Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 23

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 06-ны өдрийн 1264 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох 1806010480850 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Г овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо гаргасан гомдолдоо “Б.А-н мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал, зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, зөрчлийн талаар гаргасан гомдлыг хүлээн авсан тухай баримт, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-ийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудад хэрэг болсон өдрийг бүгдэд нь өөр өөрөөр тэмдэглэгдсэн байна. Улсын яллагч хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой болсон байна гэж хэргийн нотолж, шүүхэд ирүүлсэн атал хохирогч Т.Б нь Б.А намайг 2018 оны 01 дүгээр сарын 16, 17, 18-ны өдөр зодсон гэж гурван өөр огноотой мэдүүлсэн. Гомдлыг хүлээн авсан баримтад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 01 цагт хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн байна. Болоогүй хэрэг, зөрчлийн гомдлыг хэрхэн яагаад урьдчилан, хүлээн авч бүртгэсэн, ямар зорилгоор зөрүүтэй, огноонуудтай баримтууд хэрэгт авагдсан нь ойлгомжгүй. Дээрх зөрүүтэй огноонуудтай баримтуудыг судлаад үзэхэд хохирогч Т.Б-гийн өгсөн бүх гомдол, мэдүүлгүүд өөрчлөгдсөн байна. Жишээ нь Б нь анх цагдаагийн газарт хандахдаа 3 өөр утгатай, гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ ноцтой зөрчсөн байхад хэргийг хянан шалгаж, ажилласан мөрдөгч болон улсын яллагч нь энэ байдлыг анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж, зөвхөн хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, яллах байр сууринаас хандаж, ажилласанд гомдолтой байна. Улсын яллагч энэ олон зөрүүтэй мэдүүлэг, зөрүү огноотой баримтуудыг тайлбарлахдаа “Б мэдүүлгийнхээ огноог яахав, андуурч өгсөн байх, хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон. Харин мөрдөгч нарын үйлдсэн зөрүү огноотой баримтууд, техникийн алдаа байх... би энэ он саруудын зөрүүг хараагүй биш харсан, техникийн алдаатай баримтууд байсан” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан бусад байдлуудыг бүрэн дүүрэн судлаагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.А-г гэм буруутайд тооцсон гэж үзэхэд хүргэж байна. Гэмт хэрэг үйлдээгүй хүнийг хохирогчийн илт зөрүүтэй худал мэдүүлэг, мөрдөгчийн зөрүүтэй огноотой баримтуудаар ялласнаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал”-ыг шалгаагүй. Гэтэл улсын яллагч, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэзээ болсныг тогтоож чадаагүй атлаа хохирогчийг мэдүүлгээ андуурч өгсөн байх, мөрдөгч техникийн алдаа хийсэн байх гэх тайлбар, баримтуудаар хэт нэг талыг барьж Б.А-г яллаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байж болзошгүй хэмээн гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь хохирогч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч болон гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Ц, Б нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний биелэлтээс болж маргаан гарч энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 422 дугаар байрны 104 тоотод иргэн Т.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоож чадаагүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эргэлзээтэй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоохдоо ямар алдаа гаргасан, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг яагаад буруу гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүйн зэрэгцээ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгааныг ч гомдолдоо дурдаагүй байна.

П.Ц нь Т.Б-г түрээсийн гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй гэсэн шалтгаанаар машины зогсоол дээр нь машинаа байрлуулан тавьсныг Т.Б-гийн зүгээс эсэргүүцэж, уг асуудлын талаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсаны дагуу түүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч байсан, харин 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Олимп” хотхонд П.Ц, Б.М, Ж.Ж, Б.А нар хохирогчийн нөхөр Б.Б-тэй маргалдах явцад Б.А нь Т.Б-гийн цээж рүү гараараа түлхэн унагааж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг шат шатны шүүхүүд тогтоохдоо нотлох ажиллагааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Хохирогч Т.Б-д умайн доргилт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл учирсан эсэхэд эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шинжээчид нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 06-ны өдрийн 1264 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН