Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1904

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01784 дугаар шийдвэртэй, Х.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч АШУҮС-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар  оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Х.Б нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаартай АШУҮИС-ийн захирлын тушаалаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн. Мөн оны 7 дугаар сард Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд захиалагчийн хяналтын инженерээр ажиллаж, ажлын зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж, 2017 оны 5 дугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. 2016 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ цогцолборын А, Б блок барилгын угсралтын ажил хийгдэж эхэлсэн ба тус барилгад мөн захиалагчийн хяналт хийсэн. Барилга одоо ашиглалтад орсон. 2018 оны 5 дугар сард Шинэ цогцолборын 1200 оюутны дотуур байрны барилгын ажил эхэлж, 40 хувийн гүйцэтгэл хүртэл нь захиалагчийн хяналт хийсэн болно.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа тус сургуулийн Монгол Япон сургалтын эмнэлгийн барилгад ашиглагч талын төлөөлөгч болон барилга угсралтын ажилд оролцож байсан. Захиалагчийн хяналтын инженерээр ажиллахдаа тус барилгуудын гадна шугам сүлжээний ажил, техникийн нөхцлийг мөн давхар хариуцаж, ажилдаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үндэслэл нь 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн заалтыг удирдлага болгосон байсан.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа заагаагүй, түр авсан гэх хугацааг дууссанаас хойш ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн тул гэрээний хугацаа хуулийн дагуу сунгагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан нь буруу. Түүнчлэн мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаагүй. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй учир давтан гаргасан гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул тушаал үндэслэлгүй. Тухайн ажлын байр одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд Б.Отгон гэх хүн ажилладаг. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч тал тайлбартаа:  Б.Х-ыг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Х.Б  өөрөө гарын үсэг зураагүй байдаг тул түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Тус сургууль Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн сургалт, эмнэлгийн цогцолбор бүхий нийт 12 блок барилга угсралтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Энэхүү ажлын явцад захиалагчийн инженер шаардлагатай байсан учир захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр нэхэмжлэгчийг түр хугацаагаар авч ажиллуулсан. Зоорьтой 6 давхар 1 блок, 5 давхар 1 блок, А, Б блокийн барилгын ажилд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс улсын комисс ажиллаж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр акт гарч хүлээн авсан.

Тиймээс Х.Б-ын ажлын байр одоо шаардлагагүй болсон тул хасагдсан. Анхнаасаа түр ажлын байр байсан учир түүнийг түр хугацаагаар ажилд авсан. Одоо энэ ажлын байр байхгүй ба түр хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Сургуулийн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 005 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар АШУҮИС-ийн дүрмийг баталсан бөгөөд уг  дүрмийн 3.4.3-т удирдлага нь их сургуулийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, алба, хэлтэс, бусад нэгжийн дарга, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянах, батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх, халах, багш, ажилтны цалин урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд олгох бүрэн эрхийг олгосон. Дүрэмд заасан эрхийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/01 тоот захирлын тушаалаар хяналтын инженерийн орон тоо батлагдсан ба 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаар захирлын тушаалаар бүтэц орон тоог шинэчилсэн. Үүнд хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар сургуулийн багш, ажилчдын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг баталсан. Энэ баталсан бүтэц зохион байгуулалтын орон тоо, цалингийн сүлжээнд хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй.

Үүнээс гадна Х.Б нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа алдаа, дутагдал гаргасан нь шалгалтын дүнгээр тогтоогдсон. Шалгалтын дүн шалгалт хийгдсэнээс хойш гарсан хэдий ч 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр илэрхий болсон байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд Х.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Х-ыг АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын гэрээт хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 12 150 673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Х.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тухайн сургуулийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 209 361 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:. Х.Б нь хариуцагч байгууллагын Хангамж үйлчилгээний газарт хяналтын инженерийн ажилд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрын Б/25 дугаартай тушаалаар түр томилогдон ажилласан тул 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/196 тоот тушаалаар гэрээт хяналтын инженерийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн сургалт, эмнэлгийн цогцолбор бүхий 12 блок барилга угсралтын ажлыг 2016 онд эхлүүлсэнтэй холбогдуулж мөн оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр нэхэмжлэгчийг түр хугацаагаар томилж ажиллуулсан. Уг ажлыг улсын комисс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч акт гаргасан. Хариуцагч байгууллагын Удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 005 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар АШУҮИС-ийн дүрмийг баталж, 3.4.3-т сургуулийн удирдлага нь их сургуулийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, алба, хэлтэс, бусад нэгжийн дарга, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянах, батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх, халах, багш, ажилтаны цалин, урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд олгох эрхтэй гэж заасан. Энэ эрхийн хүрээнд захирлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/01 тоот тушаалаар хяналтын инженерийн орон тоо батлагдсан, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаар захирлын тушаалаар бүтэц орон тоог шинээр баталсан ба хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй мөн 2019 оны 01  дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар сургуулийн багш, ажилчдын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг батлахад хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу тус сургуулийн 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад баримтын шалгалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “тайлан”-г ирүүлсэн. Уг шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоолууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын холбогдох тогтоолууд болон бусад хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулсан байдал, үндсэн хөрөнгийн хөдөлгөөн, түрээс, худалдан авах ажиллагаа зэргийг шалгасан. Шалгалтаар 2017 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөөгүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, татварын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, татварын өртэй, тендерийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын шаардлагыг хангаагүй, ижил төстэй ажлын туршлагагүй байгууллагыг шалгаруулсан, төлөвлөгөөг бүрэн гүйцэт ил тод зарлаагүй, төлөвлөгөөнөөс гадуур худалдан авалт хийсэн, нийт төсөвт өртгөөр нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй, харьцуулалтын арга хэрэглээгүй, жишиг баримт бичгийг боловсруулаагүй буюу ашиглаагүй гэх мэт нийт 10 170 555 465 төгрөгийн худалдан авах ажиллагааны зөрчил гаргасан зэрэг нийт 19 079 97 сая төгрөгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон юм.

Х.Б нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер (түр хугацаагаар) ажилд томилогдсон. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т тус тус зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх зэрэг чиг үүрэгтэй бөгөөд энэхүү хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар зохицуулсан байна. Х.Б 2016, 2017 онд Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад баримтын шалгалт хийж, худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, сургуульд их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч АШУҮС-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан АШУҮИС-ийн /цаашид АШУҮИС гэх/ захирлын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ажил олгогч нь Б.Х-ыг Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерийн албан тушаалд томилсон байна. /хх4-6/

Нэхэмжлэгч Б.Х-ыг ажил олгогч нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг тус тус баримталж, “АШУҮИС-ийн 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж мэргэжлийн алдаа гаргасан, гэрээний хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэл заажээ. /хх10/

Хариуцагч нь Б.-ыг тус сургуулийн Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерийн ажилд төсөл хэрэгжүүлэх зорилгоор түр хугацаагаар авсан, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/01 тоот тушаалаар уг албан тушаалын орон тоо батлагдсан боловч 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 тоот тушаал, 2019 оны 01  дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчилсэн, үүгээр түүний эрхэлж байсан албан тушаалын орон тоо батлагдаагүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгах шаардлагагүй болсон гэж тайлбарласан байна.

Хэргийн баримтаас үзвэл, ажил олгогч нь нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд “түр хугацаагаар” гэж томилсон байх боловч түүний үргэлжлэх хугацааг нь тодорхой заагаагүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас ямар хугацаагаар томилсон нь тодорхойгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн томилогдсон албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарна гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Б нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад тухайн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасантай нийцэхгүй бөгөөд хариуцагч тушаалын уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

Мөн нэхэмжлэгч Х.Б АШУҮИС-ийн 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж мэргэжлийн алдаа гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус сургуулийн 2017 оны эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайлан /хх85-98/, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” албан тоот /хх78-84/, Улсын ахлах байцаагчийн ТӨ-03-09 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавар, нэхэмжлэгч 2017 онд үнэлгээний хороонд ажиллаж байсан талаарх баримтуудыг /хх120-132/ шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь хугацааны хувьд Б.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалаас хойш гарсан, нэхэмжлэгч дээрх хугацаанд үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь ажлаас халах тушаалын үндэслэлд хамаарахгүй байна. 

Хариуцагч тал дээрх шалгалтын дүн шалгалт хийгдсэнээс хойш гарсан хэдий ч Б/196 дугаар тушаалд дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр илэрхий болсон байсан гэх боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын тайлан, хэргийн бусад баримтуудаар эрх бүхий байгууллага шалгалтыг хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болгосон нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхээс дүгнэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч АШУҮС давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                         Т.ТУЯА