Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2019/00184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, М.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, З.Т-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 2 хүүхдэд ногдох хэсэг 39 452 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч З.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би З.Т-тэй 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ихэр хөвгүүн болох Э, И нарыг төрүүлсэн. З.Т нь намайг жирэмсэн байхад Солонгос руу 3 жилийн гэрээгээр ажилд яваад нэг ирээд гэрээгээ 2 жилээр сунгуулаад 5 жил болоод ирсэн. Солонгост байхдаа 2 хүүхдэдээ санхүүгийн тусламж үзүүлдэггүй, үсний даахиар нь өөрийнхөө ээжээр дамжуулан 200 000 төгрөг өгч байсан. Энэ хугацаанд би 2 хүүхэдтэйгээ өөрийнхөө ээж аавтайгаа хамт амьдарч байсан. 5 жилийн дараа Солонгосоос ирээд Москва хороололд байр аваад хадам ээжтэй цуг 1 жил амьдраад З.Т-гийн ээжийн ааш зангаас болж байнга хэрүүл гарч амьдрахад хэцүү болоод би буцаад аав ээж дээрээ ирж амьдарсан. Москва хороололд амьдарч байхдаа 2 ихэр хүүхдээ харъяа дүүргийнх нь сургуульд оруулсан байсан. Хадам ээждээ хөөгдөж 2 хүүгээ аваад Налайхад ирсэн байсан ч 2 хүүгээ сургууль завсардуулахгүй гээд Налайхаас хот руу хүний машин гуйж 2 хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд өглөө нь тартал нь би өөрөө хотын гудамжинд байж байгаад тарахаар нь аваад Налайхад ирдэг байсан. Миний 2 хүүхдийн хичээлийн хэрэгслийг 6 жил ээж, ах эгч нар маань бэлдэж өгдөг. З.Т эцэг хүний үүргээ мэддэггүй, 2 хүүхдэдээ хайр халамж үзүүлж байгаагүй, 8 сарын 31 болоход хүүхдүүдийн хичээлийг яах вэ гэхэд мөнгө болохгүй нь гэж хэлдэг хүн шүү дээ. Москва хороололд авсан байраа зараад шинэ байр захиалаад байж байх хугацаандаа манай аав, ээжтэй цуг 1 жил амьдраад Шинэ өргөө цогцолборт 100 хувийн төлбөрийг өгөөд З.Т-гийн нэр дээр байрны ордер гарсан байсан. Байрны бичиг баримт нь гарсан, байрандаа орно гэж хэлчихээд тэр чигээрээ ор сураггүй алга болсон хугацаандаа 2 хүүхэдтэйгээ холбоо тогтоогоогүй, эцэг хүний үүргээ биелүүлээгүй 5 жил болсон. Урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч З.Т-гийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хаасан байсан, одоо дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул эрх нь зөрчигдөж байгаа 2 хүүхдийн асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Б 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Миний бие гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгө болох ... хаягт байрлах газар, хувийн сууцнаас өөрт болон 2 хүүхдэд ногдох 30 000 000 төгрөг гаргуулахаар ихэсгэж байна. З.Т-тэй 2005 онд танилцаж, 2016-08-17 нд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2006 онд Баянгол дүүрэг, 15-р хороо, 21 дүгээр байрны 19 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авч байсан. З.Т 2016 онд Солонгос руу 3 жилийн гэрээгээр явсан бөгөөд 2011 оны зун ирсэн. 2012 онд Москва хороололд 1 өрөө байр авсан байсан. Тэр байранд би 2 хүүтэйгээ 1 жил орчим амьдарсан. 2012-09-01-нд 2 хүү минь Москва хорооллын ойролцоох сургуульд суралцсан, үүний дараа З.Т Шинэ өргөө хотхонд 2 өрөө орон сууц авсан. 2012-11 сард З.Т-гийн ээжтэй муудалцаж хөөгдсөнөөс болж 2 хүүгээ аваад аав ээж дээрээ амьдарсан. Иймд 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, дундын хөрөнгө болох Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоот хаягт байрлах газар, хувийн сууцнаас өөрт болон 2 хүүхдэд ногдох 30 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: 2019-02-01-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн гудамж 01 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 78 904 549 төгрөгөөр үнэлсэн уг эд хөрөнгөнөөс 2 хүүхдэд ногдох хэсэг буюу 39 452 274 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч З.Т шүүхэд гаргасан тайлбартаа: М.Бтай 2005 онд танилцсан. Танилцсаныхаа дараа удаагүй миний бие Солонгос улс руу гэрээт ажилтнаар ажиллахаар явсан. Энэ үед 2006-07-30-ны өдөр 2 ихэр хүү төрсөн. Төрснийх нь дараа миний бие 7 хоногийн хугацаатайгаар ирж байсан. Монголд байх үед М.Б-гийн ээж намайг дагуулан М.Б-гүйгээр бид хоёрын гэрлэлтийг батлуулсан. Ингэхдээ М.Б-гийн өмнөөс гарын үсгийг зурж батлуулж байсан. Шинэ гэр бүлийн 500 000 төгрөгийг М.Б-гийн ээж авсан ба би огт мөнгө аваагүй. Мөн Солонгост байх хугацаандаа өөрийн ээжээрээ дамжуулан хүүхдүүддээ баяр бүрээр бэлэг хүргүүлж, зарим үед эхнэртээ бэлэн мөнгө өгч байсан. Гэрээт ажилтны хугацаа дуусч Монголд ирж өөрийн ээжийнхээ байсан байранд амьдарсан. Тэр байр нь миний ээжийн авга дүү Заяагийн төрийн албан хаагчийн түрээсийн байр байсан. Заяа эгч өөрийн байраа зарах болсноор миний ээж Шинэ өргөө хороололд 1 өрөө байр авч амьдарсан. Монголд ирсэн даруйдаа эхнэр, хүүхдүүдтэйгээ, ээжтэйгээ хамт амьдарсан. Мөн ирээд удаагүй байхдаа бэр гуйж эхнэрээ болон түүний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлсэн. М.Б нь хамт амьдарч эхлээд хоёр дахь өдөртөө их хэмжээний согтолттой ирсэн ба үүнийг нь миний ээж ёс заншлаа үл хүндэтгэж албан ёсоор гэр бүл болоод 7 ч хоноогүй байхдаа ийм үйлдэл гаргасанд нь маш их гомдож М.Бг болоод намайг зэмлэсэн нь үнэн. Энэ явдалд ямар ч эх хүн зөвөөр ойлгоход хүнд байхыг ойлгож байсан ч миний бие тогтмол эхнэрийнхээ өмнөөс уучлал гуйж байсан. Гэвч эхнэр М.Б ээжээс уучлал гуйхын оронд өөрийгөө өмөөрөн хэрүүл хийснээр нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа намайг эзгүйд тэдний хооронд маргаан үүсч хоорондын харьцаа таарахаа больсон. Аль болох эвтэй байхыг хичээж 2 хүүхдээ баруун аймаг руу авч явж амьдаръя гэхэд М.Б огт зөвшөөрөөгүй. Эцэст нь ээжид маань үл хүндэтгэлтэй хандаад байгааг тэвчих боломжгүйд хүрч тусдаа амьдрах шийдвэрт хүрсэн. Тусдаа амьдарснаас хойш 1 жил орчмын дараа М.Б-гийн аав нас барахад бид хоёр эргээд нийлэх боломж олдсон. Би эргэж нийлээд сайхан амьдрахыг их хичээдэг байсан. Тэр үед М.Б Гранд плаза дэлгүүрт гоо сайханы тасгийн худалдагчаар ажиллаж байсан. Уг тасгийн эзэн нь миний төрсөн дүүгийн нөхрийн нагац эгч нь байсан юм. Гоо сайханы тасгаа цаашид ажиллуулахаа больж буйгаа мэдэгдээд бид хоёрыг үргэлжлүүлэн өөрсдөө хариуцан ажиллах санал тавьсан. Бид хоёр ч зөвшөөрч миний бие ээжийнхээ тэтгэврийг 1 жилээр зээлж, зээл авч бараа авсан. Энэ хугацаанд миний бие Налайхад М.Б-гийнд амьдарсан ба түүний эгчийн нөхөр, түүний ах байнга согтуу ирж, стресстэй орчинд байсан. Сүүлдээ цуг байх боломжгүй байхаар дарамт шахалт үзүүлсэн. Эцэстээ М.Б-гийн эгч нь чи яв, манайд чиний хэрэг байхгүй гэх мэтээр хүүхдүүдийн маань хажууд хэлдэг болсон. Үүнээс хойш ойролцоогоор сардаа 2 удаа хүүхдүүдтэйгээ нууцаар уулздаг. Уулзсаныг мэдвэл хүүхдүүд маань маш их загнуулдаг байсан болохоор би утсаар залгах боломжгүй байсан. Одоо хүртэл хүүхдүүд маань миний ээж, миний дүүгийн нөхрийн фэсбүүк хаягруу нь хандаж аавтайгаа утсаар ярьмаар байна, уулзмаар байна гэхийг сонсоод надад их хэцүү байдаг. Миний бие М.Б-гийн гэр бүлээс болж цаашид хамтран амьдрахад хэцүү байгаа тул салах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүүхдүүдээ хуулийн дагуу тэтгэмжийг эцгийн хариуцлагаа ухамсарлан төлөхийг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч З.Т нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Б-гийн хувьд 2 хүүхдээ өсгөхөд хүндрэлтэй байдаг талаар дурдсан байгаа учраас миний хувьд цаашид 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа ба 2 хүүхдийг ээж нь өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Б 2 хүүхдийг маань эцэгтэй нь огт уулзуулдаггүй, утсаар яриулдаггүйн улмаас миний хувьд эцгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй, хүүхдүүддээ хайр халамж үзүүлэх боломж эцэг надад олгогддоггүй. М.Б бид хоёр 2012 оны 11 сараас хойш тус тусдаа амьдарсан ба одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд түүний нэхэмжилж байгаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн гудамж 1 тоотод байрлах газар, байшинг би ах, дүү хамаатныхаа хөрөнгийг барьцаалан зээл авч байж 2017 оны 10 сард худалдан авсан. Энэ хөрөнгө бол М.Б бид хоёрын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө биш, бидний хамтын хөдөлмөр, хүчээр бий болсон хөрөнгө биш бөгөөд уг газар, байшинг хэзээ бий болсон, хэдийд худалдан авсан нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд үүсч бий болсон хөрөнгө биш хамтын амьдрал дуусгавар болж, биднийг тус тусдаа амьдарснаас хойш буюу 2012 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 сард би өөрийн хөдөлмөр хүчээр бий болгосон хөрөнгө тул түүнийг үүнийг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж хуваах хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Б, З.Т нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлинй 14.5-д зааснаар 206 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И, хүү Т.Э нарыг эх М.Б-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Т-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И, Т.Э нарыг тус тус эцэг З.Т-гээр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гээс сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И /12 настай/, хүү Т.Э /12 настай/ нарт тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Тгээс 39 452 274 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг, эд хөрөнгийн шаардлагад төлсөн 474 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 425 411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 86 796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хонгийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэж гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байна гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Гэр бүлийн дундын хөрөнгө гэж гэр бүл болсноос хойш хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө нь дундын өмч болно. Энэ хуулийн зохицуулалтыг үзэх юм бол яавал гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзэх вэ гэхээр хоёр үндсэн нөхцөл байгаа. Нэгдүгээрт гэрлэлт. Гэрлэлтээ хуульд заасан албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт хамтын амьдрал. Хамтран амьдралын хугацаанд тухайн эд хөрөнгө бий болсон байх явдал юм. Энэ хоёр нөхцөл хангагдаж байж гэр бүлийн дундын өмч гэж үзэх юм. Гэмт хэргийн 4 шинжээс нэг нь дутбал гэмт хэрэг болдоггүй. Үүнтэй адилхан үндсэн шинж байхгүй, бүрдэхгүй тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөгч, дундын өмч гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. М.Б, З.Т нарын хувьд гэрлэлтээ албан ёсоор 2006 онд батлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн ондоо З.Т Солонгос улс руу явж 2012 онд буцаж ирсэн. 2012 оны 11 дүгээр сард М.Б ээжтэй нь маргалдсаны улмаас өөрийнхөө аав, ээж рүүгээ явсан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, мөн хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тайлбараар тодорхой харагддаг. 2012 оны 11 сард З.Т-гийн ээжтэй муудалцсанаас болоод дахиж эргэж нийлээгүй гэдэг. Мөн хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд нэхэмжлэлийн хамгийн сүүлийн хуудсанд ингэж маргалдаж явснаас хойш манай аав, ээжтэй нэг жил амьдраад 5 жилийн хугацаанд ямар ч харилцаа холбоогүй сураггүй алга болсон гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн байдаг. 2014 онд М.Б-гийн аавынх нь бие өвдсөнөөс болж З.Т М.Б-гийн гэрт очиж тодорхой хугацаанд хүргэн хүүгийнхээ үүргийг гүйцэтгээд асарсан зүйл байдаг. Энэ нь 1 жилийн хугацаанд гэдэг нь нэхэмжлэгчийн хүсэлтэд гаргасан тайлбараар харагдаж байдаг. Сүүлд ирсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар дээр энэ талаар зөрүүтэй тайлбарласан байдаг. Үүнийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тусдаа амьдраад 1 жил орчмын дараа 2015 онд М.Б-гийн аав нас барсан. Дахиад 5 мөр явж байгаад нэхэмжлэгч М.Б манай аав 2014 оны сүүлээр нас барсан. Мөн нэхэмжлэл дээр 2014 онд нас барсан гэдэг. Нэхэмжлэгч талаас тайлбарыг гаргах болгондоо цаг хугацаатай холбогдуулаад өөрчлөөд байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх үүрэгтэй. Үүнийхээ дагуу хавтаст хэрэгт авагдсан удаа дараагийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын тайлбарын хэсэг, хүсэлтэд өгсөн хариу тайлбаруудад цаг хугацаа тодорхой харагддаг. Газар бол 2017 оны 5 сард З.Т-гийн өмчлөлд шилжсэн. 2018.08.24-ний өдөр үл хөдлөх хөрөнгө З.Т-гийн өмчлөлд шилжсэн. 2012 оны 11 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон гэрлэгчид, хуульд зааснаар зохих журмын дагуу гэрлэлтээ цуцлуулаагүй ч гэсэн 2012 оноос тусдаа амьдарч байгаа хүмүүс байгаа. М.Б-гийн мэдүүлэгт З.Тг Дорноговь аймагт амьдарч байгааг мэдээгүй. Арга ядаж хуулийн байгууллагад хандаж байж оршин суугаа газрыг нь олж тогтоосон гэж хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд байдаг. 2018.10.10-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс З.Тг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэсэн албан бичгийг явуулж, энэ хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газраас З.Т-гийн хаягийг тогтоолоо гээд 2018.10.25-ны өдөр хариу албан тоот явуулсан байдаг. Нэхэмжлэгч нөхрийнхөө хаана байгааг мэдэхгүй, хариуцагчийг хаана оршин суугааг мэдэхгүй, Цагдаагийн байгууллагаар дамжуулан хайж байхад энэ хөрөнгө бий болсон байдаг юм. Тэгэхээр энэ хөрөнгө нь өөрөө гэрлэгчдийг хамт амьдрах хугацаанд хамтын хүч хөдөлмөрөөр, хамтын үйл ажиллагаагаар бий болсон хөрөнгө биш. Энэ хөрөнгө нь гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгөн дээр суурилаад түүнийг засан сайжруулах явцад бий болсон, эсхүл тухайн хөрөнгөөс засан сайжруулахад суурилаад шинээр бий болсон хөрөнгө байсан бол өнөөдөр хуваахад татгалзах зүйл алга. Гэтэл ийм зүйл байдаггүй юм. Хамтран амьдрах хугацаанд М.Б хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ асарсан, өвчтэй чөлөөтэй, ийм нөхцөлөөр орлого олох боломжгүй тохиолдолд энэ хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж хуваах нь үндэслэлтэй. Гэтэл энэ хүмүүс 2012 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдраад байгаа. Ор сураггүй алга болсон гэж нэхэмжлэгч удаа дараа тайлбар өгдөг. Өнөөдөр шүүхээр хэдий хугацаанд хамт амьдарсан бэ гэдгийг тогтоолгох гээгүй шүү дээ. Хамгийн гол энэ хүмүүсийн хөрөнгө гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын хөрөнгө мөн үү, биш үү гэдгийг тогтоолгох гэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж 39 452 274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хавтаст хэргийн 23-26, 30 дахь талд байгаа хариуцагчийн тайлбарт тусдаа амьдраад 1 жил орчмын дараа буюу 2015 онд М.Б-гийн аав нас барж, бид хоёр эргээд нийлэх боломж олдсон гэсэн тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд мөн 219-06-14 ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн асуултад зохигчид дараах байдлаар хариулсан хариултуудад. Хариуцагч З.Т нь М.Б-гийн эцэг нас барснаас хойш 1 жил орчмын хугацаанд хамт амьдарсан, нэхэмжлэгч М.Б нь манай эцэг 2014 оны сүүлээр нас барахад нэг жил орчмын хугацаанд хамт амьдарч байгаад өөрийн гэсэн байр, орон сууцтай болоод та нарыгаа авна гэх тайлбар, мөн хариуцагчийн 2019-04-01 ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт “манай хэд Налайх дүүрэг рүү явсан, сардаа 3-4 удаа тогтмол уулздаг байсан, хүүхдүүдийнхээ хичээлийг тарсан үед тосож уулздаг” гэх тайлбаруудаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд бичсэн 2012 оны 11 сараас эхлэн тусдаа амьдарсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилдөг дундын эд хөрөнгө мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж тус тус шүүхийн шийдвэрт тусгасан байгаа нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий үнэн зөв гарсан гэж үзэж байна. Учир нь М.Б нь З.Ттэй 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2 ихэр хүү Т.Э, Т.И нар төрсөн.

Дорноговь аймаг, Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюуш 2 гудамж, 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 726 м.кв газар болон мөн тоотод орших 115,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр дангаар З.Т 2017, 2018 онд бүртгүүлсэн нь нотлогдож байна.  Энэ баримт нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш бий болсон үл хөдлөх хөрөнгүүд гэдэг нь нотлогдож байгаа тул шүүгчийн хэрэглэсэн хуулийн зохицуулалт зүйлчлэлийг буруутгах ямар ч үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Хүүхэд орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 16 дугаар зүйлийн 16.1-д нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдалд халдаж болохгүй гэсэн зохицуулалтын хүрээнд шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хуулийг зөв хэрэглэж, шийдвэрлэснийг буруутгах ямар ч үндэслэл алга байна.  Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч маань бүгдийг сая хэлчихлээ. М.Б аавынхаа нас барсан цаг хугацааг 2 өөрөөр бичээд байгаа. Би үйлчилгээний байрыг авах гэж дүүгийнхээ хадам ээжийн байрыг, хүргэнийхээ байрыг тавьж байж банкнаас зээл авч авсан юм. Би одоо ч гэсэн зээлтэй явж байгаа. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгийг шууд аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн зүйл байхгүй. М.Б маш зөрүүтэй юмыг хэлээд байна. Өмгөөлөгч нь хүртэл шууд тулгаж асуугаад янз бүрийн өдөөн хатгасан зүйлийг асуугаад байгаа. Солонгос улсаас ирээд эхний нэг жил амьдарсан. Амьдрахад үнэхээр болоогүй учраас тэр чигтээ тусдаа амьдарсан. Аавынх нь бие өвдөхөд хүргэнийхээ хувьд очиж, богинохон хугацаанд асарсан. 2012 оноос М.Б бид хоёр аль аль нь ажил төрөл хийгээгүй. 2017 оноос эхлэн би ажил хийж эхэлсэн. Хамаатнуудынхаа байрыг тавьж байж энэ хөрөнгийг авсан. Түүнээс биш надад эд хөрөнгө байгаагүй гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Тд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүү Т.И, Т.Э нарт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018.12.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-28/ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд оногдох хэсэгт 30000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба мөн 2019.05.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-167/ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамж 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 2 хүүхдэд ногдох хэсэгт 39452274 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Т эс зөвшөөрч хүүхдийн асрамжийн талаар болон Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамж 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчээс тусдаа амьдарсанаас хойш бий болсон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн эс зөвшөөрч “... Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжны 1 тоотод байрлах 115,2 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь зохигчдын хамтран амьдарсан хугацаанд бий болсон өмч биш болох нь тогтоогдсон байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж ... нэхэмжлэлийн шаардлагаас 2 хүүхдэд ногдох хэсэг 39452274 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн  өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Б, З.Т нар нь 2006 оны 08 дугаар сарын 17-ны гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болж /хх-13/, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ихэр хүү Т.И, Т.Э нар нь төрсөн /хх-14/ боловч тэд таарамжгүй харьцааны улмаас 2012 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн ба цаашид хамтран амьдрах боломжгүйгээ харилцан илэрхийлсэн, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон /хх-27/, шүүхээс тогтоосон хугацаанд эвлэрээгүй /хх-164/ зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүү Т.И, Т.Э нарыг эх М.Б-гийн асрамжинд үлдээж, эцэг З.Тгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-д тус тус нийцжээ.

            Мөн зохигчид Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжны 1 тоотод байрлах 115,2 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эсэх талаар маргаж, улмаар анхан шатны шүүх уг үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж,  гэр бүлийн гишүүд болох хүү Т.И, Т.Э нарт ногдох хэсэгт 39452274 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-т нийцжээ.

            Тодруулбал нэхэмжлэгч М.Б, хариуцагч З.Т нар нь 2012 оноос хойш тусдаа амьдарсан, хариуцагч З.Т нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдан авсан /хх-40/ болох нь тогтоогдсон хэдий ч энэ хугацаанд зохигчдын гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр, тэд гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болно.

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг тодорхойлохдоо гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг ойлгохоор тусгагдсан байх бөгөөд энэ нь гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарахаас гадна гэрлэгчдийн тусдаа амьдарсан шалтгаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Улмаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтрөн өмчлөх дундын эд хөрөнгө болох бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжны 1 тоотод байрлах 115,2 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч З.Т-гийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэхүү татгалзал тайлбараа нотлоогүй ба гэрлэгчдийг хамтран амьдраагүй гэдэг шалтгаанаар дээрх хугацаанд бий болсон хариуцагч З.Т-гийн нэр дээрх хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт буюу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-39, 40, 41/ баримтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь газрын хамт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХААН банкинд барьцаалбаргүй барьцааны гэрээний зүйл болон бүртгэгдсэн,  хариуцагч З.Т нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдан авсан тухай тэмдэглэгдсэн, мөн ХААН банк хариуцагч З.Т нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс /хх-123/ үзэхэд уг зээлийг бизнесийн зориулалтаар олгогдсон байх ба энэхүү нотлох баримтуудаар хариуцагч З.Т нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуваарьт хөрөнгөөрөө худалдан авсан болох нь нотлогдож тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2019/00184 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ