Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч О.Мгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ШШГГ холбогдох,

“Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гоёотын 08-01 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүү, Д.Жамсран, нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Хас банк” ХХК-тай 1460001763 дугаартай зээлийн гэрээ байгуулж 340 000 долларыг 365 хоногт 12 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Тус зээлийн гэрээний баталгаа болгож улсын бүртгэлийн Г-1112000149 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сум Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барьцаалуулсан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс “Хас банк” нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “Зэст хангай” ХХК, О.М, Л.Ганчимэг нараас 763 651 243 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, харьяаллын дагуу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.

Өмнөговь аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Тус компани нь Шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу барьцаа хөрөнгө буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн. Уг хөрөнгө үнэлгээний тайланг надад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар мэдэгдсэн.

Үйлчилгээний зориулалттай тус барилгыг миний бие 2011 оноос эхлэн найман жилийн турш өөрийн бүхий л хөрөнгө, хүч чадал, сэтгэл зүрхээ шингээн барьж босгосон. Тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 2 800 000 000 төгрөг хүрнэ гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас миний хөрөнгийг 957 540 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхдээ Итгэлт эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг тус байгууллага нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу 20 хоногийн дараа шуудангаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн илт хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн шүүхэд хандсан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зах зээлийн үнийг тогтооно гэсэн боловч орлого олж байгаа байдлаас нь ач холбогдол өгсөн.

Тухайн орон нутагт тийм үйлчилгээний объект м.кв-ийг нь 1 500 000 төгрөг орчмоор зарагдана гэж байхад 1,264,000 төгрөгөөр үнэлсэн. Үйлчилгээний зориулалттай биш орон сууцны зориулалттай объекттой харьцуулж үнэлгээг гаргасан.

Манай үйлчилгээний төвийн 1 мкв-ыг 724,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээний тайлан дээр зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор үнэлсэн гэж бичсэн боловч хөрөнгийн үнэлгээний тайлан дээр орлогын хандлагаар үнэлгээг хийсэн байна. Худалдан борлуулах болон маргаан шийдвэрлэхэд хамгийн гол арга нь зах зээлийн аргаар үнэлгээг хийх тухайн үеийн зах зээлийн ханшаар огт үнэлгээ хийгдээгүй.  

Өмнөх үнэлгээнээсээ буураад 957,000,000 төгрөг болсон байгаа учраас өртгөөсөө хямд үнээр өөрийнхөө объектыг зарах боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүү, Д.Жамсран, Б.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “Зэст хангай” ХХК, О.М, Л.Ганчимэг нарын зээлийн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарт төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар шүүхийн шийдвэр биелүүлэхийг утсаар болон биечлэн уулзах болгондоо мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Л.Ганчимэг, Л.Сундуйдэмчиг нарын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд О.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд ямар ч хамааралгүй этгээд юм.

Төлбөр төлөгч О.М нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж тогтоосон хаягтаа оршин суудаггүй, төлбөрийг төлөхгүй байгаа зэрэг үйлдэл, үйл ажиллагааг одоог хүртэл явуулсаар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эзэмшигч нарт шуудангаар мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн байгааг анхаарч үзнэ үү. О.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Үнэлгээ тогтоох ажиллагаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын ажиллагааны нэг хэсэг. Тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдүүдээс үнийн саналыг гаргуулж авсан. Мөн нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д үнийн саналыг танилцуулаад заавал шинжээч томилохгүйгээр үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоож болно гээд хуульд заасан байгаа учраас заавал шинжээч томилохгүйгээр урьд нь тохиролцуулах ажиллагааг явуулдаг. Энэ зарчмаар бүх ажиллагаа явагдсан боловч талууд харилцан тохиролцоогүй учраас үнэлүүлсэн байгаа. Эд хөрөнгөд “Итгэлт эстимэйт” компани үнэлгээ хийсэн. Энэ компани нь манай байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй. Үнэлгээ тогтоох эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд.

Үнэлгээ нь хуульд заасны дагуу, үнэлгээ хийлгэхэд хөндлөнгийн шинжээч буюу гуравдагч этгээдийг хуульд зааснаар томилогдож талуудаас ямар нэгэн байдлаар нөлөөлөл байхгүйгээр үнэлгээг тогтоож байгаа. Үнэлгээ тогтоох процесс нь журам, олон улсын стандарт байдаг. Энэ төлбөр гаргуулах ажиллагаа хууль журмын дагуу явуулж байна гэж үзэж байна.

Мөн үл хөдлөх хөрөнгө нь Ганчимэг болон Сундуйдэмчиг гэсэн өмчлөлийн гэрчилгээтэй байгаа. Тэгэхээр О.М нь үнэлгээн дээр гомдол санал гаргах, өөрийн өмч гэж дүгнэлт гаргах нь учир дутагдалтай байна гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрээр:

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.М Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 143/ШЗ2019/00669 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураасан. Улмаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Итгэлт Эстимэйт ХХК-г шинжээчээр томилсон.

Гэтэл тус компани нь хөрөнгө үнэлгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй эсэх нь мөн адил тодорхойгүй байна. Тиймээс уг компанийг шинжээчээр томилсон нь хууль бус юм.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж. Тэдгээрийн санал хүсэлтийг авч тэмдэглэл үйлдэх ёстой. Шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээний мэдэгдлийг үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох Л.Сундуйдэмчиг, Л.Ганчимэг нарт нь мэдэгдсэн.

Мөн тус байгууллага нь хөрөнгийн үнэлгээний тайланг барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчид 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хууль бусаар хязгаарлахыг оролдсон үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан хугацааны дотор буюу үнэлгээ, үнэлгээний тайланг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаандаа багтаж гомдлоо шүүхэд гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн О.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, шинжээчээр томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур  тогтоогдсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/022162 дугаартай захирамжаар “Зэст хангай” ХХК, О.М, Л.Ганчимэг нарын зээлийн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулж “Хас банк”-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, О.М нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцуулах шаардлагагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн агуулгаар маргажээ.

Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт шинжээч томилох тухай тогтоол, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Итгэлт Эстимэйт” ХХК-ий тайлан, уг тайланг төлбөр төлөгч “Зэст хангай” ХХК, Л.Ганчимэг, төлбөр авагч “Хас” банкинд мэдэгдсэн албан бичиг, уг мэдэгдлийг хүргүүлсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагдсанаас анхан шатны шүүх хуралдаанаар шинжээч томилох тухай тогтоол, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Итгэлт Эстимэйт” ХХК-ий тайланг шинжлэн судалсан байна. /хэргийн 79-83, 126 дугаар хуудас/

Зохигчдын  үндэслэл болгон мэтгэлцэж байгаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2016/022162 дүгээртэй захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, уг захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудас, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тухай тогтоол хэрэгт авагдаагүй тул төлбөр төлөгч нарын төлөх үүргийн хэмжээ, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэлд заасан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрт заасан хөрөнгийн нэр төрөлд, түүнийг битүүмжилсэн, барьцаалсан, хураасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх зэрэгт дүгнэлт хийх боломжгүй боловч энэ ажиллагааны талаар талуудаас тайлбар гаргаж маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч” гэж тодорхойлсон ба зохигчид О.Мг төлбөр төлөгч  биш гэх агуулгаар маргаагүй тул шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч гэж үзнэ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй гэж заасны дагуу О.М нь төлбөр төлөгч “Зэст хангай” ХХК, Л.Ганчимэг нартай адил эрхтэй байхад О.М үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул түүнээс үнийн санал авах, шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэгдэх шаардлагагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч О.М  нь үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн аваагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байхад энэ үйл баримтыг нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь  хэргийн бодит байдалтай  нийцээгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан “талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэх зохицуулалтын гомдол гаргах 7 хоногийг хуулийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн өдрөөс эхлэн тоолохоор байна. Шүүх О.М гомдол гаргах хугацааг хэзээнээс эхлэн ямар нотлох баримтыг үндэслэн тоолсон талаар дүгнээгүй атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх үүргээ шийдвэр гүйцэтгэгч эс үйлдэхүйгээр зөрчсөн нь нотлогдож байхад шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна гэж дүгнэв.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцох ажиллагаа хэрхэн явагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.6 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулж улмаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгчийн үнэлгээний талаар тохиролцоогүй хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэсний дагуу шинжээч томилж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно” гэж зааснаар шинжээч томилж, үнэлгээг тогтоосон гэж үзэх боломжгүй байна. 

Иймд хариуцагчийг үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлж нотлоогүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч Гантулга тайлан дээр гарын үсэг зурсан байна, комисс томилогдох ёстой гэж тайлбарлаж мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна./хэргийн 126 дугаар хуудас/

“Итгэлт Эстимэйт” ХХК-ний шинжээч гэх Гантулгыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно” гэж тус тус заасан эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээдийг шинжээчээр томилоогүй гэж үзэх тул шинжээчийн эрх зүйн байдлын талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлтэй.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай байсан ба үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх тухай шаардаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой, энэ нь диспозитив буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явагдах зарчимтай нийцнэ гэж үзэв.

Хариуцагч нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, тогтоосон үнэлгээг талуудад мэдэгдэх журам зөрчсөн байх тул шинжээчээр ажиллаж, үнэлгээ тогтоосон Итгэлт Эстимэйт” ХХК-ий үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Я.Батгэрэл нь О.М нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тасгийн дарга Х.Будхүү, 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Жамсран, 234 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэчимэг нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар томилжээ. /хэргийн 44 дүгээр хуудас/

Хэрэгт Х.Будхүү нь хариуцагч байгууллагыг албан тушаалын хувьд төлөөлөх эрхтэй болохыг нотлох баримт авагдаагүй байхад түүнээс ирүүлсэн “хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.Жамсранг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан” албан бичгийг үндэслэн Д.Жамсранг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримтыг шүүхэд үзүүлнэ”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан “Төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэсэн шаардлагатай нийцээгүй тул мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Д.Жамсрангийн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Иймд шүүхийг хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх боловч Д.Жамсран нь энэ талаар гомдол гаргаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүү нь хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд тухайн үед өөр албан тушаалд томилогдсон байсан тухай тайлбарласан тул энэ ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэл болохгүй гэж үзсэнг магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн.  /хэргийн 115 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж заасны дагуу  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2019/00280 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.М Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”  гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гоёот 8-1 тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                 Т.БЯМБАЖАВ