Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч О.М,

Шүүгдэгч М.С, тэдний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ /ҮД:2040/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М, М.С нарт холбогдох 201726010596 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ”...”ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт О-н М /РД: .../

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ... ”ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М С /РД: .../

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч О М 2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Браун Хаус” ресторанд иргэн Ц.Н-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.

Шүүгдэгч М овогтой С нь 2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Браун Хаус” ресторанд иргэн иргэн П.Д-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н намайг ресторан дотор гар гэж түлхэж унагаасан болохоор нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. ...Би Н-тэй маргалдаад зодолдсон. С бид хоёр хүн бүлэглэж зодоогүй. Тус тусдаа болсон асуудал...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 250 х, 2 дугаар хх-ийн 1 х/

Шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...У М-ыг аваад явах гэтэл араас нь Н гэх залуу явуулахгүй байсан. Яагаад явуулахгүй байгааг би ойлгохгүй байсан. Би болиочээ гэтэл миний өөдөөс Д “та нар муусайн юмнууд яагаад хүн дээрэлхдэг юм бэ” гэхээр нь миний уур хүрээд нэг удаа нүүр рүү нь цохисон. ...М, Н-тэй маргалдаад зодолдсон, харин би Д-тай маргалдаад зодолдсон. Бид нар хүн бүлэглэж зодоогүй. Тус тусдаа болсон асуудал...” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 4-5 х/

Шүүгдэгч М.С-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч: П.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би “Браун хаус” ресторан, караоке хаачихаад тооцоогоо хийгээд зогсож байсан чинь гаднаас ...”ХХК-ний ажилчид орж ирсэн. “... “ХХК-ний ажилчид орж ирэхээр нь бармен Н “Манай ресторан, караоке хаасан ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй” гэж хэлсэн чинь эхний орж ирсэн хэдэн хүмүүс гараад явсан. Хэсэг хугацааны дараа дахиад “Т...” ХХК-ний ажилчид болох М, С, У нар орж ирсэн. М гэх залуу “Бид нар танайд орж үйлчлүүлмээр байна” гэсэн. М гэх залуу  бармен Н-г нүүрэн тус газар нь гараараа цохиод зууралдаад авсан. Би Н-г “Энэ хүмүүс эд зүйл эвдчих байх ямар ч байсан гаръя” гэж хэлээд Н бид хоёр бүгдтэй нь зууралдаад гарцгаасан. Рестораны гадна талд хаалганы хажууд С гэх залуу миний хөмсөгний хэсэгт гараараа цохиод заамдаж авсан. Тухайн үед миний хувцас, гарнаас хүмүүс барьчихсан байсан болохоор би С-г зөрүүлж цохиж чадаагүй. Би С гэх залууг алга болчихоор нь хайгаад явж байсан чинь С “Содон” хорооллын урд талд байрлах тээврийн хэрэгслийн дундуур М гэх эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгэхээр нь би очоод “Чи муу хүн зодчихоод зүгээр явна гэж байхгүй шүү” гээд бариад авсан. Би С гэх залуутай дээр, доороо ороод хэсэг хугацаанд маргалдсан. Тэр үед С миний нүүрэн тус газар гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. ...Н бид хоёр М, С гэх хүмүүсийг караокед оруулахгүй гэснээс болоод л хоорондоо маргалдсан. Н-г ресторан дотор байхад нь М нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтээсэн. Ресторанаас гараад хаалганы хажууд М гэх залуу Н-г нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед бас зодуулж байсан болохоор сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 х/

Хохирогч: Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2017 оны 03 дугаар сарын 13-наас 2017 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би “Браун хаус” ресторан, караоке хаачихаад тооцоогоо хийгээд зогсож байсан чинь гаднаас “...” ХХК-ний ажилчид гэх 10 гаруй залуучууд орж ирсэн. Тэгэхээр нь би очоод “Манайх хаачихсан одоо тооцоогоо хийж байна, ажиллахгүй” гэж хэлсэн чинь тэр хүмүүс нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа М гэх залуу ”Танайх хаах ямар хамаатай юм, бид нар үйлчлүүлмээр байна” гэж хэлээд надтай маргалдаад эхэлсэн, тэр үед би М-г ширээнд суулгасан чинь миний нүүрэн тус газар гараараа цохиод авсан. ...Бид хоёр “...” ХХК-ний ажилчид эд зүйл эвдэж магадгүй гэж бодоод тэд нартай зууралдаад М болон бусад хүмүүсийн хувцаснаас зууралдаад гаргасан чинь рестораны гадаа гараад хаалганы хажууд М гэх залуу намайг зодох гээд дайраад байсан. Намайг М-той хамт зууралдаад явж байсан чинь хүмүүс зодуулахгүй гээд хувцаснаас зуурсан байдалтай байсан. Хажууд менежер ажилтай Д газар унасан. Д газар унахаасаа өмнө С гэх залууд нүүрэндээ цохиулаад хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан. Д бид хоёр ресторан хаачихсан байна гэж хэлсний төлөө бид нартай маргалдсан. Намайг М гэх залуу нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-27 х/

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад намайг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын “Браун Хаус” нэртэй ресторан караокед найз Д-г ажлаасаа тарахыг хүлээгээд дотор талд нь сууж байсан чинь гаднаас 5-6 орчим хүмүүс орж ирсэн. Тэгсэн чинь Н явж очоод “Манай ресторан, караоке хаачихсан” гэж хэлсэн чинь зөрөөд хэдэн хүмүүс орж ирсэн. Н дахиад очоод манайх ажиллахгүй та нар одоо гарна уу” гэж хэлсэн чинь тэр М гэх залуу “Танайх яахаараа ийм эрт хаадаг болчихсон юм бэ” гэж хэлээд маргалдаад эхэлсэн. Н-н хажууд Д очоод “манайх ажиллахгүй та нар одоо гарчих, манайх тооцоогоо хийж байна” гэж хэлсэн чинь М, С гэх залуучууд “бид нар гарахгүй, орно” гэж хэлээд маргалдсан. М гэх залуу Н-н хувцаснаас нь заамдаад зууралдаад ресторанаас гарсан. ...Ресторанаас гарах үед М гэх залуу Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан. Харин Д-г С гэх залуу заамдаад авчихсан нүүрэн тус газар нь гараараа цохиж зодоод байсан. Н очоод хаачихсан гэж хэлсэн чинь дотогшоо орно гэснээс болоод л маргалдсан. Өөр ямар нэгэн маргалдах шатгаан байгаагүй. Ресторанд орно, орохгүй гэснээс болоод л маргалдсан. Н-г М гэх залуу ресторан дотор талд нь байх үед нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтээсэн. Бас гадаа гараад нүүрэн тус газар нь цохиж зодоод байсан. Д-г С гэх залуу нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр 57-58 х /

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад намайг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Браун Хаус” ресторан караокед найз залуу Д-г хүлээгээд дотор талд нь сууж байсан чинь гаднаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 5-6 хүн орж ирсэн. Н явж очоод “Манай ресторан караоке хаачихсан. Одоо ажиллахгүй” гэж хэлсэн чинь тэр хүмүүс “Танайх яахаараа хаадаг юм бэ? гэж хэлсэн. Н эхлээд орж ирсэн хүмүүсийг гаргасан чинь араас нь дахиад хүмүүс орж ирэхээр нь Н, Д нар очоод “Манайх ажиллахгүй” гэж хэлсэн чинь М гэх залуу “Танай ресторан яахаараа ажилладаггүй юм бэ? гэж хэлээд Н-г хувцаснаас нь зуураад авсан. Н, Д нар ресторанаас гаргах гэсэн чинь М, С гэх залуучууд гаргахгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Н, Д нар тэр хүмүүсийг бүгдийг нь гаргах гээд хувцаснаасаа зууралдаад гарсан. ...Д-н хөмсөгнөөс цус гарсан байдалтай, С гэх залуу нүүрэнд нь цохиод байсан. Харин Н-г М гэх залуу заамдаад авчихсан нүүрэнд нь гараараа цохиж байсан. М, Сугар гэх хүмүүсийг ресторанд оруулахгүй, ажиллахгүй гэсний улмаас бид нартай маргалдсан. Өөр маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 55-56 х/

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ресторанд ороогүй гадаа зогсож байсан чинь дотроос М, С нар рестораны ажилччин болох Н, Д гэх залуутчуудтай гарч ирсэн. Рестораны үүдэнд М Н гэх залуутай заамдалцаж аваад нэгнийгээ гараараа цохиод байсан. Харин хажууд нь С Д гэх залуутай маргалдаад заамдалцаж аваад нэгнийгээ гараараа цохиод байсан. ...М хэлэхдээ “Барун хаус”-д орох гэсэн чинь ажилчид нь оруулахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд л хоорондоо маргалдсан гэж надад хэлсэн. ...М нь Н-н нүүрэн тус газар нь цохисон. С бас Д гэх залуугийн нүүрэн тус газар нь цохиод байсан. ...М, С нар л Н, Д нартай маргалдаад зодолдоод байсан. Өөр ямар ч хүн зодолдоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 х/

Гэрч Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байдаг юм. Тухайн өдөр цонхоо онгойлгочихсон байсан ба гадаа хүмүүс 00 цагийн орчимд шуугилдаад байхаар нь цонхоороо хартал манай яг цонхны доор байдаг “Браун хаус” рестораны гадаа хэдэн эрэгтэй хүмүүс зууралдаад хэрэлдээд байхаар нь би утсаараа цонхон дээрээс бичлэг хийсэн юм. Маргааш нь ажил дээрээ байж байтал ажилтан М надад өчигдөр С бид нар танай байрны доод талын “Браун хаусд” сууж байгаад хэдэн хүмүүстэй маргалдаад гэж хэлэхээр нь би та нар байсан юм уу, би цонхон дээрээс бичлэг хийсэн ш дээ, гэж хэлсэн чинь наад бичлэгээ өгчих гэж хэлээд С ах надаас авсан. ... Ер нь манай байрны гадаа дандаа шуугилдаан, зодоон болдог учраас би бичлэг хийж интернетэд тавих санаатай байсан юм. ...Бичлэг хийж байхдаа болон бичлэг хийснийхээ дараа  ч бас манай ажлын хүмүүс байсан гэж мэдээгүй. ...Би бодохдоо “Браун хаус” дотор л маргалдаж гарч ирсэн юм байх гэж бодсон. Уг маргаан зодооныг хэн эхлүүлсэн, юунаас болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 219 х/

Шинжээчийн 3826 тоот дүгнэлт:

1.Ц.Н-н биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстны цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 60 х/

 

Шинжээчийн 3827 тоот дүгнэлт:

            1.П.Д-н биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, хүзүү, баруун мөр, шуу, зүүн бугалга, тохойд цус хуралт, зүүн суга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал  болох гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 64 х/

Эд мөрийн баримт болох камерийн бичлэг /1 дүгээр хх-ийн 12, 16 х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 19, 21 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 151-152 х/

О.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 161 х/

М.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 105, 162 х/

О.М-н хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-ийн 190-193 х/

М.С-н хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-ийн 192 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд:

 

О.М, М.С нарын үйлдэлд бүлэглэсэн шинж байхгүй, О.М ресторан дотор танхайрч хохирогч Ц.Н-г зодсон, М.С ресторан дотор бусадтай маргалдаж, зодолдоогүй, гадаа гарсан хойно П.Д-тай зодолдох явцдаа түүнд хөнгөн гэмтэл учруулсан, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжэээгээр нөлөөлсөн хувийн сэдэлттэй болох нь:  Шүүгдэгч О.М-н “...Н намайг ресторан дотор гар гэж түлхэж унагаасан болохоор нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. ...Би Н-эй маргалдаад зодолдсон. С бид хоёр хүн бүлэглэж зодоогүй. Тус тусдаа болсон асуудал...” /1 дүгээр хх-ийн 250 х, 2 дугаар хх-ийн 1 х/

Шүүгдэгч М.С-н ”...У М-г аваад явах гэтэл араас нь Ц.Н гэх залуу явуулахгүй байсан. Яагаад явуулахгүй байгааг би ойлгохгүй байсан. Би болиочээ гэтэл миний өөдөөс Д “та нар муусайн юмнууд яагаад хүн дээрэлхдэг юм бэ” гэхээр нь миний уур хүрээд нэг удаа нүүр рүү нь цохисон. ... Бид нар хүн бүлэглэж зодоогүй. Тус тусдаа болсон асуудал...” / 2 дугаар хх-ийн 4-5 х/

Хохирогч П.Д-н “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ... “...” ХХК-ний ажилчид болох М, С, У нар орж ирсэн. М гэх залуу “Бид нар танайд орж үйлчлүүлмээр байна” гэсэн. М гэх залуу  бармен Н-г нүүрэн тус газар нь гараараа цохиод зууралдаад авсан. Би Н-г “Энэ хүмүүс эд зүйл эвдчих байх ямар ч байсан гаръя” гэж хэлээд Н бид хоёр бүгдтэй нь зууралдаад гарцгаасан. Рестораны гадна талд хаалганы хажууд С гэх залуу миний хөмсөгний хэсэгт гараараа цохиод заамдаж авсан. Тухайн үед миний хувцас, гарнаас хүмүүс барьчихсан байсан болохоор би С-г зөрүүлж цохиж чадаагүй. Би С гэх залууг алга болчихоор нь хайгаад явж байсан чинь С “Содон” хорооллын урд талд байрлах тээврийн хэрэгслийн дундуур М гэх эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгэхээр нь би очоод “Чи муу хүн зодчихоод зүгээр явна гэж байхгүй шүү” гээд бариад авсан. Би С гэх залуутай дээр, доороо ороод хэсэг хугацаанд маргалдсан. Тэр үед С миний нүүрэн тус газар гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. ...Н бид хоёр М, С гэх хүмүүсийг караокед оруулахгүй гэснээс болоод л хоорондоо маргалдсан. Н-г ресторан дотор байхад нь М нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтээсэн. Ресторанаас гараад хаалганы хажууд М гэх залуу Н-г нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед бас зодуулж байсан болохоор сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 х/

Хохирогч Ц.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2017 оны 03 дугаар сарын 13-наас 2017 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ... М гэх залуу ”Танайх хаах ямар хамаатай юм, бид нар үйлчлүүлмээр байна” гэж хэлээд надтай маргалдаад эхэлсэн, тэр үед би М-г ширээнд суулгасан чинь миний нүүрэн тус газар гараараа цохиод авсан. ...Бид хоёр “...” ХХК-ний ажилчид эд зүйл эвдэж магадгүй гэж бодоод тэд нартай зууралдаад М болон бусад хүмүүсийн хувцаснаас зууралдаад гаргасан чинь рестораны гадаа гараад хаалганы хажууд М гэх залуу намайг зодох гээд дайраад байсан. Намайг М-той хамт зууралдаад явж байсан чинь хүмүүс зодуулахгүй гээд хувцаснаас зуурсан байдалтай байсан. Хажууд менежер ажилтай Д газар унасан. Д газар унахаасаа өмнө С гэх залууд нүүрэндээ цохиулаад хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан. Д бид хоёр ресторан хаачихсан байна гэж хэлсний төлөө бид нартай маргалдсан. Намайг М гэх залуу нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-27 х/

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ... Н дахиад очоод манайх ажиллахгүй та нар одоо гарна уу” гэж хэлсэн чинь тэр М гэх залуу “Танайх яахаараа ийм эрт хаадаг болчихсон юм бэ” гэж хэлээд маргалдаад эхэлсэн. ...Ресторанаас гарах үед М гэх залуу Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан. Харин Д-г С гэх залуу заамдаад авчихсан нүүрэн тус газар нь гараараа цохиж зодоод байсан. Н очоод хаачихсан гэж хэлсэн чинь дотогшоо орно гэснээс болоод л маргалдсан. Өөр ямар нэгэн маргалдах шатгаан байгаагүй. Ресторанд орно, орохгүй гэснээс болоод л маргалдсан. Н-г М гэх залуу ресторан дотор талд нь байх үед нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтээсэн. ...” /1 дүгээр 57-58 х /

Гэрч О.Э-н “...2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад намайг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Браун Хаус” ресторан караокед найз залуу Д-г хүлээгээд дотор талд нь сууж байсан чинь гаднаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 5-6 хүн орж ирсэн. Н явж очоод “Манай ресторан караоке хаачихсан. Одоо ажиллахгүй” гэж хэлсэн чинь тэр хүмүүс “Танайх яахаараа хаадаг юм бэ? гэж хэлсэн. Н эхлээд орж ирсэн хүмүүсийг гаргасан чинь араас нь дахиад хүмүүс орж ирэхээр нь Н, Д нар очоод “Манайх ажиллахгүй” гэж хэлсэн чинь М гэх залуу “Танай ресторан яахаараа ажилладаггүй юм бэ? гэж хэлээд Н-г хувцаснаас нь зуураад авсан. ...Д-н хөмсөгнөөс цус гарсан байдалтай, С гэх залуу нүүрэнд нь цохиод байсан. Харин Н-г М гэх залуу заамдаад авчихсан нүүрэнд нь гараараа цохиж байсан. М, С гэх хүмүүсийг ресторанд оруулахгүй, ажиллахгүй гэсний улмаас бид нартай маргалдсан. ...” /1дүгээр хх-ийн 55-56 х/

Гэрч Б.Г-н “...Би ресторанд ороогүй гадаа зогсож байсан чинь дотроос М, С нар рестораны ажилчин болох Н, Д гэх залуучуудтай гарч ирсэн. Рестораны үүдэнд М Н гэх залуутай заамдалцаж аваад нэгнийгээ гараараа цохиод байсан. Харин хажууд нь С Д гэх залуутай маргалдаад заамдалцаж аваад нэгнийгээ гараараа цохиод байсан. ...М нь Н-н нүүрэн тус газар нь цохисон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 х/

Гэрч Б.Д-н ”...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байдаг юм. Тухайн өдөр цонхоо онгойлгочихсон байсан ба гадаа хүмүүс 00 цагийн орчимд шуугилдаад байхаар нь цонхоороо хартал манай яг цонхны доор байдаг “Браун хаус” рестораны гадаа хэдэн эрэгтэй хүмүүс зууралдаад хэрэлдээд байхаар нь би утсаараа цонхон дээрээс бичлэг хийсэн юм. Маргааш нь ажил дээрээ байж байтал ажилтан М надад өчигдөр С бид нар танай байрны доод талын “Браун хаусд” сууж байгаад хэдэн хүмүүстэй маргалдаад гэж хэлэхээр нь би та нар байсан юм уу, би цонхон дээрээс бичлэг хийсэн ш дээ, гэж хэлсэн чинь наад бичлэгээ өгчих гэж хэлээд С ах надаас авсан. ...” /1дүгээр хх-ийн 219 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байгаа.

М.С-н үйлдэл танхайн сэдэлтгүй, хохирогчийн зүй бус ажиллагаа уг гэмт хэрэг үйлдэгдэхэд зохих хэмжээгээр нөлөөлсөн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн баримт болох “хохирогч Д нь шүүгдэгч М.С-г рестораны гадна талд газар унагааж зодож байгаа” /камерийн бичлэг хх-ийн 17 х/, М.С-н нүүрэн тус газар шарх үүссэнийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /18-19 х/-ээр тогтоогдож байгаа мөн Хохирогч П.Д-н “... Рестораны гадна талд хаалганы хажууд С гэх залуу миний хөмсөгний хэсэгт гараараа цохиод заамдаж авсан. Тухайн үед миний хувцас, гарнаас хүмүүс барьчихсан байсан болохоор би С-г зөрүүлж цохиж чадаагүй. Би С гэх залууг алга болчихоор нь хайгаад явж байсан чинь С “Содон” хорооллын урд талд байрлах тээврийн хэрэгслийн дундуур М гэх эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгэхээр нь би очоод “Чи муу хүн зодчихоод зүгээр явна гэж байхгүй шүү” гээд бариад авсан. Би С гэх залуутай дээр, доороо ороод хэсэг хугацаанд маргалдсан. Тэр үед С миний нүүрэн тус газар гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. ...” /1 дүгээр хх-ийн 22-23 х/  гэсэн мэдүүлгээр шүүгдэгч М.С нь ресторанаас гарч ирэхдээ нүүрэн тус газар нь нэг удаа цохиод яваад өгсөн бөгөөд хохирогч П.Д араас нь хөөж очиж түүнтэй харилцан зодолдсон мөн М.С-н бие махбодид гэмтэл учруулах хэмжээнд зодоогүй ч гэсэн нүүр, хамрын шархнууд учруулсан байдаг, мөн хохирогч П.Д-д рестораны гадна талд цохиулах, гадаа гудамжинд харилцан зодолдохын алинд нь хөнгөн гэмтэл учирсан нь эргэлзээ төрүүлэхүйц байдлууд тогтоогдож байгаа хэдий ч хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн гэмтлийг М.С учруулсан нь нотлогдон тогтоогдсон.

О.М, М.С нарт холбогдох гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу тэдгээрийг танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан боловч 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ээс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялтай хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзээд мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

О.М-т холбогдох хэргийг гэмт хэргийн хор уршгийн шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон.

 

М.С-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

М.С-н үйлдэл танхайн сэдэлтгүй, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт нийцэж байгаа болно.

Дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн учраас 2002 оны Эрүүгийн хуулиар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр байгаа болно.

 

Хохирлын талаар:

 

О.М-н хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-ийн 190-193 х/

М.С-н хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-ийн 192 х/-аар шүүгдэгч нараас хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

           

О.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            О.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж  шүүх үзсэн.

            М.С нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа 2017 оны 09 сарын 15-ны өдөр дууссан байгаа тул түүнийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Бусад асуудлын талаар:

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас М.С-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Ш овогт О-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б овогт М-н С-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д заасныг баримтлан М.С-г мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан О.М-т үүрэг  болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.М-т танилцуулсугай.

 

7.О.М, М.С нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.М, М.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ