Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/242

 

 

 

 

   2022             3               2                                       2022/ДШМ/242                                               

                                                                                         

Х.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б,  

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1466 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Эд холбогдох 2106000001957 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Э,

Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун Алтан-Өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Н.Атэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эд 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Эд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Эын цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 15 см ажлын хэсэгтэй, 6.5 см ажлын хэсгийн өргөнтэй заазуур 1 ширхэг, 11 см хар өнгийн бариултай, 15 см ажлын хэсэгтэй, 4.5 см ажлын хэсгийн өргөнтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцэгтэй хээтэй ор хөнжлийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Эаас 7.205.503 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Бүгд найрамдах солонгос улсад 2014-2018 онд сурч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаад ирээд талийгаачтай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болж хамтдаа амьдарч сууна гэсэн бодолтой байсан.

Хэрэг болох өдрөөс 3 хоногийн өмнө талийгаач манай гэрт ирсэн. Ирэх үедээ зүүн гарных нь ядам, чигчий хуруу зүсэгдсэн, шархалсан хавдартай, хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд би өвчин намдаах эм өгөөд цэвэрлэж, боож өгөөд эмнэлэг рүү талийгаачийг дагуулж очоод гарыг нь боон цэвэрлүүлж, эмчлүүлж өгсөн. Энэ тухай хавтаст хэрэгт ороогүй ба Шүүх эмнэлгийн 2092 дугаартай тогтоолд намайг шархлуулсан гэж буруу дүгнэлт гарсан байсан. Үүнд гомдолтой байгаа бөгөөд үүнийг гэрчлэх баримт байгаа. Маргааш өглөө эмнэлэг явъя гэтэл дэлгүүр орж тамхи авъя гээд мөнгө аваад орж ирэхдээ согтуу, архи авсан орж ирээд 2 хоног уусан. Энэ хугацаанд талийгаачийн бие нь өвдөж, явж чадахгүй нь гээд би өөрөө шархыг нь цэвэрлэж жорын эмийг авч өгч байсан.

 

Хэрэг болдог өдрийн өглөө 10 цагийн орчим аавыг эгчийн гаднаас очиж аваад замаараа дэлгүүр орж, хоол хийх хүнсний зүйлс, архи, тамхи аваад гэртээ очоод бид ууцгаасан. Миний бие тааруу байсан болохоор би хэсэг унтаад өгсөн. Унтаж сэрээд би хоол хийхээр босч гал тогоо руу орж, мах хэрчээд зогсож байхад талийгаач над дээр ирээд архи, тамхины мөнгө нэхээд бид 2 муудалцсан. Би түүнд одоо архиа зогсоо, эмнэлэг явъя гэсэн. Тэгээд би мах хэрчиж байсан гараараа цаашаа бай гээд түлхэх шиг болсон. Надруу дайраад хутга булаацалдаад хэл амаар доромжлоод байсан. Миний санамсар болгоомжгүй үйлдлээс энэ золгүй явдал хоромхон зуур болж өнгөрсөн. Тэгээд би шоконд орсон. Цаг алдалгүй түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлсэн. Талийгаач нь булчин сулрах өвчин, нойр булчирхайн үрэвсэл, зүрх судасны өвчин, уушиг, элэгний өөрчлөлттэй гэж ярьж байсан. Би хэд хэдэн удаа түргэн дуудаж, эмнэлэгт үзүүлэн хэвтүүлж, эргэж тойрч байсан. Манай гэрт байхад талийгаачийн бие муудаж, бид 2 эмнэлэгт очиж шинжилгээ өгч байсан. Баянзүрх дүүргийн хойно байрлах хувийн эмнэлэгт /2021 оны 5 сард/ хэвтэн эмчлүүлж байхад нь эргэж очдог байсан. Мөн хавар гэрт нь очиход хөл, гар нь таталт өгч, бие нь их муу байсан ба би түргэн дуудан шууд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.

Энд нэг алдаа гарсан нь 2 өөр төрлийн хавтаст хэргийг нэгтгэж намайг хийсэн гэж үзээд хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Уг хэрэг нь хохирогч болох Сэргэлэн гэх залуу манайд ирж талийгаачтай хамт бид архи ууцгаасан байдаг. Тэгээд миний бие өвдөж унтаад өгсөн. Гэнэт хүн ёолох сонсогдоод сэрээд харахад Сэргэлэнгийн толгойн хэсгээс цус гарчихсан хэвтэж байсан. Би сандраад босч түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Цагдаа дээр гэрчийн мэдүүлэг өгч байхдаа талийгаач нь Сэргэлэн гэх залууг надтай хардан муудалцаж толгойн тус газар, дал нуруунд нь тус тус хутгалж гэмтээсэн талаар мэдсэн. Хохирогч болох Сэргэлэн тус хэргийг талийгаач үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн нотлох баримт бий.

Энэ хэргийн талаар шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай тогтоолтой санал нийлэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч талыг яллах нотлох баримтыг цуглуулж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Миний аав болох Хишигноров мэдүүлэг өгөхгүй гэх үед нь тулгаж гэрчийн мэдүүлэг авсанд гомдолтой байна. Хишигноров овогтой Х.Э миний бие хамтран амьдрагч болох талийгаач Н.Атэй хамт согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсний улмаас хоорондоо маргалдан өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулж, эцэст нь хүний алтан амийг хохироосондоо маш их харамсаж байна. Миний бие одоо болтол хүний аминд хүрсэндээ итгэж чадахгүй, өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйлгүй, маш их харамсан шаналж байна. Хохирогч болон түүний гэр бүлийн хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний бие гэм буруугаа ухаарч, хохирогчийн ар гэрт учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Би өндөр настай аавын хамт амьдардаг бөгөөд аав маань зүрх судасны өвчтэй, зүрхний хэм алдагдах, даралт багасч тогтворгүй байдаг, бөөрний архаг үрэвсэл, ходоодны гүн шархлаатай, нүдэнд тунадас үүсч болор солиулах хагалгаанд орох шаардлагатай, хүнд хэлбэрийн өвчтэй байгаа. Намайг байхгүйд аав маань эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байдалтайгаар харж хандах хүнгүйгээр сэтгэл санааны хувьд хүнд цочролд орсон байгаад сэтгэл өвдөж гэмшиж сууна. Мөн миний эрүүл мэндийн байдал цагдан хоригдсон өдрөөс хойш хууч өвчин болох элэгний болон бөөрний архаг үрэвсэл хүндэрч, хавагнаж, элэг өвчилсний улмаас дэлүү хэт томорч, цанхайлт үүсч, цус тогтоох эмчилгээ хийлгэж, ходоодны гүн шархлаа хүндэрсэн. Мөн эмэгтэйчүүдийн хагалгааны заалттай байсан ба хавдрын улмаас хоригдсон цагаас хойш байнга эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтад их хэмжээний эм тариа хэрэглэж байгаа.

Би өөрөө эмэгтэй хүн, эх хүн байж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо одоог хүртэл итгэж чадахгүй гэмшиж сууна. Иймд эрхэм шүүгч та бүхэн миний хувийн байдлыг харгалзан амьдрах итгэл өгч, ирээдүйг минь нээж, дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, ажил төрөл хийж аавыгаа асарч сайн охин, сайн ээж хүн болохын төлөө хичээн амьдрах боломж бололцоог олгоно гэдэгт та бүхэндээ итгэж найдаж байна.

Та бүхэн миний нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийн хүрээнд хүлээн авч шийдвэрлэсэн боловч дээрх зүйлээр ял халдаасан нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан шууд нотлох баримтаар тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй байхад ял оногдуулсан нь шүүхийн тогтоол хууль ёсны болж чадаагүй бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг явуулахдаа нэг талыг барьж яллах талын нотлох баримтыг цуглуулж, миний үйлчлүүлэгч Х.Эд Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг прокуророос хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч Х.Эын төрсөн эцэг Х.Хт гэрчийн эрх, үүргийг тайлбарлах, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгуулалгүйгээр төрсөн охин Х.Эын эсрэг мэдүүлэгч авч прокуророос дээрх нотлох баримтанд үндэслэн яллаж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Монгол Улсын иргэн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн тулгуур зарчим болох иргэний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна.

Миний үйлчлүүлэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хэрэг учрал болох үед хоол хийх гээд гартаа хутга барин гал тогооны өрөөнд байж байхад амь алдагч Н.А над руу дайраад хардаад хэл амаар доромжлоод байхаар нь хутгатай гараараа түлхэх шиг болсон” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай дүгнэлтэд заасан “Талийгаачид учирсан хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгойн хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх” гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ.

Иймд амь алдагч хэрэг учрал болсны дараа биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авч эмчлэгдсэний дараа нас барсан гэх дүгнэлтэнд хүрч байна. Миний үйлчлүүлэгч Х.Эыг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд өөрийн хамтран амьдрагч амь алдагч Н.Аг алах санаа зорилго үгүй юм.

Иймд ... миний үйлчлүүлэгч Х.Эд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бгийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Буянбаатар яриад “цагдаагаас ярилаа, Н.А бусдад хутгалуулсан, гэмтэлд байна” гэхээр нь Буянбаатарын хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж сэхээн амьдруулах тасагт орж харсан. ... Түүнээс хойш Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан ба хэвлийн хагалгаанд 4 удаа орсон боловч нааштай зүйл ажиглагдахгүй, ухаан орохгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нас барсан. ...” /1хх 88/,

гэрч Х.Хын “...Н.А, Х.Э нар гадагшаа гарсан ба удалгүй 1 цаг орчмын дараа буцаж орж ирсэн, архи уугаад байх шиг байсан, надаас 100 татах уу гэхээр нь би бие тааруу, уухгүй гээд уугаагүй, намайг харахад зүгээр сууж байсан ба хэсэг хугацааны дараа гэнэт цус алдаад байна гэхээр нь би түргэн дуудаач гэсэн. Удалгүй түргэн ирж Н.Аг аваад явсан, Х.Эыг цуг явсан байх гэж бодож байна. ... Н.А шархтай цустай орж ирээгүй. ...” /1хх 99/,

шүүгдэгч Х.Эын “...Би ширээн дээр байсан хар бариултай ахуйн хэрэглээнд ашиглаж байсан хутгаар Н.Агийн хэвлийн тус газар хутгалсан байсан. Гэнэт цус гарч байгааг мэдээд орон дээр хэвтүүлээд цусыг нь тогтоох гэж нэг хэсэг үзсэн. Тэгээд эмийн сан орж шарх боох лент мэт зүйл авчирч боох гээд ноцолдож байхад 103 ирсэн. Тэгээд эмнэлэг явсан. ...” /2хх 32/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9108 дугаартай шинжээчийн “...Н.Агийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний дунд хэсгийн гогцоо, чацархайн хэрчигдэлт, тасрал, ходоодны ар хана, нойр булчирхайн толгой, хэвлийн хөндийн ар хана, нарийн гэдэсний уг хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /хэвлийн хөндий дэх 2000.0 мл цус, цусан бүлэн/, /2021 оны 9 дүгээр сарын 22-ны мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 114/,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай шинжээчийн “...Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх, зүүн гарын ядам, чигчий хурууны шарх, зүүн гарын долоовор хуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирчээ. ...Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь дээрх хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж, үжлээр хүндэрч нас баржээ. ...” /1хх 126/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 801 дугаартай шинжээчийн “...Х.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Э нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Х.Э нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Х.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Э хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн тус тус дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 35-44/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 45-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 54-58/, өвчний түүх /1хх 136-161/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Х.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун Алтан-Өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Н.Атэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Э “...Миний санамсар болгоомжгүй үйлдлээс энэ золгүй явдал хоромхон зуур болж өнгөрсөн. ... Миний аав болох Хишигноров мэдүүлэг өгөхгүй гэх үед нь тулгаж гэрчийн мэдүүлэг авсанд гомдолтой байна. ... зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялыг багасгаж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, ... Х.Эын төрсөн эцэг Х.Хт гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгуулаагүй мэдүүлэг авч, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ... зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын талаар бүрэн дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, уг ажиллагааны хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоосон, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэл тогтоох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргүүдийн шинжийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг зүйлчилдэг.

Гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд хүний амь нас хохирсноор хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог бол, заримдаа гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хэсэг хугацааны дараа амь нас хохирсон байдлыг амь хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, учирсан гэмтэл нь амь насанд хэрхэн нөлөөлсөн, эмнэлгийн тусламж үйлчилгээ амь хохирогчийн амьдрах хугацааг уртасгасан нөхцөл байдалд дүгнэлт өгснөөр хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэх тохиолдол байдаг.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийн  нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд, Х.Эын амь хохирогч Н.Аг хутгаар хэвлийн тус газар нь хутгалснаас учирсан хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж, үжлээр хүндэрч нас барсан байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Гэрч Х.Хоос мэдүүлэг авахдаа, түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлажээ.

Иймд давж заалдах гомдолд заасан “...Х.Хоос тулгаж мэдүүлэг авсан, түүнд гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгуулаагүй мэдүүлэг авч, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн” гэсэн үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.Эын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, улмаар тогтоогдсон хэмжээний хүрээнд гэм бурууг хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зохицуулалтад нийцжээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин Х.Эын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, хувийн байдал зэргийг дүгнэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд шийтгэх тогтоолд хорих ялын дэглэм сольсон өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулгатай гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Эд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШТ/1466 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР