| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 106/2018/0620/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 25
Ч.Н, Г.Т, Б.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч О.Е, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Г.Т, түүний Л.Галбадар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 948 дугаар магадлалтай, Ч.Н, Г.Т, Б.М нарт холбогдох 1705016960533 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, З овогт Ч-ын Н,
2. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Г-ын Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н, Г.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Н, Г.Т нарт холбогдох хэрэгт хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ж.Ганболд гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н, Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн.
Учир нь шүүгдэгч Ч.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б-ын мэдүүлэг болон эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан камерийн бичлэгийг шинжлэн судлахад “...шүүгдэгч Ч.Н нь хохирогч Е-тэй харилцан заамдалцан зууралдсан байхад шүүгдэгч Т нь тэднийг салгахаар Ч.Н-гийн хойноос хоолойноос нь татсаны улмаас шүүгдэгч, хохирогч нар газар унаж байгаа харагдаж байна. Түүнчлэн Ч.Н, О.Е нар хэн хэнийгээ заамдалдсан чигээрээ татагдсан, хохирогч Е нь шүүгдэгчийг түлхэх хүч үйлчлэн хашлаганд хохирогч Е тээглэн унасан...” гэж шүүх дүгнэлт хийсэн бөгөөд эд мөрийн баримтыг шинжлэн судалсантай холбогдуулж шүүгдэгч, хохирогчоос улсын яллагч болон өмгөөлөгч нар дэлгэрэнгүй асууж тодруулсан, нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж хэргийн шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн гэж үзэж байна.
Мөн шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчим Есүхэйг “мөрлөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заамдалцсаны улмаас татагдаж унагаан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн субьектив шинжгүй байна.
Өөрөөр хэлбэл Ч.Н нь өөрийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон бусдыг зодож гэмтэл учруулах гэмт санаа зорилгыг анхнаасаа төлөвлөөгүй, хууль ёсны шаардлага тавьснаас маргаан үүсэж барьцалдсан болохоос биш Е-ийн биед гэмтэл учруулна гэж ухамсар, хүсэл зоригийн үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Н, гэрч Д.Б, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан камерийн бичлэг зэрэг баримтаар нотлогдож байна. Мөн Г.Т-ыг хоолойноос хойш татахад урд байсан зүйл харагдахгүй байсан. Ч.Н нь унаж гэмтэхгүй гэсэндээ Е-ээс тавиагүй байсан үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг учруулах гэмт хэргийн шалтгаант холбоо болохгүй гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмуудыг баримтлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гараагүй. Яагаад гэвэл Ч.Н-г О.Е мөрлөсөн гээд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөрлөөгүй нь тогтоогддог. Ч.Н- нь баарны үүдэнд 30 минут орчим танхайрсан нь камерын бичлэгт харагддаг. Миний үйлчлүүлэгчийг ломбард руу ороход дагаж ороод дүү нь гарыг нь бариад Ч.Н- хоолойг нь боосон байдалтай байж байхад нь Г.Т- гарч ирээд болио гэж хэлэхэд тавиагүй. Г.Т-ыг татаад унагаасан гэж ярьдаг боловч камерын бичлэг Ч.Н О.Е-г татсаар байгаад унагаадаг. Ч.Н маш их согтсон. Энэ үйлдлээс болоод О.Е нь гэмтэл аваад 20 кг орчим турсан. Ямар ч архи уугаагүй, ажилаа тараад явж байхад Ч.Н нь О.Е-д халдлага хийсэн. Ч.Н нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээгээд хохирол болох 3,500,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Гэтэл шүүх чи яагаад энэ мөнгийг өгөх гээд байгаа гэж хэлсэн. Б-аас та энэ гэмт хэрэгт буруутай юу гэхэд тиймээ би буруутай О.Е-ийн гарнаас бариад унагаасан гэж хэлдэг. Энэ 2 хүний хамжсан хүний үйлдэл байна гээд гомдол гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Галбадар хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс Г.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Улсын яллагчаас Г.Т нь 3 хүнийг татаад унагаасан гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Ч.Н- гэдэг хүний үйлдэлд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр байна гэж улсын яллагчаас оруулж ирсэн. Анхан шатны шүүхээс Ч.Н-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй Г.Т-ыг буруутгаад байгаад юм. Камерын бичлэг байгаа. Г.Т татаж унаагаагүй, тэрнээс болж О.Е-д хүнд гэмтэл учраагүй” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Энэ хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гаргасны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчим алдагдсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Н, Г.Т, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоож, прокуророос шүүгдэгч Ч.Н, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүхээс Ч.Н, Г.Т нарт холбогдох О.Е-д хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Ч.Н, О.Е нар нь харилцан заамдалцсан байдалтай зогсож байхад тэднийг салгах зорилгоор Г.Т татсаны улмаас Ч.Н нь хохирогч О.Е-тэй хамт унаж О.Е гэмтсэн үйл баримтыг шүүхүүд тогтоожээ.
Энэ тохиолдолд О.Е-д гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй Ч.Н-д гэм буруу байхгүй бөгөөд өмнө нь хохирогчийг өдөж хоргоосон, зуурсныг О. гэмтсэн үр дагавартай шууд шалтгаанаар холбох боломжгүй. Харин О.Е-ийн гэмтэл нь Г.Т-ын татсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч энэ нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хийгдсэн, түүний таталтын улмаас хохирогч хамт татагдаж унах, замдаа хашлаганд бүдрэх, толгой тус газраараа хатуу зүйлд таарч унах зэрэг нэг цаг хугацаанд үүсэх хэд хэдэн нөхцөл байдлын нөлөөллийг урьдчилан мэдэх, тооцох боломж байгаагүйг үндэслэн хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэв.
Ч.Н, Г.Т нарын үйлдлийг гэм хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй тул О.Е-д учирсан хүнд хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхих бөгөөд мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг зөвтгөх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолд:
“Шүүгдэгч Б.М-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 5 дахь заалтыг иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг заасан өөрчлөлтийг оруулж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 948 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН