Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1937

 

Б.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02305 дугаар шийдвэртэй, Б.Р-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Х, Ц.Н нарт холбогдох,

худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 10 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Н, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Р нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Ц.Х-тай байгуулж, түүний нэр дээр бүртгэлтэй 45-36 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 10 300 000 төгрөгөөр худалдан авч, үнийн 7 000 000 төгрөгийг бэлнээр, 3 300 000 төгрөгийг Ц.Н-ын дансаар шилжүүлсэн. Ц.Н нь 10 000 000 төгрөгөөс дээш үнэтэй болохоор нотариатын хураамж өсдөг гээд гэрээг нотариатаар батлуулахдаа үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж байгуллсан.

Нэхэмжлэгч  Дундговь аймгийн харьяат тул автомашины дугаарыг 22-88 ДУА гэж өөрчилж аваад нутаг буцсан. Гэтэл 2018 оны  5 дугаар сард тухайн автомашиныг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хулгайн тээврийн хэрэгсэл байна гээд хурааж авсан. Хариуцагч нарын худалдсан автомашин эрхийн доголдолтой нь нотлогдож байгаа учраас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10 300 000 төгрөг гаргуулж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1 000 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч нар тайлбартаа: Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д.Пүрэвдоржтой гэрээ байгуулж, маргаан бүхий автомашиныг 9 450 000 төгрөгөөр худалдаж авсан ба ах Ц.Х-ын нэр дээр автомашиныг шилжүүлсэн, энэ үед ямар нэгэн асуудал гараагүй. Үүний дараа, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч  Б.Р-д 10 300 000 төгрөгөөр худалдсан. Тухайн автомашин Ц.Х-ын нэр дээр бүртгэлтэй боловч Ц.Н Д.Пүрэвдоржоос худалдан авч, Б.Р-д худалдаж 10 300 000 төгрөгийг өөрийн данс болон бэлэн мөнгөөр хүлээн авсан учир энэхүү маргаанд Ц.Х огт хамааралгүй бөгөөд үнийн дүнд маргахгүй.

Анх Д.Пүрэвдоржоос худалдаж авахад хулгайн зүйл гэж мэдэх боломж байгаагүй. Учир нь тухайн автомашины улсын болон арлын дугаар, үйлдвэрлэгдсэн он зэргийг өөрчилсөн байсан нь тогтоогдсон тул хариуцагч нар мэдэх ямар ч боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд “хулгайн автомашин гэдгийг энгийн хүн хараад мэдэх боломжгүй, задалж байж мэдэх боломжтой гэсэн” байгаа. Маргаантай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хулгайн аргаар олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зарсан зүйл байхгүй. Гэрээгээр шилжүүлж авсан автомашинаа л бусдад зарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Иргэний хуулийн 114, 490 дүгээр зүйлд зааснаар Ц.Н нь 31-20 УВХ улсын дугаартай автомашины шударга эзэмшигч мөн атал цагдаа нар автомашиныг үндэслэлгүйгээр хурааж авсан. Зүй нь, автомашинаа алдсан Д.Даваажав нь түүнийг хулгайлсан гэх н.Пүрэвдоржоос шаардах ёстой байхад уг машиныг хураан авч, Ц.Н, Б.Р нарыг оролцуулсан нь буруу. Гэрээний хувьд эд хөрөнгийн доголдлын асуудал яригдахгүй, тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ц.Нэрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас хэн гэм бурууг эрүүгийн журмаар шийдвэрлэснээр уг маргааныг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Х-аас 10 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Р-д олгож, хариуцагч Ц.Н-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Х-аас 179 750 төгрөг гаргуулан Б.Р-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоолгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хэргийн нөхцөл байдлын тухайд Б.Н нь 31-20 УВХ улсын дугаартай, NHW203148260 арлын дугаар бүхий Тоёота Приус-20 маркийн автомашиныг Д.Пүрэвдоржоос худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Гэтэл Д.Пүрэвдорж гэгч нь бусдаас хулгайлж аваад улмаар улсын болон арлын дугаарыг санаатайгаар өөрчилж өөр бүртгэлтэй автомашины улсын дугаарт шилжүүлж Ц.Н-т худалдсан. Ц.Н нь уг автомашиныг хулгайн автомашин гэж мэдэх боломжгүй ба хууль ёсны, зөрчилгүй автомашины дугаараар Авто тээврийн үндэсний төвд Ц.Н-ын нэр дээр шууд шилжсэн байна.

Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Н нь Б.Р-д автомашиныг худалдсан, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг машиныг хулгайн гэмт хэргийг шалгах явцад хураан авсан ба Б.Р нь Ц.Н-ыг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж заажээ.

Дээрх хуулийн агуулгаас харвал Ц.Н нь Д.Пүрэвдоржоос худалдаж авсан автомашиныг хулгайн гэж мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, уг машины бүх мэдээллийг Д.Пүрэвдорж санаатайгаар төөрөгдүүлэх зорилгоор өөрчилсөн учраас мэдэх боломжгүй тул Ц.Н-ыг шударга өмчлөгч гэж үзэхээр байна. Нэгэнт Ц.Нуг автомашины шударга өмчлөгч тул захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Анхан шатны шүүхийн дүгнээд байгаа гуравдагч этгээд гомдлын шаардлага гаргаснаар уг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг гаргаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Цагдаагийн Мөрдөн шалгах газраас Д.Пүрэвдорж 99-72 УНС улсын дугаартай Д.Даваажавын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж улмаар улсын болон арлын дугаарыг өөрчилсөн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, Ц.Н-ыг иргэний хариуцагчаар татсан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол хүчинтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж зааснаар уг автомашиныг хулгайлсан гэм буруутай этгээдийн гэм бурууг хамт хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэж болохгүй. Энэ талаар маргаж байхад шүүх дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн. Хуулийн дээрх шаардлагаар талууд гэрээнээс татгалзсан бол өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагаврыг бий болгодог зарчимтай. Тэгвэл хариуцагч нар уг гэрээний төлбөрийг худалдан авагч талд буцааж өгч байгаа бол гэрээний дагуу худалдан авагчид шилжүүлсэн автомашинаа хэрхэн буцааж авах тухай асуудал ойлгомжгүй байх тул шийдвэрийг хянаж, үндэслэлтэй шийдвэр гаргана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Ц.Х, Ц.Н нарт холбогдуулан, эрхийн доголдолтой буюу хулгайн эд зүйл худалдсан, гэрээний зүйлийг цаашид эзэмших боломжгүй болсон гэх үндэслэл зааж Ц.Х-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс  татгалзаж, Ц.Н-т төлсөн дээрх гэрээний үнэ 10 300 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн тээврийн хэрэгсэл эрхийн доголдолтой талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /1хх7/, талуудын тайлбараас үзвэл, Б.Б, Ц.Х нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгч Б.Р нь, хариуцагч Ц.Х-тай дээрх гэрээг байгуулснаар 45-36 УБА улсын дугаартай, NHW203148260 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота Приус 20 маркийн, бор шаргал өнгийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж, үнийн 10 300 000 төгрөгийг хариуцагч Ц.Н-т төлсөн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Р нь дээрх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу өөрчилж “22-88 ДУА” болгон эзэмшиж байх явцад буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хураан авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас битүүмжилж, улмаар хохирогч Д.Даваажавд хүлээлгэн өгсөн нь “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /1хх220-221/, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол /1хх222-223/, “Битүүмжилсэн эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл” /1хх224-226/ зэргээр тогтоогдсон болно.

Анхан шатны шүүх, хариуцагч Ц.Х-аас гэрээний үнэ 10 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах талаар зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 хэсэгт заасныг үндэслэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтад нийцэхгүй байгааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үнийн дүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан авахаар шаардах боловч тухайн тээврийн хэрэгсэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүний өмчлөлөөс хураагдсаны улмаас хариуцагч талд гэрээний зүйлийг буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн гэж үзэх бөгөөд ийнхүү тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь хариуцагч талд буцаан өгөх үүргийг гүйцэтгэх боломжгүй болох юм.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэжээ. Хариуцагч тал нь талууд өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч дээр тогтоогдсон хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдагч талд буцаан өгөх үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь тухайн эд хөрөнгийн эрхийн доголдлыг нуун дарагдуулсан этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй бөгөөд энэхүү хэргийн тухайд гагцхүү 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдолтой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн, хариуцагч нарын өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, Ц.Н нь тухайн тээврийн хэрэгслийн шударга өмчлөгч мөн бөгөөд эрүүгийн хэрэгт түүнийг иргэний хариуцагчаар татсан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол хүчинтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж зохицуулсан байна.

Хэргийн баримтаас үзвэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор /1хх194/ “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Б.Р нь тус эрхийг эдлэх эрхгүй буюу гэмт хэргийн улмаас шууд хохирсон гэж үзэхгүй...” гэх үндэслэл зааж, Б.Р-ийг Д.Пүрэвдоржид /яллагдагч/ холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолыг /1хх192/ хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл, Б.Р-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хүчингүй болсон байх тул хариуцагч Ц.Н-ыг иргэний хариуцагчаар татсан /1хх143/ тогтоол нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүх, хариуцагч Ц.Н, Б.Р нарын хооронд хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсээгүй, Ц.Х-ын зөвшөөрснөөр тээврийн хэрэгслийн үнийг Ц.Н хүлээн авсныг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

                                       ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                                       Т.ТУЯА