Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1927

 

 “КТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дугаар шийдвэртэй, “КТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ВАТТ” ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “КТМ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Вагнер ази индастриал” ХХК-иас SCM919 загварын /цаашид ЭсИЭм919 гэх/ 257 арлын дугаартай 1 ширхэг автогрейдерийг үндсэн үнэ 181 818 181.82 төгрөг, НӨАТ 18 181 818.18 төгрөг, нийт 200 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, SC16/05/02 /цаашид ЭсСи-1605/02 гэх/ дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг “Болор оргил майнинг” ХХК-иас зээлж, “Болор оргил майнинг” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “ВАТТ” ХХК-ийн 5038005840 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрөө шилжүүлэн техник тоног төхөөрөмжийг хүлээн авч, даатгалын компанитай гэрээ байгуулан даатгуулж, “Болор оргил майнинг” ХХК-д түр хугацаагаар ажиллуулж байтал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч гэрээний зүйлийг манай компанид мэдэгдэлгүй татан авсан. Ийнхүү “Вагнер ази индастриал” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж худалдан борлуулсан техник, тоног төхөөрөмжөө буцаан татсан үйлдлийг нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, одоо техник хаана, хэний эзэмшилд байгааг мэдэхгүй.

Хариуцагч нь “Болор оргил майнинг” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт дээрх 100 000 000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Болор оргил майнинг” ХХК-д холбогдуулан “ВАТТ” ХХК нэхэмжлэл гаргасан. “КТМ” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “ВАТТ” ХХК-иас 18/04-146 дугаар албан бичгээр “аудит орох гэж байгаа учир 100 000 000 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж өгөх тухай” хүссэн. “КТМ” ХХК нь тоног төхөөрөмжөө хураалгасан, урьдчилгаа төлбөрөө ч авч чадаагүй байсан тул үлдэгдэл 100 000 000 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж өгөөгүй.

“КТМ” ХХК, “ВАТТ” ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсч, “КТМ” ХХК-иас “ВАТТ” ХХК-д 100 000 000 төгрөг төлсөн. Санхүүгийн аудит шалгалтаар “КТМ” ХХК-ийг “ВАТТ” ХХК-д 100 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоож, тайлангаар баталгаажуулсан учир хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч тал тайлбартаа: “КТМ” ХХК 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ”ВАТТ” ХХК-тай ЭсИЭм 919 загварын 257 арлын дугаартай 1 ширхэг автогрейдерийг үндсэн үнэ 181 818 181.62 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 181 818 181.18 төгрөг, нийт 200 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ЭсСи-1605/02 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор худалдан авагч төлбөрөө төлөөгүй тул төлбөр төлөгдсөний дараа шилжүүлэх тоног төхөөрөмж худалдагчийн өмчлөлд хэвээр байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг “Болор оргил майнинг” ХХК-иас зээлсэн гэж тус компани шүүхэд мэдэгдсэн. “ВАТТ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, худал тайлбар. Төлбөрийн төлөлт хуанлийн 10 хоногоос хэтэрсэн нөхцөлд худалдагч тал гэрээний зүйлийг буцаан авч, хураан авахтай холбогдон гарсан нийт зардлыг худалдан авагчаас нэхэмжлэхээр талууд харилцан тохирсон. Гэрээний уг нөхцөлийг худалдан авагч тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан байдаг.

“ВАТТ” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаагүй, гэрээг зөрчсөн нөхцөл байхгүй, “Кристал топ майн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, бодит байдалд нийцээгүй, нотлох баримт байхгүй. “Алтан дорнод майнинг сервис” ХХК-ийг “Болор оргил майнинг” ХХК болж өөрчлөгдсөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаанаас мэдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Алтан дорнод майнинг сервис” ХХК-д холбогдох маргаан хянагдаж байгаа. Манай компани тус компанитай түрээсийн гэрээний харилцаатай байсан. Уг гэрээний дагуу 100 000 000 төгрөг орж ирсэн. “КТМ” ХХК-тай худалдан, худалдан авах гэрээ байгуулсан. “Болор оргил майнинг” ХХК-ийг яагаад “Кристал топ майн” ХХК-тай андуурсан гэхээр худалдах, худалдан авах гэрээний баруун дээд талд “КТМ” ХХК гэсний доод хэсэгт өөрсдийгөө “Болор оргил майнс” ХХК гэж бичсэн байсан. “КТМ” ХХК нь бусад хуулийн этгээдийн нэрийг ашиглаж, улсын бүртгэлийн тухай хууль зөрчиж байна.

Сүүлд нотлох баримтаар ирсэн баримтаас “Болор оргил майнинг” ХХК-ийн дүрэм дээр англи нэрээ “КТМинг” ХХК гэсэн байсан. Энэ хоёр хуулийн этгээд “ВАТТ” ХХК-ийг удаа дараа төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас манай компанид урьдчилгаа 100 000 000 төгрөг, үлдэгдэл 100 000 000 төгрөг аль нь ч ороогүй. Нэхэмжлэгч тал бусдын төлсөн мөнгийг өөрсдөө төлсөн төлбөр гэж маргаж байгааг ойлгохгүй байна. “КТМ” ХХК, “Болор оргил майнинг” ХХК буюу “Алтан дорнод майнинг сервис” ХХК нь тус тусдаа бүртгэлтэй хуулийн этгээдүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана.

“КТМ” ХХК Эс И Эм 919 загварын автогрейдерийн төлбөрийг төлөөгүй байж, хууль бусаар эзэмшсэн гэж үзэж байгаа. “ВАТТ” ХХК гэрээнээс татгалзаагүй, гэрээ хүчин төгөлдөр, зөвхөн нэхэмжлэгч тал төлбөр төлөөгүй өдий хүрсэн. “КТМ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр эсэхийг тодруулсан аудитын компанийн албан бичигт хариу өгөөгүй нь ойлгомжгүй. Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт “КТМ” ХХК-иас манай компанид 100 000 000 төгрөг орж ирээгүй. Андуурсан талаар хариу тайлбар гаргаж, манай компанийн санхүүгийн захирал А.Нямдорж албан бичиг өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ВАТТ” ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КТМ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ВАТТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КТМ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч компаниас О.Дарханбаатарт итгэмжлэл олгогдоогүй, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасныг хангаагүй бөгөөд төлөөлүүлэгч гарын үсэг зураагүй, гарын үсгийн хуулбарыг хэвлэж гаргаснаа ч О.Дарханбаатар шүүх хуралдааны явцад хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасантай нийцсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, итгэмжлэлийг хуульд заасан шаардлагаар гаргуулах, нэхэмжлэлийг буцаах тухай хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй, гомдол гаргах боломж олгоогүй болно. Ийнхүү төлөөлөх эрхгүй, хэрэгт хамааралгүй гуравдагч этгээдийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлээгүй байхад хуурамч итгэмжлэлд үндэслэж, нэхэмжлэлийг хангасныг ойлгохгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг О.Дарханбаатар төлсөн тухай баримт хэрэгт байгаа бөгөөд нэхэмжлэлийн төлбөрийг О.Дарханбаатар хувьдаа авах гээд байгаа юм уу гэсэн эргэлзээ ч үүсгэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан ЭсСи-1605/02 дугаартай гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгчтэй хариуцагч нь түрээсийн  гэрээ байгуулаагүй. Худалдан авагч төлбөрөө бүрэн төлөөгүй тул тоног төхөөрөмж худалдагчийн өмчлөлд хэвээр байна. Гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг “Болор оргил майнинг” ХХК-иас зээлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар баримтгүй. “Болор оргил майнинг” ХХК нь регистрийн 5775558 дугаартай бөгөөд “Алтан дорнод майнинг сервис” ХХК-ийн оноосон нэр нь “Болор оргил майнинг”  ХХК болж өөрчлөгдсөн. “ВАТТ” ХХК нь “Алтан дорнод майнинг сервис” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “ВАТТ” ХХК-д шилжсэн 100 000 000 төгрөгийн төлбөр нь “Болор Оргил майнинг”-с түрээсийн төлбөрөөр шилжүүлсэн. “КТМ” ХХК-тай холбоогүй. Бусад хуулийн этгээдийн төлсөн түрээсийн төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож байгаа нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Гэрээн дээр “КТМ” ХХК өөрсдийнхөө Монгол хэл дээрх нэрийг “Болор оргил майн” болгож бусад хуулийн этгээдийн нэрийг хууль бусаар ашигласан байдаг. “КТМ” ХХК, “Болор оргил майнинг” ХХК нь ижил хувьцаа эзэмшигчтэй, тухайн үедээ ижил хаягт байршиж байсан хуулийн этгээдүүд юм. Уг нөхцөлийн улмаас төлбөр андуурагдсан гэдгийг удаа дараа шүүхэд мэдэгдэж, зохих тайлбарыг баримтын хамт өгсөн боловч шүүх үнэлээгүй.  Хэрэгт авагдсан “Болор оргил майнинг “ХХК-ийн шинэчилсэн дүрэмд “Болор Оргил майнинг” ХХК нь Англи хэл дээрх нэрээ “КТМ” ХХК болгож өөрчилсөн байдаг.  

Дээрх байдлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулж байна. “Хаан банк” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/10004 дугаар тодорхойлолтоор 2016 оны 5 дугаар 20-ны өдөр 100 000 000 төгрөг “Болор оргил майнинг”-с түрээсийн төлбөрөөр шилжүүлсэн гэдэг нь бүртгэгдсэн. Төлбөрийн баримтыг үзвэл, 5 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Төлбөрийн захиалга хийх өдөр, төлбөрийн шилжүүлэг бодитоор хэрэгжих өөр байж болно гэж үзэж байна. Төлбөр төлсөн банкны баримт нь ч хэргийн материалд мөн ижил гүйлгээний агуулгаар буюу “Болор оргил майнинг” ХХК-ийн түрээсийн төлбөр гэсэн утгаар байдаг. Төлбөрийн баримтуудыг нягтлан харахад “Болор Оргил Майнинг” ХХК бусад компанийн нэрийн өмнөөс төлбөр төлж байгаагаа бичсэн боловч ямар учраас “КТМинг” ХХК-ийн нэрийн өмнөөс төлсөн гэдгийг бичээгүй нь ойлгомжгүй байна. Энэ талаар шүүхэд мэдэгдсэн, тайлбар өгсөн боловч, эдгээр нөхцөлийг мөн шүүхээс шударгаар үнэлээгүйд гомдолтой байна.

100 000 000 төгрөг нь “Болор оргил майнинг” ХХК-иас түрээсийн төлбөрөөр шилжсэн нь ямар түрээсийн гэрээний төлбөр болох талаар тайлбарлаж, тухайн түрээсийн гэрээг хэрэгт хавсаргасан. Уг гэрээг шүүх бодитоор үнэлээгүй атлаа О.Дарханбаатарын шүүхэд нөхөж өгсөн, аудитын болон санхүүгийн тайлангаар баталгаажсан эсэх нь тодорхойгүй, хуурамчаар үйлдсэн байж болох баримтуудыг бодит үнэнд нийцнэ гэж шүүх үзжээ. “ПрайуотэрхаусКуперс Аудит” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангалд хаягласан 201/19 дугаар албан тоотод “...“КТМ” ХХК-ийн зүгээс тулган баталгаажуулалт хийх албан хүсэлтийг аудитын маягтаар 2018 оны 4 дүгээр сард хүргүүлсэн боловч “КТМ” ХХК-ийн зүгээс хариу баталгаажуулалт ирээгүй...” талаар дурдсан байна. Хэрэв “КТМ” ХХК-иас төлбөр төлөгдсөн үнэн бол хариу баталгаажуулалт хийгдээгүй нь мөн эргэлзээтэй байна. Төлбөр хийгдээгүй байсан талаар аудитын байгууллагын албан тоотод мөн дурдсан байна. Хэрэв Аудитын байгууллага гагцхүү дүн ижил байсан тул “КТМ” ХХК дээрх төлбөрийг таньсан гээд байгаа бол хууль бус гэж үзэж байна.

Дээрх 100 000 000 төгрөг нь худалдах, худалдан авах эсхүл түрээсийн гэрээний төлбөрийн аль нь болохыг шүүх дүгнэх ёстой. Миний бие “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Алтан дорнод майнинг сервис” ХХК нь “Болор оргил майнинг” ХХК болж өөрчлөгдсөнийг мэдсэн. Харин манай компанийн санхүүгийн нэгж 100 000 000 төгрөгийн төлбөрийг “КТМ” ХХК буюу “Алтан дорнод майнинг сервис” “Болор оргил майнинг” ХХК нар нэг хаягт байршилтай, ажилтнууд нь ижил байсан учир тухайн үедээ санхүүгийн ажилтнууд харилцагч талын санхүүгийн ажилтантай тулгахгүйгээр төлбөр андуурагдсан байна...” гэж хэлснийг мушгин гуйвуулсан. Санхүүгийн нэгж алдсан байна гэдгийг манай компанийн санхүүгийн захирал А.Нямдорж албан бичгээр мэдэгдсэн, уг баримт хэрэгт авагдсан. Нэг компанийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг өөр компанийн худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцоод байгааг ойлгохгүй байна.

Хэрэв 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаар талууд акт үйлдсэн бол хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар бол “Болор оргил майнинг” ХХК-ийн төлсөн төлбөрүүдийг “КТМ” ХХК төлсөн гэж үзвэл, “Алтан дорнод майнинг Сервис” ХХК-ийн “Болор Оргил майнинг” утгаар хийсэн бусад төлбөрийг мөн “КТМ” ХХК төлсөн гэж үзэх нь. “Болор Оргил майнинг” гэсэн гүйлгээний утгаар төлсөн ихэнх төлбөрүүдийг “Алтан дорнод майнинг сервис” ХХК-ийн төлбөрт тооцдог байсан нь тодорхой байгаа. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, зохигчдын эрх тэгш байдлыг хангаагүй, нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

“ВАТТ" ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаагүй, гэрээг зөрчөөгүй. “КТМ” ХХК нь түрээсийн ямар нэгэн төлбөрийг төлөөгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “КТМ” ХХК нь хариуцагч “ВАТТ” ХХК-д холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөөгүй, төлсөн гэж заасан 100 000 000 төгрөг нь өөр бусад этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөр гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЭсСи-1605/02 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЭсИЭм919 загвартай, арлын 257 дугаартай автогрейдэрийг нийт 200 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг худалдагч талд төлснөөр гэрээний зүйлийг хүлээн авах, үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, уг төлөлт хуанлийн 10 хоног хэтэрсэн нөхцөлд худалдагч тал гэрээний зүйлийг аливаа маргаангүйгээр хураан авах нөхцлийг харилцан тохиролцсон байна. /1хх6-14/

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл болох автогрейдэрийг хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буцаан авсан үйл баримтад маргаагүй, харин нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг төлсөн эсэх талаар маргажээ. /1хх86/

Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөгийг “Болор оргил майнинг” ХХК-иас зээлж, тус компани 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч байгууллагын “Хаан банк” ХХК дах 5038005840 тоот дансанд шилжүүлсэн гээд, хэрэгт “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсаргасан байна /1хх94/. Уг баримтад бичигдсэн “БОЛОР-ОРГИЛ МАЙНИНГ-С ТҮРЭЭС ТӨЛБӨР” гэсэн гүйлгээний утга болон мөнгө шилжүүлэгч компанийн нэр нэхэмжлэгч компаниас өөр байгаа зэрэг нь маргааны зүйл болсон байна.  

Хэрэгт авагдсан “Болор оргил майнинг” ХХК, “КТМ” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, кассын зарлага, орлогын ордер /1хх95-97/, “ВАТТ” ХХК-иас “Болор оргил майнинг” ХХК-ийн захирал Н.Өлзийбаярт хаягласан 16/12-045 тоот албан бичиг /1хх85/, “Вагнер ази индастриал” ХХК-иас “КТМ” ХХК-ийн нягтлан бодогчид хаягласан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18/04-146 тоот албан бичиг зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЭсСи-1605/02 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөгийг төлснөөр үлдэгдэл 100 000 000 төгрөгийн тооцоотой байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, дээрх 100 000 000 төгрөгийн шилжүүлэг нь “Алтан дорнод майнинг сервис” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ” /1хх102-103/-ний үүрэгт хамаарна гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, “Алтан дорнод майнинг сервис” ХХК буюу оноосон нэрээ “Болор оргил майнинг” ХХК болгож өөрчилсөн уг хуулийн этгээд нь хариуцагч байгууллагад дээрх түрээсийн гэрээний төлбөрийг шилжүүлсэн гэж үнэлэх баримтгүй байх тул энэ талаарх татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэхгүй.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөлүүд хэсгийн 1-д худалдан авагч тал нь гэрээний урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг худалдагч талд төлснөөр гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүснэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авсан байсан эсэх талаар зохигчид маргаагүй болно.

Шүүх, худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйлээ буцаан авсныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт төлсөн 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, нэхэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй гэх агуулга заасан. Уг хэргийг анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар Магадлалаар, Улсын Дээд Шүүх 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн  001/ХТ2019/00619 дугаар Тогтоолоор тус тус хянаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан итгэмжлэл болон улсын тэмдэгтийн хураамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн талаарх зөрчил байгааг илрүүлсэн. Шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ дээрх зөрчлийг залруулж, зөвтгөсөн. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллагаас О.Дарханбаатарт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотой итгэмжлэл олгосон /1хх151, 2хх34/ байх бөгөөд нэхэмжлэлд төлвөл зохих 657 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн баримт /1хх156/ хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг хүлээн аваагүй гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ВАТТ” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                         Т.ТУЯА