Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2019/00184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...-д оршин суух М.Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дорноговь аймаг, ...-д оршин суух З.Т /РД:/-д холбогдох

           Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 2 хүүхдэд ногдох хэсэг 39 452 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч З.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Т-тэй 2005 онд танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2 ихэр хүү Т.Э, Т.И нар төрсөн. З.Т нь Солонгос улсад 5 жил байхдаа хоёр ихэр хүүдээ санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй, миний  хоёр хүүхдийн хичээлийн хэрэгслийг 6 жил ээж, ах, эгч нар минь бэлдэж өгсөн. З.Т нь Солонгос улсаас ирээд өөрийн нэр дээр байр худалдаж аваад ор сураггүй алга болсон. Энэ хугацаандаа хоёр хүүхэдтэйгээ холбоо тогтоогоогүй, эцэг хүний үүргээ биелүүлээгүй 5 жил болсон. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюуш-2 гудамж, 1 тоотод байрлах газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 хүүхдэд ногдох хэсэг 39 452 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч З.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие М.Б-гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2 хүүхдээ өсгөхөд хүндрэлтэй байдаг талаар дурдсан байгаа учраас миний хувьд цаашид 2 хүүхдээ өөрийн асрамжид авч өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй байсан. 2 хүүхдийг ээж нь өөрийн асрамждаа авахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч одоо энэ шаардлагыг зөвшөөрч байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл М.Б-гийн хувьд 2 хүүхдийг маань эцэгтэй нь огт уулзуулдаггүй, утсаар яриулдаггүйн улмаас миний хувьд эцгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй, хүүхдүүддээ хайр халамж үзүүлэх боломж эцэг надад олгодоггүй. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамж, 1 тоотод байрлах газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас нэхэмжлэгч 2 хүүхдэд ногдох хэсэг 39 452 274 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч М.Б бид хоёр 2012 оны 11 дүгээр сараас тус тусдаа амьдарсан ба одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд түүний  нэхэмжилж байгаа Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн гудамж, 1 тоотод байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг би ах, дүү, хамаатныхаа хөрөнгийг барьцаалан зээл авч байж 2017 оны 10 дугаар сард худалдаж авсан. Энэ хөрөнгө нь бидний хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө биш, бидний хамтын хөдөлмөр, хүчээр бий болсон хөрөнгө биш бөгөөд уг газар, байшин хэзээ бий болсон, хэзээ худалдаж авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэр гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд үүсч бий болсон хөрөнгө биш хамтын амьдрал дуусгавар болж, биднийг тус тусдаа амьдарснаас хойш буюу 2012 оны 11 дүгээр сараас хойш 2017 оны 10 дугаар сард би өөрийн хөдөлмөр хүчээр бий болгосон хөрөнгө тул үүнийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж хуваах хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 2 хүүхдэд ногдох хэсэг 39 452 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Нэхэмжлэгч М.Б, хариуцагч З.Т нар нь 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсноо 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ихэр хүүхдүүд болох хүү Т.И, Т.Э нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13-14-р хуудас/,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу шүүхийн 2019 оны 04-р сарын 01-ний өдрийн 136/ШЗ2019/00399 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг 2 сарын хугацаанд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид тухайн хугацаанд эвлэрч амьдраагүй байна. /хх-157-159 дүгээр тал/

           Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүх  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

          Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

          Хүүхдийн асрамжийн талаар:

          Гэрлэгчдийн дундаас төрсөн 12 настай, ихэр хүүхдүүд болох хүү Т.И,  хүү Т.Э нар нь эрүүл бойжин, дунд сургуульд суралцаж байгаа болох нь өрхийн эмчийн болон сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-9-12 дугаар тал/

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болох ба хариуцагч З.Т хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч тайлбар гаргасан тул хүү Т.И, хүү Т.Э нарыг эх М.Б-гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Т-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдаж шийдвэрлэв.

           Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч З.Т-гээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И /12 настай/, хүү Т.Э /12 настай/ нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

             Гэрлэгчдийн эд хөрөнгийн маргааны талаар:

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн”,

           Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна,

           Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олгоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж тус тус заажээ.

           Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарах ба Б.Б, З.Т нар нь 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсноо 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /хх- 13 дугаар тал /

            Дорноговь Сайншанд сум 1 дүгээр баг, Аюуш 2 гудамж 1 тоот гэр бүлийн  хэрэгцээний зориулалттай, 726 мкв талбай газрын өмчлөгчөөр З.Т-г 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн,

             Дорноговь Сайншанд сум 1 дүгээр баг, Аюуш 2 гудамж 1 тоот 115.2м2 талбайтай, үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр З.Т-г 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр тус тус бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-42-43 дугаар тал/

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дээр дурдсан эд хөрөнгийг үнэлэх шинжээчээр хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон. /хх-46-48   дугаар тал/  

           Шинжээчээр томилогдсон “Ашид билгүүн” ХХК нь “...Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюуш-2 гудамж, 1 тоот хаягт байршилтай газар болон үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 78 904 549 төгрөг байна…” хэмээн дүгнэлтээ гаргасан байна. /хх-ийн 72-74 дүгээр тал /

          Гэр бүлийн дундын өмчлөл нь зөвхөн гэрлэлтийн үндсэн дээр үүсдэг.

           Гэрлэгчид нь хамтран амьдрах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлдэг тул “хамтран амьдарсан хугацаанд” гэх ойлголт нь гэр бүлийн дундын өмчлөлийг тодорхойлох шинж мөн боловч гэрлэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

            Энэ утгаар гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамтран амьдарсан хугацаа бага үндэслэлээр эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн биш гэж үзэх, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах зарчмыг баримтлахгүй байх үндэслэлгүй юм.

 

            Иймээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг дараах байдлаар хувиарлах нь зүйтэй гэж үзэв.

78 904 549 төгрөг / эд хөрөнгийн үнэлгээ/

19 726 137 төгрөг /нэг гишүүнд ногдох хэсэг/

39 452 274 төгрөг  /хүү З.И, З.Э нарт ногдох хэсэг/

            Иймд хариуцагч З.Т-гээс 39 452 274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг, эд хөрөнгийн шаардлагад төлсөн 474 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 425 411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 86 796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Б, З.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И, хүү Т.Э нарыг эх М.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Т-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдсугай.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И Т.Э нарыг тус тус эцэг З.Т-гээр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гээс сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ихэр хүүхдүүд болох хүү Т.И /12 настай/, хүү Т.Э /12 настай/ нарт тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

           6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Тгээс 39 452 274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

           7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгасугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг,  эд хөрөнгийн шаардлагад төлсөн 474 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 425 411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Т-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 86 796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

             11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                       

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА