Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 18

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 143/ШШ2019/00271 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “Х.Б”-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.М, О.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19 138 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,  нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М, О.Б нар нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 117 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 14 800 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 117-2 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 12 832 288.28 төгрөг дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 14 832 288.28 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн нөхцөлөөр зээлсэн. Зээлийн барьцаанд 70-88 ӨМА улсын дугаартай Ланд 80 маркийн суудлын автомашин барьцаалуулсан. Нийт авсан зээлийн хэмжээ 16 800 000 төгрөг болно. Нийт авсан 16 800 000 төгрөгөөс зээлдэгч үндсэн зээл 6 522 759 төгрөг, зээлийн хүүд 3 523 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5573 төгрөг, нийт 10 051 791 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10 277 241 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 632 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 228 854 төгрөг, нийт 19 138 548 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 253 643 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.                                   

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М, О.Б нартай Х ХХК нь барьцаат зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Эхний удаа 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 117 тоот барьцаат зээлийн гэрээгээр 14 800 000 төгрөгийг, мөн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 117/2 тоот барьцаат зээлийн гэрээгээр өмнөх 14 800 0000 төгрөгийн үлдэгдэл болох 12 832 288.28 төгрөг дээр нэмж 2 000 000 төгрөг, ингээд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 14 830 288 төгрөгийг  жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7088 ӨМА улсын дугаартай ланд крузер 80 маркийн суудлын автомашиныг барьцаалах хэлбэрээр цалингийн зээлийн нөхцөлөөр, гэр бүлийн хэрэгцээнд гэсэн зориулалттайгаар энэ зээлүүдийг олгосон.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ тодорхой хугацаанд биелүүлж байсан. Үндсэн зээлд 6 522 759 төгрөг, зээлийн хүүнд 3 523 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 573 төгрөг, нийт 10 051 791 төгрөгийг зээлдэгч нар нь буцаан төлсөн. Зээлийн гэрээний 36 сарын хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 89 000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 10 277 241 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 1 546 хоногийн хүү 7 632 453 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлж төлөхөөр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 2.1.5 дахь хэсэгт 20 хувиар тогтоосон байгаа. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үндсэн хүүгийн 20 хувь 1 288 854 төгрөг, нийт 19 138 548 төгрөгийг хариуцагч Б.М, О.Б нараас гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 253 643 төгрөгийг мөн гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Батсайханы Мөнхжаргал миний бие нь тус шүүхээс гардуулсан нэхэмжлэлийг хүлээж аваад энэхүү тайлбарыг гаргаж байна. Би тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Оюунтунгалагийн Баярчимэг миний бие нь Х.Б 19 138 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6 022 471 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл 13 116 077 төгрөгийг нь төлөхөөс татгалзаж байна гэжээ.             

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М хувьд хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдаад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг зээлийн гэрээний хугацаа дуусах болсон. Банкны зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү бодоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 10 дугаар сараас эхлэн энэ зээлийн гэрээний хугацаа хэтрэлт эхэлсэн. Үүнээс хойш зарим нэгэн төлөлт хийгдсэн байгаа мэдээлэл дансны хуулган дээр гарч ирээд байгаа боловч энэ зээлийн данс руу О.Бийн данснаас шууд өөрт нь мэдэгдэлгүйгээр татаж авсан. Энэ нь Б.М хамааралгүй гүйлгээнүүд байгаа.  Шүүх хуралдаанд итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Энэ хоёр хүний өөрсдийн төлсөн болон банкны зүгээс шууд О.Бийн данснаас татаж авсан нийт төлбөр бол 10 051 791 төгрөг гарсан гэдэг дээр маргах зүйлгүй. Манайх 10 051 791 төгрөгийг төлсөн гэв.

Хариуцагч Р.Баярчимэгийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус барьцаат зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа талуудын харилцан тохиролцсоноор 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч талаас хүү бодож нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар тодорхой зохицуулсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлд гэрээнд тохиролцсон данс буюу 5603047802 тоот данснаас төлөлт хийдэг. Энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх дууссан байна. Үүнээс хойш банк нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна. Сүүлд гаргаж өгсөн дансны хуулганууд байгаа. Энэ зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт банк үл маргах журмаар авах дансны дугаарыг тавьсан. Сүүлд гаргаж өгсөн дансны хуулганууд дээр О.Бийн данснаас буюу гэрээнд тохиролцоогүй данснаас шууд үл маргах журмаар таталт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс үүнийг талууд буюу О.Бийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2019/00271  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М 8 311 635 төгрөг, хариуцагч О.Б  8 311 635 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 515 278 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 120 533 төгрөг, хариуцагч О.Б 120 533 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдолдоо: “Шүүх банкны нэхэмжлэлийн шаардлагаас 2,515,278 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд “зээлийн хүүг 3 жилийн хугацаагаар тооцно” гэсэн тохиролцоо байхгүй байна. Харин зээлийн хүүг зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх талаар барьцаат зээлийн гэрээний 2.3.4 “зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө”гэж тодорхой заасан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт” Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул банк зээлдэгчээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг шаардах эрхтэй байна.                                                                                  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөнөөс маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тогтоогоогүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х.” ХХКнь хариуцагч Б.М,  О.Б нартай 2014 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр байгуулсан 117-2 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 277 241 төгрөг, зээлийн хүү 7 632 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 228 854 төгрөг, нийт 19 138 548 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдаанд 100000 төгрөгөөс татгалзсан байна. /хэргийн 1-р хавтас 01-02, 53 дугаар  хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, хариуцагч О.Б 6 022 471 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 13 116 077  төгрөгөөс татгалзаж шүүхэд тайлбар гаргасан байна. /хэргийн нар болон тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг харьцуулж үнэлж үзвэл:

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлдүүлэгч Х.Б болон зээлдэгч Б.М, О.Б нар өмнөх буюу 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 117 тоот зээлийн гэрээний үүрэг 12832288.28 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тогтоож, нэмж 2000000 төгрөгийн зээл олгож, нийт зээлийн хэмжээг 14832288.28 төгрөг гэж тооцон № 117-2 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу зээлдэгч нар нь зээлийг эргүүлэн төлж байсан нь уг гэрээний “2.1.зээлийн хэмжээ” гэх хэсэгт “2.1.1 зээлийн үлдэгдлийн хэмжээ 12832288.28, нэмж олгох зээлийн хэмжээ 2000000, нийт зээлийн хэмжээ 14832288.28” гэж бичигдсэнээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаагийн шүүх хуралдаанд гаргасан “Б.М, О.Б нартай Х ХХК 2 удаа зээлийн гэрээ байгуулсан. Эхний удаа 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 117 тоот барьцаат зээлийн гэрээгээр 14800000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр өмнөх 14800000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2000000 төгрөг, нийт 14832288 төгрөг зээлсэн” гэсэн тайлбар, хариуцагч нь гэрээний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар нь 117-2 тоот зээлийн гэрээний 2.3.1-т зааснаар “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь нотлогдож байх ба 2014 оны 10 дугаар сараас хойш уг үүргээ зөрчиж эхэлсэн тухай нэхэмжлэгч тал тайлбарласан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат “2013 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөр гэрээ байгуулснаар цуцлагдсан гэж үзэж байгаа” гэж, мөн 2013 оны гэрээ цуцлагдсан өдөр тухайн гэрээгээр төлбөл зохих “зээлийн үлдэгдэл 12832288 төгрөг” байсныг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул дээрх үйл баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /хэргийн 52 дугаар хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тодорхойлсон тул талуудын хооронд № 117-2 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ байгуулснаар өмнөх буюу 2013 оны 117 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, № 117-2 дугаартай, Барьцаат зээлийн гэрээний үүрэг үйлчилж эхэлсэн гэж үзэхнь гэрээний талуудын зарчимд нийцнэ. Тодруулбал, гэрээ байгуулах эсэх, гэрээ байгуулсан тохиолдолдүүсэх эрх зүйн харилцаа үр дагаврыг талууд өөрсдөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн үг.

Иймээс нэхэмжлэгч Х ХХК нь  хариуцагч Б.М, О.Б нартай 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний биелэлт, үүргийн хэмжээ, хуваарилалт, зээлийг цалингийн зээлийн зориулалтаар авсан боловч цалин орлогогүй болсон талаар мэтгэлцээгүй  байна.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн учир Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нар нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх байтал үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тул хариуцагч нар буюу үүрэг гүйцэтгэгч нар нь хугацаа хэтрүүлснээс гарах үр дагаврыг хууль болон гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж нарийвчлан заасан байхад шүүх тодорхой хугацаатай буюу 3 жилийн хугацаатай талуудын хооронд үүрэг үүссэн гэж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Х.Б ХХК нь зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 452.2, 453.1дэх хэсэгт зааснаар Б.М, О.Б нарт хүлээлгэж зээлийн гэрээний хариуцлага болох хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцуулах үндэслэлтэй байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 100000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс 100000 төгрөгийг хасаж нэхэмжилнэ гэж тайлбарласан нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэх үндэслэл болж байхад шүүх уг энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.  

2014 оны зээлийн гэрээний 2.3.6-т зээлийн төлбөрийг хууль тогтоомж, журамд зааснаас бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлнө дарааллаар төлнө гэсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс 100000 төгрөг хасаж, үндсэн зээл 10277241 төгрөг, зээлийн хүү 7632453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1128854 төгрөг нийт 19038548 төгрөгийг хариуцагч нар хариуцна.

Зээлийн гэрээнд Б.М, О.Б нар нь хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурж, хамтран зээлийн төлбөрийг төлж байсан учир тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч, үүргийг тэнцүү хуваарилсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв тул энэ магадлалаар хариуцуулсан үүргийг мөн адил тэнцүү хэмжээгээр хариуцагч нарт хуваарилав.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2019/00271  дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М 8 311 635 төгрөг, хариуцагч О.Б 8 311 635 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М 951927 төгрөг, хариуцагч О.Б 951927 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “Нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 515 278 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгөөс татгалзсаныг дурдсугай” гэж,

3 дахь заалтын “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 120 533 төгрөг, хариуцагч О.Б 120 533 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 126571 төгрөг, хариуцагч О.Б 126571 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55195 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                      ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                              Т.БЯМБАЖАВ