Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0814

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Д******* /РД:*******/                                           

Хариуцагч: Ш******* нарын хооронд үүссэн Ш*******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж тэтгэмжийн зөрүү гаргуулахыг даалгах, шүүгчийн бууруулсан цалингийн зөрүүг Ш*******өөс гаргуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, Т.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Ш*******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулахыг даалгах, 

1.2. Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү болох 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг Ш*******өөс гаргуулахыг даалгах шаардлага гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч Ж.Д******* нь шүүхийн байгууллагад 38 жил, үүнээс шүүгчээр 30 гаруй жил ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар 17-ны өдрийн 28 дугаартай зарлигаар[2] Д*******,******* шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан.

2.2. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Ш*******ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газраас Д******* газрын дансанд нэг удаагийн тэтгэмжийн санхүүжилт хэмээн 104 400 000 төгрөг орсныг тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар[3] нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.[4]

2.3. Нэхэмжлэгч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингаас биш, харин дундаж цалин хөлснөөс тооцож олгох ёстой гэж үзээд Ш*******д хандсан байх бөгөөд Ш*******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/755 тоот албан бичгээр[5] ... нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяалах шатны шүүхэд хандах боломжтой гэх хариуг авсан.

2.4. Д******* газрын нягтлан бодогчийн гаргасан тооцооллоор[6] нэхэмжлэгч Ж.Д*******д 104 400 000 төгрөгийн бус, харин 176 149 552 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор тооцоолол хийсэн байх бөгөөд үүний зөрүү 71 759 552 төгрөгийг нэхэмжлэгч Ш*******өөс гаргуулахаар нэхэмжилж байна.

2.5. Мөн өмнө дагаж мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна гэж заасан байсан бөгөөд энэ хууль Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр дээрх хууль хүчингүй болсон.

2.6. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. гэж заасны дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл албан тушаалын цалингийн 40 хувь, нийт 65 хувь болсноор өмнө авч байсан цалин буурсан гэж нэхэмжлэгч маргасан.

2.7. Өөрөөр хэлбэл, дээрх нэмэгдэл хэрэгжиж эхэлсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө авч байсан цалин буурсан бөгөөд энэ хугацаанаас шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дутуу авсан цалингийн зөрүү 1 976 228 төгрөг болохыг Д******* газрын нягтлан бодогчийн тооцооллоор тодорхойлжээ.[7]

2.8. Энэ талаар нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ш*******д бичгээр хүсэлт гаргасан[8] бөгөөд тус хүсэлтэд Ш*******ийн дарга 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/1301 тоот албан бичгээр[9] ... Таны хүсэлтэд дурдсан асуудлаар Ш******* 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цалингийн зөрүүг шүүхийн шийдвэргүйгээр олгох боломжгүй байна. гэх хариуг өгсөн.

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг дундаж цалин хөлснөөс тооцон авах эрхтэй, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар цалин буурахгүй байх зарчмын үүднээс буурсан цалингийн зөрүүг авах эрхтэй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заахдаа сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ нь дундаж цалин хөлсний хэмжээгээр биш юм ... Цалингийн зөрүүтэй холбоотой асуудал дээр 2021 оны 03 дугаар 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн энэ хууль нь цалин хөлстэй холбоотой буюу энэ заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс үйлчлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл докторын зэргийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл гэхчлэн явдаг. Энэ хугацаанд мэдэх боломжтой байсан. Энэ хугацаанд мэдэх боломжтой бол Ш*******д өөрсдөө тодорхойлоод шүүгчдийн холбооноос ч юм уу хандах боломжтой байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс шүүгч цалин хөлсөө буурсныг мэдэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1 билүү, тодорхой санахгүй байна. Түүн дээр чөлөөлсөн, шилжүүлсэнтэй холбоотойгоор, өөрөөр хэлбэл хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоос бусад хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь маргаантай асуудлаар эрх нь зөрчигдсөн тохиолдолд 90 хоногт гомдол, хүсэлт гаргаж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандах боломж нь байдаг. Тэгсэн өнөөдөр энэ шүүгч маань хэзээ хандаж байгаа юм бэ? Энэ том асуудал байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг уншиж танилцахад холбогдох хуулийн заалтуудыг тайлбарлан эцэст нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байсан. Энэ гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна. Нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн шаардлагын тухайд эдний маргаж байгаа гол зүйл нь дундаж цалинтай холбоотой асуудал байгаа юм. Миний хувьд нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг албан тушаалыг цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг нийлүүлээд нийлбэрээс нь тооцож олгох ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д энэ талаар тодорхой заасан. Гэхдээ нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульд байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж гаргах тухай 7 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын 4 дүгээр зүйл буюу бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох тухай заалтын 4.4 дээр нь хэрэв төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхарлуулан олгохгүй гэж заасныг үндэслээд миний хувьд Шүүхийн тухай хуулийн 47.9-д заасны дагуу дундаж цалингаас тооцож өмнө нь авсан 104,400,000 төгрөгийн дундаж цалингаар бодоход зөрүү нь 71,759,552 төгрөг болж байгааг нэхэмжилсэн. Учир нь Шүүхийн тухай хуулийн 47.9-д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Энэ заалт дээр албан тушаалын цалин гэсэн үг байхгүй. Дундаж цалингаас гэж тодорхой бичсэн. Гэтэл Ш******* албан тушаалын цалингаас бодож тооцсон нь зөв гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Дундаж цалин хөлсийг тайлбар бичиг, бүх юмнаас хараад байхад албан хаагчийн цалингийн дундаж хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм. Шүүхийн тухай хуулийн 46.2 дээр шүүгчийн цалин хөлсөнд юу орох вэ гэвэл албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн Төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэсэн нь саяны албан хаагчийн цалингийн дундаж хэмжээ гэж тайлбарласантай нийцэж байгаа юм. Шүүхийн тухай хуулийг Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороогоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн байсан. Энэ тухай тэмдэглэлүүдийг шүүгч санаачилгаараа хэрэгт нотлох баримтаар авсан байсан. Эх хувиараа хэрэг дотор байгаа. Энэ дээр ч гэсэн яригдсан асуудлууд нь шүүгчийн нэмэгдлийн асуудал, 36 сарын тэтгэмжийн асуудал, тэтгэврийн асуудлуудыг бүгдийг нь ярьсан байна лээ. Хэлэлцээд эцэст нь шийдвэрлэхдээ сарын дундаж цалингаар 36 сарын тэтгэмжийг тооцно. Дээрээс тухайн үед нь цалингийн 80 хувиар тэтгэврийг олгох талаар ярилцаж байсан боловч эцэст нь 80 хувь нь болиод сарын дундаж цалингаар тэтгэмжийг олгоно гэсэн заалтыг эцэслэж баталсан. Одоо энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа. Ш******* жил бүр оны эхэнд тэтгэвэрт гарах шүүгчийн судалгааг гаргуулан авдаг. Шүүхийн тухай хуулийн 46.4-д шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчөөд албан тушаалын цалингаар тооцож олгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж 36 сарын тэтгэмжийн асуудлыг энд ингэж ярьж байгаа юм. Цалин буурсан асуудлын хувьд миний хувьд хуучин мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.2-д зааснаар тухайн шүүгчийн цалингийн хэмжээг шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдэж байна гэж заасны дагуу цалин хөлсөө авч байсан. Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр албан тушаалын цалингаас гадна шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, нийт 65 хувийн нэмэгдэл авч эхэлснээр цалин бага хэмжээгээр буурсан. Ганцхан миний цалин буураагүй. Тухайн үед олон хүний цалин буурсан. Одоо сүүлд сонсож байхад 10-аад хүний цалин буурсан гэсэн асуудал яригддаг. Энэ цалин буурсан шүүгч нар ч гэсэн эхнээсээ шүүхээр шийдүүлсэн. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С. хамгийн анх нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Харин хоёр дахь шаардлагыг хангаагүй байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг нэмж өөрчлөлт оруулсан. Энэ заалт дээр юу байсан гэвэл шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч шийдвэрлэхийг Ш*******д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулсан. Энэ шүүхийн шийдвэр, магадлал одоо хүчин төгөлдөр болсон. Түүнээс хойш Ш******* 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуралдаад Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаж, мөрдөгдөх явцад зарим шүүгчийн цалин хөлс буурсан тухай асуудлыг хэлэлцсэн. Үүнээс өмнө судалгаа авсан байсан. Энэ авсан судалгаагаар энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байсан. Гэтэл энэ тогтоол дээр зарим шүүгчийн 2021 онд авч байсан цалин хөлсний хэмжээг бууруулахгүйгээр зөрүүг нь 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс олгохоор тогтсон байсан. Энэ тогтоолд тэтгэвэрт гарсан шүүгч нарын цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй орхисон. Энэ хугацаанд миний хувьд цалин буурсан асуудлаар орон нутагт байдаг учир хотод байгаа Д******* шатны шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Н.Аг биечлэн очиж уулзаад сонсооч ээ хүсэлт тавьсны дагуу очиж уулзсан байсан. Энэ асуудал яригдаж байгаа гэсэн боловч нааштай байдлаар шийдвэрлэгдээгүй. Түүнээс хойш өөрөө биеэр очиж уулзсан. Тэгэхэд энэ асуудлыг мэдэж байгаа, яаж шийдэгдэх нь мэдэгдэхгүй гэсэн хариуг өгч байсан. Мөн энэ хугацаанд цалин нь буурсан одоо ажиллаж байгаа цөөхөн /5, 6 байх гэж бодож байна/ шүүгч нар цалингаа 05 дугаар сарын 31-ээс хойш өмнөх хэмжээндээ авч байгаа. Тэрнээс өмнө аваагүй байсан цалингийнхаа асуудлыг мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхийг мэдэхгүй байна. Ийм байдалтайгаар цалин буурсан шүүгч нарын асуудал эхнээсээ шийдвэрлэгдээд, нэхэмжлэл нь хангагдаад явж байгааг би сонссон. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Ш******* нь бүрэн эрхийнхээ хүрээнд, тухайлбал 71.1.4 шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, эрх бүхий этгээд, хууль санаачлагчид уламжлах тухай заалт байгаа. Мөн 73.1 дээр ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд, 73.1.1 дээр нь энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах гэсэн хуулийн заалтууд байгаа. Энэ асуудал 2021 онд хууль хэлэлцэж байх үед яригдаж эхэлсэн. Ялангуяа цалин буурсан шүүгч нарын хувьд мөн 36 сарын тэтгэмж гээд бүх зүйлүүд яригдсаар байтал энэ талаар бидний эрх ашгийг хамгаалах талаар ямар ажил хийсэн нь мэдэгдэхгүй. Шийднэ гэсэн байдалтай явсаар одоог хүрсэн байдалтай байна. Ийм учраас миний бие цалин буурч хохирсон учраас 1,976,228 төгрөгийн дутуу авсан цалингаа гаргуулахыг даалгаж өгөөч гэж хүссэн. Энэ цалинг дутуу авснаар би нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгө дутуу бодогдсон, ээлжийн амралтын дутуу олгогдсон зэрэг зүйлүүд болсон. Тэмдэглэлүүд дээрээс харвал Их хурлын гишүүд, тухайн үед ерөнхий зөвлөлийг төлөөлж оролцож байсан гишүүн, Улсын Дээд шүүхээс оролцож байсан шүүгч нар 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалин гэдэг дээр эсрэг санал тавьсан. Энэ нь тийм учиртай гэж маргасан зүйл би олж харсангүй. Харин шүүгч нарын цалин хөлсийг бууруулж болохгүй, олон эрх нь хуулиар хасагдаж байгаа учраас аль болох нийгмийн, цалингийн асуудлыг онцгойлон харж үздэг гэсэн талаар тайлбарласан зүйлүүд байна лээ. Энэ хугацаанд бусад төрийн албан хаагч нар ямар байдлаар авдаг юм бол гээд өөр хуулиудыг судалж үзсэн. Тэгэхэд зарим нэг нь шууд албан тушаалын цалин гэсэн заалт байдаг юм байна. Зарим нь бүх нэмэгдлүүд нь ороод явдаг зүйл байдаг юм байна лээ. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж энэ шүүх хуралдаанд оролцож байна.

Сая Ч.И шүүгчийн шийдвэртэй холбоотой асуудал ярьж байх шиг байна. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас гомдол гаргаад эцэслэн Дээд шүүх рүү очиж хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хоёр өөр. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдана. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь дахиад иргэний журмаар шийдвэрлэсэн бол одоо дахин захиргааны шүүхээр ч юм уу эрх нь нээлттэй болно гэсэн үг. Ийм ч учраас Ч.И шүүгч одоо ч гэсэн энэ асуудлаараа явж байгаа. Энэ хугацаанд яагаад өөрсдөө хандаагүй юм бэ гэж байна. Эсвэл бидний байр суурь өөрчлөгдсөн байх ёстой. Нэхэмжлэгчийн энэ сандал дээр Ш*******, эсвэл хариуцагчийн сандал дээр Улсын Их хурал юм уу, Засгийн газар. Тухайн үед н.Атарцэцэг гишүүн мэдэж байсан байна лээ. Дараагийн шинээр байгуулагдах Ш******* энэ асуудлыг танилцуулна, хэлнэ гэсэн. Тэгвэл энэ хугацаанд Ш******* шүүгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага яагаад энэ хүрээнд ажлаа хийгээгүй вэ? Хандаж байсан, шийдвэрлүүлэх гэж явуулж байсан зүйл байна уу? Нотлох баримтаар гаргаж өгөх юм байна уу? Хэрвээ байсан бол тэрийгээ гаргаж өгч болно шүү дээ. Тэгэхгүй бол шүүхийн шийдвэргүйгээр энэ мөнгийг олгох боломжгүй. Заавал шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэсэн асуудал гарч ирээд бид шүүхээр явсан. Эхнээсээ яваад шийдвэрлүүлээд, хангаад явж байгаа. Сая 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг ярьж байна. Үүний 4.4 дээр Төрийн албаны тухай хуулиас бусад хууль төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй гэсэн. Тусгайлсан хууль дээр энэ асуудлыг тодорхой шийдэх боломжтой гэсэн заалт, Шүүхийн тухай хуульд 47.9 дээр сарын дундаж цалингаар олгоно гэсэн заалт байгаа учраас бид нэхэмжлэлээ гаргаад явж байгаа. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Д******* шүүгч асан маань 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд эхнээс нь тайлбарлах маягаар хариу тайлбараа өгье. Нэгдүгээрт, нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой энэ асуудалд Ш*******ийн даргын тушаал гардаг. Энэ тушаалд хэд хэдэн хуулийг үндэслэдэг. Мэдээж Шүүхийн тухай хуулийн 47.9. Гол маргааны зүйл нь 47.9-д сарын дундаж цалин гэдэг нэр томьёотой холбоотой асуудал байгаа юм. Би өөрийн тайлбарыг хэлэхээс өмнө нэхэмжлэгчийн тайлбартай уяад тэрийг нь тайлбарлаад явах нь зүйтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч маань албан тушаалын цалин нэмэх нь хуульд заасан 3 нэмэгдлүүдээ нэмээд, энэ байдлаар надад олгох ёстой. Энийг дундаж цалин гэж ойлгож байна гэж байна. Саяны ойлголт бол албан тушаалын цалин буюу тухайн албан тушаалын үндсэн цалин дээр нэмэх нь холбогдох хууль тогтоомжид заасан нэмэгдлүүдийг нэмээд явбал энэ нь цалин хөлс гэсэн ойлголт болж эхэлдэг. Тэгэхээр цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэмжийн асуудал яригдах гээд байна. Энэ бол байж болшгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл Монголын хууль тогтоомжид ийм зүйл огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 60.1-ийг сая дурдсан. 60.1. дээр мөн үндсэн цалингийн дунджаас гэж маш тодорхой заасан. Үүн дээр Засгийн газар тогтооно гэж байгаа. Засгийн газраас тогтоосон Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тусламж олгох журам гэж байгаа. Энэ нийтлэг байдлаар үндсэн цалингийн хэмжээгээр тогтооно. Тэгэхээр нэг эргэлзээ гарч ирж магадгүй. Дундаж цалин гэж юу вэ гэвэл, би бол төрийн жинхэнэ албан хаагч. Бид нарын цалин сүүлийн 3 жилд 4 удаа өөрчлөгдсөн. Энэ яагаад ингэж байна гэвэл жишээлбэл, миний үндсэн цалин одоо би 2 сая төгрөг авч байгаа. Тэрний өмнөх жил 1 сая 500 мянга, тэрний өмнөх жил 1 сая төгрөг авдаг байя. Тэгээд би өнөөдөр тэтгэвэрт гарах гэж байна. Миний дундаж цалин хөлсийг бодохын тулд хугацаанд нь хамааруулаад сүүлийн 3 жилдээ арифметик дундаж гаргаад, миний дундаж цалин 1 сая 500 мянга болох нь гэж байгаа юм. Энийг үндсэн цалингийн дундаж буюу дундаж цалин гэдгээс 1 сая 500 мянгыг би төрийн албанд 30 жил ажилласан гэж бодоход тэтгэвэрт гарахдаа 45 сая төгрөг авахаар ойлгоод нийтлэг байдлаар хэрэглэгдээд явж байгааг дурдъя. Цалин хөлснөөс тооцох боломжгүй. Засгийн газрын тогтоол нь байна. Дундаж цалин хөлсийг тооцох журам гэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2021 оны А/192 дугаартай Дундаж цалин хөлсийг тодорхойлох журмыг баталсан. Энэхүү журамд дундаж цалин хөлсийг хэзээ тооцдог юм бэ? Дундаж цалин хөлс гэдэг ойлголтыг бид хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дээр хэрхэн ойлгож, ашигладаг юм бэ гэдгийг маш тодорхой заасан. Ийм ийм нөхцөлд дундаж цалин хөлсийг тооцох аргачлал, энэ журмыг хэрэглэнэ гээд журмын нийтлэг үндэслэл зорилгод Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална гэж байгаа. Ямар хүрээнд хэрэглэх журам бэ гэдэг нь энд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 109, 110 дээр дундаж цалин хөлсийг ийм нөхцөлд хэрэглэнэ гэж тодорхой заасан. Жишээ нь, нэмэгдэл хөлсийг тооцно. Энд юу орох вэ гэвэл илүү цаг. Илүү цагийг дундаж цалин хөлснөөс тооцно. Амралтын өдөр шилжүүлсэн тохиолдол энийг дундаж цалин хөлснөөс тооцдог. Шөнийн цагаар та ажилласан байх юм бол таны дундаж цалингаас тооцож таны шөнийн цагаар ажилласны нэмэгдэл өгнө. Мөн ээлжийн амралтын цалинг тооцохдоо мөн дундаж цалин хөлснөөс тооцдог. Дундаж цалин хөлс нь энэ ойлголт юм. Үүний дараагаар манай нэхэмжлэгч тал С. гэж шүүгчтэй холбоотой асуудлыг хөндөж ярихдаа өөрийн тайлбарт нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ярьсан. Тийм учраас манай талаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 842 дугаар магадлал байна. Ч.И, Ц.Ц******* нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан. Энэ нь мөн нэг удаагийн буцалтгүй тусламжийг мөн агуулгаар тайлбарласан. Цалин хөлснөөс бодооч ээ, дутуу олгосон байна гэдэг агуулгаар. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд хариу гаргасан боловч магадлал гараад хүчин төгөлдөр болсон. Улсын Дээд шүүхээс хэлэлцэхгүй орхисон. Үүн дээр анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 47.9-ийг тайлбарлаж чадаагүй байна гэж дүгнэсэн. 47.9-ийг Ш******* тушаалаа гаргахдаа бусад нийтлэг байдлаар хэрэглэгддэг албан тушаалын цалин, өөрөөр хэлбэл 2015 оны Улсын Их хурлын 101 дүгээр тогтоолоор батлагдсан Ерөнхий шүүгч байна уу, шүүгч байна уу, шат шатны шүүгч өөр өөр цалингийн хэмжээтэй байгаа. Асуудлын гол нь дундаж цалин хөлс нь аль 2015 оноос хойш шүүгч нарын албан тушаалын цалин нэмэгдээгүйтэй холбоотойгоор хэрэглэхэд шүүгч нарт ойлгомжгүй, наалдахгүй юм шиг байгаа юм. Би сая жишээ дурдлаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд цалин хөлс сүүлийн 2-3 жилийн хугацаанд 4 удаа нэмэгдсэн байна. Энэ дээр яалт ч үгүй сүүлийн 3 жилийн дундаж цалин хөлсийг төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авахдаа хэрэглэх боломжтой зохицуулалт учир наалдаж өгөхгүй буруу ойлголттой яваад байгаа юм болов уу? Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн дүгнэхэд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47.9-д заасны дагуу дундаж цалин хөлс буюу цалин хөлс гэж ойлгож, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм. Боломж ч үгүй юм. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах бүрэн боломжгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага бол цалингийн зөрүүний тухай асуудал. Нэхэмжлэгч ч өөрөө хэлсэн . Хуучин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль дээр шүүгч 5-аас дээш жил ажиллах юм бол дараа жилээс нь эхлээд өмнөх жилээсээ цалин хөлс нь 2 хувиар нэмэгддэг. Энэ мэдээж нэр бүхий, шүүхэд 25 болон түүнээс дээш жил ажилласан шүүгч нарын тухайд нэмэгдээд явдаг. Үүнээс үүсээд Шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-нд батлагдсанаас хойш цалин хөлс буураад явсан. Мэдээж нэр бүхий хэдэн шүүгч нарын цалин хөлс буурсан. Энд нэг том асуудал гарч ирдэг. Тэтгэмжийн зөрүүтэй асуудал ч, цалингийн зөрүүтэй асуудал дээр ч бид эрх зүйн хэм хэмжээг хэрэглээд нэгэнт шүүгч хүмүүс хуулийг маш өндөр түвшинд ойлгодог, хэрэгжүүлдэг хүмүүс байгаа. Бидэнд итгэлцүүрийн зарчим гэж байдаг. Эрх ашиг нь зөрчигдлөө. Тэрийг нэхэн сэргээгээд, хангуулахын тулд хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг ойлголт байдаг. Жишээлбэл, цалингийн зөрүүтэй холбоотой асуудал дээр 2021 оны 03 дугаар 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн энэ хууль нь цалин хөлстэй холбоотой буюу энэ заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс үйлчлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл докторын зэргийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл гэхчлэн явдаг. Энэ хугацаанд мэдэх боломжтой байсан. Энэ хугацаанд мэдэх боломжтой бол Ш*******д өөрсдөө тодорхойлоод шүүгчдийн холбооноос ч юм уу хандах боломжтой байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс шүүгч цалин хөлсөө буурсныг мэдэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1 билүү, тодорхой санахгүй байна. Түүн дээр чөлөөлсөн, шилжүүлсэнтэй холбоотойгоор, өөрөөр хэлбэл хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоос бусад хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь маргаантай асуудлаар эрх нь зөрчигдсөн тохиолдолд 90 хоногт гомдол, хүсэлт гаргаж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандах боломж нь байдаг. Тэгсэн өнөөдөр энэ шүүгч маань хэзээ хандаж байгаа юм бэ? Энэ том асуудал байна. Мөн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой асуудал байна. Минийх буураад орсон байна гэж яагаад тухайн үед нь, хөөн хэлэлцэх хугацааны дотор хандаж болоогүй юм бэ гэдэг асуудал яригдах ёстой. Хоёрдугаарт, мөн шүүхийн шийдвэрүүдийг иш татаж байна. Үүн дээр Ш******* хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гэхдээ энэ хүрээндээ цаашид шүүгч нарынхаа цалин хөлсийг бууруулахгүй байх талаас нь арга хэмжээ аваач ээ. Тухайлбал гээд магадлал дээр хаалтад хийсэн байгаа. Улсын Их хурал, холбогдох байгууллагууд нь хандаад олон улсын гэрээ, конвенцод нийцүүлээд шийдвэрлүүлэх арга замыг хайгаач ээ гэсэн. Энэ хүрээнд сая дурдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцсэн. 05 дугаар сарын 31-ний 146 тогтоол байгаа. Энэ тогтоолын тэргүүн буюу агуулга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж гаргасан. Үүний үндэслэх хэсэг мөн адил шүүхийн шийдвэр байгаа. Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 982 дугаартай шийдвэр, 99 дүгээр магадлалыг үндэслэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх энэ хүрээндээ Ш******* ч бай, аливаа захиргааны байгууллага ч бай, эрх зүйт төрд ажиллаж байгаа төрийн байгууллага зохих хуулийн этгээд ч бай бид бүгд хууль дээдлэх зарчим буюу хуулийн хүрээнд өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрүүд иргэн, хувь хүн, хуулийн этгээд заавал сахин биелүүлж, үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Ш******* ядаж одоо ажиллаж байгаа шүүгчдийнхээ цалин хөлсийг энэ шүүхийн шийдвэрийн хүрээнд нь бууруулахгүй ямар боломж байна, шүүхийн шийдвэр биелүүлэх хүрээндээ нэр бүхий одоо ажиллаж байгаа шүүгчдэд цалин хөлсний 2021 онд олгосон хэмжээнээс бууруулахгүй хэмжээгээр зөрүүг нь одоо 06 дугаар сараас олгоод явж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг Ш*******өөс хүлээн авах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэмэлт тайлбартай холбоотой тайлбар хэлье. Нэгдүгээрт, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгож гэж байна. Магадлалаар миний сая хэлсэн дүгнэлтийг Ш******* хуулийг зөв тайлбарлаж, зөв хэрэглэжээ гэсэн магадлалыг гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь, нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүх дээр очоод гомдсон. Хяналтын журмаар гомдол гаргаад Улсын Дээд шүүх хэргийн харьяаллын дагуу энэ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан учраас гэдэг агуулгаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өргөдөл, гомдол байна уу гэж надаас асууж байна. Харин хуулийн хугацаанд Ш*******д хандсан таны өргөдөл, гомдол байхгүй. Энийг дурдъя. Дундаж цалин гэдэг ойлголт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд миний сая дурдсанчлан тухайн харилцаанууд дээр хэрэглэгдэх эрх зүйн ойлголт байгаа юм. Нэг удаагийн тусламж, дэмжлэг үзүүлэхэд хэрэглэдэг жишиг, практик, хууль эрх зүйн зохицуулалт Монгол Улсын энэ орчинд байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Ш*******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулахыг даалгах шаардлагын тухайд:

1.1. Энэхүү шаардлагын хүрээнд талуудын хооронд маргасан гол эрх зүйн асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг хэрхэн ойлгох талаарх асуудал байна.

1.2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан байх ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тус хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэдгийг сарын дундаж цалин хөлснөөс буюу албан тушаалын цалин, нэмэгдэл зэрэг цалин хөлсний бүрдэл хэсгийг хамруулсан хэмжээнээс тооцох ёстой гэж, харин хариуцагчийн зүгээс зөвхөн сарын дундаж цалин буюу албан тушаалын цалингийн дунджаас тооцох ёстой гэж маргасан.

1.4. Шүүх хуулийн дээрх заалтыг тайлбарлан хэрэглэхдээ зөвхөн үг зүйн тайлбарын аргыг хэрэглэх бус, харин системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулахад:

1.5. Зөвхөн үг зүйн тайлбарын аргын хүрээнд авч үзвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалингийн гэх ойлголт нь тухайн шүүгчийн албан тушаалын цалин болох 2 900 000 төгрөгийн дунджаас тооцохоор ойлгогдож байх боловч энэ тохиолдолд шүүх системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь маргааныг хууль, зарчимд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэрлэх агуулгад нийцнэ гэж үзэв.

1.6. Системчилсэн тайлбарын арга нь хуулийн хэм хэмжээг дангаар нь, эсхүл хуулийн зүйл заалтаас тодорхой ойлголтыг салган авч тайлбарлах бус, харин тухайн заалт, ойлголттой агуулга, хэлбэрийн хувьд шууд холбоо бүхий зохицуулалтуудыг нийтэд нь /цогцоор нь/ авч үзэж тайлбарладаг.

1.7. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт нь 46 дугаар зүйл байна.

1.8. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна., 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. гэж тус тус заажээ.

1.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс судлан үзэхэд, шүүгчийн цалин хөлс нь цалин хөлсний бүрдлийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх төдийгүй эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлага тавигджээ.

1.10. Үүгээрээ мөн хуулийн зохицуулалтууд нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой ...[10], Шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 2001 оны 1 дүгээр зөвлөмжийн Дүгнэлтийн 8-д Шүүгч ... тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой ...[11] гэсэнд нийцжээ.

1.11. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг системчилсэн байдлаар тайлбарлана.

1.12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж цалин хөлсний бүрдэл хэсгийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ.

1.13. Түүний дагуу баталсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын[12] 1.4-д Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно: гээд 1.4.1-1.4.5-д үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал хамаарахаар, 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: гээд 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; гэж тус тус журамлажээ.

1.14. Тиймээс хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нийтэд нь системчлэн нэгтгэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна.

1.15. Тиймээс шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

1.16. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс ... зарим хуульд албан тушаалын цалингийн, эсвэл үндсэн цалингийн гэх мэт байдлаар тодорхой тодотгосон зохицуулалтууд байдаг бол Шүүхийн тухай хуульд тийм тодотгол байхгүй. Энэ нь сарын дундаж цалин хөлснөөс тооцох агуулгыг илэрхийлдэг ... гэх тайлбарыг шүүх мөн үндэслэлтэй гэж үзсэн.

1.17. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... гэх мэтчилэн үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгчээ.

1.18. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

1.19. Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй байна.

1.20. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт Ш*******ийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3 дахь заалтад шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах чиг үүрэг нь хариуцагчийн үндсэн чиг үүрэг байгаа энэ тохиолдолд хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/755 тоот албан бичгээр[13] ... нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяалах шатны шүүхэд хандах боломжтой гэх хариуг өгч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ... өргөдөл, гомдлыг ... шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

1.21. Шүүх эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Ш*******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.22. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нэг удаагийн тэтгэмжийн зөрүүний тооцоолол дээр маргаагүй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү болох 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг Ш*******өөс гаргуулахыг даалгах шаардлагын тухайд:

2.1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна., 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ., 46.4 дэх хэсэгт Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй. гэж тус тус заажээ.

2.2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. гэж зохицуулжээ.

2.3. Харин 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна. гэсэн зохицуулалт байжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр хуульд шүүгчийн цалин хөлсний нэмэгдэл нь хоёр өөр агуулга, зохицуулалтаар хэрэгжиж байсан боловч зарчмын хувьд шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээ буурахгүй байх, хараат бусаар ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх зарчимд тулгуурлаж байна.

2.5. Үүгээрээ мөн хуулийн зохицуулалтууд нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой ...[14] гэх зарчимд нийцжээ.

2.6. Нэхэмжлэгч нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан нэмэгдлийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийт 65 хувийн нэмэгдэл авч эхэлсэн боловч бодит байдал дээр энэ нь өмнө авч байсан цалин хөлсний хэмжээнээс буурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тооцооллоор[15] тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал энэ үйл баримттай маргаагүй.

2.7. Тиймээс мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй. гэж заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү болох 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг олгохыг Ш*******өөс шаардах эрхтэй байна.

2.8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь цалин буурсан гэдгээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтын дагуу буурсан цалингийн талаарх маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх ёстой байтал шийдвэрлүүлээгүй гэх агуулгаар маргасан.

2.9. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно. Тодруулахад:

2.10. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой тухайлсан зохицуулалт байхгүй боловч Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар энэхүү харилцаа зохицуулагдахаар байна.

2.11. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: гээд, мөн зүйлийн 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор. гэж зохицуулжээ.

2.12. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд, тухайн хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь шүүгчийн цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдсан байх, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд шийдүүлэх гэсэн хоёр нөхцөл байна.

2.13. Гэвч энэхүү маргаан бүхий тохиолдолд дээрх хоёр урьдчилсан нөхцөлийн аль аль нь боломжгүй буюу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй, мөн энэ маргаан нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хоорондын маргаан биш байх тул хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэнэ гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

2.14. Мөн Ш*******ийн даргаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/1301 тоот албан бичгээр[16] ... Таны хүсэлтэд дурдсан асуудлаар Ш******* 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цалингийн зөрүүг шүүхийн шийдвэргүйгээр олгох боломжгүй байна. гэх хариуг өгсөн байдаг бөгөөд тус албан бичигт тусгагдсан хүсэл зоригийн илэрхийллийг авч үзэхэд, ... шүүхийн шийдвэргүйгээр олгох боломжгүй ... гэх хэсэг нь нэхэмжлэгчийг шүүхэд хандахыг заасан буюу шүүхэд маргах эрхийг нь нээж өгсөн агуулгатай байна гэж үзэхээр байна.

2.15. Дээрх агуулгаар нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй.

2.16. Нөгөө талаас, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт Ш*******ийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3 дахь заалтад шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах чиг үүрэг нь хариуцагчийн үндсэн чиг үүрэг байгаа энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчид хандан ... Таны хүсэлтэд дурдсан асуудлаар Ш******* 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цалингийн зөрүүг шүүхийн шийдвэргүйгээр олгох боломжгүй байна. гэсэн хариуг өгсөн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ... өргөдөл, гомдлыг ... шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

2.17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.18. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нэг удаагийн тэтгэмжийн зөрүүний тооцоолол дээр маргаагүй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Ж.Д*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг, Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгчид олгохыг Ш*******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш*******өөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 1 дэх тал

[2] Хх 10 дахь тал

[3] Хх 23 дахь тал

[4] Хх 11, 22 дахь тал

[5] Хх 16 дахь тал

[6] Хх 13 дахь тал

[7] Хх 15 дахь тал

[8] Хх 17 дахь тал

[9] Хх 18 дахь тал

[10] Шүүхийн хараат бус байдал /олон улсын баримт бичиг/, УБ, 2019 он, 289 дэх тал

[11] Шүүхийн хараат бус байдал /олон улсын баримт бичиг/, УБ, 2019 он, 25 дахь тал

[12] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389706554831&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[13] Хх 16 дахь тал

[14] Шүүхийн хараат бус байдал /олон улсын баримт бичиг/, УБ, 2019 он, 289 дэх тал

[15] Хх 15 дахь тал

[16] Хх 18 дахь тал