Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0780

 

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0780

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ГХОХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Д.Б*******, Г.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******, З.Т******* нарыг оролцуулан, Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22220000054 дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Г.Б*******, Д.Б******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, З.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн НА-22220000054 дугаар нөхөн ногдуулалтын актаар М******* ГХОХХК-д 1,625,891,407.5 төгрөгийн нөхөн татвар, 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алданги, нийт 2,475,298,037.26 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

2.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, уг тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид гардуулж, тус шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/4517 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгч М******* ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

М******* ГХОХХК-д татварын шалгалтаар гарсан 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22220000054 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй тул татварын маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргасан.

Компанийн захирал Х******* өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ирж амжихгүй шийдвэр гаргах түвшний албан тушаалтан байхгүй тул компанийг төлөөлөх итгэлтэй санхүүгийн мэргэжилтэн хуульч сонгох боломжгүй байсан. Борлуулалтын орлоготой холбоотой гарсан зардлуудыг татварын байцаагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр зардлыг хасах хүсэлттэй байгаа. Татварын ерөнхий хуульд татварын алданги, торгууль 40 хүртэл хувь байна гэснийг шууд дээд хэмжээ болох 40 хувиар тооцсоныг өнгөрсөн хугацаанд гарсан цар тахал болон бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хүндрэлийг бодолцон үзэж бага хувиар шийдвэрлэхийг хүсэж байна. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх ганц хүсэлт тавьж байгаа нь алданги, торгууль 40 хувийг 5 хувь болгож өгнө үү. Бусад талаар алданги тавихгүй байгаа. Заавал 40 хувь гэсэн заалт байхгүй. Нэг их үндэслэл гээд байх юм байхгүй. Хуульд 40 хувь хүртэл гэж байдаг. Манайх дээр өмнө нь татварын байцаагч нараас шалгалт ороход 5 хувиар тооцож байсан. Тухайн байцаагчийн өөрийнх нь үзэмж гэж би бодож байна. 2019 онд татварын байцаагч нарын шалгалт орж байсан. Тухайн үед 5 хувиар тооцож байсан.

Манай компани 2021 оноос хойш ковидтой холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй. Одоо хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй. 2 тэрбум 400 сая төгрөгийн торгууль, алданги төлөхөөр болж байгаа. Бид нар одоо болтол цалингаа авч чадахгүй байгаа, энэ байдлыг харгалзан үзээд алданги, торгуулийн хэмжээг багасгаж өгнө гэсэн хүсэлтийг захирал тавьж байгаа юм. Хамгийн гол нь манайх ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй, С зөвшөөрөл гэж авдаг. Тэр нь татварын, нийгмийн даатгалын өргүй байх ёстой гэсэн заалт байдаг. Манайх өртэй болохоор тэрийгээ ч авч чадахгүй, ажлаа ч эрхэлж чадахгүй байгаа. Тэрэн дээр харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлт тавьж байна. гэв.

5.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэст бүртгэлтэй М******* ГХОХХК /*******/-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус, иж бүрэн татварын хянан шалгалтыг 2222501145 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Д.Б*******, Г.Б******* нар хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтын үр дүнд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2222501145 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 26,827,430,880.9 төгрөгийн зөрчилд нийт 2,475,298,037.26 төлбөр ногдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид шуудангаар хүргүүлж гардуулсан. "М*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22/130 тоот албан бичгээр дээрх нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан байна. 2018 оны нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүнгээс албан татвар буруу тооцсон гэх гомдолд: М******* ХХК-ийн 2018 оны тээврийн орлого дутуу тайлагнасан зөрчлийн дүнд албан татвар нөхөн ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:", 8.1.1-д "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;" 17 дугаар зүйлийн 17.1-д "... 0-3,0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна" гэж заасны дагуу ногдуулсан. 2018, 2019 онд машины шатахуун, дугуй солих, машин засвар гэх мэт зардлуудыг тусгагдаагүй тусгаж оруулах гэх гомдолд: 2018, 2019 онуудад дутуу тайлагнасан үйлчилгээний орлогын дүнгээс 2018 онд 268,894,559.59 төгрөгийн алдагдлыг бууруулан тооцсон мөн 391,056,143.45 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний дутуу тайлагнасан зардлыг хасаж тооцсон, 32,952,127.84 төгрөгийн төлбөрийн баримтаар /ТУНС дахь и-баримтын мэдээллийн сангаас тооцоолол хийж тайланд хасаагүй дүнг тооцоолж хасаж өгсөн/ нотлогдсон зардлыг хасаж тооцон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй." 15.1.2-д "албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;" гэж заасныг үндэслэн төлбөр ногдуулсан. 2018-2021 оны алданги торгуулийг 40 хувиар бодсоныг 5 хувиар бодож... гэх гомдолд: 2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт алданги тооцохдоо 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж зааснаар, 2020, 2021 оны зөрчилд алданги тооцохдоо 2019 оны Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1-д зааснаар тооцсон, 2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 84 дүгээр зүйлд зааснаар тооцвол татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-д заасныг хэрэглэж торгуулийн хэмжээг 30 хувиар, 2020, 2021 оны зөрчилд торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 82.1.2-д зааснаар тооцон торгууль ногдуулсан. Дээр дурдсан зөрчлүүдэд хариуцлага оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэж заасан. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд татвар төлөгч татвараа өөрөө тайлагнасан тохиолдолд тухайн хууль үйлчилнэ. Тэгэхээр Мөнх төгөлд од ХХК нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн энэ заалтад хамаарахгүй. 40 хүртэл хувь гэж яриад байгаа Татварын ерөнхий хуулийн заалт нь Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд татвар суутгах үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага гэдэг зүйлийн 83.2 дахь хэсэгт энэ хуулийн 83.1 дэх хэсэгт заасан этгээдийг нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж байгаа. Хуульд 40 хувь хүртэл гэдэг үг байхгүй. Хуучин хуульд ч гэсэн ингэж заасан байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ГХОХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Д.Б*******, Г.Б******* нарт холбогдуулан Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22220000054 дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч М******* ГХОХХК нь Татварын ерөнхий хуульд татварын алданги, торгууль 40 хүртэл хувь байна гэснийг шууд дээд хэмжээ болох 40 хувиар тооцсоныг өнгөрсөн хугацаанд гарсан цар тахал болон бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хүндрэлийг бодолцон үзэж багасгуулахаар маргаж актын бусад хэсгийг хүлээн зөвшөөрсөн.

3.Нэхэмжлэгч М******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын иргэн Х*******-г гүйцэтгэх захирлаар томилон Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

4.Хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн НА-22220000054 дугаар нөхөн ногдуулалтын актаар М******* ГХОХХК-д 1,625,891,407.5 төгрөгийн нөхөн татвар, 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алданги, нийт 2,475,298,037.26 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

5.Нэхэмжлэгч компанийн 2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт алданги тооцохдоо 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж зааснаар,

2020, 2021 оны зөрчилд алданги тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор; гэж зааснаар,

2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 84 дүгээр зүйлд зааснаар тооцохгүйгээр татвар төлөгчийн эрх зүйн байдал дордуулахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-д заасныг хэрэглэж торгуулийн хэмжээг 30 хувиар,

2020, 2021 оны зөрчилд торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж зааснаар тооцон торгууль ногдуулсан.

6.Хариуцагчаас дээр дурдсан зөрчлүүдэд хариуцлага оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

7.Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэсэн зохицуулалтад нэхэмжлэгч хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд татвар төлөгч татвараа өөрөө тайлагнасан тохиолдолд тухайн хууль үйлчлэх бөгөөд нэхэмжлэгчийг ногдуулан тайлагнаагүй татварын алданги, торгуулиас чөлөөлөх боломжгүй.

8. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Татварын ерөнхий хуульд татварын алданги, торгууль 40 хүртэл хувь байна гэснийг шууд дээд хэмжээ болох 40 хувиар тооцсоныг өнгөрсөн хугацаанд гарсан цар тахал болон бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хүндрэлийг бодолцон үзэж багасгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

9.Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарт холбогдуулан нэхэмжлэгч М******* ГХОХХК-иас гаргасан Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22220000054 дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан М******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22220000054 дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН