Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 122/2017/0016/з |
Дугаар | 221/MA2017/0533 |
Огноо | 2017-07-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 221/MA2017/0533
2017 оны 07 сарын 25 өдөр Дугаар 221/МА2017/0533 Улаанбаатар хот
Х.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан хийж, Х.*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн давж заалдах давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Х.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Х.*******ийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******ийн ажилгүй байсан 85 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4624425 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хянуулах тухай. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан ерөнхий бүрэн эрхийг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.3-т заасан шаардлагыг хангаагүй байна" гэжээ. a. Захиргааны ерөнхий хуульд 40 дүгээр зүйлийн 40.3.3 гэсэн заалт байхгүй. Хуульд байхгүй зүйл заалт үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчиж байна. b. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан ерөнхий бүрэн эрхийг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.3-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэхдээ яагаад хангахгүй байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан "Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэснийг зөрчжээ. 2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр X. *******ийг албан тушаал бууруулсан нь дараах эрх зүйн үндэслэлгүй байна. гээд .... Аймгийн Засаг даргын 2017 оны А/01 тоот захирамжаар томилогдсон ... ажлын хэсгийн удирдамжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар /цаашид "БОАЖГ гэх/ын 2016 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөхөд БОАЖГ-ын даргын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт 94,9 оноогоор/А буюу "Маш сайн"/ үнэлэгдсэн боловч ... А.Чулуунбат нарын гэрчээр асуусан тэмдэглэлээр тогтоогдож байна" гэжээ. a. БОАЖГ-ын даргын үйл ажиллагааг үнэлсэн ажлын хэсгийн дүгнэлт тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэж заасныг зөрчин хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргажээ. b. Нөгөө талаар А.Чулуунбат нь төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн ба төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өгсөн гэрчийн мэдүүлэг нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэсгүй байна. Учир нь яагаад тухайн ажлын хэсэгт ажиллаж байсан, одоо төрийн албанд ажиллаж байгаа ажилтнуудаас биш төрийн албанаас чөлөөлөгдсөн А.Чулуунбатыг шүүгч зориуд сонгон авч гэрчийн мэдүүлэг авсан нь шүүгчийн хараат бус шийдвэрээ гаргасан гэдэгт эргэлзээ үүсэхээр байна. 3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагчаас ганга нуурыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, ... зэргээр удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж буруутгасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй" гэжээ. Гэтэл шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, хэргийн оролцогчдын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан нотлох баримт цуглуулах эрхийг хязгаарлаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан "Шуух нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй" гэснийг тус тус зөрчсөн. Үүнд : а. Гаргасан тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах талаар шүүхэд хүсэлт гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасныг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 -ийг үндэслэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа талаар шүүгчээс асуухад би 32.4-д заасныг үндэслэн гэж хэлсэн гэж шүүх хурал дээр хэлсэн. Гэтэл Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр хурлын видео эсхүл аудио бичлэгийг ухраан үзье гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч Шүүгч Б.Баярцогт нь хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр хурлыг цааш үргэлжлүүлэн хийсэн. Энэ нь шүүгч шүүх хурлын явцад гарсан хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу "...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ" гэснийг зөрчсөн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдрийн шүүх хурлын аудио бичлэгийг Шүүхийн тамгын газарт хүсэлт гарган сонссон ба шүүгч хэрэгт ач холбогдолгүй гэрчээс асуух асуулт нь хэт хувийн шинжтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээ хэлсэн байсан. Гэтэл хуулийн буруу зүйл заалтыг үндэслэн гомдох эрхгүй захирамж гарган хариуцагчийн нотлох баримт цуглуулах эрхийг ийнхүү хязгаарласан юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /9 дүгээр хуудаст /-т "Мөн хариуцагчаас Х.*******ийн албан тушаалаас нь чөлөөлсөн 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс хойших үйл баримтаар буюу ... Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 12 дугаартай "Шалгалтын дүнгийн танилцуулга" -аар Ганга нуурыг хамгаалах ажлын тендертэй холбоотой баримт бичгүүд зөрчилтэй гарсан гэж цаг хугацааны хувьд маргааны үйл баримттай хамааралгүй асуудлаар буруутгаж байгааг бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчдыг сонсох ажиллагааг явуулаагүй гэж үндэслэл болж байна. Хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үйл баримтууд нь захиргааны актыг гаргах тухайн цаг хугацаанд бий болоогүй, мэдэгдээгүйн улмаас уг маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны эсэхийг дүгнэхэд хамааралгүй тул дээрх тайлбартай холбоотой баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх шаардлагагүй гэж үзлээ" гэж дүгнэжээ. a. Ганга нуурыг хамгаалах ажил Х.*******ийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ болон төлөвлөгөөнд байгаа нь маргааны үйл байдалтай хамааралгүй асуудлаар буруутгалаа гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагчийн хувьд Ганга нуурыг хамгаалах ажлын талаар бодит нөхцөл байдлыг тогтоосон хэмжээндээ шийдвэрээ гаргаж хариу тайлбараа өгсөн. Харин уг асуудлыг шалгах эрх бүхий байгууллага нь шалгаад 2017 оны 05 сарын 25-ны өдөр дүгнэлтээ гарган шүүхэд хүргүүлсэн нь бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчдыг сонсох ажиллагааг явуулаагүй гэж шүүх дүгнэх үндэслэл болохгүй юм. Аймгийн Засаг дарга шалгах эрх бүхий этгээд биш учраас эрх бүхий этгээдийн шалгалтын дүгнэлтийг ийнхүү шүүхэд хүргүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзнэ. b. Үйл баримтууд нь маргаан бүхий захиргааны актыг гаргах цаг хугацаанд бий болоогүй, мэдэгдээгүй гэж яагаад дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Ганга нуурыг хамгаалах ажлын тендертэй холбоотой асуудал нь Х.*******ийг ажиллаж байх хугацаанд үүссэн, энэ талаар удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандсан талаар хариуцагч хариу тайлбартаа дурдсан. Иймээс шүүгчийн хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. 5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "түүнчлэн гуравдагч этгээд Х.******* БОАЖГ-ын хяналтанд авч хэрэгжүүлсэн Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг 2012-2016 оны буюу 4 жилийн эцсийн байдлаар гаргаж, аймгийн ЗДТГ-т 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүргүүлсэн бөгөөд ... биелэлт 46,4 хувьтай байна. Энэ нь БОАЖГ-ын даргын албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлвэл зохих тогтоол, шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гуравдагч этгээдийн гаргаж өгсөн ... биелэлтийг бүтэн жилээр гаргасан эрх зүйн актын биелэлтэй харьцуулан үзэхэд хэрэгжилтийн явц, гарсан үр нөлөө, баганад бичигдсэн хэрэгжилтийн явц хоорондоо тохирч байгаа болон ...мэргэжилтэн Д.Ариунболдыг гэрчээр асуусан тэмдэглэлээр уг биелэлт хагас жилээр гарсан болох нь тогтоогдсон " гэжээ. a. Шаардлага хангаж ирүүлсэн нотлох баримт нь уг албан тушаалтан өөрөө дээд газрын тогтоол шийдвэрийг 46,4 хувийн биелэлтэй хэрэгжүүлсэн нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байхад нотлох баримтыг буруу үнэлэн хагас жилээр гаргасантай тохирч байгаа тул үндэслэлгүй байна гэж шүүгч буруу дүгнэсэн үзэхээр байна. Уг нотлох баримтын үнэлэх хамгийн гол асуудал нь "шийдвэрийн биелэлт 46,4 хувьтай байгаа нь БОАЖГ-ын даргын албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлвэл зохих тогтоол, шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн "-тэй холбоотой байсан ба хагас жил бүтэн жилийн биелэлттэй таарч тохирсон эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. b. Төрийн захиргааны удирдах албан тушаалтан/Х.*******/-ны өөрийнх нь гарын үсэг зурж, тамга дарсан албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичсэн, албан ёсны баримт бичгүүд гэрчийн мэдүүлгээс дутуу үнэлэгдэж байгаа нь мөн л шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлсэнгүй гэж үзэхээр байна. c. Энэхүү тогтоол шийдвэрийн биелэлтийн агуулга болон хугацааны талаар нэхэмжлэгч тал маргаж, гэрч асуулгах болон бусад хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачлагаар гэрч асууж, хүргүүлсэн нотлох баримтанд шинжилгээ хийсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж... болохгүй" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. d. Мөн шүүгч Б.Баярцогт нь туслах н.Цолмонгоор энэхүү тогтоол шийдвэрийн биелэлт болох нотлох баримтыг нотлох баримтаас хасах тухай захирамжгүйгээр Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид "энэ баримтууд хэрэгт хамааралгүй юм байна буцааж өг гэж шүүгч өгсөн" гэж хэлээд өгсөн байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаас хасах захирамжтайгаа өг гэж хэлээд буцаан өгөхөд, уг баримтуудыг харин хэргийн материалд үдсэн байсан. Энэ нотлох баримтыг хэргээс хасах, үнэлэхгүй байх, гэсэн нь ийнхүү үйлдлээр хүртэл илэрч байсныг дурьдах нь зүйтэй байх. 6. Шүүх хурал дээр Нэхэмжлэгч тал "надад хавтаст хэргээс шинжлэн судлуулах бичгийн нотлох баримт байхгүй" гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй байхад шүүгч Б.Баярцогт нэхэмжлэгчийн нотлох баримтуудыг шинжлэн судалж мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ., 6.2.Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ., б.З.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах... "гэснийг тус тус зөрчсөн нь уг шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно гэж үзэж байна. Иймээс Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийх болон тэмдэгтийн хураамж, гаргуулах этгээдийг тус тус буруу тодорхойлсон байх тул холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх “... Х.*******ийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актад тусгаагүй, түүнийг удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж буруутгасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ... Ганга нуурыг хамгаалах хөтөлбөр албан ёсоор батлагдаагүй ... захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг тушаал бууруулж, ажлаас нь чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдээгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй ч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамж[1]-аар нэхэмжлэгч Х.*******ийг “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус зааснаас үзвэл ажилтныг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа чөлөөлөх болсон бодит шаардлага, нөхцөл бодитоор бий болсон байх, захиргаа түүнийг нөхцлийг судлан тогтоож, холбогдох баримт бүрдсэн нөхцөлд шийдвэр гаргах учиртай байна.
Гэтэл энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч Х.*******ийн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй атлаа албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчим, захиргаа нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, хуульд үндэслэх, шийдвэр, үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд тус тус нийцээгүй, хууль бус болсны улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчигдсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/01 дүгээр захирамж[2], Сүхбаатар аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сумд, агентлаг, төсөвт байгууллагын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх ажлын хэсгийн удирдамж[3], Сүхбаатар аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж албажуулаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.*******ийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 94.6 оноогоор / А буюу Маш сайн/ гэж дүгнэсэн илтгэх хуудас[4], Сүхбаатар аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар ажиллаж байсан гэрч А.Чулуунбатын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...Үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж амжаагүй ... аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ өгсөн боловч аймгийн Засаг даргад танилцуулж амжаагүй ...” мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудаас үзвэл аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгч Х.*******ийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 94.6 оноогоор үнэлсэн байх боловч аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж албажуулаагүй гэх үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагчийн “...Ганга нуурыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, 2016 онд тус суманд худаг гаргахаар шилжүүлсэн 20 сая төгрөгийн зарцуулалтад хяналт тавих гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй ... Ганга нуурыг хамгаалах ажлын тендертэй холбоотой асуудал нь Х.*******ийг ажиллаж байх хугацаанд үүссэн, энэ талаар удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандсан ...” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Ганга нуурыг хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” А/352 тоот захирамжтай холбогдуулан анхан шатны шүүх “... хүн, малын ундны усыг шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн газар /Г.Ган-Очир/-т үүрэг болгосон...” гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн хэрэгт авагдсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ус, усан орчин, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, гэрч Н.Мөнхбаатарын “... “Ганга нуурын хамгаалах” хөтөлбөр гэж батлагдаагүй ... аймгийн Засаг даргаас Ганга нуурыг хамгаалахтай холбоотой захирамж гарснаар Ганга нуурыг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө гэж гаргасан боловч 1 тэрбум төгрөгийн төсөв гарах байсан учраас батлагдаагүй ...” гэх мэдүүлгээс үзвэл хариуцагч нь “Ганга нуурын хамгаалах” хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч Х.*******ийг буруутгасан нь үндэслэлгүй байхаас гадна түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнээгүй атлаа албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэн байна.
Шүүх Сүхбаатар аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар ажиллаж байсан А.Чулуунбатыг гэрчээр асуусан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасанд нийцсэн, түүнчлэн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар захирамж[6]-аар шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “... А.Чулуунбат нь төрийн албанаас чөлөөлөгдсөн ... төрийн байгууллын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өгсөн гэрчийн мэдүүлэг нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй ... нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах талаар шүүхэд хүсэлт гаргахад ... хүсэлтийг хангахаас татгалзсан ... шүүгч өөрийн санаачлагаар гэрч асууж, хүргүүлсэн нотлох баримтад шинжилгээ хийсэн ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тухайд нь хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой хуулийн зүйл, заалтыг баримталх байтал төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх журам тогтоох төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг заасан хуулийн зүйл, заалтыг баримталсан нь оновчтой бус, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагчийг тодотгож заагаагүй, шийдвэрийн 3 дахь заалтад тэмдэгтийн хураамжийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар заагаагүй нь буруу байх тул тус тус зөвтгөж өөрчлөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2” гэж, 2 дахь заалтын “...аймгийн Засаг даргад даалгасугай.” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан...” гэснийг “... Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ