Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0783/З |
Дугаар | 226 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 226
“Б” ХХК, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалын дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт зохион байгуулсан цахим системээр олгосон өргөдлийн бүртгэлийн 43 дугаарт “Б” ХХК, 08 дугаарт “Э” ХХК тус тус бүртгэгдсэн болохыг тогтоож, тус компаниудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0953 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0170 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Э нар,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ц.О, “Э” ХХК-ийн төлөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0953 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт зохион байгуулсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн “Э” ХХК 8, “Б” ХХК 43 дугаарт тус тус бүртгэгдсэн болохыг тогтоож, цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан “Б” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаадрлагыг хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0170 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0953 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2 (2017.08.11-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан)-д заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалын дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт зохион байгуулсан цахим системээр олгосон өргөдлийн бүртгэлийн 43 дугаарт “Б” ХХК, 08 дугаарт “Э” ХХК тус тус бүртгэгдсэн болохыг тогтоож, тус компаниудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий “Б” ХХК болон “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70.200 төгрөг, нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Өргөдлийн бүртгэлийн системд техникийн саатал үүсээгүй тухай. Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад эхэлсэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа нь техникийн саатлын улмаас доголдол үүсч, улмаар систем гацсан тул ажлын хэсэг хуралдаж системийг зогсоохоор шийдвэрлэсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/146 дугаартай тушаал гарч, тухайн өдрийн үйл ажиллагааг хүчингүй болгосон гэж тайлбарлаж буй нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэх бөгөөд тус үйл ажиллагаанд техникийн саатал, доголдол үүсээгүйг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн. Үүнд:
3.1. “И” ХХК нарын нийт 29 компаниас нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох явцад техникийн саатал, доголдол гараагүйг тогтоож шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/2018 дугаартай дүгнэлт гарсан нь тухайн нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материалд нотлох баримтаар цугларсан байна.
3.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад эхлэхэд түүнтэй зэрэгцэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/142 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсэг тухайн өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн хуралдахдаа хуралдааны хамгийн эхэнд Г.З дарга нь “Өнөөдрийн үйл ажиллагаа саатал гарлаа, 600 хүрч чадаагүй тул дугаар олголтыг хүчингүйд тооцъё” гэж хэлсэн байх бөгөөд хурлын үед тэмдэглэлээс үзвэл энэхүү үгийг Г.З дарга нь 09 цаг 00 минутад хэлсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар дугаар олголт нь 09 цаг 38 минут 39 секунд хүртэл үргэлжлэхдээ нийт 505 компани дугаар олгосон бөгөөд хариуцагч нь системийг унтраагаагүй байсан бол цааш үргэлжилж 600 дугаар олгогдох боломжтой байснаас үзвэл ажлын хэсгийн ахлагч Г.З нь анхнаасаа дугаар олголтыг хууль бусаар зогсоож, хүчингүй болгох санаа зорилготой байжээ. Түүний 09 цаг 00 минутад хэлсэн “...600 хүрч чадаагүй тул дугаар олголтыг хүчингүйд тооцъё” гэдэг нь маш яарч дугаар олголтыг зогсоосныг илэрхийлж байна.
3.3. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан “А" ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн АМGTG-2017/01 дугаартай албан бичгийн дээрээсээ 10 дугаар мөрөнд “Гадны нөлөө байгаагүйг эрх бүхий байгууллагаас тогтоосон”-ыг заасан байна.
3.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл системийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 40 минутад унтраасан бөгөөд системийн үйл ажиллагааны талаар ажлын хэсэг болон бусад эрх бүхий байгууллагаас ямар нэг дүгнэлт гараагүй байхад системийг унтраасан. Харин ажлын хэсгийн дүгнэлт нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17:00-18:30 минутын хооронд хийсэн хуралдаанаас гарсан гэж тэмдэглэгдсэн боловч хурлын тэмдэглэлд ажлын хэсэг нь 17 цаг 30 минутад хуралдсан гэж зөрүүтэй тэмдэглэсэн байсан. Үүнээс үзвэл ажлын хэсгийн дүгнэлт нь хууль бус, алдаатай байжээ. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох явцад техникийн саатал, доголдол гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү үйл баримтад холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж тухайн үйл баримтыг хянан шалгах шаардлагатай.
4. А/130 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан зааврын 2.3-т заасан өргөдлийн бүртгэлийн эхний 600 цахим дугаар авсан хуулийн этгээдэд өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдэнэ гэснийг нотлох баримтаар гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн тухай. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/130 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ын 2.3-т “...өргөдлийн бүртгэлийн эхний 600 цахим дугаар авсан хуулийн этгээдэд өргөдөл гаргах огноо /өдөр, цаг, минут/-г өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдэнэ” гэсний дагуу өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр хариуцагч талаас нэхэмжлэгч компанид мэдэгдсэн хуудсыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан бөгөөд тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШТ2017/0844 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тиймээс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажшлагааны заавар”-ын 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч компанид өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдсэнийг нотлох баримт хэрэгт цуглараагүй, энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч нотлох боломжгүй болсон.
5. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Түүнчлэн Ашигт малтпмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зааврын 2.3-т “Хуулийн этгээд энэ зааврын 2.2-т заасан бүртгэлийн кодоор өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтэрч өргөдлийн цахим дугаар авах бөгөөд өргөдлийн бүртгэлийн эхний 600 цахим дугаар авсан хуулийн этгээдэд өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдэнэ” гэж заасан. Үүнээс үзвэл цахим дугаар авснаар хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан өргөдлийг хүлээн авсан гэж үзэхээргүй байх бөгөөд 600 хуулийн этгээд цахим дугаар авсны дараа хариуцагч захиргааны байгууллагаас өргөдөл гаргах огноог цахим системээр мэдэгдсэн нөхцөлд хуулийн этгээдийг өргөдлийн дугаар олгох системээс цахим дугаар авсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байна.
6. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, түүнд холбогдох шүүхийн тогтоолыг буруу үнэлж нэхэмжлэгч компанид өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдсэнийг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчид өргөдөл гаргах огноог Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдээгүй нь тус компанийг цахим дугаар аваагүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү үйл баримтад холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт шүүхийн тогтоолоор цуглуулаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, холбогдох нотлох баримтыг цуглуулж тухайн үйл баримтыг хянан шалгах шаардлагатай.
7. Нэхэмжлэгчид нь өргөдлийн бүртгэлийн цахим дугаар олгогдсон тухай. “И” ХХК нарын нийт 29 компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох явцад техникийн саатал, доголдол гараагүйг тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/2018 дугаар дүгнэлтэд тухайн өдрийн үйл ажиллагаанаас олгогдсон цахим дугаарын жагсаалтыг гаргасан бөгөөд тэрхүү жагсаалт нь “А” ХХК-иас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 505 компанийн цахим дугаар олгогдсон жагсаалттай тохирсон. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өргөдлийн бүртгэлийн цахим 43 дугаарыг олж авсан нь үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүхээс үүнийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр хэргийн үйл баримтад холбогдох чухал ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулж, зохих ажиллагааг бүрэн хийгээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0953 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0170 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ын Хоёр дахь хэсгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим системээр олгох үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан байна. Энэхүү журмын 2.3-т “Хуулийн этгээд энэ зааврын 2.2-т заасан бүртгэлийн кодоор өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтэрч өргөдлийн цахим дугаар авах бөгөөд өргөдлийн бүртгэлийн эхний 600 цахим дугаар авсан хуулийн этгээдэд өргөдөл гаргах огноо /өдөр, цаг, минут/-г өргөдлийн бүртгэлийн цахим системээр мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл (Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн а/143 дугаар тушаалаар өөрчлөлт орсон) өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа нь эхний 600 хуулийн этгээд цахим дугаар авсны дараа хариуцагчаас тэдэнд өргөдөл гаргах огноог цахим системээр мэдэгдсэнээр дуусгавар болохоор байна.
11. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалын дагуу 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эхэлсэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажиллагаа тодорхой шалтгааны улмаас /техникийн саатлаас/ өргөдлийн бүртгэлийн 505 дахь дугаар дээр зогсож цааш үргэлжлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нарын зүгээс “техникийн саатал гараагүй” гэж маргаж байгаа боловч бодит байдал дээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дуусалгүйгээр дундаа зогссон байхад түүнийг хэсэгчлэн хүчин төгөлдөрт тооцож холбогдох шийдвэр гаргахыг /нэхэмжлэгч нарт цахимаар олгогдсон өргөдлийн дугаарыг хүчин төгөлдөрт тооцож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг/ хариуцагчид даалгах боломжгүй юм. Иймээс “...техникийн саатал гарч систем гацсан үед өргөдөл гаргахыг хүссэн бүх этгээд тэгш байдалтайгаар бүртгүүлэх боломжгүй болсон байх бөгөөд энэ үед хийгдсэн нэхэмжлэгч нарын өргөдлийн бүртгэлийг зохих ёсоор бүртгэгдсэн гэж үзэхгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, мөн дээрх шалтгааны улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга өөрийн чиг үүргийнхээ хүрээнд тухайн өдөр эхэлсэн цахимаар дугаар олгох үйл ажиллагааг зогсоож, доголдолгүй болсны дараа дахин нээлттэй зарлаж, бүртгүүлсэн бүх этгээдэд өрсөлдөх тэгш боломжийг олгох зорилгоор гаргасан /энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх аргагүй/ маргаан бүхий акт болох газрын даргын 2017 оны а/146 дугаар тушаал хууль ёсны талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Түүнээс гадна, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалын 1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох үйлчилгээний хөлс төлж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад өргөдлийн дугаарыг цахим системээр олгох ажлыг зохион байгуулсугай”; 2-т “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цахим өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг олгосон дугаарын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Кадастрын хэлтэст даалгасугай” гэж тус тус заажээ. Дээр дурдсанчлан, уг тушаалын нэг дэх заалтаар заасан үйл ажиллагаа буюу 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эхэлсэн цахим дугаар олгох ажиллагаа дуусалгүй дундаа зогссон, актад заасан хугацаа нь өнгөрсний улмаас эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байх тул маргаан бүхий актыг (Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны а/145 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2017 оны а/146 дугаар тушаалыг) хүчингүй болголоо ч а/145 дугаар тушаал нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, энэ утгаараа нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь сэргэх үндэслэлгүй байна.
13. Иймд, “2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох явцад техникийн саатал, доголдол гараагүй гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байна /“И” ХХК нарын 29 компанийн нэхэмжлэлтэй хэрэгт/, ... нийт 505 компанид дугаар олгогдсон бөгөөд хариуцагч системийг унтраагаагүй байсан бол цааш үргэлжилж 600 дугаар олгогдох боломжтой байсан..., өргөдөл гаргах огноог өргөдлийн бүртгэлийн цахим системээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн хуудсыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхүүд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ... шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчдөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн цуглуулаагүй гэх нотлох баримтууд нь техникийн саатал гараагүй гэдгийг нотлох байлаа ч бодит байдал дээр нэгэнт хэрэгжих боломжгүй болсон а/145 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэлийг сэргээж, актад заасан үйл ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх боломжгүй юм.
14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ