Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2019/00276 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.М холбогдох

“тоотод байрлах газраас Н.М эзэмшлийн нэг гэр, хоёр амбаар /пин/-г албадан нүүлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.М давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн оролцов.

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Насанбуян би тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750м2 талбайтай, 000026401 иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1105000137 дугаартай газрыг эзэмшдэг. Уг газар дээрээ 2008 оноос хойш амьдарч байна. Газрыг Баатар гэх хүнээс анх худалдан авч байсан. Миний эзэмшлийн газар дээр манай 4 ам бүл гэр бүлээрээ амьдардаг. Манай төрсөн эгч Н.М миний эзэмшлийн газар дээр 2009 оноос хойш хөрш болоод нэг хашаандаа амьдарч байна. Н.М уг газар дээр нэг гэр, хоёр пинтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд бидний хооронд таарамжгүй харьцаа үүссэн, байнга маргалдах болсон. Би газраа бусдад ашиглуулах, худалдах, эсхүл өөрөө ашиглахад эгч Н.М саад болж байна. Манай газраас гэр пингээ нүүлгээд тус тусдаа газар дээр амьдрах санал удаа дараа хэлсэн боловч хүлээж авалгүй олон жил болж байна. Хашаанд байгаа Н.М хашаанаасаа нүүлгэх хүсэлтэй байна.                                                                                        

Иймд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Н.М тоотод байрлах газраас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2008 онд энэ газрыг өөрийн мөнгө төгрөгөөр авсан. Аав ээжийгээ авч ирж буулгасан. 2009 онд Н.М нь миний зөвшөөрөлгүй ирж буугаад арваад жил амьдарч байгаа. Манайх ер нь тухайн хашаа газрыг зарах талаар бодоогүй байсан боловч манай нөхөр өр төлбөрт ороод нөхцөл байдал хүнд болсон. Бид хоёулаа зээлтэй. Би охинд нь манайх хашаа газраа зарах шаардлагатай байна. Танайх боломжоороо нүүгээрэй гэж хэлсэн. Н.Мхэлж байгаа нь үндэслэлгүй байна. Ер нь бол тухайн газрыг би авсан юм. Эх эцгийн 500 000 төгрөг гээд байгаа тэр мөнгөөр тухайн гэр орондоо хивс, угаалгын машин зэргийг авсан. Газрын гэрчилгээ 2019 оны 06 дугаар сард шинээр гарч ирсэн нь хугацаа сунгагдсан. Би 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхаар нь хугацаагаа сунгаж байж хүнд шилжүүлье гэж бодсон. Газрын албан дээр очиж анхнаасаа миний нэр дээр гарсан баримт гаргаж өгөөч ээ гэсэн боловч манайх гаргаж өгөх боломжгүй, шүүхээс албан ёсоор бичиг ирэх юм бол гаргаад өгөх боломжтой гэж хэлсэн. Тухайн үед аав ээжийн тэтгэврийн талаарх баримт гаргаж өгөөч гэсэн боловч банк мөн гаргах боломжгүй гэж хэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байгааг таслан зогсоох ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаад байгаа Даланзадгад сумын 6-р баг, Жаал Уулын 3-7 тоотод байрлах 750 мкв талбайтай эзэмших эрх бүхий газар нь миний үйлчлүүлэгчийн албан ёсны өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлд бүртгэгдсэн өмч байгаа. Энэ хүнийг өөрийн албан ёсны өмчлөлийн газраас нүү гэдэг шаардлагыг 3, 4 сарын өмнөөс шаардаад ирсэн. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа тул арга буюу нэхэмжлэл гаргасан. Албан ёсны эзэмшигч гэдэгтэй маргахгүй байгаа юм байна. Саад учруулахгүй байгаа гэсэн байдлаар тайлбарлаж байна. 750 мкв талбай дээр энэ хүний аливаа өмч байгаа л бол тухайн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байна гэсэн үг. Ашиглаж байгаа тохиолдолд тэр хэмжээгээрээ энэ хүний эзэмших ашиглах эрхэнд нь хязгаарлал тогтож байдаг. Албан ёсны гэрчилгээтэй эзэмшигч нь та 10 жил амьдарлаа, одоо нүү, би энэ хөрөнгөө өөр байдлаар захиран зарцуулах хэлбэрээр ашигламаар байна. Эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлмээр байна гэхэд татгалзаад суугаад байдаг. Өвийн асуудал яригдаж байх шиг байна. Аав ээжийн ч юм уу, өөрийн мөнгө орсон талаар хэлж байгаа боловч одоогоор хэрэгт авагдсан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Албан ёсны эзэмшигчийн хувьд хуулийн дагуу эрхээ эдлэхийг хамгаалах ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Н нь миний төрсөн эгч бөгөөд манай аав П.Намжилдорж нь 2009 оны 02 дугаар сард нас барсан. Бид 2008 онд аав ээжийнхээ ахмад дайчны мөнгө болон тэтгэврийн зээлээр Даланзадгад сумын 6-р баг, Жаал-Уулын 3-7 тоот газрыг бусдаас худалдан авч байсан.                                  

Худалдан аваад газрын эзэмших эрхийг ямар хүний нэр дээр гаргах тухай асуудал гаргахад манай аав ээж 2 нас өндөр болсон тул бидэнд хэрэггүй, цаашид та нар л энэ газрыг хамтран эзэмших хэрэгтэй гэсэн юм. Тухайн үед манай дүү Н Насанбуян нь өөрийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан тул газрын эзэмших эрх Н.Н шилжсэн юм. Ингээд бидний аав 2009 онд, ээж 2014 онд нас барснаар манай дүү Н.Н биднийг Жаал-Уулын 3-7 тоот газрыг өөрийнхөө мөнгөөр авсан гэж худал ярин, биднийг хашаа суллаж өг гэж хөөж туух болсон. Хашаа газрыг 2008 онд шилжүүлэн авснаас хойш засвар арчлалтын ажлыг бид адилхан хариуцаж, хөрөнгө мөнгө гаргаж ирсэн. Бид төрсөн эгч дүүс тул өөрийн аав ээжээс үлдсэн хөрөнгийг адилхан өв залгамжлан авах эрхтэй гэж үзэж байна, Газар эзэмших эрхийг өөрийн дүү болохоор нь итгээд өөрийнх нь нэр дээр гаргуулсан байхад итгэл эвдэж, өөрийн мөнгөөр авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ Жаал Уулын 3-7 тоот газар дээр манай аав ээж 2008 оны зун нүүж ирсэн. Тухайн үед би аав ээжийнхээ гэрийнх нь бариаг нь засаж өгөөд хөдөө явсан. Манай аав бүтэн харвалт өгсөн ярих боломжгүй байсан. Ахмад дайчдын 500 000 төгрөг гардуулж байхад нь Хаан банк дээр очиж хамт хадгаламжид нь хийж байсан. Н.Н нь аав ээжийн 800 000 төгрөг л энэ хашаа газарт орсон гэдэг боловч эцэг эхийн минь үгүйг далимдуулж миний 100 хувийн хөрөнгөөр авсан гэж дайрдаг. Тухайн үед яагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм. Би өөрийнхөө мөнгөөр авсан, би өөрийнхөө хөдөлмөрөөр авсан гэж дандаа бусад руугаа дайрч чичилдэг юм. Өмнө нь манай эгчийнх амьдарч байсан. Манай ахынх амьдарч байсан. Газрын гэрчилгээ дээрээ 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Мөнхжаргал гэдэг хүн олгосон байдаг нь ямар учиртай юм бэ. Би 2008 оноос тухайн хашаа газрыг манай эцэг эхийн нэр дээр байдаг гэж бодож явдаг байсан. Газрын албан дээр очоод шүүлгээд үзэхээр 2019 оны 06 дугаар сард Н.Н нэр дээр гарсан байна гэсэн гэрчилгээ л байсан. Энэ бүхнийг би гайхаж байна. Хамгийн гол нь ээж минь тэгж хэлдэг байсан, ээж аавын мөнгө бага ч гэсэн орсон. Энэ бүхэнд би дүүдээ үнэхээр гомдсон. Би одоо хүртэл байнга өвчин намдаах эм ууж байгаа. Дээрээс нь хоёр гурав дахиж эмнэлэгт үзүүлсэн. Одоо ч эмнэлэгт хэвтэж байгаа. Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Би нүүхгүй гэж хэлж байгаагүй. Гэхдээ ээж ааваасаа ганц үлдэж байгаа хашаа газрыг харсаар байгаад хэн нэгэнд заруулахыг хүсээгүй. Дээрээс нь би өөрөө толгой тархины гэмтэлтэй, охин минь тун удахгүй төрөх гэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Би өмнө нь нүүж чадахгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин одоо бол нүүж чадахгүй. Би өөрөө өвчтэй. Дээрээс нь хүүхэд минь төрөх гэж байгаа. Эцэг эхийн минь мөнгө орсон учраас нүүж чадахгүй. Яагаад төрсөн дүү минь надад ингэж хатуу хандаж байгаа юм. Эвлэрье гэж би хэлсэн. 100 хувь миний мөнгөөр авсан гэдэг нэрийдлээр бусад руу ингэж дайрч давшилж байгааг би үнэхээр гайхаж байна.

Эзэмшигч нь болохоор энэ газраас нүү гэж хэлж байна. Ямар учраас мөнгө бий болсон бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ хүн 2000 оны дундуур тусдаа гарчаад бүтэн тавилга авсан. Ямар үндэслэлээр тэр газрыг авсныг би гайхаж байна. 2008 онд Баатар гэдэг хүнээс тэр газрыг авсан юм уу гэхээр Удвалцэцэг гэж хүний нэр дээр байдаг. Тэр бүхнийг нь би гайхаад байдаг. 2009 оны 10 дугаар сард энэ хүн эзэмшигч нь гээд гэрчилгээн дээрээ байдаг. Бид 2008 онд нүүж очсон. Тэр үед яагаад шилжигдээгүй байсан. Манай эцэг 2009 оны 02 дугаар сарын 01- ний өдөр нас барсан. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энэ хүний нэр дээр очсон байдаг. Ямар учиртай байдаг юм. Би үнэхээр гайхаж байна. 100 хувь миний өмч гээд бусад руугаа дайрчихдаг. Манай эцгийн 1 өрөө байр хотод байдаг. Тэр байрыг манай дүү ярьсаар байгаад бид зөвшөөрөөд өөрийнхөө нэр дээр болгосон. Тухайн үед эгч дүү гээд би итгэж явсан. Ямар ч зөвшөөрөлгүй ирж буусан гэж ярьж байна. Би тухайн үед ээжийгээ амьд сэрүүн байхад хүний хашаанд байх хэцүү юм гэсэн чинь хүрч ирээд буу гэж хэлж байсан. Би ээжийнхээ зөвшөөрлөөр ирж буусан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг^Жаал Уулын 3-7 тоот газрын гэрчилгээ нь хэрэгт авагдсан байдаг. Н.М эзэмшилд уг газар байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй. Иймд Н.Н эзэмшлийн Жаал-Уулын 3-7 тоот газраас Н.Мг албадан нүүлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд Н.Н нь нэхэмжлэл гаргасан. Энэ өдрөөс өмнө Н.Н эзэмшил ашиглалтад саад учруулсан зүйл Н.М зүгээс байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2019/00276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 3-7 тоотод байрлах газраас Н.М нэг гэр, хоёр амбаарыг нүүлгэж, газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Н.Н 1 164 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.М давж заалдах гомдолдоо: Даланзадгад сумын 6-р баг Жаал- Уулын 3-7 тоот газар дээр манай аав ээж 2008 онд нүүж ирсэн. Аав, ээжид мөнгө хэрэг болохоор нь тэтгэврээ яасан юм бэ гэж асуухад хашаа, газар авах гээд зээл авчихсан гэсэн. Аавын ахмад дайчны мөнгө болох 500000 төгрөгийг хадгаламж нээсэн банкинд хадгалуулсан.

боловч дараа нь байхгүй болчихсон байсан. Энэ хашаа, газрыг авахад миний аав, ээжийн хөрөнгөөр авсан.  аав, ээжийн минь байхгүйг далимдуулан өөрийнхөө хөрөнгөөр авсан юм шиг дараа нь гэрчилгээ гаргуулж авсан байна. Хэрэв Насанбуян энэ газрыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан юм бол яагаад 2019 оны 06 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээ гаруулсан юм бэ. Шүүх энэ баримтыг авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Миний аав ээжийн хөрөнгийг өнгөрсөн дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж, одоо хүнд зарж үгүй хийх гэж байна. Би аав, ээжийнхээ хашаа газрыг харсаар байгаад байхгүй болгочихмооргүй байна. Хашаа газрыг худалдаж авъя гэж Насанбуянд зөндөө хэлсэн боловч заавал өөр хүнд зарах гээд байгаа?Шүүх хурал болохоос өмнө би энэ газраас чинь нүүхгүй гэж хэлж байгаагүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг хашаа, газраас нүүхгүй саад учруулаад байгаа юм шиг нэхэмжлэл гаргасан

Хашаа, газрыг тохижуулахад би хувь нэмрээ оруулж сэргээн засаж, будаж янзалдаг байсан. Эцэг, эхээсээ үлдсэн хөрөнгийг би авч үлдмээр байна. Би аав, ээжийнхээ газар дээр амьдарч байгаа. Одоо би энэ газраас нүүхгүй. Энэ хашаа, газар Н.Н 100 хувийн хөрөнгөөр худалдаж авсан хөрөнгө биш. Миний эцэг эхийн хөрөнгө. Анхан шатны шүүх миний энэ тайлбарыг авч хэлэлцэлгүйгээр намайг албадан нүүлгэх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учир давж  заалдах шатны шүүхээс нотлох баримтанд үндэслэн залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Н.Мд холбогдуулж өөрийн эзэмшлийн газар дээрээс хариуцагч Н.Мгийн гэр, пинг албадан нүүлгэхийг шаардаж, шаардлагаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга, иргэН.Н нарын хооронд байгуулагдсан иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000026401 дугаартай гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэж өгсөн акт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичигт  үндэслэжээ. /Хэргийн 03, 04-06 дугаар хуудас/

Хариуцагч Н.М нь маргаж буй газрыг аав ээжээс өв залгамжлан ирсэн газар, 2018 оноос хойш амьдарч байгаа гэж тайлбарлаж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх Н.Нд олгогдсон 000026401 дугаартай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, газрыг Н.Нгийн 100 хувийн хөрөнгөөр аваагүй, аав, ээжийн хөрөнгөөр авсан, хашаа газрыг тохижуулахад би хувь нэмрээ оруулсан, 2019 оны 6 дугаар сард газрын гэрчилгээ авсныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. /хэргийн 84 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй ч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гомдлыг хянах нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Маргааны зүйл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргаан” биш бөгөөд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардсан маргаан байх тул иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь шүүхийн харъяалал зөрчөөгүй.

Газрыг анх газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх нь маргааны үйл баримтад хамааралгүй боловч    Н.Нг хууль ёсны эзэмшигч мөн эсэхэд газар эзэмшигчийн эрхийг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлан эрх зүйн дүгнэлт хийх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх байжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга, иргэн М.Насанбуян нарын хооронд байгуулсан иргэнд газар эзэмшүүлэх гэрээгээр нэхэмжлэгчид Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Их уулын-6, Жаал уулын 3 дугаар гудамж, 07 тоот хаягт байршилтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Гэрээний дагуу Н.Н нь  4608030123 нэгж талбарын дугаар бүхий, 750 м.кв газрыг эрхийн улсын бүртгэлийн Э-1105000137 дугаарт бүртгэсэн тухай Иргэний газар эзэмших эрхийн 000026401 дугаартай гэрчилгээг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан  байна. /хэргийн 03, 04-05 дугаар хуудас/

Н.Н олгосон дээрх иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн эрх бүхий албан тушаалтантай байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээ зэрэг нь нотлох баримтад тавигдах шаардлага хангасан тул гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, гэрээ нь  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна энэ талаар зохигчид маргаагүй тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд...” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Н тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт зааснаар газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болох боловч гэрээ, гэрчилгээнд Н.Н өөр иргэн, хуулийн этгээдтэй хамтран тухайн газрыг эзэмших эрхтэйг заагаагүй байна.

Хариуцагч Н.М  газрын эрхийн бүртгэлийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “...аав ээж хоёр та нар энэ газрыг хамтран эзэмших хэрэгтэй гэсэн..., тухайн үед дүү Насанбуян өөрийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан тул газрын эзэмших эрх Насанбуянд шилжсэн юм..., ... өөрийн дүү болохоор нь итгээд өөрийнх нь нэр дээр гаргуулсан байхад өөрийн хөрөнгөөр авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “...Манай эцэг эх тухайн үед уг газрыг Н.Н нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй байхад Насанбуян нь ямар аргаар 2019 оны 6 дугаар сарын 06-нд буюу бүтэн 11 жилийн дараа өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь ойлгомжгүй байна” гэж  тайлбар ирүүлсэн байх ба анхан шатны шүүх хуралдаанд “...Би 2008 оноос хойш тухайн газрыг манай эцэг, эхийн нэр дээр байдаг гэж бодож байсан, Газрын албан дээр очоод шүүлгээд үзэхээр 2019 оны 6 дугаар сард Н.Н нэр дээр гарсан байна лээ...” гэж тайлбарлажээ. /хэргийн 16, 15, 74 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн  42.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх зохигчийн үүрэгт үндэслэн хариуцагч Н.М дээрх тайлбарт авагдсан мэдээллийг дүгнэж үзвэл маргаж буй газрыг эзэмших эрхийн бүртгэл Н.Н нэр дээр хийгдсэн болохыг хариуцагч Н.М мэдсэн, зөвшөөрч байсан, өөрөө газрыг эзэмшихээр холбогдох байгууллагад  хүсэлт гаргаж байгаагүй үйл баримт тогтоогдож байна. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарласан тухай баримтад хариуцагч Н.М нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  гарын үсгээ зурсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн маргаж буй газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн газар биш тул хариуцагч Н.М газрыг адил тэгш өв залгамжлах эрхтэй, миний эцэг эхийн хөрөнгө гэх тайлбар, гомдол үндэслэлгүй, түүнд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар эзэмшил үүссэн гэх болон түүнчлэн Н.Н газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд шаардлага, өргөдөл гаргасан гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.                                                       

Иймээс Н.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болох нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.                

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.М давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах боломжгүй байна.                                                                               

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, харин өмчлөгчийн шаардах эрхийг мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан байхад шүүх маргааныг шийдвэрлэхдээ шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахдаа сөрөг шаардлагыг үндсэн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцээгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “сөрөг нэхэмжлэлээ өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авч байгаагаа мэдэгдэж байна...Н.Н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ...” гэсэн тайлбарыг үндэслэн шүүх “хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ татан авсан” гэх дүгнэлт хийж энэ хүсэлтийг хангаж гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 143/ШЗ2019/01059 дугаар шүүгчийн захирамжид хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй эсэхэд, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө хамт оролцсон хариуцагчийн энэ талаарх байр сууриа хэрхэн илэрхийлж байгаад дүгнэлт хийгээгүй ч зохигчид энэ талаар маргаан үүсгэж, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ асуудал нь шийдвэрт өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно. 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээгээр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.                                  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                              

1. Хариуцагч Н.М давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2019/00276 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1...” гэсний дараа “, 106 дугаар зүйлийн 106.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                                      

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                                                           

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                  Т.БЯМБАЖАВ