Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1984

 

“БА” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02580 дугаар шийдвэртэй, “БА” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д-д холбогдох

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 263 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “БА” СӨХ /цаашид СӨХ гэх/ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, БАа байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг. Тус байрны 205 тоотын өмчлөгч О.Д нь орон сууцандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 263 000 төгрөгийг төлөх үүргээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу биелүүлээгүй. СӨХ-ны 1 сарын төлбөрт засвар үйлчилгээний 60 000 төгрөг, цэвэрлэгээний 3 000 төгрөг, баримтын 150 төгрөг, нийт 63 150 төгрөг байхаар тогтоогдсон. Тус СӨХ нь 2012 онд байгуулагдсан ба 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр нэхэмжлээгүй.

Г.Нямдаржаа миний бие 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдоод төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардсан боловч төлөөгүй. О.Д-гийн өмчлөлийн 205 тоот орон сууц нь СӨХ-ны дундын эд хөрөнгө тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр нэхэмжилсэн. СӨХ нь хуульд заасны дагуу ажлаа гүйцэтгэж байна. Сууц өмчлөгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээд эрхээ эдлэх нь зүйтэй. Халаалт, цэвэр, бохир ус, цахилгаан бүгд дундын өмчлөлийн шугам сүлжээгээр ашиглагддаг. СӨХ-ны дээд зөвлөлөөс тогтоосон төлбөрийн хэмжээний хамгийн бага түвшин буюу 60 000 төгрөгөөр төлбөрийг тогтоосон байдаг. Хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан эм тариагаа хөлдөөсөн эсэх асуудал нь СӨХ-нд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Дээрх орон сууцыг ашиглалтад орсноос хойш оршин суусан бөгөөд СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 205 тоот орон сууцыг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлүүлэхээр бусдад түрээслүүлдэг. Гэтэл түрээслэгч нь “байрны хойд хананд хог асгасан нь шатаад, хананы дулаалгыг шатааж, СӨХ бүрэн засвар хийгээгүйн улмаас хананаас үргэлж цан цохиж жинддэг, байрны босоо шугам байнга ус алдаж байсныг өөрсдийн мөнгөөр материалаа авч холболтыг шинэчилсэн боловч дээд шугамаа даган үргэлж зэвтэй, муу ус гоождог, дээвэр зуны улиралд байнга ус гоождог учир хана цуурсан, барилгад хийгдсэн үнэлгээгээр хазайлттай гэх шалтгаанаар түрээсийн гэрээг дуусгавар болгохоор надад хандсан.

Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн задаргаа засвар үйлчилгээний зардалд сард 60 000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. Үнийн дүнг оршин суугчидтай хэлэлцэн тохирч тогтоогоогүй, энэ талаар гэрээ байхгүй. Уг байр анхнаасаа дээврээс ус гоождог, босоо шугам ус алддаг байсан. Манай үйлчилгээний хаалга баруун тийш, зам руу харсан, бид хариуцлагынхаа хүрээнд өөрийн байранд хамаарах зам талбайг өөрсдөө цэвэрлэдэг. СӨХ-ны үйлчлэгч эмийн санг цэвэрлэдэггүй. СӨХ-ны хариуцсан талбай тусдаа, хог хаягдлаа өөрсдөө гэрээгээр устгуулдаг. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.

СӨХ-ны үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагддаггүй. Нийтийн өмчлөлийн үйл ажиллагааг дэмжих нэг ч зүйл байхгүй. Энэ 2 дарга нь удирдах зөвлөл болж байгаад Г.Нямдаржааг гүйцэтгэх захирлаар сонгосон. Г.Нямдаржаа 22а байранд байдаггүй, оршин суугчдын хурал хийхгүйгээр 3 хүний тохиролцоогоор сонгогдсон. Аж ахуйн нэгжтэй сууц өмчлөгчдийн гэрээ байгуулах ёстой. Анх түрээслэхдээ сууц өмчлөгчдийн холбоотой 30 000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийж түрээслэгчдээ өгч байсан. Түрээслэгч өөрсдөө засвар үйлчилгээ хийж байсан болохоор дээрх хугацааны төлбөрийг төлөөгүй гэдэг.

Нэхэмжлэл гаргасан СӨХ хууль бус, нэг ч удаа СӨХ-ны хурал хийгээгүй. Хэн тогтоосон нь тодорхойгүй 60 000 төгрөгийн үнийн дүнгээр банк руу нэхэмжлэл явуулаад байгаа нь буруу. Гэрээ хийгээгүй атлаа төлбөрийг цуглуулж байгаад нэг дор нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гарснаар уг төлбөрийг мэдсэн, 60 000 төгрөгийг хэрхэн тогтоосон талаар мэдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Д-гээс 1 263 000 төгрөг гаргуулах тухай БА” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34 862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх хариуцагч О.Д нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1 263 000 төгрөгийг төлөөгүйг дурдсан атлаа зардлын хэмжээг хэрхэн тогтоож шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. СӨХ нь хууль ёсоор бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 90 хувиас дээш сууц өмчлөгчид 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолын дагуу төлбөрөө хэвийн төлдөг. СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тул бүх шийдвэрийг сууц өмчлөгчид гаргадаг. Үүний дагуу тариф батлах хурал хийж, Удирдах зөвлөл баталгаажуулсан, үүнийг шүүх бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй, эрхгүй. Уг тогтоолыг хүчингүй гэх эрх нь гагцхүү сууц өмчлөгч нарт бий. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гараагүй байхад хүчин төгөлдөр тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тодруулбал, хэргийг шийдвэрлэсэн шүүгч хариуцагч талын ашиг сонирхолыг илт авч үзсэн. Шүүх хуралдааны оролцогч бус этгээдийг хариуцагчийн суудалд суулгаж оролцуулсан бөгөөд тухайн хүн нь  шүүх хуралдааны бүхий л явцад хариуцагчид зөвлөгөө өгч, ярих зэргээр хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Энэхүү хууль бус үйлдлийн улмаас шүүх нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад шүүхэд өгсөн  нотлох баримтыг шүүх хуралдааны оролцогч бус этгээдэд өгсөн, уг этгээд тухайн нотлох баримтыг үзэн тайлбар гаргасан, мөн хэрэгт хавсаргаагүй. Шүүх хариуцагч талыг ярьсан тайлбар, хэрэгт хамааралгүй зүйлийг байнга дахин дахин яриулсан атлаа нэхэмжлэгч талын тайлбарыг үнэлээгүй, мэтгэлцэх эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “БА” СӨХ нь хариуцагч О.Д-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 20 сарын хугацаанд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 263 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч талууд харилцан маргажээ.

Хариуцагч О.Д нь нэхэмжлэгч БА” СӨХ-нд хамаарах 22А дугаар байрны 205 тоот орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Иймд тухайн орон сууцны өмчлөгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасантай нийцнэ.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай “Гэрчилгээ”-ээр /хх3/ нэхэмжлэгч “БА” СӨХ нь тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 22А орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий холбоо болох нь тогтоогджээ.

Талуудын тайлбараас үзвэл, хариуцагч өөрийн өмчлөлийн 205 тоот орон сууцыг аж ахуйн зориулалтаар бусдад түрээслүүлдэг үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дүнд хамаарах засвар үйлчилгээний зардлын хэмжээг тодорхойлохдоо тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоол, түүний хавсралт, авлагын дэлгэрэнгүй тайланд үндэслэж, аж ахуйн нэгж нь засвар үйлчилгээний төлбөр 60 000 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 3 000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, 1 сард ногдох төлөгдвөл зохих төлбөр 63 150 төгрөгийг төлөх үүрэгтэй гэжээ. /хх5, 7/

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т ... хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэж зохицуулсан байна.

Хэрэгт нэхэмжлэлд дурдсан дээрх 63 150 төгрөгийн хэмжээг тухайн СӨХ-ны бүх гишүүдийн хурал хийснээр баталсан, улмаар удирдах зөвлөл түүнийг баталгаажуулсан гэх нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал  нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Ийнхүү анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан СӨХ-ны зардлын хэмжээг хэрхэн тогтоож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, дээрх 02 дугаар тогтоол нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дах хэсэгт заасантай нийцээгүй гэж үзсэн нь зөв.

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд удирдах зөвлөлийн эдлэх эрх, үүргийг хуульчлан тогтоосон байх бөгөөд үүгээр СӨХ-ны удирдах зөвлөлд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

Дээрхээс гадна, нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүх хуралдааны оролцогч биш этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарласан байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн баримтаас нэхэмжлэгчийн гомдолд дурдсан дээрх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БА” СӨХ нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                         Т.ТУЯА