Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 216/МА2019/00015

 

“А д о б а з”-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00136 дугаар шийдвэртэй, “А д о б а з”-ны нэхэмжлэлтэй Ш.Б холбогдох Төрийн өмч хөрөнгийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 51,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.Б, прокурор Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А д о б а з” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Малхын аймаг дундын отрын бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажиллах хугацаанд тус захиргаанаас Ш.Б ОХУ-д үйлдвэрлэсэн Rostselmash Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгний үнэ бүхий шинэ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ш.Б нь 2015 оны 10 сард ажлын байраа дур мэдэн орхиж, хариуцуулж өгсөн өвс хаман боогчийг Н.Г худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин байгууллагад хохирол учруулсан. Тус захиргаа нь уг өвс хаман боогчийг Мал хамгаалах сантай 2014 онд №2014/ТТ04 тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байсан ба энэхүү тоног төхөөрөмжийг Ш.Б нь өөрийн биеэр Мал хамгаалах сангийн агуулахаас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Говьсүмбэр аймаг руу ачуулан авч явсан байна. Ш.Б нь уг хаман боогчоор 2014, 2015 онуудад хувиараа хадлан бэлдэж, байгалийн өвс бэлдэж боож, боосон өвсөө бусдад худалдаж, ашиг олсон бөгөөд байгууллагын өвс хаман боогчийг хүлээлгэн өгөлгүй Солонгос улс руу явсан байдаг. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 5.2-т заасны дагуу тус захиргаа нь Мал хамгаалах санд жилд 3 554 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг ч түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар 17 214 284 төгрөгний өр үүссэн байна. Дээрх үүссэн өр нь Ш.Б хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн өр тул Ш.Б гэм хорын хохирол 17 214 284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Прокурорын тогтоолд тэмдэглэсэн 13 660 713 төгрөг нь Мал хамгаалах сангаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар манайхаас нэхсэн төлбөрийн дүн юм. Дээр нь 1 жилийн түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч “А д о б а з” шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ш.Б нь М а д о б хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. А д о б нь тус отрын бүс нутагт малын шим тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд Мал хамгаалах сантай 2014 онд №14/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Rostselmash Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгийг түрээсийн үнэ бүхий хаман боогчийг Ш.Б хариуцуулан хүлээлгэн өгсөн.

Гэтэл Ш.Б нь тус өвс хаман боогчоор малын шим тэжээлийн нөөц бүрдүүлэх бус байгууллагад хамааралгүй бусад этгээдэд түрээслэн ашиглуулж хувьдаа мөнгө авсан хөрөнгө бүрдүүлэх 2014, 2015 онуудад тус хаман боогчийг хувийн зорилгоор ашиглан бусдад өвс боон зарсан. Мөн бусдын өмч хөрөнгө болох өвс хамаг боогчийг бусдад борлуулан нийт 51 250 000 төгрөгийн ашиг олсон байдаг.

Иймд, байгууллагын өвс хаман боогчийг ашиглан олсон ашгаасаа Ш.Б нь байгууллагад нэг ч төгрөгийг орлого тушаагаагүй, төрийн өмч хөрөнгийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51 250 000 төгрөгийг Ш.Б гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А д о б а з 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Би 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл А д о б М талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран, хүлээн авч, явсан нь үнэн. Гэхдээ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээн авах болон А д о б М талын мэргэжилтнээр томилогдсоноос ажлаас халагдах хүртэл хугацаанд Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний талаар надад байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, эсвэл гэрээний хувийг өгсөн, танилцуулсан, тайлбарласан зүйл огт байгаагүй бөгөөд харин нэхэмжлэл гаргах үедээ хавсаргасан баримтаас Мал хамгаалах сан, Отрын бүс хоорондоо гэрээ хийж үйлдсэн болохыг мэдсэн. Би ар гэр, ахуй байдал амьдралаа дээшлүүлэх гэж бусдын адил Солонгос улс руу явж ажиллаж байгаад ирсэн. Солонгос улс руу явахаас өмнө өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж, борлуулж захиран зарцуулж, бусдад худалдсан болох гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан, уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон, Прокурорын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх өвс хаман боогч тоног төхөөрөмжийг намайг Солонгос улсад байх хугацаанд 2016 оны өвөл отрын бүсийн захиргаанаас хүлээн авсан тул байгууллагад учирсан гэх хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо миний бие тус байгууллагад ямар нэгэн өр төлбөр, хохирол төлбөрийн асуудал байхгүй болно. Цагдаагийн байгууллагаас өвс хаман боогчийн элэгдэл хорогдлын үнэ дээр түрээсийн мөнгө нэмэгдээд 18 600 000 төгрөг гэж хэлж байсан. Гэхдээ энэ түрээсийн асуудлаар дараа шүүхэд уулзана гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд М а д о б мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж, өгсөн 18 600 000 төгрөгийн үнэ бүхий Tukan-1600 маркийн өвс хаман боогч 1 ширхэг, 12 000 төгрөгийн үнэ бүхий фургон маркийн автомашины суудал 1 ширхэгийг тус тус хувьдаа завшиж нийт 18 720 000 төгрөгийн эд хөрөнгө завшсан үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Б нь 18 720 000 төгрөгийн хөрөнгө завшсан болох нь тогтоогдож, хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/04 шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш Ш.Б нь улсад нэг ч төгрөг төлөөгүй. Нийт 51 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б 12 352 500 /арван хоёр сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А д о б а з олгож, үлдэх 38 897 500 /гучин найман сая найман зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212 590 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  

А д о б а з нь төрийн өмч хөрөнгө буюу өвс хаман боогчийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 51 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж хариуцагчаас 12 352 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь:

Миний бие 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл А д о б М талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран хүлээн авсан, тус хүлээн авсан өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж борлуулж захиран зарцуулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа А д о б а з холбогдох албан тушаалтанд өвс хаман боогчийг хүлээлгэн өгсөн учир хохирол төлбөргүй гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүхээс уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ намайг өвс хаман боогчийг ашиглан 12 352 500 төгрөгийн ашиг олсон байна энэ нь Хаан банкны хуулга, гэрч О.Т мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч бодит байдалд би тухайн өвс хаман боогчийг бусдад түрээслэн ашиг орлого олсон асуудал байхгүй бөгөөд Н.Г гэгчид худалдсан, би өөрт байх төхөөрөмжөөр хадлан бэлтгэж түүнийгээ бусдад худалдан борлуулж захиран зарцуулсан асуудал юм. Гэтэл миний өөрийн хөрөнгө зардлаар бий болгож бусдад зарж борлуулсан өвсний үнэ болох зардлын холбоотой баримтыг өвс хаман боогчийг ашиглан ашиг орлого олсон мэтээр үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өвс хаман боогч тоног төхөөрөмжийг А д о б а з авч ирснээс хойш редуктор нь эвдэрсэн 2014 онд тэр өвс хаман боогчоор хадлан бэлтгээгүй болох, 2015 онд намар хадлан бэлтгэх гэсэн боловч мөн зүү нь эвдэрч дахин ашиглаагүй хадлан бэлтгээгүй талаар гэрчийн мэдүүлэгт туссан байтал өөр байдлаар тайлбарлан 12 352 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Урьд өмнөх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч гэм хорын хохирол учруулсаны төлбөр гэж нэхэмжилж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаагаа тодорхой тайлбарлахгүй шүүх хуралдааны явцад тодруулж асуусан боловч өөр байдлаар гуйвуулан тайлбарлаж би сайн ойлгоогүй болно. Гэрчээр мэдүүлэг өгсөн Т мэдүүлэг, бид 2-ын хоорондын өвс худалдан борлуулсан, өгсөн гэх баримтууд бол тусдаа асуудал хамааралгүй, А д о б а з өвс хаман боогчийг ашиглан хадлан бэлтгэсэн ашиг орлого олсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Би өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгууллагыг хохиролгүй болгосон, ямар нэгэн байдлаар тус тоног төхөөрөмжийг ашиглаж орлого олоогүй өөр байдлаар өөртөө хадлан бэлтгэж бусдад зарж борлуулсныг тухайн хэрэг маргаанд хамаатуулж үзэх үндэслэлгүй, мөн байгууллагад өвс хадлан бэлтгэж байгууллагад түрээсийн мөнгө төлөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй байхад их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч А д о б а з нь хариуцагч Ш.Б гэм хорын хохиролд 17214284 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн төрийн өмч хөрөнгө ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нийт 51250000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу 12352500 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А д о б а нь хариуцагч Ш.Б өвс хаман боогчийг ашиглан олсон ашгийг буцаан шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагч Ш.Б О.Т 850 боодол өвс зарсан гэж үүний үнэ 4,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч Г, О.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагч Ш.Б тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Ш.Б нь 2014 оны намар буюу 10 сард өвс хаман боогчийг Г гэгчид  худалдсан, тэрээр үүнээс хойш буюу 2015 оны намар хадланд гарч О.Т энэ ондоо өвс худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна.

Мөн хариуцагч Ш.Б нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 6.0 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа гаргаж байсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд 7,262,500 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тайлбарыг гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 .дугаар зүйлийн 167.1.2 –т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...  “12,352,500 төгрөгийг ” гэснийг  “7,262,500 төгрөгийг “гэж,  “38,897,500 төгрөгийг ” гэснийг “43,987,500 төгрөгийг“ гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... ” 212590 төгрөгийг “гэснийг  “131150 төгрөгийг  “ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. ИХШХШТХулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Г.ТЭГШСУУРЬ