Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 121

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав. Тус шүүх хуралдаанд: 

 

      Прокурор                                                      А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                 С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүд холбогдох 1731000430026 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1983 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг,  Тавин гудамж, 1-10 тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 04 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2011 оны 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 02 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүү /РД:УУ83121611/

 

  Шүүгдэгч О.Баатархүү нь Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ерөө” голын эрэг дээр 2017 оны 07 сарын 28-ны өдөр архидан  согтуурсан үедээ Ж.Бат-Ирээдүйгийн эрх чөлөөнд халдан,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч О.Баатархүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...... Би тэр өдөр н.Отгонжаргал н.Билэгсайхан хоёртой 11 цагийн үед уулзаад 12 цагийн үед голд усанд орохоор явцгаасан. Тэнд очоод Билэгсайхан усанд ороод биеэ шилэнд зүсээд гараад ирсэн. Тэгээд машин хүлээгээд зогсож байтал Ж.Бат-Ирээдүй гарч ирсэн. Бат-Ирээдүйгийн машинд суугаад явж байтал Ж.Бат-Ирээдүй та нар авсан архиа уугаагүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм гэж хэлтэл ярилцаж байгаад эмнэлэгийн хашаанд бургасан дотор уухаар болцгоосон. Тэгээд архиа уугаад дууссаны дараа Бат-Ирээдүй бид хоёр маргалдсан. Маргалдаж байхад Бат-Ирээдүй нь надад хандаж “таны хүн зоддог гэж ямар юм байдаг юм” гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би түүнийг түлхэхэд нуруугаараа шилэн дээр уначихсан гэв.

2.Хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар зүйлийн 28-ны өдрийн 13 цагийн орчимд би Өсөхбаяр найзынхаа машиныг жолоодоод Өсөхбаяртай хамт Ерөө гол орж Цэрэндуламтай уулзахаар Ерөө голын эргээр явж байхад голын эрэг дээр Отгонжаргал, Дэлгэрсайхан, Баатархүү ах нар сууж харагдсан бөгөөд Баатархүү ах намайг дуудахаар нь би очилгүй шууд өнгөрөөд цаашаагаа явж Цэрэндуламтай уулзаад цаг шахам болоод буцаж явж байхад Баатархүү ах замд дуудан зогсоож машины дэргэд ирээд Отгонжаргал Дэлгэрсайханы гарыг зүсчихсэн ах нь араас нь очъё гээд машинд суухдаа талаас дээгүүр 1 шил соёрхол архи барьчихсан байсан. Отгонжаргал ах шууд сумын төв рүү явган явсан. Баатархүү ах Өсөхбаяр бид хэд машинтайгаа хүн эмнэлгийн хажууд голын бургасанд яваад очиход Оюунцэцэг танихгүй залуутай тортой зүйл хажудаа тавьчихсан сууж байхаар нь бид явж очоод буугаад хажууд нь очиж суухад Ганаа ирж хоёр том савтай пиво бүгдээрээ тойрч суугаад архи задлаад тойруулахад би машины бензин дуусч байгаа гэтэл Ганаа хоёулаа явъя би чамд бензин хийж өгье гээд хэлэхээр нь би Ганаатай машинтай яваад МТ шатахуун түгээх станцаас 10000 төгрөгөнд шатахуун хийгээд “Баялаг” дэлгүүр орж 2 шил соёрхол архи аваад гол руу нөгөө хэд дээрээ яваад очиход архиа уугаад дуусчихсан пивоо задлаад сууж байсан. Намайг машинаас буугаад очиход Өсөхбаяр, Ножий хоёр Баатархүү ах агсам тавиад байна явлаа гээд тэнд байсан хүмүүс тарцгааж би Баатархүү ахад “та яагаад найзууд руу агсараад байна“ гэтэл ах нь чамтай юм ярихгүй гэж хэлээд Баатархүү ах бид хоёр архиа задалж хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд өглөө эмнэлэгт хэвтэж байсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 9-10 дугаар  хуудас/

3.Хохирогч Ж.Бат-Ирээдүйн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би эмчилгээний болон унааны зардалд 300.000 төгрөгийг мөнгөн шилжүүлгээр, 1200000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул надад санал хүсэлт гомдол байхгүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

             4.Гэрч Ж.Гонгорын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 07 сарын 28-ны өглөө 11 цагийн үед би Гантулгыг хайгаад гэрт нь очиход Гантулга байхгүй байхаар нь Гантулгыг хайж явж байгаад Дашноров ахынд очиход Оюунцэцэг, Гантулга 2 хүүхдийн хамт байхаар нь би Гантулгын виза картыг асуухад байна гэхээр нь Гантулгыг дагуулаад хүнсний дэлгүүр орж 1 том савтай пиво аваад айлын хашаанд очиж Гантулгатай пиво хувааж уусан. Тэгээд дараа нь дахиж дэлгүүр ороод 1 том савтай пиво авч гангын тохойн голын голын дэргэд очиж пивоо гол дээр байсан хүмүүстэй хувааж уусан. Гол дээр байсан хүмүүс архитай байсан. Тэр архинаас би уусан тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд машин дотроо унтаж байсан өглөө болчихсон байсан ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

5.Гэрч О.Энхзоригийн 2017 оны 08 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 28-ны өдрийн 12 цагийн орчимд би ганцаараа гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн мотоцикльтэй мах авахаар “Гүн толгой” гэх газраас гарч Ерөө сумын төд орж ирээд ээжийндээ байж байгаад 16 цаг өнгөрөөгөөд би Ерөө гол орохоор хүн эмнэлгийн хажууд голд очиход бургасанд хэсэг хүмүүс сууцгааж байсан. Бат-Ирээдүй намайг дуудахаар нь очиход Баатархүү, Оюунцэцэг, Өсөхбаяр Гантулга, Бат-Ирээдүй, Гонгор нар архи уугаад Бат-Ирээдүй архийг жижиг аяганд надад архи хийж өгөхөөр нь би мотоцикльтэй явж байгаа уухгүй гэхэд жаахан уучих гэхээр нь амсаад буцааж өгөөд хэсэг сууж байгаад дахин архиар шахаад магадгүй байхаар нь тэндээс явсан....  Би хэсэг хугацааны дараа дахин голын эргээр явж байтал Оюунцэцэг намайг хашгираад дуудаад байхаар нь яваад очиход “Бат-Ирээдүйг хүн цохьсон эмнэлэг хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би Ерөө голд усанд орж байсан хүмүүс дээр очиж машиныг нь асаалгаад Бат-Ирээдүйн байгаа газар очиход Бат-ирээдүй голын эргээс холгүй ганц модны дэргэд толгой нь хойшоогоо харсан нүцгэн бандааштай доошоо харчихсан нуруу орчмоор нь цус болж нөжирсөн байдалтай хэвтэж байсан. Би үл таних залуугийн хамт Бат-Ирээдүйг өргөж портер машины тэвшин дээр тавиад  явуулсан. Би Оюунцэцэгээс “юу болсон юм яасан юм” гэхэд Оюунцэцэг “Баатархүү Бат-Ирээдүйг цохьсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 16 дугаар хуудас/

6.Гэрч Д.Оюунцэцэгийн 2017 оны 09 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд би хүүхдийнхээ хамт Ерөө голд усанд орЖ байхад Бат-ИрээДүй дуудахаар нь очиход голын эрэг дээр Бат-Ирээдүй, Өсөхбаяр, Гантулга, Гонгор, Баатархүү  нар архи уугаад сууж байсан. Надад архи өгөхөөр нь би амсаад хэсэг сууж байхад Өсөхбаяр, Гонгор нарыг Баатархүү зодох гээд агсарч дээрэлхээд байсан. Би босоод буцаад хүүхдүүд дээрээ ирсэн. Тэгээд хэсэг усанд ороод байж байхад Баатархүү Бат-ирээдүй нар хоорондоо том том дуугаар юм ярьж харагдсан бусад нь алга болчихсон байсан. тэгээд нэг мэдэхэд Баатархүү Бат-Ирээдүй нар хоорондоо зодолдож байхаар нь би айгаад очилгүй холоос хараад зогсож байсан. гэтэл Баатархүү Бат-Ирээдүйг унагаагаад доороо оруулчихсан цохиж харагдсан. Удалгүй Баатархүү босоод явчихаар нь би яваад очиход Бат-Ирээдүй ухаангүй дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би босгох гээд толгойноос нь татахад нуруунаас нь нилээд цус гарч байхаар нь би модны ойролцоо байсан цамцыг авч нурууг нь боогоод эмнэлэг хүргэх гээд хүн хайж явтал Энхзориг таарч хэлэхэд Энхзориг 2 хүн голоос олж ирээд машины тэвшин дээр ачаад эмнэлэг хүргэж өгсөн......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 267 тоот:

       1.Ж.Бат-Ирээдүйн биед толгой орой, нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 21дүгээр хуудас/

8.Шүүгдэгч О.Баатархүүгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 28-ны өдрийн үдээс хойш 17 цагийн орчимд би Бат-Ирээдүйн хамт архи ууж байгаад бид хоёр хоорондоо үгээ ололцохгүй хэрэлдэж маргалдаад хоорондоо барилцаж аваад би Бат-Ирээдүйн хөлөөс татахад арагшаа унахдаа газар хагарсан байсан шилэн дээр ар нуруугаараа Бат-Ирээдүй унасан юм. Би тэгээд хэсэг байж байгаад гэр рүүгээ явсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

9.Шүүгдэгч О.Баатархүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьсан байгаа ... мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

10.Шүүгдэгч О.Баатархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолууд  /хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас/

11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

      12.Сэлэнгэ аймаг Ерөө сумын Тавин багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р ху/,

13.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

14.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Баатархүүг Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Ерөө” голын хөвөөнд 2017 оны 07 сарын 28-ны өдөр архидан  согтуурсан үедээ Ж.Бат-Ирээдүйгийн эрх чөлөөнд халдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийтвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна. Учир нь:

Шүүгдэгч О.Баатархүү нь  2017 оны 07 сарын 28-ны өдөр архидан  согтуурсан үедээ Ерөө сумын иргэн Ж.Бат-Ирээдүйн эрх чөлөөнд халдан,  нурууны баруун талд бүсэлхий орчимд зусэгдсэн шарх, шархнаас булчин урагдаж салбайж гарч ирсэн ба их хэмжээний цус гарсан, толгойн орой тус газар 4 см орчим зусэгдсэн шарх, шархнаас цус гарсан, бүсэлхийний шархнаас их хэмжээний үйрсэн шил гарсныг түүж, цэвэрлэж үечлэн оёдол тавьсан гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.  

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Захчин овгийн Олонсүрэнгийн Баатархүүг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Баатархүүгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.О.Баатархүү нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.О.Баатархүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

             10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.НАЦАГДОРЖ