Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 280

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Б овогт О.М     

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Б.Э, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М миний бие 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Хас банк” ХХК-тай 1460001763 дугаартай зээлийн гэрээ байгуулж 340 000 долларыг 365 хоногт 12 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Тус зээлийн гэрээний баталгаа болгож улсын бүртгэлийн Г-1112000149 дугаарт бүртгэлтэй,         тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг барьцаалуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэж “Хас банк” нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “Зэст хангай” ХХК, О.М, Л.Г нараас 763 651 243 төгрөг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын дагуу        шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэргийг шилжүүлсэн. …… шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Тус компани нь Шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу барьцаа хөрөнгө буюу …….. аймгийн ………. сум …….. тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг нийт 957 540 000 төгрөгөөр үнэлсэн. бөгөөд уг хөрөнгө үнэлгээний тайланг надад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар мэдэгдсэн. Үйлчилгээний зориулалттай тус барилгыг О.М миний бие 2011 оноос эхлэн найман жилийн турш өөрийн бүхий л хөрөнгө, хүч чадал, сэтгэл зүрхээ шингээн барьж босгосон бөгөөд тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 2 800 000 000 төгрөг хүрнэ гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас миний хөрөнгийг 957 540 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн               шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал Итгэлт эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ......... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг тус байгууллага нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу 20 хоногийн дараа шуудангаар мэдэгдсэн юм. Ийнхүү мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд О.М миний бие дээрх үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байх тул                  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн илт хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн шүүхэд хандсан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь ........ аймгийн ..........  сумын .........  тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хөрөнгийн үнэлгээг бидний санасанд хүртэл үнэлээгүй. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилгоор хийх ёстой байсан. Зах зээлийнхээ аргыг хэрэглээгүй. Зах зээлийн үнийг тогтооно гэсэн боловч орлого олж байгаа байдлаас нь ач холбогдол өгсөн. Тухайн орон нутагт тийм үйлчилгээний объект м.кв-ийг нь 1 500 000 төгрөг орчмоор зарагдана гэж байхад 1 264 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үүнийг нэг талыг хэт барьсан гэж үзэж байна. Үнэлгээний явц дээр тухайн орон нутагт байрлаж байгаа хүн амьдрах объекттой жишиж үнэлгээг нь гаргасан. Үйлчилгээний зориулалттай биш орон сууцны зориулалттай объекттой харьцуулж үнэлгээг гаргасан байсан. ............. аймгийн               сумын .................... хотхонд л гэхэд 64 м.кв 2 өрөө байрыг 1 мкв-ыг 1 400 000 төгрөгөөр зарна гэсэн зар байсан. Тэгэхэд манай үйлчилгээний төвийн 1 мкв-ыг 724 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээний тайлан дээр зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор үнэлсэн гэж бичсэн боловч хөрөнгийн үнэлгээний тайлан дээр орлогын хандлагаар үнэлгээг хийсэн байна. Зах зээлийн аргаар үнэлгээ хийгдээгүй. Худалдан борлуулах болон маргаан шийдвэрлэхэд хамгийн гол арга нь зах зээлийн аргаар үнэлгээг хийх тухайн үеийн зах зээлийн ханшаар огт үнэлгээ хийгдээгүй. Үнэлгээний тайлан дээр ганцхан Гантулга гэж хүний гарын үсэг байдаг. Хуульд зааснаар хувь хүн бол ганц хүний гарын үсгээр тайлан хийж болно гэсэн байдаг. Энэ бол компанийг төлөөлж байгаа учраас ганц хүн биш тодорхой хэмжээний комисс томилогдох ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрээр үнэлгээ хийгдэж байгаа учраас заавал баг бүрэлдэхүүн байх ёстой гэж үзэж байгаа. Бид үл хөдлөх хөрөнгөө анх барьсан өртгөөс доогуур үнээр зарахыг хүсэхгүй байна. Өмнөх үнэлгээнээсээ буураад 957 000 000 төгрөг болсон байгаа учраас өртгөөсөө хямд үнээр өөрийнхөө объектыг зарах боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.Ж, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар захирамжаар “Зэст хангай” ХХК, О.М, Л.Г нарын зээлийн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч нарт төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар Шүүхийн шийдвэр биелүүлэхийг утсаар болон биечлэн уулзах болгондоо мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Л.Г, Л.С нарын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд О.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд ямар ч хамааралгүй этгээд юм. Нэхэмжлэгч гаргагч О.М ...... тоотод байрлах 750 м.кв талбай бүхий өмчлөлийн эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын хууль ёсны өмчлөгч биш тул .........         аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Л.Г, Л.С нарт хуулийн хугацаанд үнэлгээний тайланг хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгч О.М нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж тогтоосон хаягтаа оршин суудаггүй, төлбөрийг төлөхгүй байгаа зэрэг үйлдэл, үйл ажиллагааг одоог хүртэл явуулсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эзэмшигч нарт шуудангаар мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн байгааг анхаарч үзнэ үү. О.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М-ийн хувьд .......... тоотод байрлах 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн тус хаягт байрлах 504 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. Үнэлгээ тогтоох ажиллагаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын ажиллагааны нэг хэсэг. Тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, талуудаас үнийн санал гаргуулж авах зэрэг хуульд заасан процессын ажиллагаа явагдаж байгаа. Тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдүүдээс үнийн саналыг гаргуулж авсан. Мөн нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д үнийн саналыг танилцуулаад заавал шинжээч томилохгүйгээр үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоож болно гээд хуульд заасан байгаа учраас заавал шинжээч томилохгүйгээр урьд нь тохиролцуулах ажиллагааг явуулдаг. Энэ зарчмаар бүх ажиллагаа явагдсан боловч талууд харилцан тохиролцоогүй учраас эд хөрөнгийг үнэлүүлсэн байгаа. Эд хөрөнгөд “Итгэлт эстимэйт” компани үнэлгээ хийсэн. Энэ компани нь манай байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй. Үнэлгээ тогтоох эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд. Энэ үнэлгээний компани нь ганц О.М-тай холбоотой эд хөрөнгийг үнэлсэн зүйл байхгүй. Компанийн үйл ажиллагааны хувьд тогтвор суурьшилтай, сүүлийн 10 жил мэргэжлээрээ ажилласан. Үнэлгээ нь хуульд заасны дагуу, үнэлгээ хийлгэхэд хөндлөнгийн шинжээч буюу гуравдагч этгээдийг хуульд зааснаар томилогдож талуудаас ямар нэгэн байдлаар нөлөөлөл байхгүйгээр үнэлгээг тогтоож байгаа. Үнэлгээ тогтоох процесс нь журам, олон улсын стандарт байдаг. Үнэлгээний тайланг шүүхэд өгсөн байгаа. Нэг хүн гарын үсэг зурна, эсхүл гурван хүн гарын үсэг зурна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв үнэлгээний асуудлаар гомдол санал гаргах гэж байгаа бол бид хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Итгэлт эстимэйт” ХХК-ийг оролцуулах санал гаргаж болох байх гэж бодож байна. Энэ төлбөр гаргуулах ажиллагаа хууль журмын дагуу явуулж байна гэж үзэж байгаа. Үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур хийгдсэн, урьд нь ийм үнэлгээтэй байсан гэсэн тайлбар хэлж байна. Тэр нь нотлох баримтаар байгаа юм уу, үгүй юм уу. Бидний хувьд хуульд заасан тусгай шаардлага хангасан эрх бүхий хуулийн этгээдээр үнэлгээний тайланг нь гаргуулаад энэ үнэлгээний тайлангийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь зах зээлийн өртгөөс бага үнээр өөрийн объектыг зарахгүй гэсэн дүгнэлтэнд хүрчхээд байна гэж байна. Энэ хоёр обьект нь нэхэмжлэгч О.М-ийн өөрийн хөрөнгө биш. Газар нь Г           ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөлийн гэрчилгээтэй. Мөн үл хөдлөх хөрөнгө нь Г болон С            гэсэн өмчлөлийн гэрчилгээтэй байгаа. Тэгэхээр О.М нь үнэлгээн дээр гомдол санал гаргах, өөрийн өмч гэж дүгнэлт гаргах нь учир дутагдалтай байна гэв.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                         

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч ........ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч О.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнчлэн үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 20 хоногийн дараа мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн...” гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02192 дугаар шүүгчийн захирамжаар “Зэстхангай” ХХК, О.М, Л.Г нар нь 761 668 098 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу ............. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин /Д.Г/-ийг шинжээчээр томилсон байх ба тэрээр 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайланг гаргасан байна.

         Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг “Итгэлт-Эстимэйт” ХХК-иас баталгаат шуудангаар ирүүлснийг ........... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлжээ.

         Ийнхүү 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэчимэг уг хөрөнгийн үнэлгээний тайланг эд хөрөнгийн өмчлөгч Л.С, Л.Г нарын оршин суугаа хаягийн дагуу баталгаат шууданд хүргүүлж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай нийцэж байна.

          Нэхэмжлэгч О.М нэхэмжлэлдээ “уг хөрөнгө үнэлгээний тайланг надад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар мэдэгдсэн”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Л.Г-т шуудангаар мэдэгдсэн ба түүнээс бид мэдсэн” гэж тус тус тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Б нь Л.С, Л.Г, Хас банк нарт албан бичгээр мэдэгдэл /үнэлгээний тайлан бус/ хүргүүлжээ.

          Нэхэмжлэгчийн “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 05 сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг тус байгууллага  2019 оны 06 сарын 13-ны өдөр буюу 20 хоногийн дараа шуудангаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч үүнийг нотлох баримтаар нотлоогүй байна.

          Иймд нэхэмжлэгч О.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчиж 7 хоногийн хугацааг хэтрүүлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.М-ийн ............. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. ............. сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 143/ШЗ2019/00669 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН