Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0095

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000000  дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах” тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  780 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Г.Б, Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0453/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000000  дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах”-аар маргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 780 дугаартай шийдвэрээр “2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийн  73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан “М ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000000  дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс манай байгууллагын санхүүгийн тайланд шалгалт оруулж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 033334 дугаар шийтгэлээр 684,808,739.90 төгрөгийн ноогдуулалт хийсэн. Манай компани нь уг шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул нийслэлийн татварын дэргэдэх маргаанд таслах зөвлөлд хандсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 тоот тогтоолоор 670,478,626.03 болгон буруулж шийтгэл оногдуулах тогтоол гарсан.

3.2. Манай байгууллага нь 97 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан бөгөөд шүүхээр дахин шалгалт оруулах шийдвэр гарсан. Нийслэлийн татварын хэлтсээс шалгалт орж 271,319,115.63 төгрөгийн акт тавьсан. Манай байгууллага нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргээс гарсан өмнөх актын төлбөр болох 684,808,739.90 төгрөгийг бүрэн барагдуулсан болно. Манай компанийн илүү төлсөн татвар болох 418,483,064.32 төгрөгийг буцаан олгоогүй байгаад татварт суутгасан юм. Манай компани нь татварын гаргасан тээврийн борлуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд борлуулалтыг ихээр тооцсон байгаад гомдол гаргаж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “М ” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарт холбогдууланНийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000000  дүгээр нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алдангийг багасгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч компанийн 2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт алданги тооцохдоо 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар, 2020, 2021 оны зөрчилд алданги тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж зааснаар, 2018-2019 оны зөрчилд нөхөн ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 84 дүгээр зүйлд зааснаар тооцохгүйгээр татвар төлөгчийн эрх зүйн байдал дордуулахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-д заасныг хэрэглэж торгуулийн хэмжээг 30 хувиар, 2020, 2021 оны зөрчилд торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж зааснаар тооцон торгууль ногдуулсныг зөв гэж дүгнэж, М ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай.

2.4. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ... 2018 онд 6,518,870,459.31 төгрөгийн, 2019 онд 1,506,581,440.30 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан тайлагнаагүй. 2020 онд 4,296,279,414.64 төгрөгийн, 2021 онд 750,681,175.31 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан тайлагнаагүй. 2018 онд 109,250,985.40 төгрөгийн хувийн хэрэглээний, үйл ажиллагааны бус зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцон, санхүү, татварын тайлангийн зөрүүг зохицуулах тайлангаар зохицуулж тайлагнаагүй. 2020 онд 56,874,236.91 төгрөгийн, 2021 онд 78,924,536.02 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасагдах зардалд тайлагнах татвар ногдуулах орлогыг буруулсан. 2018 онд 390,776,171.71 төгрөгийн дотоодын тээврийн үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй. 2018 онд 6,518,870,459.31 төгрөгийн, 2019 онд 1,506,581,440.30 төгрөгийн, 2020 онд 4,296,279,414.64 төгрөгийн, 2021 онд 750,681,175.31 төгрөгийн улс хоорондын тээврийн үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй. 2018 онд 46,500,000  төгрөгийн хувь хүнд олгосон орон сууцны төлбөрөөс албан татвар суутган тайлагнаагүй. 2018 онд 391,056,143.45 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний орлогод албан татвар ногдуулж тайлагнаагүй гэж үзэж, нөхөн ногдуулалтын актаар 523,132,778.16 төгрөгийн торгууль, 326,273,851.6 төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэжээ.

2.5. Дээрх зөрчлүүдэд хариуцлага оногдуулахдаа “Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

2.6. Учир нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020/-ийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан бөгөөд татвар төлөгч М ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд татвараа өөрөө тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр байна.

2.7. Нэхэмжлэгч М ХХК-ийн хувьд дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй төдийгүй татвар ногдох орлогоо тайланд тусгахгүй орхигдуулсан нь татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд дээрх хуульд заасныг баримтлан нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах боломжгүй.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

          ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ