Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

Г.Э, Э.Б, А.З, С.Т нарт

холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, Г.Өлзий-Орших, Ю.Батболд, Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 976 дугаар магадлалтай, Г.Э, Э.Б, А.З, С.Т нарт холбогдох 1709025870433 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Т овогт А-ийн З,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Э,

3. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Э-ын Б,

4. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт С-ын Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Э, Э.Б, А.З, С.Т нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жил хорих ял шийтгэж, торгох ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн шүүгдэгч тус бүрийн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт яллагдагчаар татаж мэдүүлэг авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад уг тогтоолд өөрчлөлт оруулж бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт сэжиглэн яллагдагчаар татсан атлаа мэдүүлэг аваагүйгээс болж, шүүгдэгч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцэлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасан. Хуульд заасны дагуу прокурор 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж яллагдагч нарт прокурорын тогтоолыг тайлбарлан өгч, танилцуулж яллагдагч Э.Б, Г.Э, А.З, С.Т нар нь өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн хамт гарын үсгээ зурж танилцсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхийг танилцуулахад яллагдагч Э.Б, Г.Э, А.З, С.Т нар нь сонсгосон ялтай холбогдуулан мэдүүлэг өгөх талаар асуухад “мэдүүлэг өгөхгүй” гэж өөрсдөө бичиж энэ талаараа баталгаажуулан тогтоол тус бүрт гарын үсгээ зурсан нь хэрэгт авагдсан болно.

Өөрөөр хэлбэл хуульд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгахаар зааснаас тогтоолтой холбогдуулан мэдүүлэг авах талаар хуульд заагаагүй, мөн тогтоолыг прокурор танилцуулж, эрхийн тайлбарлаж өгсөн. Дээрх ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Б, Г.Э, А.З, С.Т нарт хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээ хийгдсэн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү оролцсон нь прокурорын ял өөрчилсөн тогтоол танилцуулсан байдал, тогтоолтой танилцан мэдүүлэг өгөхгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт яллах дүгнэлтийг хавсралтын хамт эх хувиар нь гардуулж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай мэдэгдэж, яллагдагч нар болон өмгөөлөгч нь прокурорын үйлдсэн “Яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл”-д гарын үсгээ зурж яллах дүгнэлт, хавсралтыг хүлээн авсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх арга хэмжээг шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр хуульчилсан, шинээр сонсгосон зүйлчлэлтэй холбогдуулан яллагдагч нар болон өмгөөлөгчийн зүгээс хүсэлт байхгүй гэсэн тул өмгөөлөгч Э.Хэрлэнхүүг байлцуулан яллах дүгнэлт гардан авсан. Тухайн үед өмгөөлөгч Э.Хэрлэнхүү нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг яллагдагч нарт танилцуулж байхад ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Э.Хэрлэнхүү хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллагаанд оролцсон, мөн анхан шатны шүүхээс яллагдагч, өмгөөлөгч нарын гомдлоор 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хурлаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдсан. Мөн гэм буруу ял шийтгэл оногдуулах анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, Г.Өлзий-Орших нар нь оролцсон тул мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцох, эрх ашгаа хамгаалуулах зэрэг эрхүүдийг давхар хөндсөн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байсан. Хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан нь нэг биш удаа болсон явдал. Шүүгдэгч нар нь нэмж өөрчлөлт оруулсан зүйл ангийг ойлгох эрх зүйн мэдлэггүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. А.З- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас 7 сартай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнийг өмгөөлөгчөөр хангах эрхийг зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөлөгчөөр хангах эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших хэлсэн саналдаа “А.З, Э.Б, С.Т нарт ял нэмж сонсгох, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцоогүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч заавал өмгөөлөгч авах”-аар хуульчилсан бөгөөд хэрэв өмгөөлөгч сонгоогүй бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулахаар заасан. Г.Э нь өмгөөлөгч авсан, бусад шүүгдэгч нар нь өмгөөлөгчгүй явсаар байгаад маргааш шүүх хуралтай гэхэд намайг өмгөөлөгчөөр авсан. Өмгөөлөгчгүйгээр ял нэмж сонсгосон байна. Энэ байдлыг ойлгохгүй явсаар байгаад ийм байдалд орсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Ю.Батболд хэлсэн саналдаа “Өмгөөлөгчтэй байцаалт авч байгаагүй, хэргийн оролцогч нар өмгөөлөгчийг өөрсдөө сонгох эрхтэй байдаг. С.Т-ын хувьд энэ эрхээр хангагдаагүй бөгөөд эрх зүйн байдал дордож байгааг огт мэдээгүй. Өсвөр насны хүүхдүүд анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл 2 дахь хэсэгт зааснаар торгууль аваад салах юм байна гэсэн ойлголттой байсан. Байцаагч нь хүртэл тийм ойлголт төрүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмж яллагдагчаар татахад эрх зүйн байдал нь дордож байгааг ойлгоогүй. Уг хэрэг дээр С.Т нь 5 сараас эхлээд хоригдож байна.  С.Т бусадтай бүлэглэж зодоон хийгээгүй, өөрөө бааранд зодолдож байсан хүмүүсийг салгах гэж байгаад гэмтэл авсан байхад яллагдагчаар татаад байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иймд шүүгдэгч С.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч нарын эрхтэй холбоотой асуудлыг хуульчилсан. Тухайлбал 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа яллагдагч нарт нэмж ямар ял сонсгож байгаагаа мэдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах тухайгаа танилцуулж гарын үсэг зуруулсан. Тогтоол дээр нэмж тэмдэглэгдсэн зүйлд яллагдагч нар байцаалт өгөхгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд яллагдагч нарын эрхийн талаар дурдсан. Үүнд: яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх нь байцаах үүрэгтэй гэсэн хуульд заагаагүй нөхцөл байдлыг гаргаж ирсэн. Яагаад гэхээр яллагдагчийг байцаах эрхтэй нь огт хамаагүй. Яллагдагч нар нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа  мэдэн гарын үсэг зурсан. Иймд магадлалыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.Э, Э.Б, А.З, С.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Э, Э.Б, А.З, С.Т нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.О, Б.Б, Б.М нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж, улмаар яллагдагчаар байцаан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Харин прокурор 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дээрх яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэмж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол үйлдэж уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулахыг мөрдөгчид даалгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулахдаа баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлэх талаар  заасан тул яллагдагчаар татах тогтоол эсхүл түүнд өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагч нарт танилцуулах ажиллагааг мөн тэмдэглэлээр баталгаажуулж хэрэгт хавсаргах ёстой.

Танилцуулах ажиллагаа нь нэмж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буй эсэхийг болон энэ ялтай холбоотойгоор яллагдагчийн эдлэх хуулиар олгогдсон эрхүүдийг, тухайлбал ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг эрхийг тайлбарлан өгөхөөс бүрдэх бөгөөд тэмдэглэлээр бэхжүүлэгдэн хэрэгт авагдах учиртай. Нэмж сонсгосон ялыг хангалттай нотлогдсон гэж үзэж буй бол нотлох ажиллагаа явуулах зорилгоор яллагдагчийг байцаах шаардлагагүй боловч уг ялтай холбоотой эдлэх яллагдагчийн процессын эрхүүдийг хязгаарлах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

Прокурорын “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолыг мөрдөгч танилцуулахдаа тэмдэглэл үйлдэхгүйгээр уг тогтоолын доод буланд “мэдүүлэг өгөхгүй” гэж яллагдагч нараар бичүүлсэн явдал нь яллагдагч нарт эрхийг нь тайлбарласан, эдлүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл нотолгоо биш болно. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 976 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН