Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0847/З |
Дугаар | 234 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 234
М.Ч-ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0205 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: М.Ч,
Хариуцагч Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ч-г тус хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 16 хоногийн хугацааны цалин 2.431.740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдсан байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0205 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. М.Ч нь 2013 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн боловч тухайн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нэр дэвшүүлж аваагүйн улмаас нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан байна. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/69 дүгээр тушаал, удирдамжийн дагуу хийсэн шалгалт, Налайх дүүргийн Дотоод аудитын хяналт шалгалтаар уг албан хаагчийн томилгоог зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан. Дээрх асуудлыг төрийн албан хаагчдын эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл болон яамны салбар зөвлөлд хандахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан эцсийн шийдвэрийг гаргуул гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 197 дугаар албан бичгээр хүсэлт гаргахад Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтлан ажиллах анхааруулга өгсөн.
4. Хэлтсийн удирдлагын зүгээс албан хаагчдад нөхцөл байдлыг тухай бүр танилцуулж төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг 2017 оны эхний хагас жилд багтаан өгөхийг удаа дараа мэдэгдэж ирсэн. Дахин шалгалт өгөх шаардлагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний еренхий газар, дүүргийн дотоод аудит, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөл, Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байсан гэдэг нь М.Ч тухайн шалгалтыг 3 удаа өгснөөр харагдаж байна. М.Ч-тай ижил нөхцөл байдалтай байгаа тус хэлтсийн 2 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2017 оны 4-6 дугаар саруудад өгч, журмын дагуу 10 дугаар сард нэр дэвшигдэн, тангаргаа өргөн ажиллаж байна. Тус хугацаанд М.Ч нь шалгалтыг 3 удаа өгч тэнцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангахгүй байгааг харуулсан гэж үзэн албан даалгавар, дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, дээд газрын шийдвэрийг заавал биелүүлэх үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
5. М.Ч нь ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд дараах зөрчлийг гаргасан байна. Үүнд:
5.1. Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар М.Ч нь “Ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд чирэгдэл учруулсан тул” албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл,
5.2. М.Ч нь 7 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7 дугаар хорооны хорих ангиас суллагдсан иргэн Л.С, М.Х нарын Онцгой тохиолдлын тэтгэмжийн мөнгө болох 2.400.000 төгрөгийг дур мэдэн зарцуулж, иргэн нь гомдол гаргасны дагуу Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар “Холбогдох хууль тогтоомжийг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тул” сахилгын сануулах шийтгэл,
5.3. М.Ч нь 3 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус хорооны иргэн Ж.Б-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, ёс бус харьцаж чирэгдэл учруулснаар иргэнээс өргөдөл ирсэн тул Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар “Үйлчлүүлэгч иргэнтэй зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан тул” албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар хасах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан байна.
5.4. М.Ч нь 2015 онд ажиллаж байсан нийгмийн халамжийн албаны дарга Г.А, 2016-2017 ажиллаж байсан нийгмийн халамжийн албаны дарга Ч.А нарын нэр хүндэд халдаж ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсныг байгууллагын Ёс зүйн хороонд гаргасан өргөдлүүдээр харж болно.
6. Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хяналт шалгалтын байгууллага болон дээд газрын шийдвэрүүд: Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 1/461 тоот албан даалгавар, Налайх дүүргийн Дотоод аудитын дүгнэлт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 197 тоот хүсэлт, түүний хариу, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1179 тоот залруулга бичиг, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 14/402 тоот албан бичиг, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгчийн тухай 14/401 тоот албан бичиг.
7. Дээрх албан даалгавар, зөвлөмж, шийдвэрүүд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 17.8-д “Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 4.1-д “Энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 5.1-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн орон тоог нөхөх тухай захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ” гэсэн заалтуудад тус тус нийцэж байсан учир М.Ч-г чөлөөлсөн байна.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх бидний гаргаж өгсөн нотлох баримт, хяналт шалгалтын байгууллага, дээд газрын шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр М.Ч-г Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдэн тангараг өргөж төрийн албаны мэргэшсэн байх шаардлагыг хангасан байна гэсэн ганцхан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна.
9. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг баримтлан ажиллах эсэх, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 1/461 тоот албан даалгавар, Налайх дүүргийн Дотоод аудитын дүгнэлт, Төрийн албаны зөвлөлд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 197 дугаар хүсэлт, түүний хариу, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1179 дүгээр залруулга бичиг, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 14/402 дугаар албан бичиг, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгчийн тухай 14/401 дүгээр албан бичгүүдийг бүхэлд нь судлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0205 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Ч-ын нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Хэдийгээр нэхэмжлэгч М.Ч нь Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 17 дугаар тушаалаар тус дүүргийн 7 дугаар хороо хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр анх томилогдохдоо Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу томилогдоогүй байх боловч тэрээр 2013 оны 11 дүгээр сард ажил олгогчийн буюу тус хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын тодорхойлолтын дагуу /хавтаст хэргийн 141 дэх тал/ Төрийн албаны зөвлөлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцөд бүртгэгдэн, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөснөөр уг журмын зөрчил арилсан гэж үзэх үндэслэлтэй.
12. Гэтэл хариуцагч өөрөө нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөөс нөхөх тухай журамд заасан үүргээ биелүүлээгүй атлаа түүнийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутган, бодит байдал дээр зөрчил арилсан /захиргаа алдаагаа зассан/ байхад төрийн албаны сонгон шалгаруултад дахин оролцохыг шаардаж, шалгалт өгүүлэн, улмаар “төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт удаа дараа өгч тэнцээгүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
13. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь холбогдох хууль, журмын дагуу ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байтал маргаан бүхий актаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагуулсан талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
14. Иймд, тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 6-9-д заасан “нэхэмжлэгчийг журмын дагуу нэр дэвшүүлж аваагүй, энэ нь дотоод аудитын дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн албан бичиг зэргээр нотлогдоно, уг зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч шалгалт өгсөн боловч тэнцээгүй, иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны байтал шүүх холбогдох нотлох баримтыг огт үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэх утгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
15. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан “нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гаргасан” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0205 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ