Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/MA2017/0535

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр             Дугаар 221/МА2017/0535           Улаанбаатар хот

 

П.Энхбаярын нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч П.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн нарыг оролцуулан хийж, П.Энхбаярын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайхан, гуравдагч этгээд Д.Ариунаа нарын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1, , Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, П.Энхбаярыг урьд эрхэлж байсан тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан П.Энхбаярын ажилгүй байсан хугацааны цалин 4,270,639.1 /дөрвөн сая хоёр зуун далан мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан итгэмжлэлийн шаардлага хангаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Энхцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хууль зөрчлөө. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т: "Захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах" гэсэн байтал гуравдагч этгээд Д.Ариунааг төлөөлөн шүүх хуралд оролцсон Н.Энхцэцэгт олгосон итгэмжлэлд ямар маргаанд төлөөлөн оролцох тухай огт заагаагүй, энэ маргаанд төлөөлөн оролцох эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасны дагуу дээрх итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд шүүх хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж процессын хууль зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ариунаа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журмыг зөрчиж, илт нэг талыг барьсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэн, энэхүү гомдлыг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т: "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан. Улсын их хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай дараах маргааныг хянан шийдвэрлэнэ" гээд 4.4.б-д: "энэ журмын 3-ын 4-ийн "б"-"е"-д заасан маргаан" гэжээ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгад гаргасан өргөдлийг үндэслэн ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т: "дээд шатны захиргааны байгууллага, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол ... шүүхэд нэхэмжлэл гаргана" гэсэн хуулийн шаардлага хангагдсан гэж үзсэн нь илт нэг талыг барьж хууль зөрчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш байдлыг алдагдуулж байна. Иргэн П.Энхбаярыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга өөрөө гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасанчлан хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллагад гаргах гомдлыг Л.Баяртулгад гэж гаргасан нь хуульд заасан журмыг хангаагүй гэж үзэхээр байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д: "Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно" гэж заасан. Энэхүү заалт нь дээрх тайлбарын үндэслэл бөгөөд ийнхүү иргэн П.Энхбаяр хуульд заасан журмыг баримтлалгүй, өөрийн эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн этгээдэд өөрт нь өргөдөл гаргасан нь өөрийн буруутай үйлдлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдаагүй байхад хууль зөрчин захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, бичилтийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Шүүх “...  мэргэшсэн нягтлан бодогч П.Энхбаярыг инженер, технологич мэргэжлийн шаардлага бүхий ажлын байранд томилохоор шийдвэрлэсэн нь албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн гэж үзэхгүй ... нэхэмжлэгч П.Энхбаяртай тохиролцсон талаар баримт байхгүй, ... нотлогдохгүй ... Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байхад П.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “Монгол Улсын иргэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан бөгөөд иргэний үндсэн эрх нь төрийн албанд, тэр дундаа төрийн байгууллага дотроо болон нэг байгууллагаас нөгөө байгууллагад төрийн албан хаагчийг шилжүүлэх харилцаанд хэрэгжих учиртайг баталгаажуулж, хууль тогтоогчоос Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж хуульчилснаас үзвэл шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын захиргаа нь “албаны хэрэгцээ буюу ажлын зайлшгүй шаардлага” үүссэн, түүнчлэн тухайн төрийн жинхэнэ албан хаагчтай тус албанд шилжин ажиллах талаар “тохиролцсон” нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №Б/59 дүгээр тушаал[1]-аар Нэхэмжлэгч П.Энхбаяр нь тус яамны салбарын ерөнхий нягтлан бодогчоор, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б-17 дугаар тушаал[2]-аар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст ерөнхий санхүүчээр, Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол[3], Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаал[4] -аар мөн яамны Ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилогдон ажилласан, төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий Б-119 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Энхбаярыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас нь чөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-120 дугаар тушаалаар гуравдагч этгээд Д.Ариунааг түүний эрхэлж байсан “ерөнхий нягтлан бодогч”-ийн ажил, албан тушаалд томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад мөрдөгдөх дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу  хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргахын өмнө ийнхүү шилжүүлэн ажиллуулах бодит нөхцөл байдал бий болсон эсэхийг буюу албан ажлын зайлшгүй шаардлага гарсан эсэх, шилжин ажиллах ажилтантай тохиролцсон эсэх талаар шаардлагатай ажиллагааг хийж холбогдох баримтуудыг бүрдүүлэн тэдгээрийг үнэлж дүгнэн улмаар шийдвэр гаргах үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах болсон бодит нөхцөл, шаардлага, үндэслэлийг маргаан бүхий актад заагаагүй атлаа “...яам татан буугдаж Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болж өөрчлөгдөн батлагдсан ... Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн хүрээнд бизнесийн удирдлагаар мэргэшсэн, Бодлого, төлөвлөлтийн газар ажиллаж байсан зэргийг харгалзан ... тус албанд ажиллуулахаар санал тавьж тохиролцсоны эцэст ... шийдвэрлэсэн ...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт[5]-ын мэргэжлийн шаардлагыг “... мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч... мэргэшилтэй байх...” гэж, мөн Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт[6] -ын мэргэжлийн шаардлагыг “... инженер, технологич, бусад мэргэжил ...”  гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн шаардлагын хувьд инженер, технологичийн мэргэжлийн шаардлага бүхий “Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил албан тушаалд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, тус мэргэжлийн дагуу ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Энхбаярыг шилжүүлэн ажиллуулах болсныг “албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн” гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна хариуцагчаас “Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилох талаар нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцоогүй, албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Б.Энхбаярыг түүний эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас чөлөөлж, тус албанд өөр хүн томилсон хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байх тул Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий Б-119, Б-120 тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Д.Ариунаагийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “... захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээд намайг төлөөлөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйл ... заасан бүхий л эрх эдэлж, үүрэг хүлээх, хүсэлт тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгож байна ...” гэж бүрэн эрхийг заасан итгэмжлэлд итгэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн төлөөлөхийг заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайханы “... гуравдагч этгээд Д.Ариунааг төлөөлөн шүүх хуралд оролцсон Н.Энхцэцэгт олгосон итгэмжлэлд ямар маргаанд төлөөлөн оролцох тухай огт заагаагүй ... шүүх хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж процессын хууль зөрчсөн ... дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Өргөдөл хянан шалгуулах тухай” 195 дугаар албан бичиг[7]-ээр “... Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Энхбаяраас тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/119 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдлийг судлан үзээд харъяаллын дагуу  танай Салбар зөвлөлд шилжүүлж байна...” гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлд /дарга Л.Баяртулга/ нэхэмжлэгч П.Энхбаярын гомдлыг шилжүүлсэн, салбар зөвлөлөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр албан бичиг[8]-ээр “... шүүхийн шийдвэр эцэслэн гартал Салбар зөвлөл өргөдөлд дурдсан гомдлыг шийдэх боломжгүй байна ...” гэх Төрийн албаны зөвлөлд хаягласан албан бичгийн нотлох баримтууд авагджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нь хариуцагч Л.Баяртулга байсанд, түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хүлээн авч хариу хүргүүлсэнд нэхэмжлэгч буруугүй, нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... иргэн П.Энхбаярыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга өөрөө гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ... урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн .. нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.   

Шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг маргааныг шийдвэрлэсэн шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайхан, гуравдагч этгээд Д.Ариунаагийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, харин маргаан бүхий захиргааны акт илт хууль бус эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй, хэргийн оролцогчид маргаагүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг баримталсныг тус тус шаардлагагүй гэж дүгнэж, шийдвэрт зохих өөрчлөлтийг  оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1”, “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайхан, гуравдагч этгээд Д.Ариунаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                

 

 

 

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР                           

               ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

    ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ