Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АШ -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Х нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаартай АШийн Захирлын тушаалаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн.

Тус оны 07 сард АШийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд захиалагчийн хяналтын инженерээр ажиллаж ажлын зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж, 2017 оны 05 сард Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн Өргөтгөлийн барилгыг улсын комиссод хүлээлгэн өгсөн.

Mөн 2016 оны 08 сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт АШийн Шинэ цогцолборын А, Б блок барилгын угсралтын ажил хийгдэж эхэлсэн ба тус барилгад мөн захиалагчийн хяналт хийсэн. Тус барилга нь одоо ашиглалтад орсон. 2018 оны 5 сард АШийн Шинэ цогцолборын 1200 оюутны дотуур байрны барилгын ажил эхэлсэн. Тус барилгыг 40 хувийн гүйцэтгэл хүртэл нь захиалагчийн хяналт хийсэн болно.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа АШийн Монгол Япон сургалтын эмнэлгийн барилгад ашиглагч талын төлөөлч болон барилга угсралтын ажилд оролцож байсан. Захиалагчийн хяналтын инженерээр ажиллахдаа тус барилгуудын гадна шугам сүлжээний ажил, техникийн нөхцөлүүдийг мөн давхар хариуцаж ажиллаж байсан болно.

Б.Х ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн АШийн захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж мэргэжлийн алдаа гаргасан гэсэн нь үндэслэлгүй миний ажил үүрэгт огт хамааралгүй нөхцөлийг заасан.

Мөн тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй. Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа заагаагүй, түр гэж авсан хугацаа дууссанаас хойш ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн учир гэрээний хугацаа хуулийн дагуу сунгагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг баримталсан нь буруу.

Түүнчлэн мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаагүй. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй учир давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн тушаалын үндэслэл огт үндэслэлгүй. Б.Хын ажлын байр одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд Б.Отгон гэх хүн уг ажлын байранд ажилласаар байгаа.

Иймд Б.Хыг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2019 оны 4 сарын 17-ны өдөр Б.Х нь “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

АШийн захирлын 2018 оны 9 сарын 25-ны өдрийн Б/196 тоот тушаалаар гэрээт хяналтын инженер Б.Хыг 2018 оны 9 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ тушаалын эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Б.Хын нэхэмжлэлд тэрээр өөрөө гарын үсэг зураагүй байдаг. Тэгэхээр түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр л анх нэхэмжлэл гаргасан гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

АШь нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт АШийн сургалт, эмнэлгийн цогцолбор бүхий сургуулийн нийт 12 блок барилга угсралтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Энэхүү сургуулийн цогцолбор барилга угсралтын ажлын явцад захиалагчийн инженер шаардлагатай байсан учир АШийн захирлын 2016 оны 7 сарын 07-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерээр түр хугацаагаар авч ажиллуулсан.

Нэхэмжлэгчийг түр хяналтын инженерээр ажиллуулсан ба зоорьтой 6 давхар 1 блок, 5 давхар 1 блок, А, Б блокийн барилгын ажилд 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс улсын комисс ажиллаж, 2019 оны 2 сарын 21-ний өдөр улсын комиссын акт гарч ажлыг улсын комисс хүлээн авсан болно. Тиймээс Б.Хын ажлын байр одоо шаардлагагүй болсон тул хасагдсан. Анхнаасаа түр ажлын байр байсан учир түүнийг түр хугацаагаар ажилд авсан. Одоо энэ ажлын байр байхгүй, ажилд авсан түр хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

АШийн Удирдах зөвлөлийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн хуралдааны 005 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын АШийн дүрмийг баталсан дүрмийн гуравдугаар зүйлд захирлын эрх, үүргийг зааж өгсөн.

Дүрмийн 3.4.3 дэх хэсэгт АШийн удирдлага нь “Их сургуулийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, алба, хэлтэс, бусад нэгжийн дарга, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянах, батлах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх, халах, багш, ажилтны цалин, урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд олгох” эрх хэмжээ, бүрэн эрхийг олгосон.

АШийн дүрэмд заасан эрхийн хүрээнд 2017 оны 1 сарын 22-ны өдрийн А/01 тоот захирлын тушаалаар хяналтын инженерийн орон тоо батлагдсан, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/139 дугаар захирлын тушаалаар бүтэц орон тоог шинэчилсэн ба хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй.

2019 оны 1 сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалуудаар АШийн багш, ажилчдын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг баталсан. Энэ баталсан бүтэц зохион байгуулалтын орон тоо, цалингийн сүлжээнд хяналтын инженерийн орон тоо батлагдаагүй.

Үүнээс гадна Б.Х нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа алдаа, дутагдал гаргасан нь шалгалтын дүнгээр тогтоогдсон. Шалгалтын дүн шалгалт хийгдсэнээс хойш гарсан хэдий ч тус сургуулийн 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд илэрхий болсон байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн байгаа.

Иймд Б.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч АШь /цаашид “АШУҮИС” гэнэ/-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, байнгын ажлын байранд бус түр хугацаагаар томилсон ажлын байранд ажиллуулах хугацаа дууссан, ажлын байр байхгүй, ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Б.Хыг АШУҮИС-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/196 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 2.9-д заасныг үндэслэн “тус сургуулийн 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан, гэрээний хугацаа дуусгавар болсон” зэрэг үндэслэлээр Хангамж үйлчилгээний газрын гэрээт хяналтын инженерийн албан тушаалаас мөн өдрөөс чөлөөлжээ.

 

Энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авсан ба 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан бөгөөд дахин 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх зохих ажиллагааг явуулсан.

 

Тус шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлд Б.Х өөрөө гарын үсэг зураагүй нь түүний гаргасан нэхэмжлэл биш гэж үзэх үндэслэлтэй,  2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 Шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Б.Хын гаргасан нэхэмжлэл мөн гэж үзсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дараа дахин нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар шинээр тоологдох тул шүүх хуулиар харьяалуулсан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзэж ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтууд нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болон дуусгавар болгохоор заасан хуулийн зохицуулалтад хамаарах заалтууд байна.

 

АШУҮИС нь Б.Хыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилд шинээр авч Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерийн албан тушаалд түр хугацаагаар томилохдоо захирлын Б/25 тоот тушаалд түр гэх ажлын үргэлжлэх хугацааг заагаагүй, мөн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс чухам ямар хугацаагаар ажилд томилсон нь тодорхойгүй болжээ.

 

Нэхэмжлэгчээс гаргасан хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зураагүй тул түүнийг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэхгүй учир шүүх энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.3-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулна” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер ажлын байр нь ажлын ээлжийн тогтмол давтамжтай, төрийн үйлчилгээний 9 /ТҮ-9/ зэрэглэлд хамаарч, тогтоосон цалингийн сүлжээгээр сар бүр цалин хөлс авдаг, ажил үүргээ гүйцэтгэхэд зориулагдсан иж бүрэн компьютер, бусад тоног төхөөрөмж, тавилга бүхий ажиллах нөхцөл бүрэн хангагдсан, 2017, 2018 оны 1 дүгээр сард АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан багш, ажилтан, албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, шатлал, цалингийн сангийн жагсаалтад багтсан зэргээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хамаарч байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2019 оны АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан багш, ажилтан, албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, шатлал, цалингийн сангийн жагсаалтаас хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер ажлын байр хасагдсан” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 

Иймд Б.Хыг хангамж үйлчилгээний газрын хяналтын инженерийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу түр хугацаагаар томилогдсон гэж үзэх үндэслэлгүй тул ажил олгогчийг  байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажилтантай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

 Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Х нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй манай тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажилтныг ажлаас чөлөөлөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй юм.

 

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч хариуцагч тал Б.Хыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа “тус сургуулийн 2018 оны төсөвт хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд батлуулаагүй, үндэслэл тооцоогүй, зураг төсөвгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн алдаа гаргасан” гэх үндэслэлээр маргасан тул шүүх үүнд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас АШУҮИС-ийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтаар 10,170,555,465 төгрөгийн худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдал илэрч, тус газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 575 тоот тогтоолын дагуу АШУҮИС-д улсын байцаагчийн ТӨ-03, ТӨ-04, ТӨ-05, ТӨ-06, ТӨ-07, ТӨ-09 тоот албан даалгавар хүргэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Гэхдээ дээрх зөрчлийг илрүүлсэн гэх шалгалтын тайлан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу Б.Хыг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойно гарсан байх тул Б/196 тоот тушаалын үндэслэл болохгүй бөгөөд байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг дан ганц Б.Хын буруутай ажиллагааны улмаас гарсан гэж үзэх боломжгүй, хэрэв Үнэлгээний хороо зөрчил гаргасан гэж үзвэл хамтын шийдвэрийн хариуцлагыг  үнэлгээний хорооны гишүүн Б.Хт дангаар ногдуулах нь өрөөсгөл юм.

 

Иймд шүүх АШУҮИС-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/196 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, Б.Хыг Хангамж үйлчилгээний газрын гэрээт хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

 

“Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер” ажлын байранд нэхэмжлэгчийн авч байсан дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу тооцоход 1,059,795 төгрөг /2018 оны 6, 8, 9 дүгээр сарын цалингийн дундаж/ гарч байх тул Б.Хын ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 11 сар ажлын 10 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 12,150,673 төгрөг /1,059,795төг/21,5х10+(1,059,795х11)/-ийг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Б.Хын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг АШУҮИС-ийн удирдлагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Хыг АШийн Хангамж үйлчилгээний газрын гэрээт хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар АШиас 12,150,673 төгрөг гаргуулж Б.Хт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Хын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг АШийн удирдлагад үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Хын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, АШиас улсын тэмдэгтийн хураамжид 209,361 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА