Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 398

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Б-н А-н нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: х Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

    2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 13.528.208 төгрөг болон хохирол 1.882.000 төгрөг, нийт 15.410.208 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А /цахимаар/, хариуцагч х Ерөнхий боловсролын сургуулийн захирал П, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие х Ерөнхий боловсролын сургуульд Түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн хуулийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. Ажил олгогчийн хууль бус шийдвэрээс болж ажил, хөдөлмөр эрхлэхгүй, цалин орлогогүй болсон бөгөөд амьдрахын эрхээр эцэг, эх, дүү нараа бараадан Улаанбаатар хотод ирсэн. Ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан талаар хичээлийн эрхлэгч болон даргын туслах, нарийн бичгээс удаа дараа асуухад би мэдэхгүй, гараагүй гэж хэлдэг байсан. Миний бие 2019 оны 2 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн тул Улаанбаатар хотоос Увс аймаг явах боломжгүйн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй болно. Тус хэрэгт хариуцагч нь тайлбар гаргахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч намайг ажилд эргүүлэн томилсон гэдэг боловч гаргасан тушаалаа танилцуулахгүй, ажил олгогчийн зүгээс ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангахгүй, ажилтан миний эрх ашгийг хохироосоор өдийг хүрсэн. Иймд ажлаас халсан хууль бус шийдвэр гарсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 315 хоногт ногдох цалин 8.937.458 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилийн амралтын мөнгөний дутуу болох 820.000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн амралтын мөнгө болох 2.000.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал болох 354.150 х 5 улирал = 1.770.750 төгрөг, нийт 13.528.208 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас Улаангом хот орж шүүхэд өргөдөл гаргах болон өмгөөлөгчтэй уулзах, шүүхэд тайлбар гаргах зэрэг ажлаар х сумаас Улаангом хот явсан замын зардал болох 300.000 төгрөг /өөрөө нэг талдаа 10.000 төгрөг, хүү нэг талдаа 5.000 төгрөг нийт ойролцоогоор 10 удаа явж ирсэн зардал болох 20x15.000 төгрөг/, Шүүх хурлыг өвчтэй шалтгаанаар хариуцагч П олон удаа хойшлуулсан болохоор айлд хүүхдээ дагуулаад удаан байж болохгүй байсан учир буудалд хүүтэйгээ хамт байсан арав гаруй хоногийн төлбөр болох 300.000 төгрөг, ажилгүй болсоны улмаас даралт ихсэж бие өвдөж эхэлсэн тул аав ээжийгээ бараадаад Улаанбатар хотруу явсан. Түүний зардал болох 105.000 төгрөг, суманд ажилгүй болоод мөн бие өвдсөн тул Улаанбаатар хотруу гэр оронгоо нүүлгэсэн тээврийн зардал болох 300.000 төгрөг, давж заалдах шүүх хуралд орохдоо өмгөөлөгч Н.Дамдинсүрэнгийн өмгөөллийн хөлс болох 300.000 төгрөг, Улаанбаатар хотод хуулийн зөвлөгөө хоёр удаа авсаны хөлс болох 577.000 төгрөг, нийт 1.882.000 төгрөгийн хохирлыг шаардаж байна. Дээрхийг нэгтгээд ажилгүй байсан хугацааны цалин 13.528.208 төгрөг, хохирол 1.882.000 төгрөг бүгд 15.410.208 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Намайг ажилд томилсон гэ байгаа боловч би өнөөдрийг хүртэл ажилд томилсон тушаалыг хүлээж аваагүй байгаа болно...” гэжээ.

     Хариуцагч х Ерөнхий боловсролын сургуулийн захирал П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрч Б овогтой А-г ажилд нь эгүүлэн тогтоох тухай тушаал гаргаж А багшид ажилдаа орохыг мэдэгдэх гэж удаа дараа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь өөрийн эзэмшилийн х дугаарын утаснаас “Сайн байна уу багш аа, сайхан намаржиж байна уу? Та ирж ажилдаа ороорой” гэсэн зурвасыг илгээсэн. Гэтэл нэхэмжлэгч А зурвас хүлээж авсан боловч хариу илгээгээгүй, утсаар яриагүй, ажилдаа орохоор орон нутагтаа ирээгүй. Түүнээс хойш ажилдаа ирж ороорой гэж удаа дараа ярьсан боловч ирээгүй. Мөн ажилд томилсон тушаалыг шуудангаар явуулсан боловч хүлээж авахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч А нь хариуцагч х Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 13.528.208 төгрөг болон хохирол 1.882.000 төгрөг, нийт 15.410.208 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 546 тоот шийдвэрээр нэхэмжлэгч А-г х Ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоожээ.

    Нэхэмжлэгч А нь ажилдаа эргэж ороогүй байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн тогтоосон хэмээн х Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 тоот тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч, энэхүү тушаалыг нэхэмжлэгч А гардаж авсан эсэх нь нотлогдохгүй байна.

     Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн CD бичлэг нь хэзээ хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, мөн CD-д бичигдсэн ярианы тэмдэглэл, х Ахлах сургууль Тогтоол тушаал захирамжийн бүртгэл /хуулбар дарсан/, бараа материал хүлээн авалтын баримт-2, мессежний зураг, А-ын амьдарч байсан гэх байшингийн зураг зэрэг баримтууд нь нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.

    Нэхэмжлэгч А-ын нийгмийн даатгалын дэвтрээс харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2018 оны 1 дүгээр сард 650.383 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 600.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 579.668 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 610.017 төгрөг байна.

   Ингээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 8.937.458 төгрөгийг хариуцагч х Ерөнхий боловсролын сургуульд гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, мөн нэхэмжлэгч А нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч А-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х Ерөнхий боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэлээ.

     Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.742.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд:  

- 2017-2018 онын хичээлийн жилийн амралтын мөнгөний дутуу болох 820.000 төгрөг гаргуулахыг хүссэн ба нийт хэдэн хоногийн амралт дутуу болох нь тодорхойгүй,

- 2018-2019 оны хичээлийн жилийн амралтын мөнгө болох 2.000.000 төгрөг ба нэхэмжлэгч А нь нийт хэдэн хоног амардаг болох амралтын мөнгийг яаж тооцоолсон нь тодорхойгүй,

- Үр дүнгийн урамшуулал 1.770.750 төгрөг /354.150х5 улирал нийт 1.770.750 төгрөг/ хэмээн нэхэмжлэгч өөрөө тооцоолсон ба энэхүү урамшууллыг олгох эсэх, хэдэн хувиар олгох нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд үр дүнгийн урамшуулал 1.770.750 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж олгох боломжгүй,  

      Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцохоор Улаангомд ирэх, буцах, Улаанбаатар хот руу гэрээ нүүлгэсэн зардал, өмгөөлөгчийн хөлс, Улаанбаатар хотод 2 удаа хуулийн зөвлөгөө авсан зардал нийт 1.882.000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй, мөн хуулийн зөвлөгөө авах энэхүү эрхээ хэрэгжүүлсэн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж тус тус үзлээ. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 8.937.458 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 157.949 төгрөгийг хариуцагч х Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгч А-д олгох нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч х Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8.937.458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.742.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч А-ын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 157.949 төгрөгийг хариуцагч х Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР