Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2023/0162

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр                  Дугаар 111/ШШ2023/0162                      Номгон

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй,

   Нэхэмжлэгч: “Аурум металс” ХХК

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оргилбаяр,

   Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нарын хоорондын  холбогдох “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оргилбаяр, хариуцагч Т.Нямжаргал, иргэдийн төлөөлөгч С.Саран, нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.      

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” албан бичгийг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны А/109 дүгээр “Газар чөлөөлөх” захирамжийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК тус шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 113/2018 дугаар албан шийдвэрээр гомдол гаргасан байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга хуулийн хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй тул 2018 оны 12 дугаар 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

   3. Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших “Их булаг” нэртэй газарт МХ-012197 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрийн дагуу хууль ёсоор эзэмшиж байна.

   Манай компани Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого,
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын
2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх
хөтөлбөрт алтны олборлолт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс эх орны
эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах бодлогын
хүрээнд холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн, үйл ажиллагаагаа явуулдаг.

Тодруулбал, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012
оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан усны сан бүхий
газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг болон археологийн
дурсгал илэрсэн 106.65 гектар талбайг буцаан өгч хуулийн зөрчлүүдийг бүрэн
арилгасан.
Мөн Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг
хууль, тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу ордын ТЭЗҮ, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зэрэг
холбогдох бүхий баримт бичиг, зөвшөөрлийг журмын дагуу эрх бүхий
байгууллагуудаас гаргуулан ажиллаж байна.

   Гэтэл сумын Заг сумын Засаг дарга Компанийн хууль ёсны үйл
ажиллагааны талаар мэдсээр байж 2018 оны 09 сарын 28-ны өдөр 1/163 тоот
“Ажил эхлүүлэхгүй байх тухай”, 2018 оны 10 сарын 02-ны өдөр “Газар чөлөөлөх
тухай” шийдвэрүүдийг гарган Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн
27.1.8-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч “ашиглалтын үйл ажиллагаа явуулах
зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай
барилга байгууламж барих, түүнийг ашиглах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
зөрчсөн. Тиймээс энэхүү хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу
урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2018 оны 10 дугаар сарын 15-
ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж хариу ирүүлээгүй тул Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь
хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

   Мөн захиргааны актад холбогдуулан дээд шатны байгууллагад нь гомдол
гаргаад байхад Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт
“Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ” гээд 82.2.1-д
“гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэснийг илтэд зөрчин хууль бус шийдвэрийн
дагуу кемпийн зарим хэсэг болох харуулуудын оршин суудаг орон байрыг
албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.

   Нэхэмжлэлийн үндэслэл:

   1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн тухай

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-д “Захиргааны
байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад
харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу маргааны актуудыг гаргах
ажиллагаа, түүний агуулгад Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагууд
тавигдана.    Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг
тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан бөгөөд энэхүү
ажиллагааны хүрээнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх мөн
зүйлийн 4-т заасны дагуу “...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг
нарийвчлан шинжилж судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач
холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх
хэсэгт “...нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны
байгууллага цуглуулна” гэж тус тус заажээ. Уг маргаан бүхий актуудыг гаргахдаа
төсөл хэрэгжүүлэгч компани Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн
эсэх, тусгай зөвшөөрөл өөр этгээдэд шилжсэн эсэх зэрэг наад захын нотлох
баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоохгүйгээр өөрийн субьектив
хандлагаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

   Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын
эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах
тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тусгаад
26 дугаар зүйл оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл сонсох ажиллагааг явуулах
зэрэг ажиллагаануудын нарийвчлан зохицуулж эдгээр ажиллагааг заавал
явуулж үр дүнг нь үндэслэн шийдвэр гаргахаар заасан байна.

   Гэтэл уг маргаан бүхий актуудыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол
нь зөрчигдөж буй манай компанид мэдэгдэж, оролцоог хангаагүйн зэрэгцээ
дээрх хуулиудад заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны ерөнхий ба тусгай журмуудыг зөрчжээ.

   2. Маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлгүй тухай

Маргаан бүхий актууд нь дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны
журам зөрчсөнөөс гадна илт хууль зүйн үндэслэлгүй байна.

   2.1.2018 оны 09 сарын 28-ны өдрийн 1/163 дугаартай “Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэр илт хууль бус болох талаар

   Уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн
захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд
заасан актад тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. Захиргааны ерөнхий
хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах
бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" 40.3 дахь хэсэгт
“Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны
акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” хэмээн агуулга
болон хэлбэрийн шаардлагуудыг тусгасан.

   Захиргааны байгууллагаас аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг
сонирхолд халдах буюу иргэн, хуулийн этгээдэд сөргөөр нөлөөлөх шийдвэр
гаргахдаа хуульд заасан үндэслэлийн дагуу гаргах ёстой. Гэтэл
Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр
“Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэр гаргахдаа хуулийн тодорхой
үндэслэлийг заагаагүй нь шийдвэр илт хууль бус болох хангалттай үндэслэл
болно.
Нөгөө талаар компани нь төслийн үйл ажиллагаандаа Байгаль орчинд
нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй
байна.

   Учир нь “Централ-Эшиа майнинг” ХХК гэх оноосон нэрээ өөрчилж 2018 оны
08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн
этгээдийн бүртгэлийн газарт “Аурум металс” ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэнээс
хойш “Аурум металс” ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

   Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “Централ-
Эшиа майнинг” ХХК нь (хуучин нэрээр) 2017 онд “Хан Монгол Экологи” ХХК-тай
гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дахь “Их булаг” нэртэй
газар МУ-012197 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны
төлөв байдлын үнэлгээний тайланг хийлгүүлсэн, мөн “Хан Монгол Экологи” ХХК-
иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгүүлж
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч Г.Нямдаваа,
Байгаль орчин аялал жуулчлалын яамны шинжээч Д.Тэмүүлэн нараар
батлуулсан байдаг. Иймд манай компанид байгаль орчны үнэлгээ хийлгээгүй
гэсэн нь илтэд үндэслэлгүй юм.

   Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.14 дэх хэсэгт Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээнд тодотгол хийх нөхцөлүүдийг заасан байх бөгөөд уг
зохицуулалтаас харвал Төсөл хэрэгжүүлэгч оноосон нэрээ өөрчлөх нь ТЭЗҮ-ийг
тодотгох, шинэчлэх үндэслэл болохгүй нь тодорхой байна.

   2.2.2018 оны 10 сарын 02-ны өдөр гаргасан А/109 дугаартай “Газар чөлөөлөх тухай” шийдвэр хууль бус болох талаар

   Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт
малтмал ашиглах”
гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго,
хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт
агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон
түүнтэй холбогдсон
бусад үйл ажиллагааг” гэж, 4.1.16-д “ашиглалтын тусгай
зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт
бичгийг” гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл олгосон төрийн
захиргааны байгууллагын шийдвэрээр тухайн газрын гадаргууд үйл ажиллагаа
явуулах эрхийг давхар олгодог. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлөөр олгогдсон
газрыг эзэмшиж, ашиглахгүйгээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг
эрхлэх боломжгүй болох нь тодорхой билээ.

   Энэхүү агуулга нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11-д тус тус
заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах
зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай
барилга байгууламж барих, түүнийг ашиглах, холбогдох хууль тогтоомжийн
тухай газар, ус ашиглах эрхтэй” гэсэн зохицуулалтаас тодорхой харагдана.
Харин тухайн орон нутагт хамаарах газар болохын хувьд газрын төлбөрийг
төлүүлэх, газар эзэмших эрхийн давхар баталгаажуулах зорилгоор газар
ашиглалтын гэрээ байгуулах гэрчилгээ олгох, үүргийг сумын Засаг дарга
хүлээдэг билээ. Нөгөө талаар тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших
эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг манай компанийн зүгээс удаа дараа гаргаж
байсан болохыг дурдах нь зүйтэй.

   Иймд, Газрын тухай хуульд заасан “...зөвшөөрөлгүйгээр газар дээр
барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг
дур мэдэн
эзэмшсэн”
гэх ойлголтод хамаарахгүй болох нь илэрхий байна.

   2.3. Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэгжүүлэх үндэслэлгүй болох тухай

   Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “гомдол
гаргах хугацаа өнгөрсөн, захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй
болсон” гэх 2 тохиолдолд захиргааны шийдвэрийг гүйцэтгэх тухай тодорхой
заажээ. Гэтэл Компаниас маргаан бүхий актуудад урьдчилан шийдвэрлүүлэх
ажиллагааны журмаар гомдол гарган гомдол шийдвэрлэх ажиллагааны хугацаа
дуусаагүй байхад шийдвэрийг гүйцэтгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл боллоо.

   Мөн Захиргааны ерөнхий хуульд шийдвэрийг албадан гүйцэтгэх
тохиолдлыг ихээхэн нарийн хязгаарлалттайгаар тогтоосон. Тодруулбал,
Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт захиргааны
шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэглэх албадлагын төрлийг “торгууль
оногдуулах, бусдаар гүйцэтгүүлэх,
албадан гүйцэтгэх гэж тодорхойлсон бөгөөд
86.2 дахь хэсэгт
“Албадлага нь шийдвэрийн зорилгод тохирсон, тухайн
албадлага чиглэсэн этгээд
болон олон нийтэд хамгийн бага хохирол
учруулахаар
байна” гэж заажээ.

   Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Торгууль оногдуулах,
бусдаар гүйцэтгүүлэх ажиллагаа
зорилгодоо хүрч чадаагүй, тэдгээрийг хийх
боломжгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх
ажиллагааг зохион байгуулна”, 89.2 дахь хэсэгт “Албадан гүйцэтгэх үйл
ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна” гэж заасан атал уг журмын
ноцтой зөрчин зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохирохгүй хууль
бус үйл ажиллагаа явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны улмаас компанид ноцтой хохирол учруулж байгаагаас гадна компанийн ажилтнуудын оршин сууж байсан орон байрыг хүчээр булаан өвлийн 30 градусын хүйтэнд хээр хөдөө
орхих нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж буй үйлдэл болохоос гадна
ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд хэрхэвч нийцэхгүй байгааг
анхаарна уу.

   Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106
дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.7 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор
аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 1/163 тоот
“Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, 2018
оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй
болгож, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох
100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
гэжээ.

   4. Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

    “Уг хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж байна.

   Учир нь, манай компани нь тус аймгийн Заг сумын нутагт орших “Их булаг” нэртэй газар М\/-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба энэ хугацаанд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг болон архилеогийн дурсгал илэрсэн 106.65 га талбайг буцаан өгөх зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.  Улмаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар Заг сумын Засаг даргад 2018 оны 09 дүгээр сард болон 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ авахаар хандсан боловч өргөдлийг шийдвэрлээгүй.

   Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... /-гээс/ ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т "... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах”’-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах”-аар тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэх бөгөөд, харин, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “... /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ газар, ус ашиглах тухай гэрээ... /байгуулах/”-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “..гэрээ байгуулан газрыг эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх”-аар заасан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөхөөр сумын Засаг даргад хандсан боловч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад ямар нэгэн шалтгаангүйгээр эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

   Улмаар бид дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч мөн л хариу өгөөгүй, уг гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан тухай мэдэгдээгүй байна.

Иймд хариуцагчид холбогдуулан “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.      

   5.Аурум металс” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү албан бичиг нь зөвхөн улсын байцаагчийн лацыг хөндөхгүй байхыг уламжилсан буюу аливаа захирамжилсан шинжгүй, мөн зохицуулалт агуулаагүй гэж тайлбарладаг. Энэхүү тайлбар нь үндэслэлгүй. Учир нь, улсын байцаагч нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх лацыг тавихдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасныг үндэслэсэн /XX1-94/. Тус заалтад улсын байцаагч нь “... үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох” эрхтэй талаар заасан. “Аурум металс” ХХК нь энэхүү акт гарсны маргааш буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дээрх зөрчлийг арилгасан тухай тайлангаа хүргүүлсэн байдаг. Бодит байдал дээр тухай зөрчлүүд нь зөрчил гэж үзэхээргүй байсан нь ч ердөө маргааш нь зөрчлийг арилгаснаас тодорхой харагдана. Ийнхүү манай компани уг зөрчлийг арилгасан буюу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хууль эрх зүйн боломж бүрдсэн байсан. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий 1/163 дугаартай бичгийг ирүүлснээр бидний үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан. Сумын албан хаагчид болон ард иргэд энэхүү албан бичигт үндэслэн биднийг үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласаар байсан болно. Эндээс үзвэл дээрх албан бичиг ЗЕХ-ийн 37.1-д заасан захирамжилсан болон зохицуулалт агуулсан шинжийг хангана. Гэтэл энэхүү албан бичигт огт хууль зүйн үндэслэл дурдаагүй нь ЗЕХ-ийн 47.1.6-д заасан “захиргааны акт илт хууль бус байх” хангалттай үндэслэл болно. Мөн дээрх актыг гаргахдаа ЗЕХ-д заасан шийдвэр гаргах ажиллагааны дарааллуудыг огт хангаагүй, хувийн хэрэг бүрдүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

   2. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/109 дугаартай “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай.

   Аливаа захиргааны акт нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлага хуулиар тавигддаг. Гэтэл энэхүү акт нь дээрх шаардлагуудын аль алийг хангаагүй. Тодруулбал: А. Захиргааны акт үндэслэл бүхий байхын тулд захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоох /ЗЕХ4.2.5, 24/ шаардлагатай. Гэтэл хариуцагч нь манай компанийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэсэн цорын ганц үндэслэлээр дээрх актыг гаргасан. Гэвч уг үндэслэл нь буруу болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдах бүхий л үйл явцад сумын иргэд, засаг дарга нар оролцож татгалзах зүйлгүй, дэмжсэн бичиг өгч байсан нь 4 дүгээр хавтаст хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өгсөн баримтаас харагддаг. Харин хариуцагч, түүний төлөөлөгч гэх Д.Туяа нар нь манай компанийн оноосон нэр өөрчлөгдсөн, мөн хуучин нэрээр БОННҮ-г батлуулсныг мэдсээр байж “Аурум металс” гэх нэрээр БОННҮ батлуулаагүй гэсэн тодорхойлолтыг гаргуулан авч, үүнд үндэслэн уг захиргааны актыг гаргасан. Хуулийн этгээд оноосон нэрээ өөрчлөх нь аливаа хуулиар хориглоогүй бөгөөд оноосон нэрээ сольсноор тухайн этгээд БОННҮ-ээр хүлээсэн эрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгаль орчны сайдын 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаартай тушаалаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам”-д ч оноосон нэрээ өөрчилсөн аж ахуйн нэгж нь БОННҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах тухай заагаагүй.

   Б. Шүүх захиргааны актыг хянахдаа зөвхөн түүнд дурдсан үндэслэл нь хууль болон бодит байдалд нийцсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх үүрэгтэй. Гэвч ХХША-ны явцад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх захиргааны актад заагаагүй хэд хэдэн үндэслэл дурдсан байдаг. Эдгээр нь мөн л дээрхийн адил үндэслэлгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдоно. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн кемпийг тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна байсан мэтээр тайлбарласан байдаг. Гэтэл бодит байдлыг шүүгч үзлэг хийн баталгаажуулсан бөгөөд үүнээс үзэхэд манай компанийн барьсан кемпийн талбайн 70 орчим хувь нь тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн байх зарчмын дагуу үнэхээр зөвхөн талбайн гадна байсныг нүүлгэх байсан бол манай компанид кемпийн зарим хэсгийг тусгай зөвшөөрөл бүхий талбай руугаа оруулах мэдэгдэл өгөхөд л хангалттай байсан. Гэвч хариуцагч нар нь зөвхөн кемп нүүлгэх хангалттай бус манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс дээрх албадан нүүлгэх захирамжийг гаргасан байдаг.

   Мөн тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор усны сан бүхий газар байсан гэж маргадаг. Энэ нь үндэслэлгүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 234 235 дугаар хуудаст байх Байгаль орчны яамны лавлагаагаар нотлогдоно. Мөн усан сан бүхий газар байсан ч зөвхөн тухайн газраас 200 метрийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулахыг Монгол улсын хууль тогтоомжоор хориглосон байдгаас компанийг албадан нүүлгэх захирамж гаргах эрх зүйн үндэслэл огт болохгүй.

   В. Дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тодруулбал: Сумын засаг дарга нь актыг гаргахдаа тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан МУЗЗНДНТУтХ- ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг баримталсан. Энэхүү заалтаар Сумын засаг даргад тухайн орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанийн үйл ажиллагааг шууд таслан зогсоох эрх олгоогүй. Харин тухайн компани үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй бол түүнд хяналт тавих, тэрхүү үйлдлийг таслан зогсоох эрх л олгосон. Гэтэл манай компани хууль тогтоомжид заасан байгаль орчин хамгаалах үүргээ зөрчсөн талаар баримт хавтаст хэрэгт огт үгүй, тийм үйлдэлгүй болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримталсан байна. “Аурум металс” ХХК нь МУ-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу маргаан бүхий 283,35 га газрыг эзэмшиж, ашигладаг. Үүний хууль зүйн дэлгэрэнгүй тайлбарыг дараагийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дэлгэрэнгүй тайлбарлана. Гэтэл ийнхүү хүчин төгөлдөр эзэмших, ашиглах гэрчилгээтэй байхад Газрын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримталсан нь үндэслэлгүй. Мөн энэхүү заалт нь тухайн аж ахуйн нэгжид “газар чөлөөлөхийг үүрэгжүүлсэн” эрх зүйн зохицуулалт байна. Хуулийн дээрх заалтын дагуу захиргааны байгууллага газар чөлөөлөхийг аж ахуйн нэгжид даалгах, даалгаагүй тохиолдолд ЗЕХ-д заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх нь тухайн захиргааны байгууллагад нээгдэнэ. Гэтэл маргаан бүхий акт нь шууд албадан нүүлгэх талаар гарсан нь ЗЕХ-д заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн.

   3.Дээрх хууль бус шийдвэрүүдийн улмаас учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай.

   Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдоно. Нэгэнт хууль бус шийдвэрүүд гарсан тул түүнээс учирсан хохирлыг манай компанид төлөх нь зүйтэй. Манай компани нь тухайн үед Галт алтгана ХХК-тай уул уурхайн операторын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ төрлийн гэрээ нь Монгол улсын уул уурхайн салбарт түгээмэл бөгөөд нэг тал нь тусгай зөвшөөрөл, нөгөө тал нь үйл ажиллагааны бүхий л зардлыг гаргаж дараа нь олборлолтын ашгаас дээрх зардлаа нөхдөг. Тодруулбал, манай компанийн Галт алтгана ХХК-тай байгуулсан гэрээний 2.6 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. Энэ зарчмын дагуу бүхий л үйл ажиллагааны зардлыг Галт алтгана ХХК гаргаж байсан бөгөөд дээрх актуудын улмаас үйл ажиллагаа явагдаагүй тул манай компани Галт Алтгана ХХК-д гаргасан зардлыг буцаан төлж хохирсон. Энэ талаар баримтыг миний бие 4 дүгээр хавтаст хэрэгт өгсөн болно. 2 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар хавтаст тухайн үед нотлогдсон нийт зардлын тооцоог хавсаргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ дүнгээс 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

   4.“Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухай.       Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг, мөн хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгоно гэж тус тус заасан. Энэхүү үйл ажиллагаа нь газар ашиглах эрхээс тусдаа байх ямар ч боломжгүй нь газрын гадаргуугаас ашигт малтмалыг ялган авах гэснээс тодорхой харагдана. Энэ ч утгаараа тусгай зөвшөөрөл олгож болох талбайг Монгол Улсын Засгийн газар баталдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.13 дахь заалтаас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг даган “газар ашиглах эрх” нь мөн шилждэг болохыг харж болно. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар нэгэнт тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглах эрхээ олж авсан аж ахуйн нэгж нь тухайн орон нутгийн засаг даргатай газар ашиглах талаар гэрээ байгуулж газар ашигласны төлбөр төлөх болон бусад эрх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар ашиглуулах асуудал нь Г азрын тухай хуулиар бус нарийвчилсан зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Энэ жишиг Монгол Улсын бусад аймаг орон нутгуудын хувьд аль хэдийн жишиг болон тогтсон. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу ИТХ-ын баталсан төлөвлөгөөний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар олгох асуудал шийдэгдвэл Монгол Улсад уул уурхай явагдах боломж хомс. Учир нь орон нутаг бүр их бага хэмжээгээр уул уурхайг эсэргүүцсээр ирсэн нь нууц биш. Иймд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй манай компанитай газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй байгаа нь аймгийн Засаг даргын эс үйлдэл нь хууль бус тул, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагчийн дээрх маргаан бүхий актуудын улмаас манай компани бүтэн 5 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй хохирч байна. Бид анх 2002 онд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, багагүй хөрөнгөөр хайгуул хийж, жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл төрийн нэг байгууллагын гаргасан шийдвэрийг нөгөө байгууллага нь эсэргүүцэж голд нь аж ахуйн нэгж хохирсоор өнөөдрийг хүрлээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.” гэжээ.

   6. Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга миний бие 2018 оны 09 сарын 28-ны өдөр 163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай”, 2018 оны 10 сарын 02-ны өдөр “газар чөлөөлөх тухай” шийдвэрүүдийг гаргасан. Тус албан бичгүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Нэхэмжлэгч нь “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага гарган нэмэгдүүлсэн байна. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах нь хууль тогтоомжид нийцэхгүй болох нь дор дурдсан үндэслэлээс харагдана.

   1.Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах эрхгүй тухайд: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тус компанийн эзэмшиж буй лицензийн талбай нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор баталсан аймгийн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар танай компанид газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй байна.

   Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Централ Эшиа Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа нь хууль бус болох, зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох албан тушаалтанд уламжлахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасан байна.

   Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан. Үүний дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хууль болон дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх шаардлагатай. “Аурум металс” ХХК-ийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 131 тоот албан бичгийн хариуг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоотоор боловсруулан гаргасан. Албан бичгийг 2019 оны 01 сарын 03-ны өдөр [email protected]  хаягаар явуулсан. Албан бичгийн хариу явуулсныг утсаар мэдэгдэхэд өөр хаяг руу явуул гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр [email protected] хаяг руу ахин явуулсан. Мөн цаасаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн шууданд багийн засаг дарга Б.Мөнх-Эрдэнээр хүргүүлсэн болно. Иймд “Аурум металс” ХХК-тай газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...“Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

   Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

   Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

   2. Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн тухайд:

Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Т.Нямжаргал нь шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ тайлбарлахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар надтай утсаар холбогдож яриагүй. Би шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө оролцмоор байна. Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэвэл өмгөөлөгч авч оролцоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцоно гэвэл өмгөөлөгч авахгүй гэв. 

Даргалагч шүүгчээс “Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2019 онд анхан шатны журмаар хянан шийдвэрлээд давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх дээр ирээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзсэн. Ингээд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн захирамжаар хэргийг сэргээсэн. Тухайн үед таныг шүүгчийн туслахын өрөөнд хэргийн материалтай танилцаж байх үед би танд өмгөөлөгч авах эрхтэй талаар сануулж байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа өмгөөлөгч авах талаар хэлж байсан. Тухайн үед яагаад өмгөөлөгч аваагүй талаар тодруулахад хариуцагч надад өмгөөлөгч авах талаар шүүгч сануулж хэд хэдэн удаа хэлснийг хүлээн зөвшөөрч байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч маань байхгүй шүүх хуралдаанд оролцоогүй болохоор өмгөөлөгчтэй орох хэрэгтэй байна. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирж оролцохгүй талаар надтай яриагүй. Би ирнэ гэж ойлгосон. Утсаар ярих гэхээр утсаа авахгүй байсан. Хэрвээ манай итгэмжлэгдсэн төлөөлөгч дараагийн шүүх хуралдаанд ирж оролцоно гэвэл би өмгөөлөгч авахгүй, харин ирэхгүй бол өмгөөлөгч авч оролцмоор байна гэв.

 Шүүгчийн туслах 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдэж баримт үйлдсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин холбогдож шүүх хуралдаанд оролцох эсэх талаар лавлахад би шүүх хуралдаанд оролцохгүй, хариуцагч өөрийн биеэр очиж орно, би Улаанбаатар хотод Баянхонгор аймаг руу яваагүй талаар хэлсэн байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 3 дугаар 03-ны өдрийн 51 дүгээр “ Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын хавсралт “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6 дугаар зүйлийн 6.2.3 “шүүх хуралдааныг товлосны дараа шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №13-ыг үйлдэж хэрэгт хавсаргана..” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн 85691176 дугаарын утсанд холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь баримтаар тогтоогдож байна.

 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд хариуцагч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй.

 Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт гарах үед Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Шүүх хуралдаанд тухайн үед болсон үйл явдлыг би маш сайн мэдэж байгаа, би эрх зүйч мэргэжилтэй гэж тайлбарласан тул хариуцагч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвартай гэж үзэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал байлцуулах шаардлагагүй байна.

“Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг зарласнаас хойш 21 удаа шүүх хуралдаан хойшилсон. Үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 13 удаа, хариуцагч тал 3 удаа, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар 2 удаа, хариуцагчийг ажлаас чөлөөлж, дараагийн хүн томилогдох хүртэлх хугацаанд 2 удаа шүүх хуралдаан хойшилсон байна. 

Хариуцагч нь шүүх хуралдааны явцад  яг өмгөөлөгч авна гэж хэлээгүй бөгөөд авч магадгүй авахгүй байж магадгүй гэсэн салаа утга бүхий тайлбар гаргасан.

  Энэ нь шүүх хуралдааныг өмгөөлөгч авна гэж хойшлуулах хүсэлт гаргаж байна гэж үзэх боломжгүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч орохгүй бол өмгөөлөгч авч магадгүй гэж шүүх хуралдааныг ямар нэгэн байдлаар дахин хойшлуулах санаа зорилготой байна. 

Нэгэнт итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай холбоо барихгүй,  утсаа авахгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэж байгаа тохиолдолд хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд зааснаар татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч өөрөө татгалзахгүй байгаа үйлдэл нь шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулах, шүүх хуралдааныг хийлгэхгүй байх гэсэн санаа зорилго байна гэж үзлээ.

Иймд хариуцагчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 3. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасах тухай гаргасан хүсэлтийн тухайд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ  “..хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан Д.Мэндбаяр нь нас барсан, нас барахаасаа өмнө манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн АuM-21/07 дугаар “Хамтран ажиллах” гэрээ байгуулсан. Уг  хамтран ажиллах гэрээг манай талаас гуравдагч этгээдэд бэлнээр 5.000.000 төгрөг өгөхөөр, харин гуравдагч этгээд нь уурхайтай хамтран ажиллана гэсэн нөхцөлтэйгээр байгуулсан.

 Ингэснээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж эрх хууль ёсны ашиг сонирхлоо энэ гэрээгээр илэрхийлсэн. Манай тал гэрээний үүргээ биелүүлж 5.000.000 төгрөгийг бэлнээр гэрээ хийсэн өдрөө өгсөн. Нэгэнт гуравдагч этгээд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасч шийдвэрлэж өгнө үү..” гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан Д.Мэндбаяр нас барсан нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хариуцагчийг солих зохицуулалт байгаа боловч гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасах зохицуулалт  байхгүй.

Гуравдагч этгээд нь нас барахаасаа өмнө нэхэмжлэгчтэй 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн АuM-21/07 дугаар “Хамтран ажиллах” гэрээ байгуулжээ. Уг гэрээний нийтлэг үндэслэлийн 1.3-д “Оршин суугч нь төслийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж болохыг хүлээн зөвшөөрч улмаар хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн харилцан ашигтай байдлыг бий болгох, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээ байгуулж байна.”, 3 дахь хэсэгт гуравдагч этгээд Д.Мэндбаяр нь 5.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг авна.” гэж зааснаар гуравдагч этгээдэд мөнгийг бэлнээр өгсөн байна. Иймд уг гэрээгээр гуравдагч этгээд нэхэмжлэгчийн явуулах төслийг хүлээн зөвшөөрсөн, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “маргааны эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан бол /нас барсан /шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонирхогч этгээд болон эрх залгамжлагч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргаагүй байх тул гуравдагч этгээдийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан гэж үзэж  хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичиг захиргааны актын шинжийг хадгалсан байх тул захиргааны акт гэж үзлээ.

Уг албан бичигт “..Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг 1 дүгээр багийн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу  багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аурум металс” ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж үйл ажиллагааг таслан зогсоох  талаар сумын Засаг даргад уламжилсан тул Байгаль орчны байцаагчийн тавьсан лацыг хөдөлгөж үйл ажиллагааг явуулахгүй байхыг үүгээр уламжилж байна..”  гэжээ.

Хариуцагч тайлбарлахдаа “Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Баянбулаг 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас  “Аурум металс” ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж таслан зогсоох  талаар сумын Засаг даргад уламжилсан тогтоолууд гарсан.  Мөн сумын иргэд малчдаас энэ уул уурхайн компанийн ажлыг зогсоож өгөөч гэсэн өргөдөл хүсэлтүүд ирсэн. Энэ бүгдийг хэрэгт хавсарган өгсөн.   “Аурум металс” ХХК Ашигт малтмалын тухай хууль зөрчиж байна гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт ,албан шаардлага хүргүүлсэн. Мөн сумын байгаль орчны байцаагчийн акт гарсан байдаг. Энэ акт, албан шаардлагуудад маш их хууль зөрчсөн үйлдлүүд гарч байсан нь нотлогдсон..”  гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа  “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн 2018 оны  8 дугаар сарын 13-ны өдрийн 504/002/211  дүгээр зөрчил арилгуулах тухай албан шаардлага гарсан. Энэ шаардлагын хүрээнд Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дүгээр “Зөвшөөрөл олгох тухай”  тушаалаар “Аурум металс” ХХК-д 2018 оны ус ашиглах зөвшөөрлийг олгосон. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий байгууллага аж ахуйн нэгжийн уул уурхайн эдэлбэр талбайн хилийг тогтоох шав тэмдэг суулгасан ажлын тайланг гаргаж, шав тэмдэг тавьсан, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг” Пик девелопмент” ХХК-иар хийлгэн  буцаан тайлагнасан.

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч нь 2018 оны  9 дүгээр сарын 13-ны өдрийн  05/04/014  дүгээр  “Үйл ажиллагааг түр зогсоох” тухай актыг тавьсан. Энэ актаар илэрсэн зөрчил болох үйл ажиллагааны төлөвлөгөө уурхайн бүсэд байгаагүй байсан гэдэгтээ маргаагүй, бид төлөвлөгөөгөө  гаргасан байсан боловч уурхайн бүсэд байлгаагүй гэдгийг тайлбарлаж, тэр алдааг бид тэр дариуд нь зассан. Үүний дагуу “Үүрэг даалгавар биелүүлсэн тайлан”-г  2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр  гаргаж Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн. Мөн Заг сумын байгаль орчны улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05/04-341 дүгээр “Үйл ажиллагааг түр зогсоох” тухай акт тавьсан. Энэ актад дурьдсан зөрчил нь зөрчил биш байсан. Учир нь “Аурум металс” ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан тайланг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраар батлуулаагүй байна гэсэн, манай компани энэ тайланг “Централ-Эшиа майнинг” ХХК  гэсэн нэртэй байхдаа  гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн тухай акт, албан шаардлагууд гарсан боловч тэр дариуд нь засаад байхад хариуцагч ажил эхлүүлэхгүй гэсэн албан бичиг гаргасан нь гарсан цагаасаа эхлээд илт хууль бус байсан.  Ашигт малтмалын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь манай үйл ажиллагааг зогсоох бүрэн эрхгүй үүнтэй холбоотой ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэж маргадаг.

 Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заажээ”. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон бүх харилцааг ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байна. Энэ нарийвчилсан хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн ашиглалтын үйл ажиллагааг  сумын Засаг дарга  зогсоох талаар бүрэн эрхийг зааж өгөөгүй байна. Харин Ашигт малтмалын тухай 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зааж өгсөн. 11.1.15-д “төрийн захиргааны байгуулага нь  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 56 дугаар зүйлд “..төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийг хэрэгжүүлнэ..” гэж заасан байх  бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх, үйл ажиллагааг явуулахгүй байх, зогсоох тухай эрх хэмжээг хуулиар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгожээ.  Харин хариуцагч болох Баянхонгор аймгийн Заг сумын  Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “Аурум металс” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахгүй байх тухай шийдвэр гаргасан нь буруу юм.  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт”-ыг   илт хууль бус захиргааны акт гэнэ.” гэж хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.2 дахь  хэсэгт сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичгийг гаргасан нь илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнэлээ.

5. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:  

5.1 Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжид “..байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй газар эзэмших зөвшөөрөлгүйгээр Баянбулаг 1 дүгээр багийг “Их булаг”-т үйл ажиллагаа явуулж байгаа “Аурум металс” ХХК-ийг албадан нүүлгэсүгэй..” гэжээ .

 Хариуцагч тайлбарлахдаа “..Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдийн 0/6779 дүгээр Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн ирүүлсэн ““Аурум металс” ХХК  нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй” гэсэн албан бичиг ирсэн учраас бид нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй байна гэж үзсэн. “Централ-Эшиа майнинг” ХХК  нь  байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн нь үнэн гэхдээ   “Аурум металс” ХХК гэсэн  нэрээр нь  байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан...” гэжээ.

2018 оны  10 дугаар сарын  24-ний өдрийн  Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын “Централ-Эшиа майнинг” ХХК  нь 2018 оны дугаар сарын 07-ны өдөр оноосон нэрээ “Аурум металс” ХХК болгон өөрчилсөн байна гэсэн баримтаар “Централ-Эшиа майнинг” ХХК нь оноосон нэрээ “Аурум металс” ХХК   болгон өөрчилсөн болох нь тогтоогдож байх бөгөөд оноосон нэрээ өөрчилсөн гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болно.

 “Аурум металс” ХХК  нь  Компанийн тухай хуулийн 18   дугаар зүйлийн 18.1-т “Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.” гэж зааснаар өөрчлөн байгуулаагүй, 19 дүгээр зүйлийн 19.1Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ.”гэж зааснаар компанийг нийлүүлээгүй, 20 дугаар зүйлийн 20.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.” гэж зааснаар нэтгээгүй, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.” гэж заанаар  компанийг хуваагаагүй  22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.” гэж зааснаар компанийг тусгаарлаагүй, 26 дугаар зүйлийн  26.1-д “Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.” гэж зааснаар татан буугдаагүй, зөвхөн нэрээ сольсон байна.

Өөрөөр хэлбэл “Централ-Эшиа майнинг” ХХК –ийг “Аурум металс” ХХК болгосон өөр хуулийн хуулийн этгээд болсон гэж үзэхгүй бөгөөд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж үзэх боломжгүй, заавал  “Аурум металс” ХХК  гэсэн нэрээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэхгүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах.” гэж зааснаар нэхэмжлэгчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байна гэж үзлээ.

5.2 Маргаж буй Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай”  захирамжид газар эзэмших зөвшөөрөлгүйгээр Баянбулаг багийн“Их булаг” -т үйл ажиллагаа явуулж байгаа “Аурум металс” ХХК-ийг албадан нүүлгэсүгэй гэжээ. 

 Хариуцагч тайлбарлахдаа  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хэрэгцээнд авах” тухай  тогтоол гарсан, тийм учраас газар эзэмших захирамж гаргаж газрыг эзэмшүүлээгүй, мөн сум орон нутгийн эрх бүхий байгууллагуудад огт хэлэлгүйгээр мэдэгдэлгүйгээр газар ашиглах зөвшөөрөлгүйгээр уурхайн кемпээ байгуулсан байсан, уурхайн кемпээ байгуулахдаа уурхайн талбайн гадна талд газар эзэмших зөвшөөрөлгүй газар байгуулсан, Заг сумын “Их булаг”  гэх газар нь олон булгийн уулзвар газар,  уул уурхайн үйл ажиллагаа явуулах юм бол энэ булгууд ширгэх аюултай, бөгөөд түүх дурсгалын маш их өв, соёлын өлгий нутаг учраас газар эзэмших зөвшөөрөл олгоогүй газар эзэмших гэрээ байгуулаагүй..” гэжээ.

 Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох” тухай  тогтоол гарсан, тийм учраас газар эзэмших захирамж гаргаж газрыг эзэмшүүлэхгүй тухайд:

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хэрэгцээнд авах”  тухай тогтоол гарсан байх боловч  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар  уг тогтоолыг эрх бүхий  байгууллагад бүртгүүлээгүй байх  бөгөөд энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/5021 дүгээр “.. Баянхонгор аймгийн  2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох “ тухай  тогтоол нь Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэлгүй байна..”, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 103 дугаар  “...Заг сумын Их булаг нэртэй газар нь улсын тусгай хамгаалалтад хамаарахгүй болно..”  гэсэн албан бичгүүдээр тогтоогдож байх тул дээрх газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан гэж үзэх боломжгүй байна.

5.3 Хариуцагчийн сум орон нутгийн эрх бүхий байгууллагуудад огт хэлэлгүйгээр мэдэгдэлгүйгээр газар ашиглах зөвшөөрөлгүйгээр уурхайн кемпээ байгуулсан байсан гэх тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн MV-012197  дугаар Ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд  ашиглалтын үйл ажиллагааг эрхлэхээр тус сумын Баянбулаг багийн Их булаг гэдэг газарт техник, тоног төхөөрөмжөө авчирсан. “Аурум металс” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр албан бичгүүдээр  газар эзэмших хүсэлтээ гаргасан  боловч бидэнд шийдвэрлэж өгөөгүй намар орой болж бид  ажлаа эхлүүлэх шаардлагатай байсан учраас зөвшөөрөлгүй  кемпее байгуулсан нь үнэн гэхдээ бид уурхайн хилийг тогтоож шав тэмдэгээ тавьсан, нэгж талбарын бэхлэгээ эргэлтийн цэгийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн өөрсдөөсөө шаардлагатай зүйлсийг хийж гүйцэтгэсэн..” гэх тайлбараар  “Аурум металс” ХХК-ийг эрх бүхий байгууллагад хэлэлгүй мэдэгдээгүй, зөвшөөрөлгүйгээр уурхайн кемпээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

Учир нь “Аурум металс” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр албан бичгүүдээр газар эзэмших хүсэлтийг гаргасан хэдий ч хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.

5.4 Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын “Их булаг”  гэх газар нь  олон булгийн уулзвар газар, энд уул уурхайн үйл ажиллагаа явуулах юм бол энэ булгууд ширгэх аюултай гэж маргаж байгаа тухайд:

Хариуцагч тайлбартаа: “ Уурхайн талбай дотроо гүний цэнгэг усны нөөцтэй гэж нарийвчилсан үнэлгээгээр гарсан. Хэрэв энэ газарт ашигт малтмал олборловол сумын ард иргэдэд томоохон хохирол үүсэх шалтгаан болж байна. Мөн усны сав газарт хамаарна., Тухайн газар нь дээрээ 20 гаруй булагтай бөгөөд хамгийн доор нь Ханангийн булаг байдаг. Түүний доор километр хүрэхгүй газар уул уурхай, олборлолт явуулбал бүх булаг шанд ширгэнэ гээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр гарсан. Хөх нуураас урсгал гардаг боловч бороо багатай үед тасалдчихдаг гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “Ямар нэгэн усны сав газартай давхцаагүй, Ханангийн булаг нь тухайн үед бүртгэлтэй байгаагүй. Хэрэв тухайн газарт булаг байгаа бол хуулиар олборлолт явуулж болохгүй. Хамгаалалтын газарт үйл ажиллагаа явуулахгүй болохоос бүтэн талбайд үйл ажиллагаа явуулахгүй тухай ойлголт биш. Үүнд үндэслэн маргаан бүхий актыг гаргасан бол энэ нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна.” гэв.

    Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 9/2246  дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “...хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасны дагуу Их булгийн голд  энгийн хамгаалалтын бүс тогтоох эрхзүйн үндэслэл байхгүй...”, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 068/1105 дугаар “Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт орших MV-012197 тоот ашиглалтын зөвшөөрөл нь “.....гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй байна...” гэх албан бичгүүдээр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт орших ”Их булаг” гэх газарт тогтмол тэжээл өгөх  голдиролтой гол булаг байхгүй болох нь тогтоогдож байна.

5.5 Маргаж буй газарт түүх дурсгалын маш их өвтэй  учраас газар эзэмших зөвшөөрөл олгоогүй  газар эзэмших гэрээ байгуулаагүй гэх тухайд:

 Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музейн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 24 дугаар “Их булагын амны дурсгалын талаарх мэдээлэл хүргэх” тухай албан бичигт “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 .1.1-д /түүх соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг хориглоно/  заасныг анхааран тодорхой арга хэмжээ авч ажиллан хариу мэдэгдэхийг хүсье.” гэжээ.  Иймд маргаан бүхий газар нь соёлын өв, хадны бичээс зурагтай, түүхийн дурсгалт газарт хамаарч байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “соёлын өв эд өлгийн зүйл хадгалагдсан газар  байсан бид мэдээд анх авсан 410 га газраасаа энэ соёлын өвтэй газруудыг бүгдийг нь хасуулсан энэ нь тусгай зөвшөөрлийн ард байгаа 3 удаагийн хасалтаар тогтоогдоно гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан “Аурум металс” ХХК-ийн Ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтын 1 дүгээрт 410 га тусгай зөвшөөрлийн талбайгаас 20 га хэсэгчлэн буцаан өгч 390 га, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн талбайгаас 20,93 га хэсэгчлэн буцаан өгсөн,  2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 106,65 га тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаан өгч үлдэгдэл тусгай зөвшөөрлийн талбай нь нийт 283,35 га газартай байгаа болох нь тогтоогдож байна.          

  5.6 Хариуцагч нэхэмжлэгч нь уурхайн кемпээ, уурхайн талбайн гадна талд  газар эзэмших эрхгүй газар байгуулсан гэж маргаж байгаа тухайд:

Маргаж буй газарт уурхайн кемп байсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна. Учир нь  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газрыг албадан чөлөөлсөн байх бөгөөд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхэд 4 жил 11 сарын хугацаа өнгөрсөн, газрын байдлыг харахад хэсэг газрыг дөрвөлжлөн чулуугаар  шав тавьж хүрээлсэн, хээр хөдөө, кемп байсан гэх ул мөр арилсан байдалтай байсан. Энэ газарт кемп байсан эсэхийг үзлэгт оролцогчид сайн мэдэхгүй, ямар ч байсан энэ газарт байсан  байх гэж тайлбарлаж байв.

Энэ талаар тодруулахаар шүүгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уурхайн зориулалтын бус шалтгаанаар өөр газарт газар эзэмшихээр хүсэлт гаргаж байсан эсэх талаар асуухад  уурхайн талбайгаас өөр газар манай компани газар эзэмших хүсэлт гаргаж  байгаагүй. Манай кемп уурхайн талбайн гадна талд 20-30 хувьд байсан гэдэгт маргаагүй боловч, энэ нь газар чөлөөлөх үндэслэл биш, сумын Засаг дарга тухайн газрын 20-30 хувь нь уурхайн талбайн гадна талд байна, тийм учраас газар чөлөөлөх хэрэгтэй гэсэн бол уурхайн гадна  байсан контейнер машин тоног төхөөрөмжөө зөөх  боломж байсан, энэ бол манай ажлыг хийлгүүлэхгүй, эхлүүлэхгүй, үйл ажиллагааг зогсоох шалтгаан байсан гэж тайлбар гаргав.

 Хэргийн оролцогчид “Аурум металс” ХХК-ийн ажилчдын кемпийн 20-30 хувь нь чулуугаар дөрвөлжин хэлбэрийн шав татсан уурхайн талбайн гадна талд байсан. Энэ газарт газар эзэмшүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй гэдэгтэй маргаагүй болно.

Хариуцагч нь “Аурум металс” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 106/2018 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр газар эзэмших хүсэлтүүдэд Мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагчийн актад дурдсан зөрчлүүд гарсан,  аймгийн тусгай хэрэгцээнд авсан, шүүхийн шатанд маргаан гарсан учраас газар эзэмшүүлэхгүй гэсэн хариу өгч байсан. 

Мөн газар эзэмших эрх олгоогүй, гэрээ байгуулахгүй байж зөвшөөрөлгүй газар уурхайн кемп байгуулсан гэж “Газар чөлөөлөх” тухай захирамж гаргасан нь  Ашигт малтмалын тухай хуулийн 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна., 4 дүгээр зүйлийн 4.1.1."ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг;, 4.1.16."ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг; 4.1.18."уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг; 4.1.19."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг; 27 дугаар зүйлийн 27.1.1 “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах.” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглана, 20 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгох” зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ хуульд заасны  дагуу “Аурум металс” ХХК нь сонгон шалгаруулалтад орж, газрын хэвлийн ашигт малтмалын хайх, ашиглах эрхтэй болжээ.

 Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо газрыг эзэмшихгүйгээр, ашигт малтмал хайх, ашиглалт хийх боломжгүй, ашигт малтмалыг ашиглахдаа газартай заавал холбогдож үйл ажиллагаа явуулдаг.  “Аурум металс” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16 дахь хэсэгт зааснаар хүлээн авч газар эзэмшүүлэх захирамж  гаргаж, гэрээ байгуулах нь зүйтэй байжээ гэж үзлээ.

 Иймд Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй.

7. Хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “ Манай компани Галт алтгана ХХК-тай 2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ,  2018 оны 09 дүгээр сарын 02 -ны өдөр АГ04/2018 дугаар “Ачаа тээвэрлэлтийн” гэрээг тус тус байгуулсан.

“Галт алтгана” ХХК нь “Талын сор секьюрити” ХХК-тай ХА01/2018 дугаар “Хамтран ажиллах” гэрээг байгуулсан байна. Энэ гэрээнүүдийн дагуу “Галт алтгана” ХХК нь  ачаа, тоног төхөөрөмжөө тээвэрлэж уурхайн талбайн ажлыг эхлүүлэхээр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт байрлах “Аурум металс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт очсон. Тухайн үед уурхайн ажил эхлээгүйгээс болоод гэрээнүүдэд заагдсан ажиллагаа хийгдээгүй. Манай компани гэрээнд заасны дагуу “Галт Алтгана” ХХК-д 300.000.000 /гурван зуун сая /  төгрөг төлсөн. Иймд дээрх 300.000.000 төгрөгийн 100.000.000 /нэг зуун  сая/ төгрөгийг хариуцагчийн гаргасан эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас нэхэмжилсэн гэв.

Нэхэмжлэгч нь Галт алтгана ХХК-тай 2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ,  2018 оны 09 дүгээр сарын 02 -ны өдөр АГ04/2018 дугаар “Ачаа тээвэрлэлтийн” гэрээг тус тус байгуулжээ. Харин “Галт алтгана” ХХК нь харуул хамгаалалтын “Талын сор секьюрити” ХХК-тай ХА01/2018 дугаар “Хамтран ажиллах” гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн “Галт алтгана” ХХК-тай  2017 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр  байгуулсан хамтран ажиллах гэрээний тухайд:

Энэ гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээ. Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой эрх, Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээний нийт хугацаанд Ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхээ, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлэхгүйгээр Ажил гүйцэтгэгчид үүгээр олгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь өөр хуулийн этгээдэд хамтран ажиллах гэрээгээр Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагаа явуулах эрхээ шилжүүлсэн байна. Энэ гэрээнд дурьдсан эрхийг гэрээ хийн бусдад шилжүүлэх боломжтой эсэх, гэрээнүүд нь хуульд заасан хүчин төгөлдөр эсэхийг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

 Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтан оролцсон захиргааны гэрээг хууль ёсны үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгдөг шүүх юм.

Нэхэмжлэгч нь 100.000.000 төгрөгийн хохирлыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжаас үүдэлтэй хохирол гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээрээс үүссэн хохирол гэж үзлээ.

Иймд дээрх гэрээнүүдээс үүдсэн хохирол болох 100.000.000  төгрөгийн хохирлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй, иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106,3.4, 106.3.10, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагуудыг хангаж, “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “Ажил эхлүүлэхгүй байх” тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр “Газар чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгож, “Аурум металс” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Аурум металс” ХХК-ийн “Хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                  С.САЙНБИЛЭГ

ШҮҮГЧИД                                   Ч.ОЮУНСАЙХАН

                                                    Ц.НЭРГҮЙ