Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 276

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Н

Хариуцагч:  Н.М

Өмнөговь аймгийн Даланзадгад сум...............тоотод байрлах газраас Н.М-ийн эзэмшилийн нэг гэр, хоёр амбаар /пин/-г албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Н би Өмнөговь аймгийн Даланзадгад сум, .... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750м2 талбайтай, 000026401 иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1105000137 дугаартай газрыг эзэмшдэг. Уг газар дээрээ 2008 оноос хойш амьдарч байна. Газрыг Баатар гэх хүнээс анх худалдан авч байсан. Миний эзэмшлийн газар дээр манай 4 ам бүл гэр бүлээрээ амьдардаг. Манай төрсөн эгч Н.М миний эзэмшлийн газар дээр 2009 оноос хойш хөрш болоод нэг хашаандаа амьдарч байна. Н.М уг газар дээр нэг гэр, хоёр пинтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд бидний хооронд таарамжгүй харьцаа үүссэн, байнга маргалдах болсон. Би газраа бусдад ашиглуулах, худалдах, эсхүл өөрөө ашиглахад эгч Н.М саад болж байна. Манай газраас гэр пингээ нүүлгээд тус тусдаа газар дээр амьдрах санал удаа дараа хэлсэн боловч хүлээж авалгүй олон жил болж байна. Хашаанд байгаа Н.М хашаанаасаа нүүлгэх хүсэлтэй байна.

Иймд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Н.М амьдарч байгаа гэр, хоёр ширхэг пинг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, .......... тоотод байрлах газраас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2008 онд энэ газрыг өөрийн мөнгө төгрөгөөр авсан. Аав ээжийгээ авч ирж буулгасан. 2009 онд Н.М нь миний зөвшөөрөлгүй ирж буугаад арваад жил амьдарч байгаа. Манайх ер нь тухайн хашаа газрыг зарах талаар бодоогүй байсан боловч манай нөхөр өр төлбөрт ороод нөхцөл байдал хүнд болсон. Бид хоёулаа зээлтэй байгаа. Тэгээд мөнгөний асуудлаас 2018 онд өөрийнхөө автомашиныг зарсан. Сүүлдээ газар хашаагаа зарахаас өөр аргагүйд хүрээд би 2019 оны 04 дүгээр сарын дундуур Н.М-ийн гэрт нь ороход охин нь байсан. Би охинд нь манайх хашаа газраа зарах шаардлагатай байна. Танайх боломжоороо нүүгээрэй гэж хэлсэн. Охин нь ээжид хэлэхгүй юу гэхээр нь би чи өөрөө ээждээ хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Н.М-г ажлаасаа ирсэн байхаар нь гэрт нь ороод тухайн байдлаа хэлсэн. Н.М нь өөдөөс эсэргүүцэл үзүүлээд түүнээс үүдэн буруутан болж эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон гэж бодож байгаа. Түүнээс хойш би өөрийнх нь нэг ч төгрөг ороогүй учраас манай хашаанаас нүүчих болов уу гэж харсан боловч эсэргүүцсээр л байсан. Тухайн мөрдөн байцаалтын явцад ч цагдаа нар эвлэрүүлэхээр ирж байсан. Эрүүгийн шүүх хуралдаан болоод тухайн шүүх хуралдааны маргааш нь нэхэмжлэл гаргасан. Надад өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүмүүс зөвлөсөн. Н.М-ийн хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Би Н.М-г ямар ааш араншинтай хүн бэ, юу гэж хэлэх вэ гэдгийг ер нь мэдэж байсан. Би өмнө нь хүүхдэд нь хэлсэн. Дараа нь манай эгч бас Н.М руу ярьсан чинь нүүхгүй гэж байна тэгэхээр нь Хүрмэн сум руу шилжчихвэл нүүхгүй гээд ч яахав дээ гээд хэлсэн чинь утсаа тасалчихлаа гэж надад хэлсэн. Би бас дотроо түгшүүртэй байсан. Тэгээд гэрт нь ороод  танайх хэзээ нүүх гэж байна гэсэн чинь би үхсэн ч нүүхгүй гэж хэлсэн. Ер нь бол тухайн газрыг би авсан юм. Эх эцгийн 500 0000 төгрөг гээд байгаа тэр мөнгөөр тухайн гэр орондоо хивс, угаалгын машин зэргийг авсан.Газрын гэрчилгээ 2019 оны 06 дугаар сард шинээр гарч ирсэн нь хугацаа сунгагдсан. Би 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхаар нь хугацаагаа сунгаж байж хүнд шилжүүлье гэж бодсон. Газрын албан дээр очиж анхнаасаа миний нэр дээр гарсан баримт гаргаж өгөөч ээ гэсэн боловч манайх гаргаж өгөх боломжгүй, шүүхээс албан ёсоор бичиг ирэх юм бол гаргаад өгөх боломжтой гэж хэлсэн. Тухайн үед аав ээжийн тэтгэврийн талаарх баримт гаргаж өгөөч ээ гэсэн боловч банк мөн гаргах боломжгүй гэж хэлсэн гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байгааг таслан зогсоох ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Маргаад байгаа Даланзадгад сумын .......... тоотод байрлах 750 мкв талбайтай эзэмших эрх бүхий газар нь миний үйлчлүүлэгчийн албан ёсны өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлд бүртгэгдсэн өмч байгаа. Энэ хүнийг өөрийн албан ёсны өмчлөлийн газраас нүү гэдэг шаардлагыг 3, 4 сарын өмнөөс шаардаад ирсэн. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа тул арга буюу нэхэмжлэл гаргасан. Албан ёсны эзэмшигч гэдэгтэй маргахгүй байгаа юм байна. Саад учруулахгүй байгаа гэсэн байдлаар тайлбарлаж байна. 750 мкв талбай дээр энэ хүний аливаа өмч байгаа л бол тухайн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байна гэсэн үг. Ашиглаж байгаа тохиолдолд тэр хэмжээгээрээ энэ хүний эзэмших ашиглах эрхэнд нь хязгаалалт тогтож байдаг. Албан ёсны гэрчилгээтэй эзэмшигч нь та 10 жил амьдарлаа, одоо нүү, би энэ хөрөнгөө өөр байдлаар захиран зарцуулах хэлбэрээр ашигламаар байна. Эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлмээр байна гэхэд татгалзаад суугаад байдаг. Өвийн асуудал яригдаж байх шиг байна. Аав ээжийн ч юм уу, өөрийн мөнгө орсон талаар хэлж байгаа боловч одоогоор хэрэгт авагдсан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Албан ёсны эзэмшигчийн хувьд хуулийн дагуу эрхээ эдлэхийг хамгаалах ёстой гэж үзэж байна гэв.

            Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Н нь миний төрсөн эгч бөгөөд манай аав П.Намжилдорж нь 2009 оны 02 дугаар сард нас барсан. Бид 2008 онд аав ээжийнхээ ахмад дайчны мөнгө болон тэтгэврийн зээлээр Даланзадгад сумын ... тоот газрыг бусдаас худалдан авч байсан. Худалдан аваад газрын эзэмших эрхийг ямар хүний нэр дээр гаргах тухай асуудал гаргахад манай аав ээж 2 нас өндөр болсон тул бидэнд хэрэггүй, цаашид та нар л энэ газрыг хамтран эзэмших хэрэгтэй гэсэн юм. Тухайн үед манай дүү Н.Н нь өөрийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан тул газрын эзэмших эрх Н.Н-д шилжсэн юм. Ингээд бидний аав 2009 онд, ээж 2014 онд нас барснаар манай дүү Н.Н биднийг ... тоот газрыг өөрийнхөө мөнгөөр авсан гэж худал ярин, биднийг хашаа суллаж өг гэж хөөж туух болсон. Хашаа газрыг 2008 онд шилжүүлэн авснаас хойш засвар арчлалтын ажлыг бид адилхан хариуцаж, хөрөнгө мөнгө гаргаж ирсэн. Бид төрсөн эгч дүүс тул өөрийн аав ээжээс үлдсэн хөрөнгийг адилхан өв залгамжлан авах эрхтэй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийг өөрийн дүү болохоор нь итгээд өөриийнх нь нэр дээр гаргуулсан байхад итгэл эвдэж, өөрийн мөнгөөр авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ..... тоот газар дээр манай аав ээж 2008 оны зун нүүж ирсэн. Тухайн үед би аав ээжийнхээ гэрийх нь бариаг нь засаж өгчихөөд хөдөө явсан. Манай аав бүтэн харвалт өгсөн ярих боломжгүй байсан. Манай аав ээж өндөр настай байсан учраас мөнгө төгрөг хэрэг болоод ээжээс тэтгэврээ яасан юм бэ гэхээр хашаа газар авах гээд зээл авсан гэж хэлдэг байсан. Ахмад дайчдын 500 000 төгрөг гардуулж байхад нь Хаан банк дээр очиж хамт хадгаламжинд нь хийж байсан. Н.Н нь аав ээжийн 800 000 төгрөг л энэ хашаа газарт орсон гэдэг боловч эцэг эхийн минь үгүйг далимдуулж миний 100 хувийн хөрөнгөөр авсан гэж дайрдаг. Энэ хашаа газарт чиний ганц төгрөг ч ороогүй гэж надад хэлдэг. Энэ хашаа газарт жорлонгийн нүх ухуулж байхад би хувь нэмрээ оролцуулж байсан. Хашаа газрыг сэргээн засварлаж, будаж байхад би хувь нэмрээ оролцуулж байсан. 2008 онд энэ хашаа газрыг Баатар гэдэг хүнээс худалдаж авсан гэж яриад байгаа. Тухайн үед яагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм. Би өөрийнхөө мөнгөөр авсан, би өөрийнхөө хөдөлмөрөөр авсан гэж дандаа бусад руугаа дайрч чичилдэг юм. Өмнө нь манай эгчийнх амьдарч байсан. Манай ахынх амьдарч байсан. Мөн ялгаагүй ингэсээр байгаад  нүүлгэсэн. Манай эгчийг бас үс гэзэгнээс нь татаж чангааж нүүлгэсэн байгаа. Энэ газрыг тухайн үед өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан юм бол яагаад газрын гэрчилгээн дээрээ 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Мөнхжаргал гэдэг хүн олгосон байдаг нь ямар учиртай юм бэ. Би 2008 оноос тухайн хашаа газрыг манай эцэг эхийн нэр дээр байдаг гэж бодож явдаг байсан. Газрын албан дээр очоод шүүлгээд үзэхээр 2019 оны 06 дугаар сард Н.Н-ийн нэр дээр гарсан байна гэсэн гэрчилгээ л байсан. Энэ бүхнийг би гайхаж байна. Хамгийн гол нь ээж минь тэгж хэлдэг байсан, ээж аавын мөнгө миний бага ч гэсэн орсон байгаа. Энэ бүхэнд би дүүдээ үнэхээр гомдсон. Тухайн үед манай охиныг дарамталж, үүд пин сав эвдлээд өөрийнхөө юмыг авна гэж хэлэхдээ яагаад аятайхан эв зүйгээр ярихгүйгээр дандаа дайрч давшилж, дарамт үзүүлж, бусдын биед гэмтэл учруулж байгаад гомдож байгаа. Би одоо хүртэл байнга өвчин намдаах эм ууж байгаа. Дээрээс нь хоёр гурав дахиж эмнэлэгт үзүүлсэн. Одоо ч эмнэлэгт хэвтэж байгаа. Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Би нүүхгүй гэж хэлж байгаагүй. Гэхдээ ээж ааваасаа ганц үлдэж байгаа хашаа газрыг харсаар байгаад хэн нэгэнд заруулахыг хүсээгүй. Дээрээс нь би өөрөө толгой тархины гэмтэлтэй, охин минь тун удахгүй төрөх гэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Би өмнө нь нүүж чадахгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин одоо бол нүүж чадахгүй. Би өөрөө өвчтэй. Дээрээс нь хүүхэд минь төрөх гэж байгаа. Эцэг эхийн минь мөнгө орсон учраас нүүж чадахгүй. Яагаад төрсөн дүү минь надад ингэж хатуу хандаж байгаа юм. Эвлэрье гэж би хэлсэн. 100 хувь миний мөнгөөр авсан гэдэг нэрийдлээр бусад руу ингэж дайрч давшилж байгааг би үнэхээр гайхаж байна. Эзэмшигч нь болохоор энэ газраас нүү гэж хэлж байна. Ямар учраас мөнгө бий болсон бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ хүн 2000 оны дундуур тусдаа гарчаад бүтэн тавилга авсан. Ямар үндэслэлээр тэр газрыг авсаныг би гайхаж байна. 2008 онд Баатар гэдэг хүнээс тэр газрыг авсан юм уу гэхээр Удвалцэцэг гэж хүний нэр дээр байдаг. Тэр бүхнийг нь би гайхаад байдаг. 2009 оны 10 дугаар сард энэ хүн эзэмшигч нь гээд гэрчилгээн дээрээ байдаг. Бид 2008 онд нүүж очсон. Тэр үед яагаад шилжигдээгүй байсан. Манай эцэг 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энэ хүний нэр дээр очсон байдаг. Ямар учиртай байдаг юм. Би үнэхээр гайхаж байна. 100 хувь миний өмч гээд бусад руугаа дайрчихдаг. Манай эцгийн 1 өрөө байр хотод байдаг. Тэр байрыг манай дүү ярьсаар байгаад бид зөвшөөрөөд өөрийнхээ нэр дээр болгосон. Тухайн үед эгч дүү гээд би итгэж явсан. Ямар ч зөвшөөрөлгүй ирж буусан гэж ярьж байна. Би тухайн үед ээжийгээ амьд сэрүүн байхад хүний хашаанд байх хэцүү юм гэсэн чинь хүрч ирээд буу гэж хэлж байсан. Би ээжийнхээ зөвшөөрлөөр ирж буусан гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ............ тоот газрын гэрчилгээ нь хэрэгт авагдсан байдаг. Н.М-ийн эзэмшилд уг газар байхгүй. Уг газрыг бусдад худалдах гэхэд Н.М нь саад учруулаад байгаа. Саад учруулаад худалдан борлуулж чадахгүй байгаа учраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг. Яг ямар хэлбэрээр яаж саад учруулаад байгаа нь тодорхойгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй. Н.М нь нүүхгүй гэж хэлээгүй. Хүүхэд төрөхөөр нүүнэ гээд яриад яваад байдаг. Гэтэл үүнийг саад учруулж байгаа гэж үзээд байгаа юм уу, яг юуг саад учруулж байгаа гэж үзээд байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иймд Н.Н-ийн эзэмшлийн Жаал-Уулын 3-7 тоот газраас Н.М-г албадан нүүлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд Н.Н нь нэхэмжлэл гаргасан. Энэ өдрөөс өмнө Н.Н-гийн эзэмшил ашиглалтанд саад учруулсан зүйл Н.М-ийн зүгээс байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтад Н.Н-ийн эзэмшил ашиглалтанд саад учруулаад байгаа идэвхитэй үйлдэл байдаггүй. Хүүхэд төрөхөөр нүүнэ гэж хэлж байснаас нүүхгүй, үхсэн ч нүүхгүй гэж хэлж байсныг нотолсон тийм зүйл хэрэгт байдаггүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ...тоот газраас Н.М-ийн эзэмшилийн нэг гэр, 2 амбаар /пин/ албадан нүүлгүүлэхийг шаарджээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэжээ.

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, Их-Уул .... тоот хаягт байрлах, нэгж талбарын 4608030123 дугаар бүхий 750м2 газрын эзэмших эрхийг Н.Насанбуянд олгож улсын бүртгэлийн бүртгэлийн Э-1105000137 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, .....тоот хаягт байрлах, нэгж талбарын 4608030123 дугаар бүхий 750м2 газрын эзэмших эрхийг эрх шилжүүлж байгаа этгээд болон хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хариуцагч Н.М нь эрх шилжүүлэх хэлцэл хийсэн этгээд гэдэг нь нотлогдохгүй байна.

 Н. Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, ......... тоот хаягт байрлах, нэгж талбарын 4608030123 дугаар бүхий 750м2 газрыг гэр бүлийн хэрэгцээ зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмших эрхтэй этгээд болох нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 Нэхэмжлэгч Н.Н-ийн эзэмших эрхтэй 750 м2 газар дээр хариуцагч Н.М-ийн нэг гэр, 2 пин байдаг үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилийн газраа бүрэн эзэмших, ашиглахад хариуцагчийн дээрхи эд хөрөнгөө байрлуулсан үйлдэл саад болж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч үүнийг баримтаар няцаахгүй байна.

          Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэсэн байх тул Н.Н нь тухайн газрыг эзэмших эрх бүхий этгээдийн хувьд өмчлөгчийн нэгэн адил эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд саад болж буй саадыг арилгуулахыг тухайлбал, нэг гэр, хоёр амбаар /пин/-ыг нүүлгэж, газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .......... тоотод байрлах газраас Н.М-ийн нэг гэр, хоёр амбаарыг нүүлгэж, газрыг чөлөөлсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Н.Н-аас 1 164 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ