Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00436

 

 Богд-Ар 22 СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/0280 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1984 дүгээр магадлалтай,

 Богд-Ар 22 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

О.Долгорсүрэнд холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,263,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Богд-Ар 22 СӨХ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богд-Ар 22а байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг. Тус байрны 205 тоотын өмчлөгч******* нь орон сууцандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017.11.01-ний өдрөөс 2019.06.31-ний өдөр хүртэл нийт 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,263,000 төгрөгийг төлөх үүргээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу биелүүлээгүй. СӨХ-ны 1 сарын төлбөрт засвар үйлчилгээний 60,000 төгрөг, цэвэрлэгээний 3,000 төгрөг, баримтын 150 төгрөг, нийт 63,150 төгрөг байхаар тогтоогдсон. Тус СӨХ нь 2012 онд байгуулагдсан ба 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр нэхэмжлээгүй.

Г.Нямдаржаа миний бие 2017.05.23-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдоод төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардсан боловч төлөөгүй.*******гийн өмчлөлийн 205 тоот орон сууц нь СӨХ-ны дундын эд хөрөнгө тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр нэхэмжилсэн. СӨХ нь хуульд заасны дагуу ажлаа гүйцэтгэж байна. Сууц өмчлөгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээд эрхээ эдлэх нь зүйтэй. Халаалт, цэвэр, бохир ус, цахилгаан бүгд дундын өмчлөлийн шугам сүлжээгээр ашиглагддаг. СӨХ-ны дээд зөвлөлөөс тогтоосон төлбөрийн хэмжээний хамгийн бага түвшин буюу 60,000 төгрөгөөр төлбөрийг тогтоосон байдаг. Хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан эм тариагаа хөлдөөсөн эсэх асуудал нь СӨХ-нд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх орон сууцыг ашиглалтад орсноос хойш оршин суусан бөгөөд СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 205 тоот орон сууцыг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлүүлэхээр бусдад түрээслүүлдэг. Гэтэл түрээслэгч нь байрны хойд хананд хог асгасан нь шатаад, хананы дулаалгыг шатааж, СӨХ бүрэн засвар хийгээгүйн улмаас хананаас үргэлж цан цохиж жинддэг, байрны босоо шугам байнга ус алдаж байсныг өөрсдийн мөнгөөр материалаа авч холболтыг шинэчилсэн боловч дээд шугамаа даган үргэлж зэвтэй, муу ус гоождог, дээвэр зуны улиралд байнга ус гоождог учир хана цуурсан, барилгад хийгдсэн үнэлгээгээр хазайлттай гэх шалтгаанаар түрээсийн гэрээг дуусгавар болгохоор надад хандсан.

Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн задаргаа засвар үйлчилгээний зардалд сард 60,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. Үнийн дүнг оршин суугчидтай хэлэлцэн тохирч тогтоогоогүй, энэ талаар гэрээ байхгүй. Уг байр анхнаасаа дээврээс ус гоождог, босоо шугам ус алддаг байсан. Манай үйлчилгээний хаалга баруун тийш, зам руу харсан, бид хариуцлагынхаа хүрээнд өөрийн байранд хамаарах зам талбайг өөрсдөө цэвэрлэдэг. СӨХ-ны үйлчлэгч эмийн санг цэвэрлэдэггүй. СӨХ-ны хариуцсан талбай тусдаа, хог хаягдлаа өөрсдөө гэрээгээр устгуулдаг. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагддаггүй. Нийтийн өмчлөлийн үйл ажиллагааг дэмжих нэг ч зүйл байхгүй. Энэ 2 дарга нь удирдах зөвлөл болж байгаад Г.Нямдаржааг гүйцэтгэх захирлаар сонгосон. Г.Нямдаржаа 22а байранд байдаггүй, оршин суугчдын хурал хийхгүйгээр 3 хүний тохиролцоогоор сонгогдсон. Аж ахуйн нэгжтэй сууц өмчлөгчдийн гэрээ байгуулах ёстой. Анх түрээслэхдээ сууц өмчлөгчдийн холбоотой 30,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийж түрээслэгчдээ өгч байсан. Түрээслэгч өөрсдөө засвар үйлчилгээ хийж байсан болохоор дээрх хугацааны төлбөрийг төлөөгүй гэдэг.

Нэхэмжлэл гаргасан сууц өмчлөгчдийн холбоо хууль бус, нэг ч удаа сууц өмчлөгчдийн холбооны хурал хийгээгүй. Хэн тогтоосон нь тодорхойгүй 60,000 төгрөгийн үнийн дүнгээр банк руу нэхэмжлэл явуулаад байгаа нь буруу. Гэрээ хийгээгүй атлаа төлбөрийг цуглуулж байгаад нэг дор нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гарснаар уг төлбөрийг мэдсэн, 60,000 төгрөгийг хэрхэн тогтоосон талаар мэдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/0280 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гээс 1,263,000 төгрөг гаргуулах тухай Богд-Ар 22 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1984 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Богд-Ар 22 СӨХ нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй. Мөн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээд хуулийн дагуу зайлшгүй төлөх ёстой ашиглалтын зардлаа төлөх үүрэгтэй. Энэ нь нийтийн зориулалттай орон сууцанд нэгдүгээр давхарт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж амьдарч байгаа хүнд ашиглалтын зардлаа төлөхгүй гэдэг нь хууль зөрчиж байгаа асуудал юм.Монгол Улсын Иргэний хууль болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Шүүх ******* нь хууль ёсоор бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа болохыг нэхэмжлэхийн үндэслэх хэсэгт дурдаж, хариуцагч******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,263,000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэлээ зардлын хэмжээг хэрхэн тогтоож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэж тайлбарлажээ.

******* нь хууль ёсоор бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сууц өмчлөгчид бүгд 2012.04.08-ны өдрийн 02 тоот Тариф тогтоосон тогтоолыг дагаж мөрдөж зардлаа одоог хүртэл төлсөөр ирсэн. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болохын хувьд бүх шийдвэрийг сууц өмчлөгчид өөрсдөө шийдвэрлэдэг.

Үүний дагуу тариф батлах хурал хийж, Удирдах зөвлөл баталгаажуулсныг шүүх бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

2012.04.08-ны өдрийн 02 тоот Тариф тогтоосон тогтоолыг *******-ны 90 хувиас дээш сууц өмчлөгчид хүлээн зөвшөөрч зардлаа байнга төлдөг.

Гэтэл шүүхийн зүгээс уг тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй буюу эрхгүй. Уг тогтоолыг хүчингүй эрх нь гагцхүү сууц өмчлөгчид байгаа. Гэтэл хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гараагүй байхад хүчин төгөлдөр тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Хоёрдугаарт: Шүүх процессын алдаа гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа нь хариуцагч талын ашиг сонирхлыг илт авч үзсэн. Шүүх хурлын ажиллагчийг хариуцагчийн суудалд суулгаж, шүүх хуралд оролцуулсан. Ажиглагчаар шүүх хуралдааны бүхий л явцад хариуцагчид зөвлөгөө өгүүлж, яриулж, бичгээр зөвлөгөө өгүүлэх зэргээр хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Энэ хууль бус үйлдэл нь зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.

Мөн шүүх хурал дээр нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг ажиглагчид өгсөн уг этгээд шүүхийн үйл явцад уг нотлох баримтыг үзээд яриад хавтас хэрэгт хавсаргаагүй. хариуцагч талыг ярьсан тайлбар, хэрэгт хамааралгүй зүйлийг байнга дахин дахин яриулж байсан. Нэхэмжлэгч талын хэлсэн үгийг үндэслэн авч үзээгүй, мэтгэлцэх үзэл бодлыг хаан боогдуулсан.Энэ зөрчлүүдийг нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс авч үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж байгаад гомдолтой байна. Энэ бол зөвхөн нэг талыг барьж хууль зөрчигчдөд давуу эрх олгож Монгол Улсын хуулийг цаашид зөрчөөд бай оршин суугчдыг хохироогоод бай гэсэн л шийдвэр юм. Ер нь энэ хоёр шүүхийн шийдвэр магадлал нь цаашид ийм муу буруу жишиг бий болгож нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байгаа олон мянган оршин суугчдыг хохироон завшиж, мэрэгчилж байх л санааг шүүхээр баталгаажуулаад өгчихлөө. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага хууль зөрчигч этгээдийг хуулийг зөрчих, эс биелүүлэхийг хүлээн зөвшөөрдөг болгочихлоо.СӨХ-ны мөнгө битгий төл шаардлагагүй гэх мэтээр олон хүн оршин суугчдад тарааж буруугаар ойлгуулж байдаг маш буруу жишиг тогтоож байгаад гүнээ харамсаж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02580 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн 102/ШШ2019/02580 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Богд-Ар 22 СӨХ*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,263,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Богд-Ар 22 СӨХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч******* нь тус СӨХ-д хамаарах 22а байрны 205 тоот сууцны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байранд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, 2017.11.01.-нээс 2019.06.30.-ны өдрийг хүртэлх 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 1,263,000 төгрөгийг СӨХ-д төлөөгүй тул хуульд заасны дагуу төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...СӨХ нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй газруудтай гэрээ байгуулж, тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний төлбөрийг авах үүрэгтэй. Гэтэл харилцан тохиролцсон гэрээ байхгүй, холбогдох төлбөрийг сар сард нь мэдэгдэж байгаагүй. Цаашид түрээслэгч байгууллага СӨХ-той гэрээ байгуулж, төлбөрийг хариуцах болно. ...засвар үйлчилгээ сард 60,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй, хийсвэр үнэлгээ байна, ...гэрээгээ хийж, сар бүр үндэслэлтэй төлбөрөө авахад иргэний үүргээ биелүүлж ажиллана... гэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуулийн шаардлага хангасан баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын нотолгооны үүргийг хуваарилах зарчмыг анхаараагүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3.-т зааснаар сууц өмчлөгч нь ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч Богд-Ар 22 СӨХ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий субъект болох нь СӨХ-ны №144 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх ба хариуцагч******* тус байрны 205 тоот сууцны өмчлөгч тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг сууц өмчлөгч, бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд тухайн сууцыг сууцны бус зориулалтаар ашиглаж байгаа бол сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болохоор хуульд тусгайлан зохицуулсан ба энэ тохиолдолд СӨХ нь тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байхыг шаардана.

 Хариуцагч******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг талаар маргаагүй тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гэрээгээр тохирсон хэмжээгээр төлөх үүрэгтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв боловч гэрээ байгуулаагүйд зохигчийн хэн алиныг буруутай гэж үзнэ.

 Тухайлбал, зохигч өөрийн буруугүй болохоо баримтаар нотлоогүй бөгөөд гэрээ байгуулахаар удаа дараа дуудсан боловч өмчлөгч ирж гарын үсэг зураагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, түрээслэгч гэрээ байгуулахаар очиход хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх нь зүй ёсны бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар гэрээ байгуулах үүрэгтэй болно.

 Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй ба хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ

 Нэхэмжлэгчийн анх сард 30,000 төгрөгийн төлбөр төлөхөөр гэрээ байгуулж, төлж байсан талаарх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан нотлох баримт мөн.

 Хариуцагч нь хуульд зааснаар дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг сууц өмчлөгчийн холбоонд төлөх үүрэгтэй боловч зохигчийн хооронд төлбөрийн хэмжээг тогтоосон гэрээгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тооцож, төлбөрийг хариуцуулах нь хуульд нийцнэ.

 Иймд нэхэмжлэлд дурдсан 2017.11.01-нээс 2019.06.31.-ний өдрийг хүртэлх 19 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд хариуцагчаас 570,000 /19сар х 30,000 төг/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д зааснаар сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан байхад нэхэмжлэгч нь тус холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байх ба тус баримтаар сууц өмчлөгч бүх гишүүдийн хурлаар аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын сангийн үнийн тарифыг баталсан болох нь нотлогдохгүй байх тул нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, харин хариуцагч нь тухайн СӨХ-д хамаарах байранд үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ авч байгаа атлаа ашиглалтын зардлаа төлөхгүй хууль зөрчиж байна гэх гомдлыг хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1984 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/0280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтын 115.2.3. гэснийг 115.2.2. гэж, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч*******гээс 570,000 төгрөгийг гаргуулан Богд-Ар 22 СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч*******гээс 17,750 төгрөгийг гаргуулан Богд-Ар 22 СӨХ-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаагийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямдаржаагаас 2019.12.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,862 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                     Б.МӨНХТУЯА

                                                      Б.УНДРАХ

                                                         Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД