Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0010

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч Б.О,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0803 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Г.Э, А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0803 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн зүйлийн 21.1 дэх хэсэг, 21.1.1, 21.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "М" ХХК-аас гаргасан нэхэмжлэлд дурдсан Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0803 дугаар шийдвэрийн 15 дах тал ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4-д... НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нарын зүгээс татварын хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ... шүүхийн шийдвэрийн 21 дэх тал ТОГТООХ нь: хэсгийн 1-д нэхэмжлэгч "М ХХК-ийн нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 "Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:" 62.1.2-д "хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол;" гэж заасантай нийцэхгүй байна. М ХХК-нь 2011 оны 02 сарын 07-ны өдөр байгуулагдсан, Барилга, хот байгуулалтын яамны 2021 оны 05 сарын 17 өдрийн МҮ 17-030/21 тоот, Ашигт малтмалын газрын МҮ-017231 тоот тусгай зөвшөөрөлтэй, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд "Бөхөг цолмон нэртэй 37,03 га газраас элс хайрга ангилан ялган борлуулж 2018-2021 онд нийт 2,871,349,559.39 төгрөгийн борлуулалтын орлоготой бөгөөд 4 жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын албан татварт (ашгийн татвар) 56,977.34 төгрөг, газрын төлбөрт 12,000,000.00 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 11,284,516.58 төгрөг төлсөн байдаг.

2.2.Тус хуулийн этгээдийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана." Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 сарын 07 өдрийн А/127 дугаар тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж", "Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 2 сарын 28 өдрийн А/34 дугаар тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ийг баримтлан татварын хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж хэрэгжүүлсэн.

2.3. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 5-д ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн.... гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна." гэж заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.

2.4.М ХХК-ийн татварын тайлан тушаасан, тушаагаагүй, татварын тооцооллын эхний үлдэгдлийг тодруулахаар татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийх боломжтой байсан, газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 сарын 14-ны 01-07/5190 тоот албан бичигт газрын төлбөрийн үлдэгдэл талаар Газар зохион байгуулалтын албанаас тодруулан нотлох баримтаар авах боломжтой байсан. М ХХК-ийн татварын байцаагчид, Нийслэлийн маргаан таслах зөвлөл, шүүхэд сайн дураараа гаргаж өгөөгүй гэрээг шүүхээс шаардан авах боломжтой байхад шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

2.5.Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ тооцооллын зөрүүтэй байдал гэх мэтийг дурдаагүй хэрнээ шүүх хуралдааны явцад ....тооцооллын асуудлыг ярьж шаардлага хангаагүй нотлох баримтыг гаргасан үүнийг шүүх үндэслэл болгосон. Иймд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаанд дахин акт гаргахаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6,7,8-д Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж авах учиртай байна гэжээ... Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. гэж заасан бөгөөд 28 дугаар зүйлийн 28.10-д заасан үүргээ биелүүлж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татварын тайланг, татвар төлөгч тогтоосон хугацаанд батлагдсан маягтын дагуу нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу татварын тайланг үйлдэж, тушаасан 28.2- тохиолдолд татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан хүлээн авах тайлангийн боловсруулалт хийхэд татварын алба хэрэгжүүлж ажилладаг.

4.Гэтэл М ХХК-нь батлагдсан ТТ-02 маягтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2020-2021 онд татварын албанд ирүүлээгүй тул татварын хяналт шалгалтаар тус онуудын борлуулалтын орлого, зарлагыг тооцоолж нөхөн татвар, торгууль, алдангийг тооцон ногдуулсан. М ХХК-нь батлагдсан ТТ-02 маягтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2020-2021 онд татварын албанд ирүүлээгүй гэх үйл баримтыг татварын удирдлагын нэгдсэн системд хандан үзлэг хийх боломжтой, мөн татвар төлөгч өөрсдөө тайлангаа ирүүлээгүй бид мэдээгүй гэх байдлаар хариу тайлбар хэлснийг үнэлээгүй татварын албаны буруу мэтээр үндэслэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 9,10-д ..... хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй... 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 2 дугаар зүйлд "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь Өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн Өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй." гэж заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжтой.... гэжээ.

6.Дээрх үйл баримт нь нөхөн ногдуулалтын актын 7-д заасан зөрчилд хамаарах бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаа зүйлд "Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй", Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт "Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно." гэж тус тус зохицуулсан. Татвар төлөгч өөрөө Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу татварын тайлангаа тайлагнасан тохиолдолд чөлөөлөх боломжтой байсан гэтэл М ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2020-2021 онд татварын албанд тайлагнаагүй тул хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад хариуцагч нар тайлбарлаад байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

7.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 11-12, 19-29-д хариуцагч тал нотлох баримтад тулгуурлах няцаалт хийгээгүй болно гэж үзсэн нь /нөхөн ногдуулалтын актын 4-д заасан зөрчилд хамаарах/ Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл үе шатанд Татарын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдэж 6.1.12-д заасны дагуу 2018-2021 оны татварын хяналт шалгалтад орох материал хүлээлгэн өгөх, авах эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х /У*****/-д 2022 оны 08 сарын 30-ны өдөр татвар хяналт шалгалтад оролцох эрх үүрэг /Татварын ерөнхий хуулийн 41.12.3/ танилцуулж, "Баримт бичгийн хүсэлт" Маягт ХШ-04 маягтаар гэрээ /хамтын ажиллагааны, бүтээгдэхүүн нийлүүлэх, зээлийн, захиргааны гэх мэт/ ирүүлэхийг хүсэхэд 2022 оны 09 сарын 06-ны өдөр 139 хуудас задгай 2019-2021 оны гэрээ авч ирж хүлээлгэн өгсөн.

Тус материалд энэхүү чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой гэрээ ирүүлээгүй тул хуулбарлан авах, нотлох баримтаар тооцох боломжгүй байсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 21 дүгээр тогтоолын Үндэслэх нь хэсгийн Тав-д мөн энэхүү тогтоолын 20-д Сангийн сайдын 2021 оны 188 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалт гарсан байхад М ХХК 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус чөлөөлөлтийг эдэлсэн байгаа нь хугацааны хувьд тушаалаар жагсаалт батлагдсан өдрөөс хойш чөлөөлөлт эдлэх эрхтэй болох байтал шүүгч нотлох баримтаа татан авах замаар хяналт шалгалтын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийх ёстой гэсэн нь үндэслэлгүй байна.

8.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 13-18-д үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн..., орон сууцыг худалдан борлуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа 2006 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10.1.1-д заасан орлогод 17.2.5-д заасан хувиар ногдуулж аж ахуйн нэгжийн албан татварын төрлөөр төсөвт төлөх байтал хувь хүний орлогын албан татварын төрлөөр төсөвт төлсөн байснаа уг төлөлтийг өөрсдийн хүсэлтээр 2022 оны 6 сарын 22-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дутуу төлөлтөд шилжүүлэн суутган тооцоолол хийлгэсэн байсан нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

8.1."М" ХХК нь Ү-22***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг орон сууцны зориулалтаар ашиглахгүй, өөрийн хөрөнгөд бүртгэж аваагүй нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.7-д хамаарахгүй бөгөөд 2019.04.10-нд худалдан аваад буцааж 2019.05.20-нд худалдах гэрээгээ Е.Ахсемсерт-т худалдсан нь худалдан борлуулах зориулалттай бараа гэж үзэж аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2 хувийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2-д заасан бараа гэж үзэж татварыг ногдуулсан. Мөн шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс дээрх үл хөдлөх хөрөнгийн талаар тодруулахад манай ХХК хайрга нийлүүлээд төлбөрт нь бартераар уг үл хөдлөх хөрөнгийг авсан гэж тайлбарладаг. Үүнийг шүүх үнэлээгүй.

9.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 30-34-д тооцоолол алдаатай, эхний үлдэгдэл буурах ёстой байсан, 2017 онд 13,000,000.00 төгрөг төлснийг нягтлах ёстой байжээ.... гэжээ. Энэ нь татварын хяналт шалгалтад хамаарах хугацаа нь 2018.01.01-2021.12.31-ний байсан бөгөөд төлбөр төлсөн баримт 2017 оных бөгөөд энэ хугацаанд хамаарахгүй байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 сарын 14-ны 01-07/5190 тоот албан бичигт дурдагдсан тооцооллоор /ногдуулалтаар/ эхний үлдэгдлийг авч хугацаандаа төлөөгүй тул татварын торгууль алдангийг тооцож Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажилласан.

10.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 35-36-д үлдэгдлийн тооцоолол зөрүүтэй гэжээ. ...эхний Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хугацаанд төлөөгүй татварын эхний үлдэгдэл 21,585,385.22 төгрөгөөс М ХХК нь нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж гарснаас хойш 2022 оны 11 сарын 17-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг Голомт банкны онлайн, 2023 оны 9 сарын 29-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг Төрийн банкны гялс банкаар 2014 оны 11****** дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр үүссэн өрийг төлсөн байгаа нь одоогийн байдлаар Татвар төлөгчийн тодорхойлолтыг татварын удирдлагын нэгдсэн системээс авахад тооцооллын эхний үлдэгдэл өөрчлөгдсөн /21,585,385.22-13,000,000.00=8,585,385.22 төгрөг болсон/ хяналт шалгалтын хугацаа буюу хугацаандаа төлөөгүй татварын өрөнд хамаарахгүй болно. Энэ талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг шүүх хуралдааны дэг зөрчиж шүүгчид үзүүлэн буруу тайлбарласан дээрх баримтыг хариуцагч нарт танилцуулаагүй, нэхэмжлэлд дурдаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүх анхнаасаа хариуцагч нарын тайлбарыг үнэлээгүй, нэхэмжлэгч тал тооцооллын талаар нэхэмжлэлдээ дурдсан бол хариуцагч нар татварын удирдлагын нэгдсэн системээс дээрх төлөлтийн талаарх холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлэх боломжтой байсан, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүх анхнаасаа хариуцагч нарын тайлбарыг үнэлээгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

11.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 38-39-д.......дахин шинээр акт гаргахдаа 192,396,493.96 төгрөгийн төлбөрийн дүнг хөндөхгүй гэжээ. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн хэрэгжүүлэхэд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07 өдрийн А/127 дугаар тушаал "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж"-ийн 2.1-д, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 2 сарын 28 өдрийн А/34 дугаар тушаал "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ийн 2.2, 2.3-д заасны дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт үүсдэг тул хариуцагчид шууд дахин шалгах эрх байхгүй.

12.Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 сарын 8-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 30,989,712.57 төгрөг буурсан нь: Татварын улсын байцаагч нар татвар төлөгчийг татварын хөнгөлөлтөд хамруулаагүй гэх ойлголт биш тус компанийн таван төрлийн татвараар нийт 501,630,271.82 төгрөгийн хугацаанд нь төлөөгүй татварын өрөнд торгууль алданги тооцохдоо 2020 оны Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль-ийг хэрэгжүүлсэн бөгөөд тооцооллыг хийхдээ торгуулийн хэмжээг 2020 оноос хэрэгжиж эхэлсэн "Зөрчлийн тухай хууль-ийн 11.19.1 заалтын дагуу (тайлбар) төлөх татварын хэмжээ 10 хувиас хэтрэхгүй, алдангийг тооцохдоо 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх заалтын дагуу нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтуудыг үндэслэн хугацаандаа төлөөгүй татварын өрөнд хариуцлага тооцохдоо татварын тооцооллыг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хамгийн бага дүнгээр тооцож гаргасан байхад Маргаан таслах зөвлөл татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 8-13 дах зөрчилд хавсралт ХШ-08 харгалзаж үзэлгүй үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 сарын 8-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 10,227,272.80 төгрөг буурсан нь: Нөхөн ногдуулалтын актын 4 дэх зөрчил "Батмөнх констракшн" ХХК, М ХХК-ны хооронд хийгдсэн 2019 оны 2 сарын 19-ний өдрийн "Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах" 2019/01 тоот угаасан хайрга нийлүүлэх гэрээ хэрэгжээгүй гэх нотлох баримт байхгүй, тус гэрээний 7-р зүйлд заасан баримт бичиг үйлдэгдээгүй тул гэрээ бүрэн хэрэгжсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсныг бууруулсан нь үндэслэлгүй байсан.

13.Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бууруулсан дүнг Татварын улсын байцаагч нар маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүх, дээд шатны байгууллагад гомдол гаргах, зохицуулалт байхгүй, татвар төлөгчийн эрх ашгийг дордуулахгүй гэх үүднээс маргаан таслах зөвлөлийн тогтоолын дүнд маргаагүй байхад татварын улсын байцаагч нар тооцооллын алдаатай дутуу шалгасан мэтээр шүүх дүгнэсэн байна.

14.Шүүх хуралдааны явцад хариуцагч нар нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил тус бүрд үндэслэл бүхий хариу тайлбар хэлсэн байхад шүүх үнэлээгүй, шүүхийн шийдвэрт тодорхой дурьдаагүй, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй нэхэмжлэгч талын байр суурийг илүүд үнэлж нэг талыг баримталсан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүгчид үзүүлэн шүүх хуралдааны дэгийг зөрчсөн үйлдэл гаргаад байхад шүүх хуралдааны дэгийг сахиулаагүй шүүхийн шийдвэрт тэдгээр баримтуудыг үндэслэл болгосон байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0803 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Б дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2622802182 тоот томилолт[1], Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн[2] дагуу нэхэмжлэгч компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус, иж бүрэн хяналт шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийг дуусталх хугацаанд хариуцагч Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нараас хийсэн.

2.Уг шалгалтын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актаа[3] нийт 13 төрлийн 2,905,178,671.7 төгрөгийн зөрчилд 82,515,236.7 төгрөгийн нөхөн татвар, 71,795,136.65 төгрөгийн торгууль, 79,303,105.99 төгрөгийн алданги, нийт 233,613,479.34 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор[4] нөхөн ногдуулалтын актын нийт 233, 613, 479.34 төгрөгийн төлбөрөөс татварын тайлангаар ногдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 205 415 629.62 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13, 659 292.27 төгрөгийн торгууль, 17,330 420.31 төгрөгийн алданги, нийт 30,989,712.57 төгрөгийн төлбөрийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлж, 163,636,363.64 төгрөгийн зөрчилд ногдуулсан 6, 818,181.86 төгрөгийн нөхөн татвар, 2,045,454.56 төгрөгийн торгууль, 1,363,636.37 төгрөгийн алданги, нийт 10,227,272.80 төгрөгийг бууруулан 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн.

4.Нэхэмжлэгч М ХХК-аас Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,549,483,629.52 төгрөгийн зөрчилд ногдох 75,697,054.84 төгрөгийн нөхөн татвар, 56,090,389.82 төгрөгийн торгууль, 60,609,049.31 төгрөгийн алданги, нийт 192,396,493.96 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э нарт холбогдуулан гаргажээ.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:, 62.1.2-д хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол,

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж тус тус заасан.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхээс хариуцагч улсын байцаагч нарын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-26******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарыг тайлбар, мэдүүлгийг авч, захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон маргаан бүхийн нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь тооцооллын алдаатай, бодитой гарсан гэдэг нь эргэлзээтэй, татварын байцаагч нар холбогдох хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг дутуу хийсэн, татварын хяналт шалгалтын явцад зайлшгүй цуглуулах ёстой байсан баримтууд авагдаагүй гэх үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

7.Тодруулбал, энэхүү дахин шинэ акт гаргахаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэр гэж үзэхээр байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн гаргадаг маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлүүлэхтэй хамааралтай буюу мөн хуулийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д заасныг үндэслэн гаргасан шийдвэр биш юм.

Үүний учир хариуцагчийн шүүхийн шийдвэрийн 21 дэх тал ТОГТООХ нь: хэсгийн 1-д нэхэмжлэгч "М ХХК-ийн нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй гэжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 "Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:" 62.1.2-д "хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол" гэж заасантай нийцэхгүй байна. гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

8.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.,

41.10-т Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй:, 41.10.2-т энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх, 41.10.3-д татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах.,

Мөн хуулийн Тавдугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Татварын улсын байцаагч татварын ногдлыг тодорхойлох болон татвар хураах зорилгоор татвар төлөгчийн ... мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй., 21 дүгээр зүйлийн 21.1-д Татварын алба мэдээ, мэдээлэл, баримт цуглуулахад дараах журмыг баримтална:, 21.1.2-д шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээлэл, баримтыг хуулбарлах..., 21.1.3-д тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах,

Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.4-т Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:, 4.4.3-д хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх,

-4.4.4-т хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авах,

-4.4.8-д хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрт дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулах,

-4.4.9-т хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулах гэж тус тус заасан.

9.Хариуцагч улсын байцаагч нараас татварын хяналт шалгалт хийхдээ дээр дурдсан хууль, журамд заасны дагуу хяналт шалгалтын явцад зайлшгүй шаардлагатай зарим мэдээ, мэдээлэл, баримтуудыг цуглуулаагүй, нэхэмжлэгч компанид хамааралтай зарим бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, зарим зөрчлийг тогтоохдоо тэмдэглэл үйлдээгүй, холбогдох ажиллагааг дутуу хийсэн, тооцооллын алдаа гаргасан зэрэг нь дараах байдлаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Үүнд:

-нэхэмжлэгч компанийн 2019 онд 602,270,053.65 төгрөгийн борлуулалтын орлоготой холбоотойгоор тус компанийн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх нөхцөл хамаарах эсэхтэй холбоотой баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт өгөөгүй,

-нэхэмжлэгч компани нь маргаан бүхий Ү-22***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, иргэнд худалдсан, мөн уг барилгыг Эм си жи си ХХК барьсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[5] тогтоогдож байх тул хариуцагч нараас худалдах зориулалтаар барьсан орон сууц гэж үзэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу татвар ногдуулсан, уг эргэлзээтэй нөхцөл байдлыг баримтаар тогтоогоогүй,

-нэхэмжлэгч компаниас Чайна тисижү сивил инженеринг групп ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр ажилласан гэж маргаж байхад, хариуцагч нараас нэхэмжлэгч нь тус компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоох, холбогдох баримтыг цуглуулаагүй, энэ талаар хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй,

-маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралтад хуульд заасан хугацаандаа төлөөгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн, тодруулбал, торгууль, алданги ногдуулсан тооцоо 2018-2021 оны нэмэгдсэн өртгийн албан татвар, хүснэгтийн 2019 оны 03 дугаар сард хамаарах төлсөн дүн дээр 113 044.74 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчийн гаргасан тайланд 1,130,447.38 төгрөгөөр бичигдсэн байхад тооцооллын зөрүүтэй байдлыг арилгаагүй,

-маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралтад 2018-2021 оны газрын төлбөр хүснэгтийн эхний үлдэгдлийн тооцоололд 40,990,000.00 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 13,000,000 төгрөг төлөөд 27,990,000 төгрөг болоод буурах ёстой гэж маргаж байхад үүнтэй холбоотой нотлох баримтыг хяналт шалгалтын явцад цуглуулж, уг зөрүүтэй тооцооллыг арилгаагүй,

-маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралтад 2018-2021 оны түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хүснэгтийн эхний үлдэгдлийн тооцоолол дээр 21,585,385.22 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгчийн зүгээс бидний баримтаар 8 сая байгаа юм. Байцаагч нар 21 саятай гаргаж ирсэн байгаа гэх тайлбартай холбоотойгоор уг тооцооллын зөрүүг арилгаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй.

10.Үүнээс үзэхэд хариуцагчийн хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, тайлан тушаасан, тушаагаагүй, татварын тооцооллын эхний үлдэгдлийг тодруулахаар татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийх боломжтой байсан, нотлох баримтаа татан авах замаар хяналт шалгалтын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийх ёстой гэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн үндэслэлгүй байна.

11.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж,  хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч Б.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ