Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/MA2017/0537

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр             Дугаар 221/МА2017/0537          Улаанбаатар хот

 

“Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, Б.Энхтөгс нарыг оролцуулан хийж, “Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Хавчуугийн” алтны шороон ордны 91 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-000150 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах” “Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: ““Бага таян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 419 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргалаа. Үүнд: Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Багатаян” XXK нь тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайн давхцалтай хэсэг дээр нөхөн төлбөр авах хүсэлтээ 0 төгрөг гэж байхаар тооцуулж гаргасныг хариуцагч захиргааны байгууллага нөхөн олговор олгосонтой адилтган үзэж маргаан бүхий талбайн давхцалтай хэсгийг цуцалж шийдвэрлэснээр нэхэмжлэгч холбогдох хууль, тогтоол, журмын хүрээнд буцаан олгохыг шаардах эрхгүй байна" гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой огт маргаагүй бөгөөд шүүхээс нөхөн олговор 0 байсан гэх, хариуцагч захиргааны байгууллага нөхөн олговор олгосонтой адилтган үзсэн гэх илэрхий үндэслэлгүй дүгнэлтүүд хийжээ. Өөрөөр хэлбэл талуудын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн байна. Хариуцагчийн хариу тайлбарт “Засгийн газрын 2015.07.07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбилцлыг шинэчлэн тогтоосноос өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна” гэжээ. Харин цуцлагдсан талбайг буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй, Засгийн газрын 289-р тогтоолоор буцааж олго гэж шийдээгүй учраас буцаан олгох боломжгүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг Анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхээр байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан. Дээрхээс дүгнэхэд Анхан шатны шүүх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг хэрэглэхгүйгээр өөрөөр хэлбэл нэгэнт тус хуульд заасан хориглосон хилийн заагт давхацсан талбайгаа цуцлуулсан аж ахуйн нэгжийг хуулийг хэрэгжүүлснээр буруутган дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Багатаян” XXK нь цуцлагдсан 62,46 га хэсэгчилсэн талбайн эзэмшигч биш байна...,Харин маргаан бүхий талбайд хууль журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч компани оролцох эрх нээлттэй байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Нэхэмжлэгч компани нь тухайн талбайг одоо эзэмшиж байгаа гэж огт маргаагүй, эзэмшиж байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргахгүй билээ. Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан. Гэтэл шүүхээс тухайн газарт сонгон шалгаруулалтаар, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар тухайн талбайг олгох асуудлыг зохицуулдаг хуулийн заалтыг хэрэглэсэн байна. Улсын дээд шүүхийн 2017 оны 03-р сарын 27-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Анхан шатны шүүхийг маргааны баримтаас хальж, Ашигт малтмалын тухай хуулиар шинээр талбай эзэмшихтэй холбоотой хуулийн зохицуулалт хэрэглэсэн нь буруу гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон, Засгийн газрын тогтоол хүчингүй болж, хийлийн заагийн солбицолд өөрчлөлт орсныг үндэслэн өмнө эзэмшиж байсан талбайдаа үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь цуцлагдсан талбайг буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй, Засгийн газрын 289-р тогтоолоор буцааж олго гэж шийдээгүй учраас буцаан олгох боломжгүй гэж тайлбарладаг. Хариуцагчийн хариу тайлбарт “Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна гэж маргаснаас бус Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шинээр талбай авахаар нэхэмжлэл гаргаагүй. Харин Ашигт малтмалын газар болон кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д "Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах" гэж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх" гэж, 11.1.19-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан байдаг. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.1-д “Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан бол чөлөөлнө” гэж заасан ба 13.5-д “нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмшиж давуу эрх эдэлнэ” гэж заасан бөгөөд хуулиар захиргааны байгууллагуудад дээрхи эрхүүд олгогдсон байна. Нэгэнт Засгийн газрын тогтоолын дагуу чөлөөлөгдсөн талбайг өмнө эзэмшиж байсан “Бага Таян” XXK буцаан авах хүсэлтэй байхад Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс буцаан олгох эрх зүйн зохицуулалт байхгүй гэж маргасан учраас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус компанийн тусгай ашиглалтыг тусгай зөвшөөрлийн талбайг хуучин хэмжээнд нь нэмэгдүүлж тухайн зөвшөөрөл бүхий талбайн нөөцийг бүрэн ашиглах боломжоор хангах хууль эрх зүйн бүрэн боломжтой юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу энгийн хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Харин тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор энгийн хамгаалалтын бүсэд байх талбайг өмнө үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжид нөхөн сэргээлт хийх замаар ашиглуулах тухай зохицуулсан билээ. Дээрхи маргааныг шийдвэрлэх хуулийн гол зохицуулалтын талаар шүүхээс дүгнэлт хийлгүйгээр, Улсын дээд шүүхийн тогтоолоор дүгнэгдсэн асуудлыг эсрэгээр  буруу хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн нь Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Дээрхээс дүгнэхэд Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0419 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “... “Багатаян” ХХК тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайн давхцалтай хэсэг дээр нөхөн төлбөр авах хүсэлтээ “0”-(тэг) төгрөг байхаар тооцуулж гаргасныг хариуцагч захиргааны байгууллага нөхөн олговор олгосонтой адилтган үзэж маргаан бүхий талбайн давхцалтай хэсгийн зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснээр нэхэмжлэгч холбогдох хууль, тогтоол, журмын хүрээнд тухайн талбайг буцаан олгохыг шаардах эрхгүй этгээд ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

“Багатаян” ХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “Монгол Чехсловак металл” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хавчуугийн гол нэртэй 91 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-000150 дугаар тусгай зөвшөөрлийг “Монгол Чех металл” ХХК-иас шилжүүлэн авчээ.

Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны  өдрийн 6-2228 тоот албан бичиг[1]-ээс үзвэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгч “Багатаян” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 91 гектар талбайгаас 62.46 гектар талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхацсан гэх үндэслэлээр багасгаж, өөрчлөлт оруулсан, энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгч “Багатаян” ХХК-д мэдэгдсэн байна.

Харин Улсын Их Хурлаас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж, усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар тэмдэгжүүлэн, Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэх агуулгаас үзвэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан буюу Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргана гэж зохицуулжээ.

Ийнхүү гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт тус тус хүчингүй болсноор “Багатаян” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-000150 тоот тусгай зөвшөөрлийн тус тогтоолуудаар тогтоосон хилийн заагт хамрагдаж өмнө нь хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдсэн хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжоор нэхэмжлэгчийг хангаж, тусгай зөвшөөрлийн координатад зохих өөрчлөлт хийх эрх хэмжээ хариуцагчид олгогдсон байна.  

Нэхэмжлэгч “Багатаян” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05/15 дугаар албан бичиг[2]-ээр “... өмнө явуулж байсан олборлолтын үйл ажиллагаагаа сэргээж холбогдох хууль, журам, зааврын дагуу гэрээ байгуулан явуулах хүсэлтээ байна ...” гэсэн хүсэлт өргөдлөөр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Ашигт малтмалын газарт хандсан байна. 

Гэтэл, хариуцагч нь “... Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна ... Одоо ямар ч давхцалгүй тус талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтын талбай болно ...” гэж тайлбарлан нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Засгийн газрын тогтоолын биелэлтийг зохион байгуулах үүргийн хүрээнд Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан талбайгаас ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт ороогүй үлдсэн “Багатаян” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан талбайг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хуучин хэмжээнд нь нэмэгдүүлж тухайн зөвшөөрөл бүхий талбайн нөөцийг бүрэн ашиглах боломжоор хангах хууль эрх зүйн бүрэн боломжтой...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж тус тус заасны дагуу тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээд үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй байх тул энэ тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбицолд хамаарахгүй хэсгийг нэхэмжлэгч үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй байна.

Иймд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “Багатаян" ХХК-ийн МV-000150 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газраас эргийн онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан бүсэд хамаарахгүй тохиолдолд буцаан олгох шийдвэр гаргах бүрэн боломжтой, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Багатаян” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Багатаян” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-000150 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                             

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР                            

               ШҮҮГЧ                                                        Ц.САЙХАНТУЯА

    ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ