Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 19

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай                   

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд баг, ... тоотод /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн ... тоотод түр/ оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ..., З овгийн Б А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Н сумын Е б С-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А /цахимаар/, хариуцагч Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Наранбулаг сумын Е б С-д Түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна.

Ажил олгогчийн хууль бус шийдвэрээс болж ажил, хөдөлмөр эрхлэхгүй, цалин орлогогүй болсон бөгөөд амьдрахын эрхээр эцэг, эх, дүү нараа бараадан Улаанбаатар хотод ирсэн. Намайг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан талаар хичээлийн эрхлэгч болон даргын туслах, нарийн бичгээс удаа дараа асуухад би мэдэхгүй, тушаал гараагүй гэж хэлдэг байсан. Миний бие 2019 оны 2 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн тул Улаанбаатар хотоос Увс аймаг явах боломжгүйн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй болно. Тус хэрэгт хариуцагч нь тайлбар гаргахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч намайг ажилд эргүүлэн томилсон гэдэг боловч гаргасан тушаалаа танилцуулахгүй, ажил олгогчийн зүгээс ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангахгүй, ажилтан миний эрх ашгийг хохироосоор өдийг хүрсэн.

Иймд ажлаас халсан хууль бус шийдвэр гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 315 хоногт ногдох цалин 8.937.458 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилийн амралтын мөнгөний дутуу болох 820.000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн амралтын мөнгө болох 2.000.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал болох 354.150 х 5 улирал = 1.770.750 төгрөг, нийт 13.528.208 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас Улаангомд очиж шүүхэд өргөдөл гаргах болон өмгөөлөгчтэй уулзах, шүүхэд тайлбар гаргах зэрэг ажлаар Наранбулаг сумаас Улаангом сум хооронд явсан замын зардал болох 300.000 төгрөг /өөрөө нэг талдаа 10.000 төгрөг, хүү нэг талдаа 5.000 төгрөг, нийт ойролцоогоор 10 удаа явж ирсэн зардал болох 20x15.000 төгрөг/, Шүүх хурлыг өвчтэй шалтгаанаар хариуцагч Ж.П олон удаа хойшлуулсан болохоор айлд хүүхдээ дагуулаад удаан байж болохгүй байсан учир буудалд хүүтэйгээ хамт байсан арав гаруй хоногийн төлбөр болох 300.000 төгрөг, ажилгүй болсны улмаас даралт ихсэж, бие өвдөж эхэлсэн тул аав ээжийгээ бараадаад Улаанбатар хот уруу явсан. Түүний зардал болох 105.000 төгрөг, суманд ажилгүй болоод мөн бие өвдсөн тул Улаанбаатар хотруу гэр орноо нүүлгэсэн тээврийн зардал болох 300.000 төгрөг, давж заалдах шүүх хуралд орохдоо өмгөөлөгч Н.Дамдинсүрэнд өмгөөллийн хөлс болох 300.000 төгрөг, Улаанбаатар хотод хуулийн зөвлөгөө хоёр удаа авсны хөлс болох 577.000 төгрөг, нийт 1.882.000 төгрөгийн хохирлыг шаардаж байна. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин 13.528.208 төгрөг, хохирол 1.882.000 төгрөг, бүгд 15.410.208 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н сумын Е б-ын с-ийн захирал Ж.П анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрч, Басандай овогтой Алтанзулыг ажилд нь эгүүлэн тогтоох тухай тушаал гаргаж, Б.А багшид ажилдаа орохыг мэдэгдэх гэж удаа дараа утас руу нь залгасан боловч утсаа авахгүй болохоор нь өөрийн эзэмшлийн 96484030 дугаарын утаснаас “Сайн байна уу багш аа, сайхан намаржиж байна уу? Та ирж ажилдаа ороорой” гэсэн зурвасыг илгээсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.А зурвас хүлээж авсан боловч хариу илгээгээгүй, утсаар яриагүй, ажилдаа орохоор орон нутагтаа ирээгүй. Түүнээс хойш ажилдаа ирж ороорой гэж удаа дараа ярьсан боловч ирээгүй. Мөн ажилд томилсон тушаалыг шуудангаар явуулсан боловч хүлээж авахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8.937.458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.742.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Е б Сд даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8,937,458 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Б.Аптанзулд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Б.А-ыг ажилд томилсон тушаал гарсан гэдгийг удаа дараа түүний эзэмшлийн 88405008 дугаар луу мессеж бичиж, утсаар ярьж мэдэгдэж байсан. Миний бичсэн мессежийг хүлээн авсан, уншсан, охин Номундарь хэлсэн гэдгээ шүүх хурлын хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгч Б.А тайлбарлаж байсан нь шүүх хурлын тэмдэглэл дээр тэмдэглэгдсэн байгаа. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “би мэдээгүй” гэж илт худал хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр магадлалыг биелүүлж, намайг ажилд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан гэх боловч энэ талаар надад танилцуулаагүй, мэдэгдээгүй.

Захирал Ж.П нь ажилд эгүүлэн томилсон гэх тушаалаа хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй байж, намайг шүүхэд хандсан хойно тушаал гарчихсан байсан гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ажилд томилсон байсан бол шүүхэд хандахад тушаалаа өгч болох байсан.

Гэтэл өгөхгүй байсаар шүүх хурлын өмнө өгсөн нь хэрэгт авагдсан тушаалыг нөхөж гаргасан болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөдөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үүрэгтэй байхад ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Нөгөө талаар хариуцагч нь ажилд эгүүлэн томилсон тушаалаа албан ёсоор мэдэгдээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.  

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Е б С-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 13.528.208 төгрөг болон хохирол 1.882.000 төгрөг, нийт 15.410.208 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-ыг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд  эгүүлэн тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Б.А-ыг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дээрхи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон атал хариуцагч биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ” гэж заасан нь ажил олгогчид үүрэг болгосон, нөгөө талаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэж байх шинжийг агуулсан зохицуулалт болно.

 Хариуцагч шүүхэд “шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Аыг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан, тушаал гаргасан талаараа удаа дараа түүний эзэмшлийн 88405008 дугаар луу мессэж бичиж, утсаар ярьж мэдэгдэж байсан” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчид ажилд эгүүлэн томилсон тушаал танилцуулсан, гардуулсан, хүргүүлсэн гэх хангалттай баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх   нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд нэхэмжлэгч Б.А нь ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан бүх хугацаандаа урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 6 дугаар 25-ны өдөр хүртэлхи хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 8.937.458 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж,  харин нэхэмжлэлийн зарим шаардлага болох 2017-2018 оны хичээлийн жилийн амралтын мөнгөний дутуу болох 820.000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн амралтын мөнгө болох 2.000.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 1.770.750 төгрөг, бусад зардал буюу шүүхэд гомдол шийдвэрлүүлэх явцад гарсан зардалд 1.882.000 төгрөг тус тус гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаа нотолсон баримт, сэлтийг шүүхэд гаргаж нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох  үүрэгтэй талаар танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан хариуцагч Ж.Пын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157.949 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.П-ын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ж.П-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.949 /нэг зуун тавин долоон мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг төрийн сангийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                        ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН