Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 615

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ё.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ё Ад холбогдох эрүүгийн 1806 0070 80267 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ё А,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ё.А нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугар хороо, тоотод өөрийн эмэг эх 80 настай М.Нийг гэртээ байхад нь хоёр чихнээс татаж улмаар өрөөсөн алтан ээмгийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ё.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны үдээс хойш 16 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байдаг эмээгийнхээ гэрт очсон. Би эмээтэй уулзаад хүү нь өрөнд орчихлоо мөнгөний хэрэг байна, танд мөнгө байна уу гэж гуйсан юм. Гэтэл эмээ надад мөнгө байхгүй гэж хэлээд хоол ид гээд бууз жигнэж өгсөн. Энэ хооронд би та надад ээмгээ өгчих би ломбарданд тавьчихаад эргүүлээд аваад өгье гэж хэлж үзсэн. Эмээ ээмгээ өгөхгүй гэж хэлсэн тул би хоолоо идэж дуусгаад эмээгийн хажууд нь очоод баруун чихнээс нь гараараа ээмгийг нь таттал эмээ хоёр гараараа миний гарнаас барьж авсан. Би зөрүүлээд нөгөө зүүн чих рүү нь дайрч ээмгийг нь сугалж аваад шууд гүйж гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-26 дугаар хуудас/,

Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байх гэртээ байж байтал гаднаас ач хүү болох Ё.А нь орж ирээд хоол хийгээд өг гэхээр нь би хоол хийж өгсөн. Хоолоо идээд дуусах үед эмээ ээмгээ надад өг гэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл намайг зогсож байтал эхлээд баруун чихэнд байсан ээмэгнээс татсан би орилтол зүүн чихнээс эргэж шувт татаад ээмэг аваад гэрээс гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч М.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би усаа аваад худгаас ирж байтал эгч Нацаг гудамжинд зогсож байсан. Уулзахад Алтаншагай миний ээмгийг чихнээс ханз татаад аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1584 дүгнэлтэд “М.Нийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  №221 дүгнэлтэд “Ё.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан. Тэр үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хэргийн 52-54 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ё.А нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугар хороо, Баатархайрханы 730 тоотод өөрийн эмэг эх 80 настай М.Нийг гэртээ байхад нь хоёр чихнээс татаж улмаар өрөөсөн алтан ээмгийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ё.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ё.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ё.Ан үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.Ан цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.