвар төлөгч өөрөө татвараа үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хугацаанд ирүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ компани нь үндсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан буюу ТТ-02 гэдэг тайлангаа ирүүлээгүй. Харин MV гэдэг тусгай зөвшөөрлийн дугаартай тайлангаа ирүүлсэн. Гэтэл үндсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирж баталгаажаагүй учир тусгай зөвшөөрөлтэй тайлан нь автоматаар цахимаар буюу ямар нэгэн татварын байцаагчид хуваарилагдаж хүлээн авах боломжгүй байдаг. Ямар ч компани, хувь хүн, иргэн татварын сайт руу нэвтрээд татварт тайлан тушаах цэс рүү ороход бүх төрлөөрөө харагдаж байдаг. Тухайн аж ахуй нэгж болон иргэн дээр байдаг тайлангийн бүх жагсаалтууд төрлөөрөө байж байдаг. Үндсэн тайлангаа ирүүлээгүй гэдэг бүх нотлох баримт, зүйлүүдийг нотлох баримтад хавсарган явуулсан. 9 дээр байгаа асуудал дээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн татварын хүү, торгууль, алдангиас чөлөөлөх гэдэг заалтыг баримталж ажилласан. Үүн дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна лээ. Төлөхөөр тайлагнасан торгууль, алданги гэж орж ирсэн байна лээ. Тэрийг төлөхөөр тайлагнасан бол энэ бүгдийг хугацааны алданги тооцохгүй. Гэтэл энэ газар маань төлөхөөр тайлагнаагүй учир тайлагнаагүй албан татвар нь энэ жагсаалтад хамаарахгүй болж байгаа. гэжээ.

3.4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын татварын хэлтэст бүртгэлтэй "М" регистрийн дугаартай энэ компанид 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал татварын хяналт шалгалтыг 2622802182 гэсэн тоот томилолтоор татварын улсын байцаагч Г.Э, А.Б нар хийж гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд энэ компанид нийт 13 зөрчил илэрсэн. 13 зөрчилд 82 сая төгрөгийн нөхөн татвар, 71 сая төгрөгийн торгууль, 79 сая төгрөгийн алданги нийт, 233 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Татвар төлөгчийн зүгээс дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын дагуу Маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны тогтоолоор саяны хэлсэн, гомдоод байгаа бүх маргаан үйл баримтад нэг бүрчлэн нягтлан шалгалт, тайлбар хийж, судалсны үндсэн дээр зөвхөн ковидын үеийн хугацааны хүү торгууль, алданги гэснийг чөлөөлөөд 192 сая төгрөг болон 233 сая төгрөгийн актаас 192 сая төгрөг болгон бууруулсан. Эднийхээр саяны хэлж байгаа зөрчил болгонд нь хариу тайлбарыг хэлээд явъя. Нэгдүгээр зөрчил, 2018 онд 12 сая төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан гэж нэхэмжлэгчээс сая хэлсэн. Нэгдүгээр зөрчилд нь ийм тайлбартай байна. 2016 оны ТТ-02 буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт борлуулалтын орлогоо 955,608,916 төгрөг 71 мөнгө гэж борлуулалтын орлого, ТТ-03 буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа 394,537,136.37 төгрөгийг борлуулалтын орлого гэж тайлагнасан. Энэ нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу тайлагнаж байсан шалтгаан нь 2016 онд зөвхөн татварын хяналт шалгалтын хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй болохоор 2016 оны асуудлыг татварын байцаагч нар авч хэлэлцээгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 31-ний 90,570,000 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж үзсэн. Дутуу тайлагнасан болохоор нь хариуцлага хүлээлгэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар албан татвар төлөгчийн үйл ажиллагаанд дараах орлогын албан татварыг ногдуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Байцаагч нь тоотой холбоотой тайлбарыг хэлнэ. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Бсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Б*******сийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанид холбогдуулан нийт 2,905,178,671.7 төгрөгийн зөрчилд хамаарах 82 515 236.7 төгрөгийн нөхөн татвар, 71 795 136.65 төгрөгийн торгууль, 79 303 105.99 төгрөгийн алданги, нийт 233 613 479.34 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2. Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын 233 613 479.34 төгрөгийн төлбөрөөс татварын тайлангаар ногдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 205 415 629.62 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13 659 292.27 төгрөгийн торгууль, 17 330 420.31 төгрөгийн алданги, нийт 30 989 712.57 төгрөгийн төлбөрийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлж, 163 636 363.64 төгрөгийн зөрчилд ногдуулсан 6 818 181.86 төгрөгийн нөхөн татвар, 2 045 454.56 төгрөгийн торгууль, 1 363 636.37 төгрөгийн алданги, нийт 10 227 272.80 төгрөгийг бууруулан 2 549 483 629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75 697 054.84 төгрөгийн нөхөн татвар, 56 090 389.82 төгрөгийн торгууль, 60 609 049.31 төгрөгийн алданги, нийт 192 396 493.96 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх бууруулж өөрчилсөн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар маргасан.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, мэтгэлцээний үе шатанд талуудын хэлсэн үндэслэлүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч компанид холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь тооцооллын алдаатай, бодитой гарсан гэдэг нь эргэлзээтэй, татварын байцаагч нар холбогдох хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг дутуу хийсэн, татварын хяналт шалгалтын явцад зайлшгүй цуглуулах ёстой байсан баримтууд авагдаагүй гэх үндэслэлүүд тогтоогдож байх тул маргаж буй НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил тус бүрийг шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, харин хариуцагч нарын зүгээс татварын хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.

5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу шийдвэрлэлээ.

6. Шүүх зарим зөрчилд холбогдох хэсэгт тулгуурлан үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулахад:

7. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина., мөн зүйлийн 30.2 дахь хэсэгт Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: гээд 30.2.1-30.2.9 дэх заалтад тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх; тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх; тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх; хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн тайлангаа гаргасан эсэх; нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх; татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх; тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх; тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх; тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх. гэж, 30.3 дахь хэсэгт Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно. гэж тус тус заажээ.

8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавих нь Татварын албаны үндсэн үүрэг байх бөгөөд ингэхдээ мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан асуудлуудыг бүрэн дүүрэн нягталж, шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж авах учиртай байна.

9. Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийхдээ асуудлыг бүрэн нягталж шалгаагүй, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, буруу хэрэглэсэн, татварын зөрчлүүдэд хамаарах тооцооллыг алдаатай хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал:

10. Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд үзэхэд, нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буй 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй. гэж заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжтой.

11. Учир нь, нэхэмжлэгч М ХХК нь 2019 онд 602 270 053.65 төгрөгийн борлуулалтын орлоготой[5] байсан гэдэг нь нөхөн ногдуулалтын актаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд дээрх хуулийн 2 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх нөхцөл хамаарах эсэхийг татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцдаа нягтлан тодруулах ёстой байжээ.

12. Гэтэл энэ талаар нягтлаагүй байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас тодруулан асуусан асуултад хариуцагч тал нотлох баримтад тулгуурласан няцаалт хийгээгүй болно.

13. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогыг тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд үзэхэд, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан М ХХК-ийн хувьд тухайн 2019 онд Ү-******* дугаартай үл хөдлөх нь эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу Е.А гэдэг хүнд шилжүүлсэн. Үүнийхээ 2%-ийн татвар болгох 1,944,540 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн байдаг. Мөн Маргаан таслах зөвлөл энэ хэргийг магадлахдаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 16 дугаар хуудасны Ес гэсэн дугаарлалттай 2 дугаар догол мөрөнд журналын бичилтээр 05 дугаар сарын 28-нд Е.Ат зарсан байрны 2% татварт 1,944,950 төгрөг гэж бичсэн байсныг дурдсан. Журнал дээрээ энэ үнээ төлсөн байна гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт дээрээ байгаа юм гэх тайлбар үндэслэл бүхий байх тул хариуцагч нар татварын хяналт шалгалт хийхдээ нягтлах ёстой байжээ.

14. Тодруулбал, тайлангийн залруулга хийгээгүй зөрчил болон татвар төлөөгүй зөрчил нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт тул тайлангийн залруулга хийгээгүй зөрчлийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг төлөөгүй зөрчил гэж үзэх боломжгүй.

15. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны орлоготой холбоотой асуудлаар маргахдаа нэхэмжлэгч талаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалтад зааснаар орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого; тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж, хариуцагч талаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй. тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж тайлбарласан.

16. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас судлахад, Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анх Э******* ХХК барьсан[6] болох нь тогтоогдож байх бөгөөд тус орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 75 тоот Орон сууц захиалгын гэрээний[7] дагуу нэхэмжлэгч М ХХК худалдан авсан байна.

17. Улмаар нэхэмжлэгч нь тус орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу[8] Е.Ат худалдсан байна.

18. Дээрх үйл баримтуудаас харахад, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч М ХХК-ийн хувьд худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр гэж үзэхэд эргэлзээтэй байхад татварын улсын байцаагч нар тийнхүү дүгнэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэснийг дахин нягтлах шаардлагатай.

19. Маргаж буй нөхөн ногдуулалтын актын 4 дэх зөрчил буюу 2020 онд 60,184,272.73 төгрөгийн борлуулалтыг нэгдсэн өртгийн албан татварын ногдох ёстой байсан борлуулалтын орлого чөлөөлөгдсөн үндэслэлээр тайлбарлаж татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд талууд маргасан.

20. Ингэж маргахдаа нэхэмжлэгч талаас Сангийн сайдын 2021 оны 188 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр төсөл хэрэгжсэн. Чайна тисижү сивил инженеринг групп ХХК энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Манай компани бэлтгэн нийлүүлэгчээр ажилладаг. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтад гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарлажээ.

21. Харин хариуцагчийн зүгээс Монгол Улсын Сангийн сайд, ерөнхий гүйцэтгэгч байгууллага, туслан гүйцэтгэгч байгууллага, дээрээс нь туслан гүйцэтгэгч дотроо тухайн үйл ажиллагаатай холбоотой цемент, шохой гэдэг ч юм уу материалын тоо ширхэг, хэмжээг нь хүртэл нарийвчлан зааж өгч өөрөө баталж, түүнийхээ дагуу журам баталж тэрийгээ хэрэгжүүлж тухайн газруудын бүх нэрсийг нь жагсаагдаж авч байдаг. Гэтэл энэ газар маань ерөнхий гүйцэтгэгчийн доор туслан гүйцэтгэгчээр тухайн үеийн Сангийн сайдын жагсаалтад ороогүй тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй гэх агуулгаар тайлбарласан.

22. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар Олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам-ыг[9] баталжээ.

23. Дээрх журам нь маргаан бүхий татварын хяналт шалгалтын цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус журмын 5.1-д Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааны албан татварын чөлөөлөлтийг энэ журмын 4.1-д заасан жагсаалтад дурдагдсан төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчидтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулахаар гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгчид эдлүүлнэ., 5.2.1-д татварын алба нь энэ журмын 4.2-т заасан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн төсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ бүрээр төслийн хэрэгжилтийн хүрээнд худалдан авахаар төлөвлөж буй жагсаалтад заасан бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүн, бэлтгэн нийлүүлэгч зэрэг мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ бүрээр албан татвараас чөлөөлөгдөх эрхийг нээж өгнө;, 5.2.2-т төсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ нь төслийн хүрээнд Монгол Улсын дотоодын зах зээлээс  бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгчид албан татваргүй үнээр төлбөрийг хийж, төлбөрийн баримт, падааныг авснаар авч, тайлагнаснаар татвараас чөлөөлөгдөнө. Падаанд тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу бэлтгэн нийлүүлэгчийн нэр,  хаяг,  татвар төлөгчийн дугаар, худалдан авагч болох төсөл хэрэгжүүлэгчийн нэр, хаяг, бүртгэлийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг тусгана; гэж тус тус зохицуулжээ.

24. Дээрх журмын зохицуулалтуудаас үзэхэд, туслан гүйцэтгэгчидтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулахаар гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхээр заажээ.

25. Маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийгөө төсөл хэрэгжүүлэгч Чайна тисижү сивил инженеринг групп ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр ажилласан гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд М ХХК, Чайна тисижү сивил инженеринг групп ХХК болон түүний туслан гүйцэтгэгчидтэй байгуулсан гэрээг нотлох баримтаар татан авах замаар татварын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийх ёстой байжээ.

26. Гэтэл татварын улсын байцаагч нар холбогдох гэрээг нэхэмжлэгчээс шаардаж байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэн маргасан, нотолгооны бусад эх сурвалж болох хяналт шалгалтын тэмдэглэл байгаа эсэхийг шүүх тодруулахад хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй болох нь тогтоогдлоо.

27. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн зүйлийн 21.1 дэх хэсэгт Татварын алба мэдээ, мэдээлэл, баримт цуглуулахад дараах журмыг баримтална: гээд, мөн зүйлийн 21.1.1 дэх заалтад татварын албаны шаардсан мэдээ, мэдээлэл, баримтыг эх хувиар түр хугацаагаар гаргуулахдаа тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах;, 21.1.3 дахь заалтад тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах; гэж тус тус заажээ.

28. Хуулийн дээр дурдсан зохицуулалтад зааснаар татварын улсын байцаагч нь татварын албаны шаардсан мэдээ, мэдээлэл, баримтыг эх хувиар, бичгээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах талаар хуулийн тодорхой шаардлага тавигдсан байхад энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь буруу байх бөгөөд холбогдох гэрээг шаардан авсны дараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг хэрэглэх эсэх нь шийдвэрлэгдэх үр дагавартай байна.

29. Иймд энэ ажиллагааг хариуцагч дахин хийх шаардлагатай гэж шүүх дүгнэв.

30. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч татварын улсын байцаагч нарын хийсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн тооцооллууд эргэлзээтэй гэж үзэхээр байна. Тухайлбал:

31. Маргаж буй нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралт Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо 2018-2021 оны нэмэгдсэн өртгийн албан татвар хүснэгтийн[10] 2019 оны 03 дугаар сард хамаарах төлсөн дүн дээр 113 044.74 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчийн гаргасан тайланд 1,130,447.38 төгрөг байгаа нь тооцоолол үндэслэлтэй эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

32. Тиймээс энэ талаарх ... ХШ-08, 2018-2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны 3 дугаар улирлын тайлан дээр манайх төлсөн шилжүүлсэн дээр худалдан авалт нь илүү гарсан. Энэ дээр байцаагч нь 113,044.74 гэж байна. Манай тайлангаар харахаар нэг орны алдаатай. гарч байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн нэг орон алдчихсан байна гэсэн үг. Худалдан авалтын тоон дээрээ ийм алдаа гарч ирсэн байгаа ... гэх тайлбар үндэслэлтэй байна.

33. Маргаж буй нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралт Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо 2018-2021 оны газрын төлбөр хүснэгтийн[11] эхний үлдэгдлийн тооцоололд 40 990 000.00 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчээс ... Газрын төлбөр манай компани дээр 2012 оноос 2017 оны хооронд нийт 40,990,000 төгрөг үүссэн байдаг юм байна. 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 13,000,000 төгрөг төлөөд 27,990,000 төгрөг болоод буурах ёстой ... гэж тайлбарласан.

34. Дээрхээс үзвэл татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх явцдаа нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлсөн гэх 13 000 000 сая төгрөгийн баримтыг татан авч нягтлах ёстой байжээ.

35. Маргаж буй нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралт Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо 2018-2021 оны түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хүснэгтийн[12] эхний үлдэгдлийн тооцоолол дээр 21 585 385.22 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчийн зүгээс ... Бид нар тодорхойлолтоороо үзэхээр 8 сая байгаа юм. Байцаагч нар 21 саятай гаргаж ирсэн байгаа юм. Энэ дүнг хаанаас гаргаад ирсэн юм болоо гэдгийг гайхаж байна ... гэж тайлбарласан.

36. Энэхүү тооцооллын зөрүүтэй байдлыг шүүх хариуцагч нараас тодруулахад нотлох баримтад тулгуурласан үндэслэлтэй няцаалт хэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

37. Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нараас гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байх тул энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт заасан тодруулбал зохих асуудлуудыг хариуцагч нар дахин нягтлан шалгах нь зүйтэй байна.

38. Захиргааны эрх зүйн онолд reformatio in peius хориглолт буюу гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхийг хориглох зарчим үйлчилдэг6

39. Тиймээс татварын улсын байцаагч нар дахин шинэ акт гаргахдаа Нийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах зарчимтай болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн зүйлийн 21.1 дэх хэсэг, 21.1.1, 21.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "М" ХХК-аас гаргасан нэхэмжлэлд дурдсан Бсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 44, хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 1 дэх тал

[2] 2Хх 31 дэх тал

[3] 2Хх 1-6 дахь тал

[4] 1Хх 27-43 дахь тал

[5] 2Хх 1 дэх тал

[6] 2Хх 50 дахь тал

[7] 2Хх 51-54 дэх тал

[8] 2Хх 79 дэх тал

[9] https://legalinfo.mn/mn/detail?lawId=207077&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[10] 1Хх 239 дэх тал

[11] 1Хх 241 дэх тал

[12] 1Хх 236 дахь тал