Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00391

 

2021           04            15                                          001/ХТ2021/00391

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1927 дугаар магадлалтай,

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“................” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинашийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ................ ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ................................ ХХК-иас SCM919 загварын /цаашид ЭсИЭм919 гэх/ 257 арлын дугаартай 1 ширхэг автогрейдерийг үндсэн үнэ 181,818,181.82 төгрөг, НӨАТ 18,181,818.18 төгрөг, нийт 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож,SC16/05/02 /цаашид ЭсСи-1605/02 гэх/ дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг ................ХХК-иас зээлж, ................ХХК нь 2016.05.26-ны өдөр ................ ХХК-ийн 5038005840 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрөө шилжүүлэн техник тоног төхөөрөмжийг хүлээн авч, даатгалын компанитай гэрээ байгуулан даатгуулж, ................ХХК-д түр хугацаагаар ажиллуулж байтал 2017.02.24-ний өдөр хариуцагч гэрээний зүйлийг манай компанид мэдэгдэлгүй татан авсан. Ийнхүү ................................ ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж худалдан борлуулсан техник, тоног төхөөрөмжөө буцаан татсан үйлдлийг нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, одоо техник хаана, хэний эзэмшилд байгааг мэдэхгүй. Хариуцагч нь ................ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт дээрх 100,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ................ХХК-д холбогдуулан ................ ХХК нэхэмжлэл гаргасан. ................ ХХК-д 2018.04.12-ны өдөр ................ ХХК-иас 18/04-146 дугаар албан бичгээр аудит орох гэж байгаа учир 100,000,000 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж өгөх тухай хүссэн. ................ ХХК нь тоног төхөөрөмжөө хураалгасан, урьдчилгаа төлбөрөө ч авч чадаагүй байсан тул үлдэгдэл 100,000,000 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулж өгөөгүй. ................ ХХК, ................ ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсч, ................ ХХК-иас ................ ХХК-д 100,000,000 төгрөг төлсөн. Санхүүгийн аудит шалгалтаар ................ ХХК-ийг ................ ХХК-д 100,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоож, тайлангаар баталгаажуулсан учир хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ................ ХХК 2016.05.06-ны өдөр ................ ХХК-тай Эс И Эм 919 загварын 257 арлын дугаартай 1 ширхэг автогрейдерийг үндсэн үнэ 181,818,181.62 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 181,818,181.18 төгрөг, нийт 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ЭсСи-1605/02 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор худалдан авагч төлбөрөө төлөөгүй тул төлбөр төлөгдсөний дараа шилжүүлэх тоног төхөөрөмж худалдагчийн өмчлөлд хэвээр байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг ................ХХК-иас зээлсэн гэж тус компани шүүхэд мэдэгдсэн. ................ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, худал тайлбар. Төлбөрийн төлөлт хуанлийн 10 хоногоос хэтэрсэн нөхцөлд худалдагч тал гэрээний зүйлийг буцаан авч, хураан авахтай холбогдон гарсан нийт зардлыг худалдан авагчаас нэхэмжлэхээр талууд харилцан тохирсон. Гэрээний уг нөхцөлийг худалдан авагч тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан байдаг. ................ ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаагүй, гэрээг зөрчсөн нөхцөл байхгүй, Кристал топ майн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, бодит байдалд нийцээгүй, нотлох баримт байхгүй. Алтан дорнод майнинг сервис ХХК-ийг ................ХХК болж өөрчлөгдсөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаанаас мэдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Алтан дорнод майнинг сервис ХХК-д холбогдох маргаан хянагдаж байгаа. Манай компани тус компанитай түрээсийн гэрээний харилцаатай байсан. Уг гэрээний дагуу 100,000,000 төгрөг орж ирсэн. ................ ХХК-тай худалдан, худалдан авах гэрээ байгуулсан. ................ХХК-ийг яагаад ................ ХХК-тай андуурсан гэхээр худалдах, худалдан авах гэрээний баруун дээд талд ................ ХХК гэсний доод хэсэгт өөрсдийгөө Болор оргил майнс ХХК гэж бичсэн байсан. ................ ХХК нь бусад хуулийн этгээдийн нэрийг ашиглаж, улсын бүртгэлийн тухай хууль зөрчиж байна. Сүүлд нотлох баримтаар ирсэн баримтаас ................ХХК-ийн дүрэм дээр англи нэрээ ................инг ХХК гэсэн байсан. Энэ хоёр хуулийн этгээд ................ ХХК-ийг удаа дараа төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас манай компанид урьдчилгаа 100,000,000 төгрөг, үлдэгдэл 100,000,000 төгрөг аль нь ч ороогүй. Нэхэмжлэгч тал бусдын төлсөн мөнгийг өөрсдөө төлсөн төлбөр гэж маргаж байгааг ойлгохгүй байна. ................ ХХК, ................ХХК буюу Алтан дорнод майнинг сервис ХХК нь тус тусдаа бүртгэлтэй хуулийн этгээдүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана. ................ ХХК Эс И Эм 919 загварын автогрейдерийн төлбөрийг төлөөгүй байж, хууль бусаар эзэмшсэн гэж үзэж байгаа. ................ ХХК гэрээнээс татгалзаагүй, гэрээ хүчин төгөлдөр, зөвхөн нэхэмжлэгч тал төлбөр төлөөгүй өдий хүрсэн. ................ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр эсэхийг тодруулсан аудитын компанийн албан бичигт хариу өгөөгүй нь ойлгомжгүй. Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт ................ ХХК-иас манай компанид 100,000,000 төгрөг орж ирээгүй. Андуурсан талаар хариу тайлбар гаргаж, манай компанийн санхүүгийн захирал А.Нямдорж албан бичиг өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................ ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ................ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1927 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ................ ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинашийн хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийг эс зөвшөөрөн хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж шатны шүүх дараахь байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлээр хяналтын шатны журмаар шийдвэрлэх гомдлыг Монгол Улсын Дээд шүүхэд гаргаж байна. Магадлал нь ИХШХШТХ-ийн 116.2 дэх хэсгийг хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. “................” ХХК-д нэгтгэсэн байгаа “................................” ХХК нь “................” ХХК-тай (Регистрийн дугаар 6065554) 2016.05.06-ны өдөр SEM 919 загварын 257 арлын дугаартай 1 ширхэг авто грейдерийг нийт 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар SС-160/02 дугаартай гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан. Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөгдөх ёстой байсан боловч тэрхүү урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй. Гэрээний талууд тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулаагүй болно. Алтан дорнод майнинг сервис ХХК өөрийнхөө нэрийг Болор оргил майн ХХК гэж өөрчилсөн. ................-аас түрээсийн төлбөрөөр төлбөрийг 2016.05.26-ны өдөр шилжүүлсэн. Банкны төлбөрийн хуулгыг харахад ................бусдын өмнөөс төлбөр төлж байгаа бол энэ талаар гүйлгээний утга дээр тодорхой бичсэн байгаа. Гэхдээ ................-ийн нэрийн өмнөөс урьдчилгаа төлбөрийг төлсөн талаар ямар ч баримт байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний талууд төлбөрийг нийлсэн талаар ямар нэгэн акт баримт байхгүй. Эдгээр баримтууд байхгүй байхад түрээсийн төлбөрийг худалдан авах гэрээний төлбөрт тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү Иргэний хуулийн 41.1 дэх хэсгийн дагуу хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэснийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд даган мөрдөөгүй, үндэслээгүй гэж үзэж байна. Шүүх хурлын явцад ................ХХК-тай холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхээр шийдэгдэж байгаа, хэрэв ................-аас төлсөн гэх төлбөр байгаа бол Сүхбаатар дүүргийн шүүхээрээ шийдүүлэх нь зүйтэй гэж миний бие удаа дараа дурьдаж хүсэлт гаргаж байсан. Зохигч нарын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа талаар тодорхой байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, ИХШХШТХ-ийн 65.1 дэх хэсэг болон 65.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс О.Дарханбаатарт итгэмжлэл олгогдоогүй байгаа. ИХШХШТХ-ийн 65.1.5 дах заалтын дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа. Итгэмжлэл нь хууль заасан хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад иргэний хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Хуурамч итгэмжлэл дээр үндэслэж нэхэмжлэлийг хангасан, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. ИХШХШТХ-ийн 36.2 дахь хэсэгт зааснаар …Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2- т заасан шаардлагыг хангасан байна.” Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.1 дэх заалтыг хангаагүй бөгөөд итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зураагүй байгаа. Гарын үсгийн хуулбарыг хэвлэж гаргасныг О.Дарханбаатар өөрөө шүүх хуралд хэлсэн байдаг. Энэ талаар Д.Инжинаш миний бие эсэргүүцсэн, нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж мэдэгдэж, итгэмжлэлийг хуульд заасан шаардлагаар гаргуулах, нэхэмжлэлийг буцаахыг хүссэн боловч шүүх хангаагүй, гомдол гаргах боломж олгоогүй, хуульд заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгчийн зохих захирамжид гомдол гаргах эрхгүй гэсэн ба үүгээр ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйл, 170.1 дэх хэсгийг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ИХШХШТХ-ийн 65.1.1-65.1.8-д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээн дээр “................” ХХК өөрсдийнхөө монгол хэл дээрхи нэрийг Болор оргил майн болгож бусад хуулийн этгээдийн нэрийг хууль бусаар ашигласаар байгаа. Угтаа бол “................” ХХК болон “................” ХХК ижил хувьцаа эзэмшигчтэй, тухайн үедээ ижил хаягт байршиж байсан хуулийн этгээдүүд юм. Уг нөхцөлийн улмаас төлбөр андуурагдсан гэдгийг удаа дараа шүүхэд мэдэгдэж, зохих баримт болон тайлбарыг өгсөн боловч уг нөхцөлийг шүүх зохих байдлаар үнэлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас, ................ХХК-ийн шинэчилсэн дүрмээс харахад ................ХХК нь өөрийн англи нэрийг ................ ХХК болгож өөрчилснийг хүртэл уншиж болно. Дээрхи байдлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг хүртэл зөрчиж, бусдыг болон шүүхийг санаатайгаар төөрөгдөлд оруулж, төрөгдүүлсний улмаас өөрт ашигтай шийдвэрийг шүүхээс гаргуулаад байна. Хаан банкны 2017.10.05-ны өдрийн дугаар 20/10004 тодорхойлолтоор 2016.05.20-ны өдөр 100,000,000 ................-с түрээсийн төлбөрөөр бүртгэгдсэн. Төлбөр шилжүүлсэн төлбөрийн баримтыг харахад Хаан банк шилжүүлгийн өдрийг 5.26 өдрөөр шилжүүлсэн байгаа. Төлбөрийн захиалга хийх өдөр, төлбөрийн шилжүүлэг бодитоор хэрэгжих өөр байж болно гэж үзэж байна. Энэ талаар Д.Инжинаш би шүүхэд мэдэгдсэн, тайлбар өгсөн боловч, эдгээр нөхцөлийг мөн шүүхээс шударгаар, огт үнэлээгүйд гомдолтой байна. 100,000,000 төгрөг ................-с түрээсийн төлбөрөөр шилжсэн нь ямар түрээсийн гэрээтэй болохыг шүүхэд тайлбар өгч, холбогдох Түрээсийн гэрээг хавтаст хэргийн материалд нотлох баримтаар өгсөн байгаа. Уг гэрээг шүүх бодитоор үнэлээгүй байна. Тэгсэн хэдий ч О.Дарханбаатарын шүүхэд нөхөж өгсөн, аудитын болон санхүүгийн тайлангаар баталгаажсан эсэх нь тодорхойгүй, хуурамчаар үйлдсэн байж болох баримтуудыг бодит үнэнд нийцнэ гэж шүүх үзжээ. ПрайуотэрхаусКуперс Аудит ХХК-ийн 2019.08.01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангалд гэж хаягласан дугаар 201/19 дугаар албан тоотод “................” ХХК-ийн зүгээс тулган баталгаажуулалт хийх албан хүсэлтийг аудитын маягтаар 2018.04 дүгээр сард хүргүүлсэн боловч “................” ХХК-ийн зүгээс хариу баталгаажуулалт ирээгүй талаар дурьдсан байна. “................” ХХК тухайн үедээ хариу баталгаажуулалт хийгээгүй нь төлбөр төлөөгүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Төлбөр хийгдээгүй байсан талаар аудитын байгууллагын албан тоотод мөн дурьдсан байна. Энэ талаар Д.Инжинаш би мөн шүүхэд тайлбар өгсөн байдаг. Худалдааны гэрээгээр, түрээсийн гэрээгээр үү, түрээсийн төлбөрөөр үү, худалдааны гэрээний урьдчилгаа төлбөрөөр үү шүүхээс шударгаар үнэлэх ёстой гэж бодож байна. Хэрэв 100 сая төгрөгийг ................ дээр таньсан гэсэн акт Гэрээний талууд үйлдсэн байгаа бол хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн юм. Гэхдээ тийм төлбөр тооцоо нийлсэн акт “................” ХХК болон “................” ХХК (................................ ХХК)-ийн хооронд үйлдэгдээгүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсгийг буюу “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний 189 дүгээр зүйлийн дагуу Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг болон дээр дурьдсан гэрээний дагуу худалдан авагч болох Кристал топ майн ХХК хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Гэрээний дагуу Худалдан авагчаас өөр этгээд төлбөр төлөх нөхцөлийг гэрээний талууд харилцан тохиролцоогүй болно. Гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг гагцхүү бичгээр үйлдэх ёстой байгаа. Төлбөрийн нөхцөлийг өөрчилсөн талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Дээрхи байдлаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаагүй, зохигч талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, зөвхөн нэг талыг баримтлан шийдсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй байна. Аль хуулийн, ямар заалт, гэрээний аль зүйл, заалтыг үндэслэж шийдвэрлэж байгааг тогтоогоогүй байна. “................” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаагүй, гэрээг зөрчсөн нөхцөл байхгүй, ................ ХХК нь түрээсийн ямар нэгэн төлбөр, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр төлөөгүй, төлөөлөх эрхгүи этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг дээр дурьдсан бусад үндэслэлээр болон ИХШХШТХ-ийн 176.2 дах хэсэг, 176.2.4 дэх заалтын дагуу шүүхийн шийдвэр болон шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч “................” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсны үр дагавар 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөөгүй, 100,000,000 төгрөг нь “................” ХХК-ийн зүгээс  төлсөн түрээсийн төлбөр буюу “................” ХХК-д хамааралгүй төлбөр гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх зохигчийн хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Хэрэгт байгаа баримтаар, “................” ХХК, “................................” ХХК 2016.05.06-ны өдөр ЭсСи-1605/02 дугаартай гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгөөр автогрейдэр худалдах, худалдан авах, урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг худалдагч талд төлснөөр гэрээний зүйлийг хүлээн авах, үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөгийг 2016.06.30-ны дотор төлөх, хугацааг хуанлийн 10 хоног хэтрүүлсэн бол худалдагч тал гэрээний зүйлийг аливаа маргаангүйгээр хураан авах нөхцөлийг харилцан тохиролцсон, үүнээс хойш худалдагч “................................” ХХК нь оноосон нэрээ “................” ХХК болгож өөрчилсөн, хариуцагч нь 2017.02.24-ний өдөр автогрейдэрийг буцаан авсан үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр боловч хариуцагч гэрээний зүйлийг буцаан авсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохыг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтын дагуу дүгнэсэн байна.

 

Зохигч нь худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг төлсөн эсэх талаар маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангах талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ. /1хх86/

 

2016.05.26-ны өдөр “................” ХХК-иас хариуцагчийн ХААН банк дах 5038005840 тоот дансанд шилжүүлсэн түрээсийн төлбөр 100,000,000 төгрөг гэх баримт нь түрээсийн төлбөр бус худалдах-худалдан авах гэрээний дагуу “................” ХХК-ийн зүгээс төлсөн төлбөрийн баримт гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

“................” ХХК-иас “................” ХХК-ийн захирал Н.Өлзийбаярт хүргүүлсэн 16/12-045 тоот албан бичиг /1хх85/, “................................” ХХК-иас “................” ХХК-ийн нягтлан бодогчид хүргүүлсэн 2018.04.12-ны өдрийн 18/04-146 тоот албан бичгээс дүгнэхэд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөгийн тооцоо байгааг “................” ХХК-д мэдэгдсэн, уг үлдэгдлийг баталгаажуулахыг хүссэн агуулга тусгагдсанаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр төлөгдсөн, тийм учраас гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн байдал тогтоогджээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Энэ талаар буюу шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй, “................” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг өгсөн байхад үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

 

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх хүртэл хугацаанд худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулан барих эрхтэй бөгөөд энэ нь эд хөрөнгийг худалдагч хадгалж байгаа, түүний эзэмшилд эд хөрөнгө байгаа тохиолдолд үүсдэг эрх юм.

 

Харин хариуцагч гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн боловч буцааж авсан нь хуульд заасан саатуулан барих эрхэд хамаарахгүй, худалдан авагч тоног төхөөрөмжийн үнэ төлөх үүргээ зөрчсөн учраас худалдагч нь гэрээнээс татгалзах үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогджээ. Хариуцагчийн зүгээс үүргийг хангуулахын тулд эд хөрөнгийг авсан гэдгээ нотлоогүй, үүнээс хойш талуудын хооронд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаа байсан нь тогтоогдоогүй байв.

 

Аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үр дагавартай бөгөөд урьдчилгаа төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлоор “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02391 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1927 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.УНДРАХ

                                                                                             Г.ЦАГААНЦООЖ

                                                                                             Д.ЦОЛМОН