Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 271

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: Б.М

Хариуцагч:  О.Б

Зээлийн гэрээний үүрэгт 19 138 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Б.М, өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М, О.Б нар нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 117 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 14 800 000 /арван дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 117-2 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 12 832 288.28 төгрөг дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 14 832 288.28 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн нөхцөлөөр зээлсэн. Зээлийн барьцаанд 70-88 ӨМА улсын дугаартай Ланд 80 маркийн суудлын автомашин барьцаалуулсан. Нийт авсан зээлийн хэмжээ 16 800 000 төгрөг болно. Нийт авсан 16 800 000 төгрөгөөс зээлдэгч үндсэн зээл 6 522 759 төгрөг, зээлийн хүүд 3 523 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5573 төгрөг, нийт 10 051 791 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10 277 241 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 632 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 228 854 төгрөг, нийт 19 138 548 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 253 643 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Б.М, О.Б нартай Хаан банк ХХК нь барьцаат зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Эхний удаа 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 117 тоот барьцаат зээлийн гэрээгээр 14 800 000 төгрөгийг, мөн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 117/2 тоот барьцаат зээлийн гэрээгээр өмнөх 14 800 0000 төгрөгийн үлдэгдэл болох 12 832 288.28 төгрөг дээр нэмж 2 000 000 төгрөг, ингээд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 14 830 288 төгрөгийг  жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7088 ӨМА улсын дугаартай ланд крузер 80 маркийн суудлын автомашиныг барьцаалах хэлбэрээр цалингийн зээлийн нөхцөлөөр, гэр бүлийн хэрэгцээнд гэсэн зориулалттайгаар энэ зээлүүдийг олгосон байна. Зээлдэгч нь зээл авах үед Уужим говь ХХК-д уулын мастераар ажиллаж байсан. Цалингийн орлоготой байсан. Энэ цалингийн орлогыг банк судлаад Б.М, О.Б нарт зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийг зээл хугацаанд төлөх хуваарь буюу зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хавсралт 1 гэсэн зээл төлөх хуваарь гаргаж өгсөн. Энэ хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 25-ны өдөр 533 900 төгрөгийг төлөх байдлаар 36 сарын хугацаанд энэ төлбөрийг төлж дуусгах үүрэгтэйгээр энэ гэрээг байгуулж зээл олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ тодорхой хугацаанд биелүүлж байсан. Үндсэн зээлд 6 522 759 төгрөг, зээлийн хүүнд 3 523 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 573 төгрөг, нийт 10 051 791 төгрөгийг зээлдэгч нар нь буцаан төлсөн. Зээлийн гэрээний 36 сарын хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Дуусгавар болсон боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 89 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. 89 000 төгрөг нь үндсэн зээлээс төлөгдсөн юм байна. Ингээд зээлийн төлбөрөө төлөөгүй учраас хаягийн дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн тооцооллын төвд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн тооцооллыг хийсэн байгаа. Энэ нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хүүний тооцоолол байгаа. Энэ хугацаанд хүү төлөөгүй байдаг юм байна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 10 277 241 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 1 546 хоногийн хүү 7 632 453 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлж төлөхөөр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 2.1.5 дахь хэсэгт 20 хувиар тогтоосон байгаа. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үндсэн хүүгийн 20 хувь 1 288 854 төгрөг, нийт 19 138 548 төгрөгийг хариуцагч Б.М, О.Б нараас гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 253 643 төгрөгийг мөн гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Б.М миний бие нь тус шүүхээс гардуулсан нэхэмжлэлийг хүлээж аваад энэхүү тайлбарыг гаргаж байна. Би тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан О.Б миний бие нь Хаан банкны 19 138 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6 022 471 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл 13 116 077 төгрөгийг нь төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э хувьд хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа. Яагаад гэвэл зээлийн гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдаад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг зээлийн гэрээний хугацаа дуусах болсон. Банкны зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү бодоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 10 дугаар сараас эхлэн энэ зээлийн гэрээний хугацаа хэтрэлт эхэлсэн. Үүнээс хойш зарим нэгэн төлөлт хийгдсэн байгаа мэдээлэл дансны хуулган дээр гарч ирээд байгаа боловч энэ зээлийн данс руу Б.М-ийн данснаас шууд өөрт нь мэдэгдэлгүйгээр татаж авсан. Энэ нь Б.М-д хамааралгүй гүйлгээнүүд байгаа.  Иргэний хуулийн 76, 77 дугаар зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр энэ төлбөрийн шаардлагыг биелүүлэхгүй гэсэн байгаа. Б.М-ийн хувьд мөн байр суурь адилхан. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар өгч байсан боловч энэ шүүх хуралдаанд итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан тайлбар дундаас нэгэнт талууд мэтгэлцэх гэж байгаа учраас зарим нэгэн тодорхой зүйлүүд дээр байр сууриа илэрхийлэх ёстой байх гэж бодож байна. Энэ зээлийг авснаас хойш энэ хоёр хүний өөрсдийн төлсөн болон банкны зүгээс шууд Б.М-ийн данснаас татаж авсан нийт төлбөр бол 10 051 791 төгрөг гарсан гэдэг дээр маргах зүйлгүй. Манайх 10 051 791 төгрөгийг төлсөн гэв.

Хариуцагч О.Б-ийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус барьцаат зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Ингээд зээлийн гэрээний хугацаа талуудын харилцан тохиролцсоноор 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч талаас хүү бодож нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл шаардах эрх үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр зохицуулсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлд гэрээнд тохиролцсон данс буюу 5603047802 тоот данснаас төлөлт хийдэг. Энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор, өөрөөр хэлбэл 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх дууссан байна. Үүнээс хойш банк нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна. Сүүлд гаргаж өгсөн дансны хуулганууд байгаа. Энэ зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт банк үл маргах журмаар авах дансны дугаарыг тавьсан. Сүүлд гаргаж өгсөн дансны хуулганууд дээр О.Б-ийн данснаас буюу гэрээнд тохиролцоогүй данснаас шууд үл маргах журмаар таталт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс үүнийг талууд буюу О.Б-ийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс банканд шаардах эрх үүссэн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Х ХХК нь Б.М, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 138 548 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Б.М, О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.М, О.Б нэхэмжлэлийн шаардлагаас 6 022 471 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 13 116 077 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбарыг гарган маргаж улмаар тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсчээ.

Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс буюу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолох үндэслэлтэй гэж маргадаг.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.

Иймээс “хуульд” тухайлбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж тодорхой заажээ.

Х ХХК иргэн Б.М, О.Б нарын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусахаар байна.

Х ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Зээлдэгч нар нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн болох нь талуудын тайлбар болон зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтаар нотлогддог хэдий ч үүрэг зөрчсөн үеэс эхлэн шаардах эрх үүссэн гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Х ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.М, О.Б нартай 2013 оны зээлийн үлдэгдэл болох 12 832 288.28 төгрөг дээр 2 000 000 төгрөг нэмж, нийт 14 832 288.28 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Land 80 суудлын автомашин, 5 ханатай гэр, цалингийн орлого зэргийг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан болох нь 117-2 дугаартай “Барьцаат зээлийн  гэрээ”-ээр нотлогдож байна.

Талууд энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 2.1.4-д “Зээлийн хүү: Жилийн 16.8 хувь байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно.”, мөн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно.” гэжээ.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцвол зохино.

2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 10 277 241 төгрөг, нэг сарын хүүг 1.4 хувиар тооцож үлдэгдэл 5 371 691.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасны дагуу 1095 хоногоор тооцож 1 074 338 төгрөг, нийт 16 723 270.46 төгрөгийг төлөөгүй байх тул энэ мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч тал 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг тайлбараар тогтоогддог тул дээрх үнийн дүнгээс хасч тооцон 16 623 270.46 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хүүг тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д “Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно” гэжээ.  

Талууд зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан ба зээлдүүлэгч нь ...мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд талуудын хооронд үүссэн үүрэг тодорхой хугацаатай үүссэн тухайлбал гэрээний хугацаагаар буюу тодорхой 3 жилийн хугацаатай үүсчээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэснийг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж дээрх хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч О.Б-ийн өмгөөлөгч “...гэрээнд тохиролцсон данс буюу 5603047802 тоот данснаас төлөлт хийдэг. Энэ зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт банк үл маргах журмаар авах дансны дугаарыг тавьсан. Сүүлд гаргаж өгсөн дансны хуулганууд дээр О.Баярчимэгийн данснаас буюу гэрээнд тохиролцоогүй данснаас шууд үл маргах журмаар таталт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.” гэх тайлбарыг гаргаж маргадаг.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.” гэж, зээлийн гэрээний 2.3.2-д “Банк зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэжээ. Иймд Хаан банк ХХК-ны хамтран зээлдэгч Б.М-ийн данснаас бэлэн бусаар зээлийн мөнгийг төлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.    

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заажээ.

Зээлийн гэрээний дагуу О.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул үндсэн зээлдэгч Б.М-ын хамтаар гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заасанчлан тэдний тус тус хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Б.М-аас 8 311 635 төгрөгийг, О.Б-ээс 8 311 635 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч .......ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 253 633 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 16 623 270 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул хангагдсан үнийн дүнд ногдох 241 066 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, зөрүү 12 567 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үйлчлүүлэгч нь Б.М гэж бичигдсэн боловч, гэрээнд өмгөөлөгч Б.О, үйлчлүүлэгч О.Б нар гарын үсэг зурсан байх тул Б.О, О.Б нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон авах эрх зүйн харилцаа үүссэн байна.

Харин Б.М-аас өөрийгөө төлөөлүүлж өмгөөлөгчтэй гэрээ байгуулах эрхийг Б.О-т олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлөгч Б.О-ийг Б.Мөнхжаргалын өмгөөлөгч гэж үзэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас 8 311 635 төгрөг, хариуцагч О.Б-ээс 8 311 635 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 515 278 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 120 533 төгрөг, хариуцагч О.Б-ээс 120 533 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ